| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2024/0122/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/111 |
| Огноо | 2024-02-06 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | О.Нандинцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/111
2024 02 06 2024/ШЦТ/111
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа,
улсын яллагч О.Нандинцэцэг,
шүүгдэгч Д.Н /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Д.Н т холбогдох эрүүгийн 2311018340006 дугаартай хэргийг 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овгийн Д.Н, 1971 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймаг Нөмрөг суманд төрсөн, 52 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, 1 охин, 2 зээгийн хамт Баянзүрх дүүргийн .. дүгээр хороо, ... тоотод оршин суух /Иргэний үнэмлэхийн хаяг: Чингэлтэй дүүрэг .. дүгээр хороо .. тоот/,
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэн хянан харгалзсан, регистрийн дугаар ....
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гээгдэл эд хөрөнгийг авч завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Д.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Н нь 2023 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Теди төвийн зүүн хойно сонин зардаг цэгийн хажууд жимс зарж байхдаа өөрийн жимсний лангуун дээр Л.А ийн мартаж явсан Самсунг А34 загварын гар утас болох бусдын гээгдэл эд хөрөнгийг авч завшиж хохирогч Л.А эд бага бус хэмжээнээс дээш төгрөгийн буюу 1.270.080 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч Л.А ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/, гэрч Б.Н гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/, Мобиком корпораци ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 4/7825 тоот албан бичиг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/, 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Д.Н ээс А34 маркийн гар утсыг хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 46 дахь тал/, 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Самсунг А34 маркийн гар утсыг хохирогч Л.А эд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 47 дахь тал/, Дамно ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ЧД1-23-1123 дугаартай “...хулгайд алдагдсан эд зүйл болох гар утсыг 1.270.080 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт /хавтаст хэргийн 41-44 дэх тал/, хохирогч Л.А ийн гомдол саналгүй гэх хүсэлт /хавтаст хэргийн 48 дахь тал/, шүүгдэгч Д.Н ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 55 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамаараалтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Д.Н нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль буцсаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд байхад хохирогч Л.А эд гээгдсэн гар утсыг биет байдлаар нь буцаан өгч хохирлыг барагдуулсан болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Н ийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар уг торгох ялаас чөлөөлөх тухай санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.Н т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаас чөлөөлж шийдвэрлэв.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Д.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Д.Н ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н т 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан шүүгдэгч Д.Н т оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаас чөлөөлсүгэй.
4. Шүүгдэгч Д.Н нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХАЛИУН