Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/55

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж Агаа овогт Гантөмөрийн Жавхлантад холбогдох эрүүгийн ********************* дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч П.Итгэл /тээвэр/, насанд хүрээгүй хохирогч Т.Удвалын хууль ёсны төлөөлөгч Л.Болормаа, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа, иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Эрдэм Транс” ХХК-ийн төлөөлөгч Ц.Баттогтох, шүүгдэгч Г.Жавхлант нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга М.Солонго шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 21-ний өдөр, Дундговь аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, “Эрдэм транс” ХХК-д жолооч, ам бүл 4, аав, ээж, эхнэрийн хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Нарны зам гудамжны 61 дүгээр байр 277 тоотод оршин суух хаягтай, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Агаа овогт Гантөмөрийн Жавхлант /РД:ШУ90052114/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Жавхлант нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Тэмээтэй хөшөөний хойд талын замд 2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Hyundai New Aero city маркийн 05-29 УНП улсын дугаартай автобусыг жолоодож автобусны буудал дээрээс хөдлөхдөө Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 23.4. “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчиж зорчигч Т.Удвалыг автобуснаас бууж амжаагүй байхад нь хаалгаа хаасны улмаас үүрч явсан цүнх нь автобусны хаалганд хавчигдаж, хөдлөх үед нь чирэгдэж эрүүл мэндэд нь “зүүн тавхайн дээд хэсгийн гүн зүсэгдсэн шарх /2023.09.25-ны зүүн тавхайн ар хэсгийн гүн зүсэгдсэн шархыг гэмтсэн бүтцийг сэргээх мэс заслын дараах байдал/” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.         

 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч Г.Жавхлант нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Г.Жавхлантаас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“Миний бие мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй. Би 2008 онд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн жолооны үнэмлэх авснаас хойш тасралтгүй автомашин жолоодсон ба автобусыг 2023 оны 04 сараас эхлэн жолоодож нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байна. Тухай осол хэрэг үед зорчигч хүүхэд автобуснаас бууж байгаа нь толинд харагдаагүй. Тухайн өдөр Дүнжингараваас Нарангийн гол чиглэлд явж байсан, осол өглөөний 8:40 цагийн үед гарсан.

Эмчилгээний зардлаас 1.0 сая төгрөгийг нөхөн төлсөн. Мөн эмнэлгээс гарсных нь  дараа хэд хоногийн эмчилгээнд хэрэглэх эм тариа, дусал гээд ойролцоогоор 1.0 гаран төгрөгийн эм тариа авч өгсөн. Нийт 2.0 сая орчим төгрөг төлөгдсөн гэж бодож байна. Цаашид гарах зардлыг бүрэн төлнө. Өөрийн анхаарал болгоомжгүйгээр ийм осол хэрэг гаргасан буруутай байдлаа ойлгож хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчийн ар гэрээс уучлалт гуйсан. Би одоогоор ажлаа хийж байгаа, сарын 700.000 төгрөгийн цалинтай. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цаашид гарах хохирол төлбөрийг төлнө. гэсэн мэдүүлэг,

 

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Болормаагаас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...2023 оны 09 сарын 24-ний өдрийн өглөө 08 цагт манайх руу утсаар хүн яриад, “танай хүүхэд автобусны аваарт орсон байна” гэж хэлсэн ба нөхөр, бид хоёр тэмээтэй хөшөөний хажууд очиход манай охин газар унасан, хөл, гар нь бөөн цус болсон байдалтай байсан. Түргэн дуудсан одоо ирж байгаа гэж хэлсэн.

Би түргэн ирэхээр нь охиноо аваад эмнэлэг явсан. Манай нөхөр автобусны жолооч болон жолоочийг дуудсан хүнтэй гурвуулаа цагдаа хүлээгээд үлдсэн. Манай охин ярихдаа “эхний буудал дээр хүн байхгүй гээд зогсохгүй явсан, дараагийн буудал дээр зогсооч ээ бууя” гэж хэлэхэд автобусны буудал дээрээ зогсоогүй, буудлаасаа өнгөрч зогссон. Би нэг  ахыг буусны даараа буух гэтэл намайг хаалгандаа хавчаад чирээд явсан. Автобусны буудал дээр байсан ах жолоочийг дуудаж зогсоогоогүй бол би хаа хүрэх байсныг мэдэхгүй байсан” гээд маш их айж, шокт орсон байдалтай ярьсан. Намайг хүүхдээ аваад эмнэлэг явснаас хойш И-баримттай 4.918.290 төгрөгөөс Жавхлантын эхнэр нь миний данс руу 500.000 төгрөгөөр 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлж 1.000.000 төгрөг төлсөн. Үүнийг хасаж тооцоход 3.918.290 төгрөг олж байгаа. Хүүхдийг эмнэлгээс гарсны дараа эмчийн заавраар хийгдсэн 5 хоногийн эмчилгээнд шүүгдэгч эм тариа, амин дэм зэргийг авч өгч байсан. Үүний зардал нь хэд болсныг сайн мэдэхгүй байна. Мөн 2023 оны 12 сарын 07-ны өдрөөс хойш хийгдсэн эмчилгээний зардал баримтаар 1.057.582 төгрөг нэмж нэхэмжилсэн. Холбогдох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байгаа.

