| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2020/02588/И |
| Дугаар | 102/ШШ2020/02690 |
| Огноо | 2020-09-21 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 102/ШШ2020/02690
2020 09 21 102/ШШ2020/02690
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: БЗД, 00 дугаар хороо, Г з 000 тоотод оршин байрлах “Х” ХХК /РД: 0000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: БГД, 0 дугаар хороо, 0 хороолол, Г з з б 000 тоотод оршин байрлах “М” ХХК /РД: 0000000/-д холбогдох,
Түрээсийн гэрээний үүрэгт 25,640,015 төгрөг, алданги 885,585 төгрөг, нийт 26,525,600 төгрөг, 13,904,600 төгрөгийн үнэ бүхий 542 барилгын туслах материал тус тус гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х ХХК нь М ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 19-176 тоот түрээсийн гэрээг байгуулсан. М ХХК нь барилгын туслах материал түрээслэх гэрээгээр булан, труба, хэв гэх нийт 1010 ширхэг бараа материалыг түрээслэн авсан боловч тохиролцсон төлбөрөөс өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй. Мөн 43 ширхэг булан, 150 ширхэг 4м труба, 107 ширхэг 6м труба, 22 ширхэг 2м труба, 48 ширхэг 3 м труба, 105 ширхэг 1,5 м труба, 56 ширхэг 2 м труба, 11 ширхэг 30х120 хэмжээтэй хэв, нийт 542 ширхэг барилгын туслах материалыг буцаан өгөөгүй байна. Барилгын туслах материал түрээслэх гэрээний 7.2 дахь хэсэгт түрээслэгч нь түрээсийн гэрээний төлбөрийг зохих хугацаанд нь буюу гэрээгээр хүлээсний дагуу төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож хоног тутам 0,5 хувийн алданги төлнө гэж заасан. Алданги 885,585 төгрөг, иймд хариуцагч М ХХК-аас барилгын туслах материал түрээслэх гэрээний үүргий үлдэгдэл төлбөр 25,640,015 төгрөг, алданги 885,585 төгрөг, нийт 26,525,600 төгрөг, 542 ширхэг 13,904,600 төгрөгийн үнэ бүхий барилгын туслах материалыг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч “М” ХХК-нд холбогдуулан Түрээсийн гэрээний үүрэгт 25,640,015 төгрөг, алданги 885,585 төгрөг, нийт 26,525,600 төгрөг, 13,904,600 төгрөгийн үнэ бүхий 542 барилгын туслах материал тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч “М” ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр барилгын туслах материал түрээслэх гэрээ байгуулж, уг гэрээгээр түрээслүүлэгч тал болох “Х” ХХК нь барилга барих, барилгын угсралт, засварын ажил явуулах аж ахуйн үндсэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд нь зориулж 17 нэр төрлийн 1010 ширхэг труба, булан, хэв, зэрэг барилгын туслах материалыг 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл ашиглуулах, түрээслэгч тал болох “М” ХХК нь түрээсийн төлбөрийг төлж, барилгын туслах материалыг актын дагуу буцаан өгөх үүргийг тус тус хүлээсэн байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.
Уг гэрээний дагуу түрээслүүлэгч “Х” ХХК нь 1010 ширхэг булан, труба, хэв зэрэг бараа материалыг 2019 оны оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хооронд түрээслэгч “М” ХХК-нд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан зарлагын падаан /хэргийн 11-12 тал/-аар тогтоогдож байна.
