| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2020/02662/И |
| Дугаар | 102/ШШ2020/02603 |
| Огноо | 2020-09-14 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 102/ШШ2020/02603
2020 09 14 102/ШШ2020/02603
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: БГД-ийн 0 дугаар хороо, 00 хороолол, ЭТӨЧ гудамж, тэм-000 байр, 000 тоот хаягт оршин суух, Х б овогт Г-гийн М /РД: АА00000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: СБД, 0 дугаар хороо, ҮХ-ийн гудамж-0, өөрийн байранд байрлах НШШГГ-т холбогдох,
ШШГЕГ-ын шийдвэр гүйцэтгэх албаны*******-ны өдрийн ******* дугаартай албан бичиг, 2019.10.29-ний өдрөөс хойш явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн 2020.06.22-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах, худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгох, данс битүүмжлэхгүй байхыг тус тус НШШГГ даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Г.М нь Худалдаа хөгжлийн банкнаас авсан зээлийг төлж чадаагүйн улмаас Баянгол,*******,******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн******* оны 02 дугаар сарын 25-ны өдрийн******* дугаар шийдвэрээр Г.М, нараас Худалдаа хөгжлийн банкинд 62,438,138 төгрөг төлөхөөр шийдвэрлэгдэж зээлийг төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээний барьцаанд байгаа Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын******* тоот хаягт байршилтай 96 м.кв талбайтай хувийн сууц, 300 м.кв талбайтай авто сервис-гараж /авто засварын төв сард 1.5-2.0 сая төгрөгөөр түрээслүүлдэг/, 504 м.кв талбайтай газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шүүхийн шийдвэр гарсан юм.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас бидний өмчлөлд бүртгэгдсэн дээрх хөрөнгүүдийг битүүмжпэх, хураах ажиллагаанууд явагдаж өмчлөгч бидний үл хөдлөх хөрөнгүүдээ үнэлэхийн тулд судлах шаардлагатайг бичгээр гаргасан боловч хөрөнгийн үнэлгээний “Мөнх” ХХК нь 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 150.200.000 төгрөгөөр үнэлсэнийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур хямдхан үнэлсэн гэж үзэн төлбөр төлөгчээс шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх захирамж гарч улмаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09
дүгээр сарын 27-ны өдрийн******* дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2490 дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар тогтоол гарч хөрөнгийн 150,200,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг бүхэлд нь хүчингүй болгож эцэслэн шийдвэрлэсэн болно.
Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үргэлжилж явагдсан бөгөөд өмчлөгч бид зах зээлийн үнэ 500,000,000 төгрөгөөр үнэлж, Худалдаа хөгжпийн банктай Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх заалтын дагуу харилцан тохиролцоогүй тул дахин шинжээч томилох тогтоол гаргаж хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК нь 266.033.832 төгрөгөөр үнэлгээ тогтоосон.
Өмчлөгч бидний зүгээс 266.033.832 төгрөгийн үнэлгээг хүлээн зөвшөөрсөн боловч Худалдаа хөгжлийн банкнаас уг 266.033.832 төгрөгийн үнэлгээнд гомдол гаргаж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 102/Ш32018/15377 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамж гарч улмаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 03645 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 242 дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 001/НМ2019/00825 дугаар тогтоол гарч 266.033.832 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчинтэй гэж шийдвэрлэж Худалдаа хөгжлийн банкны гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, одоог хүртэл 266,033,832 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн үнэлгээ хуулийн хүчин төгөлдөр байгаа болно.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа хуулийн хүчин төгөлдөр болсон үнэлгээ болох 266,033,832 төгрөгийн үнийн 70 хувиар анхны, 50 хувиар 2 дахь албадан дуудлага худалдааг тус тус зохион байгуулахад дээрх хөрөнгүүд худалдан борлогдоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5-д зааснаар Худалдаа хөгжлийн банкинд 266,033,832 төгрөгөөр санал болгох хуультай ч хуулийн дагуу ажиллагаа явуулаагүй.
Шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс 2019 оны 10 дугаар сарын 28-ны ******* тоот “Өргөдөл шийдвэрлүүлэх тухай” хууль бус албан бичгийн дагуу гэж барьцааны худалдан борлогдоогүй хөрөнгүүдийг дахин хурааж, хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгө эстимэйт” ХХК-аар дахин үнэлгээ хийлгэсэн, ингэхдээ өмчлөгч бидний хөрөнгийг 146,235,500 төгрөгөөр үнэлсэн нь илт нэг талыг барьсан хууль зөрчсөн үйл ажиллагаа явагдсан.
Учир нь бидний өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын*******Б хаягт байрлах 96 м.кв талбайтай хувийн сууц, 300 м.кв талбайтай авто сервис, засварын төв /сард 1.5-2.0 сая төгрөгөөр түрээслүүлдэг/ 504 м.кв талбайтай газар зэрэг үл хөдлөх хөнгүүдийг 266,033,832 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг 3 шатны шүүхээс зах зээлийн бодит үнэлгээ гэж дүгнэж шийдвэрлэсэн, уг үнэлгээ нь өнөөдрийг хүртэл хуулийн хүчин төгөлдөр байгаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д “Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно” гэж заасныг зөрчсөн.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай албан бичигт “төлбөр авагчаас үнийн санал аваагүй” гэсэн нь үндэслэлгүй, Улсын Дээд шүүхийн 001/НМ2019/00825 дугаар тогтоол 3 шатны шүүх дүгнэж шийдвэрлэсэнийг зөрчсөн, мөн “шинжээч томилох тухай тогтоолд дүгнэлт гаргах хугацааг тусгаагүй” гэсэн нь хуульд хугацааг тусгах заалт байхгүй, “үнэлгээний тайланг хэзээ хүлээн авсан нь тодорхой бус“ гэсэн нь шийдвэр гүйцэтгэгч нь хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ШГ18-39 дугаартай үнэлгээний тайланг талуудад маргааш нь буюу 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн,, дугаар албан бичгээр мэдэгдэж, тэмдэглэл үйлдсэн нь цаг хугацааны хувьд хэзээ авч, хэзээ талуудад танилцуулсан нь тодорхой ойлгомжтой, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө”. гэж заасныг зөрчөөгүй, мөн “төлбөр авагчаас 2 дахь албадан дуудлага худалдааг хойшлуулах хүсэлтийг гаргаагүй байхад гүйцэтгэх баримт бичгийг буцаагаагүй” гэсэн нь Худалдаа хөгжлийн банкнаас шийдвэр гүйцэтгэгч нарыг жил бүрийн 7, 8 саруудад Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ээлжийн амралт авдагтай холбогдуулан зөвхөн 2018 оны 7 болон 8 дугаар саруудад гэж сарыг тодорхой зааж албадан дуудлага худалдаанд оруулахгүй байх тухай хүсэлтийг гаргасан, уг сарууд өнгөрсөн тул дуудлага худалдаа явагдсан нь хуульд нийцсэн.