Мөн хүүхэд маань осолд орсноос хойш 2023 оны 9 дүгээр сараас 11 сарын 20 хүртэл хичээлдээ яваагүй. Шинэ сургуульд шилжиж орсон байсан учраас сургуульд суугаагүй байсан. Сургуулиас нь суудал баталгаажуулах төлбөр 2.0 сая төгрөгийг төлөхийг шаардсан. Үүний дагуу бид нар эхний ээлжид суудал баталгаажуулах гээд 2.000.000 төгрөг төлсөн. Үүнийг бас буруутай жолоочоос нэхэмжилнэ. Мөн өмгөөлөгч авахад 2.000.000 төгрөг төлсөн. Мөн хүүхэд маань насанд хүрээгүй 16 настай, 24 сарын дараа арьс  нь эдгэхдээ таталдаж магадгүй, тийм учраас насанд хүрэхээр нь сорви засах хагалгаа хийлгэх шаардлагатай гээд уг хагалгааны зардал төлбөр 3.200.000 төгрөг болно гэж эмнэлгээс тодорхойлолт гаргаж өгсөн тул цаашид хийгдэх эмчилгээний зардлын төлбөрт 3.200.000 төгрөг, сэтгэл санааны хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2024 оны 01 сараас нэмэгдсэн хэмжээгээр бодож, хуулийн дагуу олгож шийдвэрлэж өгнө үү. Бидний зүгээс 16 нас хүртэл нь хайрлаж өсгөсөн хүүхэд минь хайхрамжгүй жолоочийн буруугаас болж эрүүл мэндээрээ хохирсонд маш их гомдолтой байна. Одоогоор охиндоо цусан хангамжийг сайжруулах, даралттай массаж эмчилгээ эмчийн зөвлөсний дагуу хийлгэж байгаа. Цаашид ч эмчилгээ хийлгэх шаардлагатай. Гомдолтой байна.”  гэсэн мэдүүлэг,

 

3. Иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Эрдэм Транс” компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Ц.Баттогтохоос шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Тухайн тээврийн хэрэгсэл 100 хувь даатгалтай байдаг. Тухайн хохирол төлбөрийг даатгалаас гаруулах саналтай байна. Г.Жавхлант нь манай компанид сарын 1.100.000 төгрөгийн цалинтай ажиллаж байгаа. Манай компанийн эд хөрөнгө буюу автобусанд учирсан эвдрэл гэмтэл байхгүй тул нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг,

 

Гурав. Эрүүгийн ********** дугаартай хэргээс:

 

1. Гэмт хэргийн талаар 102 тусгай дугаарын утсанд дуудлага мэдээлэл өгсөн лавлагааны хуудас (хэргийн 2 дахь тал),

 

2. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 3-9 дэх тал),

 

3. Жолоочийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг драйгер багаж үлгээлгэн  шалгасан тухай тэмдэглэл баримт (хэргийн 10 дахь тал),

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч Т.Удвалын өгсөн:

“...Би 2023 оны 09 дүгээр сарын 24-ний өглөө 07:00 цагийн орчимд Баянмонгол хороололд байх гэрээсээ гараад автобусанд суугаад 120-н мянгатын тэмээтэй хөшөөний тэнд байх буудал дээр буух гээд хойд хаалга дээр зогсож байхад миний урд зогсож байсан ахыг буулгаад автобус хөдөлсөн. Би буух гээд хаалга хаагдаагүй байхад нь буусан. Тэгсэн миний үүрч явсан цүнхийг хаалгаараа хавчаад намайг чирээд явсан. Тэнд явж байсан нэг ах жолоочийг “зогсооч” гэж хэлээд автобус зогссон.