Харин түрээслэгч “М” ХХК нь эд хөрөнгө ашигласны хөлсөнд 3,613,700 төгрөгийг төлж, 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хооронд 468 ширхэг хэв, труба, булан зэрэг бараа материалыг буцаан шилжүүлэн өгч, 13,904,600 төгрөгийн үнэ бүхий 542 ширхэг хэв, труба, булан зэрэг бараа материалыг буцаан өгсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 10.1-т зааснаар гэрээг 1 сарын хугацаатай байгуулагдсан байх боловч Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 296 дугаар зүйлийн 296.1-т зааснаар хариуцагч эд хөрөнгийг гэрээний хугацаа дууссан боловч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг нэхэмжлэгч татгалзаагүй байх тул гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т зааснаар “М” ХХК нь
1. 43 ширхэг 2.4 хэмжээтэй буланг 2019.04.26-ны өдрөөс 2020.05.27-ны өдөр хүртэл 1 хоногийн 150 төгрөгөөр 397 хоногийн төлбөр 2,560,650 төгрөг,
2. 150 ширхэг 4 м хэмжээтэй труба 2019.05.02-ны өдрөөс 2020.05.27-ны өдөр хүртэл 1 хоногийн 150 төгрөгөөр 391 хоногийн төлбөр 8,797,500 төгрөг,
3. 107 ширхэг 6 м хэмжээтэй труба 2019.05.02-ны өдрөөс 2020.05.27-ны өдөр хүртэл 1 хоногийн 165 төгрөгөөр 391 хоногийн төлбөр 6,903,105 төгрөг,
4. 22 ширхэг 2 м хэмжээтэй труба 2019.05.05-ны өдрөөс 2020.05.27-ны өдөр хүртэл 1 хоногийн 90 төгрөгөөр 388 хоногийн төлбөр төлбөр 768,240 төгрөг,
5. 48 ширхэг 3 м хэмжээтэй труба 2019.05.05-ны өдрөөс 2020.05.27-ны өдөр хүртэл 1 хоногийн 130 төгрөгөөр 388 хоногийн төлбөр 2,421,120 төгрөг,
6. 105 ширхэг 1,5 м хэмжээтэй труба 2019.05.06-ны өдрөөс 2020.05.27-ны өдөр хүртэл 1 хоногийн 50 төгрөгөөр 387 хоногийн төлбөр 2,031,750 төгрөг,
7. 56 ширхэг 2 м хэмжээтэй труба 2019.05.06-ны өдрөөс 2020.05.27-ны өдөр хүртэл 1 хоногийн 90 төгрөгөөр 387 хоногийн төлбөр 1,950,480 төгрөг,
8. 11 ширхэг 30*120 хэмжээтэй хэв 2019.05.25-ны өдрөөс 2020.05.27-ны өдөр хүртэл 1 хоногийн 250 төгрөгөөр 368 хоногийн төлбөр 1,012,000 төгрөг,
9. 38 ширхэг 2 м хэмжээтэй труба 2019.05.05-ны өдрөөс 2019.05.11-ний өдөр хүртэл 1 хоногийн 90 төгрөгөөр 6 хоногийн төлбөр 20,520 төгрөг,
10. 100 ширхэг 4 м хэмжээтэй труба 2019.05.05-ны өдрөөс 2019.05.11-ний өдөр хүртэл 1 хоногийн 200 төгрөгөөр 6 хоногийн төлбөр 120,000 төгрөг,
11. 95 ширхэг 1,5 м хэмжээтэй труба 2019.05.06-ны өдрөөс 2019.05.11-ны өдөр хүртэл 1 хоногийн 50 төгрөгөөр 5 хоногийн төлбөр 23,750 төгрөг,
12. 44 ширхэг 2 м хэмжээтэй труба 2019.05.06-ны өдрөөс 2019.05.11-ны өдөр хүртэл 1 хоногийн 90 төгрөгөөр 5 хоногийн төлбөр 19,800 төгрөг,
13. 57 ширхэг 2,4 м хэмжээтэй булан 2019.04.26-ны өдрөөс 2019.06.17-ны өдөр хүртэл 1 хоногийн 150 төгрөгөөр 52 хоногийн төлбөр 444,600 төгрөг,
14. 50 ширхэг 30*120 м хэмжээтэй хэв 2019.04.27-ны өдрөөс 2019.06.17-ны өдөр хүртэл 1 хоногийн 250 төгрөгөөр 51 хоногийн төлбөр 637,500 төгрөг,
15. 59 ширхэг 30*120 м хэмжээтэй хэв 2019.05.25-ны өдрөөс 2019.06.17-ны өдөр хүртэл 1 хоногийн 250 төгрөгөөр 23 хоногийн төлбөр 339,250 төгрөг,
16. 13 ширхэг 6 м хэмжээтэй труба 2019.05.02-ны өдрөөс 2019.06.17-ны өдөр хүртэл 1 хоногийн 165 төгрөгөөр 46 хоногийн төлбөр 98,670 төгрөг,
17. 12 ширхэг 3 м хэмжээтэй труба 2019.05.05-ны өдрөөс 2019.06.17-ны өдөр хүртэл 1 хоногийн 130 төгрөгөөр 43 хоногийн төлбөр 67,080 төгрөг, нийт 28,216,015 төгрөгөөс 25,640,015 төгрөгийг төлөөгүй байна.