Энэ нь Төрийн ажил үйлчилгээ хуулийн дагуу тасралтгүй явагдах зарчимтай нийцсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 ”Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно” гэсэн хуульд заасан хугацаанд Худалдаа хөгжлийн банк гомдол гаргаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байхад Худалдаа хөгжлийн банкны талд илт үйлчилсэн албан бичиг үйлдсэн тул 2019 оны 10 дугаар сарын 28-ны ******* дугаартай албан бичиг болон 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс хойш явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус тус хүчингүй болгох;
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5-д заасны дагуу худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгохыг НШШГГ даалгах;
Хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгө эстимэйт” ХХК-аар дахин үнэлүүлсэн үнэлгээ нь хууль зөрчсөн, уг хөрөнгүүд нь төв зам дагуу байрлалтай хот төлөвлөлтөд хамрагдсан байхад зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж өмчлөгч Г.М, болон 3 хүүхдүүд бидний Үндсэн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн тул 146,235,500 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох,
Шүүхийн шийдвэрээр 62,000,000 төгрөгийн төлбөрийг барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан бөгөөд төлбөрийг гаргуулахад хангалттай, 3 шатны шүүхээс 266,033,832 төгрөгийн үнэлгээг хүчинтэйд тооцсон эцэслэн шийдвэрлэсэн уг хөрөнгүүдэд худалдан борлуулах ажиллагаа явуулахаас гадна төлбөр төлөгчийн банкууд дахь дансуудыг битүүмжилж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг давхардуулан явуулж байгаа тул барьцааны хөрөнгийн асуудлыг шийдвэрлэтэл банкны данс битүүмжлэхгүй байхыг хариуцагчид даалгаж нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянгол,*******,******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн******* оны 02 дугаар 25-ны өдрийн дугаар шийдвэрээр Г.М, нараас 62,951,479 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичгийг******* оны 05 дугаар 04-ний өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч Г.М, нарын өмчлөлд бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41 гудамжны 640Б тоотод байрлах эрхийн улсын Г-2202004424 дугаарт бүртгэлтэй 504 м.кв талбайтай газар, эрхийн улсын Ү-2202007100 дугаартай 96 м.кв талбайтай хувийн сууц, эрхийн улсын Ү-2202015574 дугаартай 300 м.кв талбайтай авто гражийг******* оны 10 дугаар сарын 26-ны өдөр тогтоолоор битүүмжилж, үнэлгээ тогтоосон боловч төлбөр төлөгч нь үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжпэл гаргаж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2398 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2490 дугаар магадлал, Монгол улсын дээд шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 515 дугаар тогтоолоор үнэлгээг хүчингүй болгон шийдвэрлэсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар барьцаа хөрөнгөнд дахин үнэлгээ тогтоох ажиллагааг явуулж, 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 183 дугаар шинжээч томилох тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор “Вендо” ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ тогтоолгоход 266,033,832 төгрөгөөр үнэлсэн бөгөөд төлбөр авагч Худалдаа хөгжлийн банкнаас уг үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 15377 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж, мөн шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 3645 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 242 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 825 дугаар тогтоолоор нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Төлбөр төлөгч Г.М, нарын өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгүүдийг үнэлэгдсэн үнэ 266,033,832 төгрөгийн 70 хувиар санал болгох доод үнийг тогтоон анхны дуудлага худалдаанд 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр, 2 дахь дуудлага худалдаанд 50 хувиар буюу 133,016,916 төгрөгөөр санал болгох доод үнийг тогтоон 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр оруулахад худалдан борлогдоогүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч Худалдаа хөгжлийн банкнаас анхны болон 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар тус газарт 2019 оны 09 дүгээр 18-ны өдөр гаргасан гомдолд 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 4/635 тоот мэдэгдэх хуудсаар хариу өгсөн. Мөн төлбөр авагч хуулийн этгээдээс Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, хурандаа А.Намсамандад 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр бичгээр гомдол гаргасны дагуу холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хянаж улсын ерөнхий гүйцэтгэгчээс 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ******* тоот албан бичгээр анхны болон 2 дахь албадан дуудлага худалдааг үндэслэлгүй зохион байгуулсан талаар дурьдаж ажиллагааг зөвтгөн явуулах талаар үүрэг ирүүлсний дагуу 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 149 тоот ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 183 дугаар “Шинжээч томилох” тогтоол, мөн “Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай" 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 11/36, 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 10/32 тоот тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, хариуцсан тойргийн шийдвэр гүйцэтгэгчид ажиллагааг зөвтгөн явуулахыг үүрэг болгосон.