Миний сууж явсан автобус нь 44 дугаартай Дүнжингарав худалдааны төвөөс ХУД ордог автобус байсан. Өглөөдөө ер нь бага зорчигч байдаг. Автобусны чанга яригчаар буух буудал зарлаагүй. Би ихэвчлэн сургууль руугаа ааваараа хүргүүлдэг. 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өглөө ганцаараа автобусаар сургуулийнхаа спорт наадамд явж байсан юм. Тэр өглөө автобусанд миний урд нэг ах зогсож байгаад буусан би ард нь буух гээд зогсож байсан тэр ахыг буухад нь би араас нь шатаар буугаад газар гишгэхэд хаалга нь хаагдаж миний үүрч явсан цүнхийг хавчаад намайг чирсэн. Хэр хол чирэгдсэн эсэхийг мэдэхгүй байна. Цүнхэнд эвдэрч хэмхэрсэн зүйл байхгүй. Намайг чирэгдэж байхад миний зүүн хөл дайрагдсан.

Миний биеийн байдал зүүн хөл маш их өвдөж байгаа, гадаа гарч явж чадахгүй байгаа. Зүүн хөлийн маань тавхайн дээд хэсгийн арьс хууларсан тул зүүн хөлийн гуянаас арьс авч хөлөн дээр нөхсөн байгаа хуучин арьс, мах нь үхэжсэн, нөхөн төлжихгүй болсон тул арьс нөхсөн. Зам тээврийн осолд орсны дараа ГССҮТ Эмнэлгийн хүүхдийн тасагт 16 хоног хэвтэж эмчлүүлсэн. Эмнэлгээс гараад 2023 оны 10 сарын 10-аас 20-ны хооронд хуучин түлэнхийн төвийн хажууд байдаг гэмтлийн эмнэлэгт хагалгаа хийлгэж арьс нөхүүлсэн.

2023 оны 10 сарын 20-ноос одоог хүртэл энэ эмнэлэгтээ физик эмчилгээнд цагаар явж байгаа. Мөн “Эс Эс Эс Мед” эмнэлэгт лазер эмчилгээ, PRP эмчилгээ хийлгэж байгаа. Үргэлжлүүлэн шинжилгээний хариуг хараад физик эмчилгээний тасагт хэвтэж эмчилгээ хийлгэ гэж эмч зөвлөсөн тул хэвтэж эмчилгээ хийлгэнэ. Жолооч эмчилгээний зардалд 1.000.000 төгрөгийг өгсөн. Дахиж эмчилгээний зардал гаргаж өгөөгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 15-16 дахь тал),

 

5. Насанд хүрээгүй хохирогч Т.Удвал нь осолд өртөх үедээ 16 нас 5 сар 3 хоногтой байсан тухай нас тоолсон мөрдөгчийн магадлагаа, төрсний гэрчилгээний хуулбар баримт (хэргийн 66 дахь тал),  

 

6. Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12452 дугаартай дүгнэлт:

1. Т.Удвалын биед зүүн тавхайн дээд хэсгийн гүн зүсэгдсэн шарх /2023.09.25-ны зүүн тавхайн ар хэсгийн гүн зүсэгдсэн шархыг шалгаж гэмтсэн бүтцийг сэргээх мэс заслын дараах байдал/ гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 35-36 дахь тал),

 

7. “Авто тээврийн Үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 999989 дугаартай:

Асуулт 1. Hyundai New Aero City маркийн 05-29 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байгаа эсэх

Хариулт 1. Hyundai New Aero City маркийн 05-29 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдал нь стандартын шаардлага хангахгүй байна. /Дуут дохио ажиллахгүй./

Асуулт 2. Хэрэв бүрэн бус бол ямар эд ангиуд нь эвдрэлтэй байгаа эсэх:,

Хариулт 2. Уг тээврийн хэрэгсэл нь эвдрэл гэмтэл байхгүй.

Асуулт 3. Тоормосны ямар системтэй болох:,

Хариулт 3. Уг тээврийн хэрэгсэл нь хийн удирдлагатай, ABS тоормосны системтэй..