Иймд нэхэмжлэгч гэрээнд заасан эд хөрөнгийг хариуцагчид хүлээлгэн өгсөн тул хариуцагч “М” ХХК-аас түрээсийн төлбөр шаардах эрхтэй байна. Хариуцагчаас түрээсийн төлбөрт 25,640,015 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Түрээсийн гэрээний 7.2-т заасан үндэслэлээр алданги 885,585 төгрөг гаргуулах шаардлагын талаар:
Түрээсийн гэрээний 7.2-т "Түрээслэгч нь түрээсийн гэрээний төлбөрийг зохих хугацаанд нь буюу гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож хоног тутам 0,5 хувийн алданги төлнө” гэж талууд тохиролцсон байх бөгөөд энэхүү тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасантай нийцнэ.
Гэвч гэрээний 10.1-т зааснаар 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаа дууссан боловч үргэлжлүүлэн ашигласаар байсан тул гэрээг тодорхой бус хугацаагаар сунгасан гэж үзэхээр байх ба гэрээнд түрээслэгч төлбөр төлөх хугацааг тодорхой заагаагүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байна.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-т үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол; 222.1.2-т үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж заасан. Гэрээ болон хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч “М” ХХК нь үүрэг гүйцэтгэх буюу төлбөр төлөх хугацаа тодорхойгүй, үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг нэхэмжлэгч “Х” ХХК сануулсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймд талууд түрээсийн төлбөрийг зохих хугацаанд төлөөгүй тохиолдолд алданги тооцохоор харилцан тохиролцсон байх боловч төлбөр төлөх хугацааг хэрхэн тодорхойлсон нь тодорхойгүй байх тул хариуцагчаас алданги 885,585 төгрөг гаргуулах үндэслэлгүй байна гэж үзлээ.
13,904,600 төгрөгийн үнэ бүхий 542 ширхэг труба, хэв, булан зэргийг гаргуулах шаардлагын талаар:
Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1-т “түрээслэгч түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй” гэж заасан, хариуцагч гэрээний хугацаа дуусахад 542 ширхэг труба, хэв, булан зэргийг хүлээлгэн өгсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймд хариуцагч “М” ХХК-аас 43 ширхэг 2.4 булан, 150 ширхэг 4м труба, 107 ширхэг 6м труба, 22 ширхэг 2м труба, 48 ширхэг 3 м труба, 105 ширхэг 1,5 м труба, 56 ширхэг 2 м труба, 11 ширхэг 30х120 хэмжээтэй хэв, нийт 542 ширхэг барилгын туслах материалыг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-нд олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ.
Хариуцагчийн төлөөлөгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн хувийг 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр гардуулж өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан өдрөөс хойш шүүхээс тогтоож өгсөн хугацаанд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
Хариуцагчийн төлөөлөгч Д.Сугарт шүүх хуралдааны товыг баталгаат шуудангаар хүргүүлсэн, мөн хариуцагчийн төлөөлөгчийн 9999-8758 дугаарын утсаар 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр мэдэгдэхэд “За ойлголоо” гэсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч нь тайлбараа шүүхээс тогтоосон хугацаанд гаргаж өгөөгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч “М” ХХК-аас 25,640,015 /хорин таван сая зургаан зуун дөчин мянга арван тав/ төгрөг, 43 ширхэг 2.4 хэмжээтэй булан, 150 ширхэг 4м труба, 107 ширхэг 6м труба, 22 ширхэг 2м труба, 48 ширхэг 3 м труба, 105 ширхэг 1,5 м труба, 56 ширхэг 2 м труба, 11 ширхэг 30х120 хэмжээтэй хэв, нийт 542 ширхэг барилгын туслах материалыг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 885,585 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т нэхэмжлэгч “Х” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 518,051 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 518,051 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