Иймд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 16250690/01 дүгээр тогтоолоор хураан авч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 6/327 тоот Шинжээч томилох тогтоолоор “Хөрөнгө эстимейт” ХХК-г шинжээчээр томилж үнэлгээ хийлгэхэд 146,235,500 төгрөгөөр үнэлснийг талуудад мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа холбогдох хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч НШШГГ холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны 2019 оны 10 дугаар 28-ны өдрийн ******* дугаартай албан бичиг, 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс хойш явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах, худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгох, данс битүүмжлэхгүй байхыг тус тус НШШГГ даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн******* оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/01727 дугаартай шийдвэрээр хариуцагч Г.М, нараас зээлийн гэрээний үүрэгт 62,427,928 төгрөгийг, нотариатын хөлс 10,200 төгрөг, нийт 62,428,138 төгрөгийг гаргуулан Худалдаа хөгжлийн банканд олгох, үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2202007100, Ү-2202015574, Ү-2202004424 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41 дүгээр гудамж 640Б тоотод байрлах 96 м.кв хувийн сууц, 300 м.кв авто граж, 504 мкв газар зэрэг хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.
Шүүхийн дээрх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр******* оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 1681 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, улмаар зээлийн төлбөрт барьцаалагдсан барьцаа хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгийг******* оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 146/26 дугаартай тогтоолоор битүүмжлэн, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 146/04 дугаартай тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд санал болгох үнийг харилцан тохиролцож тогтоох ажиллагааг талууд харилцан тохиролцоогүй үндэслэлээр шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 32 дугаартай тогтоолоор ”Мөнх” ХХК-ийг шинжээчээр томилж, төлбөрт хураан авсан үл хөдлөх эд хөрөнгийг 150,200,000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн үнэлгээг төлбөр төлөгчийн гомдлоор шүүх хянан хэлэлцээд үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн******* дугаартай шийдвэрээр тогтоогдож байна. /хэргийн 88-93 тал/
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь уг ажиллагааг дахин явуулж, төлбөрт хураан авсан дээрх хөрөнгүүдийн үнийн талаар санал асуухад төлбөр төлөгч нар 500,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч зөвшөөрөөгүй үндэслэлээр шийдвэр гүйцэтгэгч 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 183 дугаар тогтоолоор хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийг шинжээчээр томилж, үл хөдлөх эд хөрөнгийг 266,033,832 төгрөгөөр үнэлгээ хийсэн байна.
Төлбөр авагч “Худалдаа хөгжлийн банк” ХХК нь хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн гаргасан үнэлгээний талаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж, улмаар шүүх иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШЗ2018/15377 дугаар шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2018/03645 дугаар шийдвэрээр “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн гаргасан дээрх гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 242 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 001/ХТ2018/00825 дугаар тогтоолоор дээрх шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2018 оны 11 сарын 15-ны өдрийн 4/18945, 4/18944 дугаартай мэдэгдэл /хх-114-115 тал/-ээр үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн үнэлсэн 266,033,832 төгрөгийн 70 хувь буюу 186,223,682 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд оруулах болсныг төлбөр төлөгч болон төлбөр авагч нарт мэдэгдсэн байх ба үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаа 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр болж, үнийн санал ирээгүй, үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлогдоогүй болох нь тогтоогдож байна.
Худалдаа хөгжлийн банкнаас 2019 оны 7, 8 дугаар сард явагдах хоёр дахь албадан дуудлага худалдааг хойшлуулах хүсэлтийг гаргасны дагуу дуудлага худалдааг хойшлуулж, хоёр дахь албадан дуудлага худалдааг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулахад худалдан борлогдоогүй байна.
Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үргэлжлэн явагдаж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019.11.28-ны өдрийн 149 дугаартай тогтоолоор 2017.01.04-ний өдрийн 146/04 дугаартай эд хөрөнгө хураасан тогтоол, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018.08.28-ны өдрийн 183 дугаартай “Вендо” ХХК-ийг шинжээчээр томилох тогтоол, 2018.11.05-ны өдрийн 11/36, 2019.09.17-ны өдрийн 10/32 дугаартай албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг тус тус хүчингүйд тооцсон байна.
Ийнхүү Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь барьцаа хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 16250690/01 дугаартай тогтоолоор хурааж, талууд анхны албадан дуудлага худалдаанд санал болгох эд хөрөнгийн үнийг харилцан тохиролцоогүй үндэслэлээр 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 6/327 дугаар “Шинжээч томилох тухай тогтоол”-оор хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41 дүгээр гудамжны 6406 тоотод байрлах 96 м.кв талбайтай хувийн сууц, 300 м.кв талбайтай автограж, 504 мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын зах зээлийн үнийг 146,235,500 төгрөг болохыг тогтоосон байна. /хэргийн 169-180 тал/
Хариуцагчаас дахин шинжээч томилсон үндэслэлээ “төлбөр авагчаас үнийн санал аваагүй 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр шинжээч томилох тухай 183 дугаар тогтоол үйлдсэн, уг тогтоолд дүгнэлт гаргах хугацааг тусгаагүй, үнэлгээний тайланг хэзээ хүлээн авсан нь тодорхой бус, дүгнэлтийг 2018.10.03-ны өдөр талуудад танилцуулсан тул тогтоолыг хүчингүй болгож, дахин шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн” гэж тайлбарлаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг нотлохгүй бөгөөд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2018/03645 дугаар шийдвэрээр “Вендо” ХХК-ийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41 дүгээр гудамжны 6406 тоот хаягт байрлах 96 м.кв талбайтай хувийн сууцыг 26,912,574 төгрөг, 300 м.кв талбайтай автогражийг 164,625,258 төгрөг, 504 мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 74,496,000 төгрөгөөр, нийт 266,033,832 төгрөгөөр үнэлсэн нь талууд үнэлгээний талаар тохиролцоогүй тул хариуцагч шинжээч томилох, үл хөдлөх эд хөрөнгө үнэлүүлэх ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасан зохицуулалтыг зөрчөөгүй болохыг тогтоосон байна.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж заасан.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хуульд заасан дахин үнэлгээ хийлгэх нөхцөл бүрдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байхаас гадна шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад дээрх хөрөнгийн үнэлгээ хийлгэх ажиллагаа явуулахдаа хууль зөрчөөгүй болохыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон байна.
Иймд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2020.06.12-ны өдрийн 6/327 дугаар тогтоолоор хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 146,235,500 төгрөгөөр тогтоосон нь хуульд нийцэхгүй байх тул уг үнэлгээг хүчингүй болгох үндэслэлтэй байна.
Худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгохыг НШШГГ даалгах шаардлагын тухайд,
Төлбөр авагч “Худалдаа хөгжлийн банк” ХХК нь шинжээч “Вендо” ХХК-ийн үнэлгээний талаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж, улмаар шүүх иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШЗ2018/15377 дугаар шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байхад хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т заасныг зөрчсөн байна.
Түүнчлэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 10/32 дугаартай тогтоолоор хоёр дахь албадан дуудлага худалдааг 2019.10.04-ний өдөр зохион байгуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.2-т “анхны санал болгосон үнэд хүрэх санал гараагүй тохиолдолд дуудлага худалдааг зохион байгуулагч дуудлага худалдааг хүчингүйд тооцож хоёр дахь дуудлага худалдааг явуулна” гэж заасантай нийцэхгүй байна.
Өөрөөр хэлбэл, дээр дурдсанчлан анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулсан нь хууль зөрчсөн тул хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэхээр байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.-т ”энэ хуулийн 72.1, 72.2-т заасны дагуу дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө суутган авахыг санал болгоно...”, 73.5.-т “барьцаалагч-төлбөр авагчийн барьцаанд байгаа, эсхүл дундын өмчлөлийн худалдан борлогдоогүй төлбөр төлөгчид ногдох хөрөнгийг энэ хуулийн 55.3-т заасны дагуу тогтоосон үнэлгээгээр тооцож төлбөр авагчид шилжүүлнэ” гэж тус тус заасан.
Иймд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41 дүгээр гудамжны 6406 тоотод байрлах 96 м.кв талбайтай хувийн сууц, 300 м.кв талбайтай автограж, 504 мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй байх тул төлбөр авагчид санал болгохыг НШШГГ даалгах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.
Банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэхгүй байхыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2.13-т зааснаар Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гэж гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх, эсхүл төлбөр төлөгчийг гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг ойлгох бөгөөд төлбөр төлөгчийн банк, эрх бүхий хуулийн этгээд дэх мөнгөн хадгаламж, харилцах дансан дахь хөрөнгөөс суутгал хийх, дансны зарлагын гүйлгээг хаах, банк, эрх бүхий хуулийн этгээдэд данс нээх, эзэмших эрхэд хязгаарлалт тогтоох, эсхүл эзэмшиж байгаа дансны орлого, зарлагын гүйлгээнд хяналт тавих нь дээрх арга хэмжээнд хамаарна.
Шийдвэр гүйцэтгэгчийн 2020.04.21-ний өдрийн 16250690/146 дугаартай тогтоолоор төлбөр төлөгч Г.Мөнбаярын эзэмшиж байгаа харилцах болон хадгаламжийн дансны зарлагын гүйлгээг шүүхийн шийдвэрт заасан төлбөрийн шаардлагын 62,951,479 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлын 100,000 төгрөг, нийт 63,051,479 төгрөгийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэхийг даалгажээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлд төлбөр төлөгч-иргэний мөнгөн хөрөнгө болон бусад хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагааг хуульчилсан бөгөөд мөн зүйлийн 86.2-т гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн эхний ээлжид бэлэн мөнгө, эсхүл банк, эрх бүхий хуулийн этгээд дэх хадгаламжийн болон харилцах дансанд байгаа төлбөр төлөгчийн мөнгөн хөрөнгө, бусад үнэт зүйлээс төлбөрийг гаргуулна гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэгчээс төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэхээр иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ авсан дээрх ажиллагаа хууль зөрчөөгүй байх тул банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэхгүй байхыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Г.М нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай “НШШГГ өргөдөл шийдвэрлүүлэх тухай” албан бичгээр шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 183 дугаартай шинжээч томилох тухай тогтоол үйлдсэн, уг тогтоолд дүгнэлт гаргах хугацааг тусгаагүй, үнэлгээний тайланг хэзээ хүлээн авсан нь тодорхой бус, дүгнэлтийг 2018 оны 10 дугаар 03-ны өдөр талуудад танилцуусан, анхны болон хоёр дахь дуудлага худалдааг зохион байгуулсан нь үндэслэлгүй тул ажиллагааг зөвтгөх агуулгатай байна.
Дээрх албан бичгийг хүчингүй болгох нь хууль зүйн үр дагавар үүсгэхгүй, харин үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгох, данс битүүмжлэхгүй байхыг тус тус хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарахаар байх тул тусдаа бие даасан шаардлага гэж үзээгүйг дурдах нь зүйтэй.
Мөн дээрх албан бичгээс хойш буюу 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс хойш явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох, худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгох, данс битүүмжлэхгүй байхыг тус тус хариуцагчид даалгах гэж тодруулсан болохыг дурдах нь зүйтэй.
Иймд дээрх үндэслэлүүдээр 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож, НШШГГ холбогдох худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгох, данс битүүмжлэхгүй байхыг тус тус даалгах тухай Г.Мын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.13, 55 дугаар зүйлийн 55.5, 73 дугаар зүйлийн 73.1-т зааснаар “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41 дүгээр гудамжны 6406 тоотод байрлах 96 м.кв талбайтай хувийн сууц, 300 м.кв талбайтай автограж, 504 мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын 146,235,500 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгож, НШШГГ холбогдох худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгох, данс битүүмжлэхгүй байхыг тус тус даалгах тухай Г.М-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 140,400 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Мт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