Асуулт 4. Тоормосны систем хэвийн ажиллагаатай эсэх. Хэрэв эвдэрсэн бол ямар эд анги нь хэзээ, хэрхэн эвдэрсэн байж болох, стандартын шаардлага хангаж байгаа эсэх:,

Хариулт 4.  Урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 9.1 кН, баруун талдаа 9.8 кН зөрүү нь 7% /стандарт <20%/, 2-р тэнхлэг дахь дугуйн тоормосны хүч зүүн талдаа 12.4 кН, баруун талдаа 13.4 кН, зөрүү нь 7% /стандарт <30%/ авто тээврийн  хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос зогссон. /Тоормос хэвийн байна /

Асуулт 5. Hyundai New Aero City маркийн 05-29 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагдсан эсэх, Хэрэв хамрагдсан бол техникийн хяналтын үзлэгт тэнцсэн эсэх дүгнэлтийн хуудсыг шинжээчийн дүгнэлтэд хавсаргаж хүргүүлнэ үү,

Хариулт 5. 2023 оны 4 сарын 26-нд нийтийн тээврийн үйлчилгээний газарт техникийн хяналтын үлэгт орж тэнцсэн. Дүгнэлтийг хавсаргав.” гэсэн автомашин, техникийн үнэлгээний тайлан дүгнэлт (хэргийн 46-47 дахь тал),

 

8. Жолоочийн нэгдсэн сан, авто тээврийн хэрэгслийн нэгдсэн сангийн бүртгэлийн лавлагаа (хэргийн 91 дэх тал),

 

9. Тээврийн Цагдаагийн албаны мөрдөн шалгах газрын Мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1216 дугаартай:

1. Зорчигч Т.Удвал нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна.

2. Hyundai New Aero City маркийн 05-29 УНП улсын дугаартай автобусны жолооч Г.Жавхлант нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн Хорин гурав. Хүн тээвэрлэх 23.4. “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно.”

Нэг. Нийтлэг үндэслэл 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэсэн заалтуудыг зөрчсөн нь осол хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна.

3. Магадлагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу холбогдох оролцогч нарт мэдэгдэж прокурорт танилцуулахаар тогтов.” гэсэн магадлагаа баримт (хэргийн 55 дахь тал),

 

10. Насанд хүрээгүй хохирогч Т.Удвал нь ГССҮТ эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний  түүх баримт, (хэргийн 96-122 дахь тал),

 

11. Насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчөөс хохирол нэхэмжлэхтэй холбоотой гаргасан баримтууд (хэргийн 123-130, 131-140 дэх тал),

 

12. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн  маягт”  танилцуулсан тухай тэмдэглэл (хэргийн 65 дэх тал), 

 

13. Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй авсан тусламж үйлчилгээний мэдээлэл баримт (хэргийн 29 дэх тал),

 

14. Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч  Д.Гантуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг. Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч, уг гарсан зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй, төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй тул Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна.

...Дээрх зам тээврийн осол хэргийн улмаас  хохирогч Т.Удвал нь 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч, Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт хүргэгдэн хэвтэн эмчлүүлсэн, Эрүүл мэндийн даатгалын сангаас 175.000 төгрөг гарсныг Г.Жавхлантаар төлүүлж өгнө үү.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүгийн хэргийн хүрээнд эрүүл мэнд нь хохирсон иргэн даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх ажлыг хариуцан харьяалах шүүхүүдэд нэхэмжлэл гарган ажиллаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгагдаж байгаа эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоон төрд учирсан хохирлыг гаргуулах, төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалан оролцож байна” гэсэн мэдүүлэг (хэргийн 27 дахь тал),

 

15. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Жавхлантын яллагдагчаар өгсөн:

“...Би 1990 оны 05 сарын 21-нд Дундговь аймагт төрсөн. Эхээс ганцаараа. 1998-1999 онд Улаанбаатар хотод нисэхийн 1 дүгээр сургуульд, 1999- 2001 онд хүртэл Төгс жаргалант сургуульд 4 дүгээр анги, 2002-2006 онд Орчлон сургуульд 8-р анги төгссөн. 2007-2008 онд Дундговь аймагт 10-р анги төгссөн. 2008- 2009 онд БНХАУ-д Авто инженерийн сургуульд сурч төгссөн. Авто Инженер мэргэжилтэй. 2015 он хүртэл хувиараа хөдөлмөр эрхэлж байгаад 2015-2016 онд Хилийн Цэргийн 0306 дугаар ангид цэрийн алба хааж, дараа нь 2016-2022 он хүртэл хувиараа хөдөлмөр эрхэлсэн. 2023 оны 04 сарын дундуур “Эрдэм Транс” компанид жолоочоор ажилд орж одоог хүртэл ажиллаж байна. 

Би 2023 оны 09 сарын 24-ны өдөр өлөө ажилдаа гарсан. 05-29 УНП улсын дугаартай баазын дугаар нь 13-229 дугаартай автобусаар Дүнжингараваас Нарангийн гол гэсэн 4-44 чиглэлээр нийтийн тээврийн үйлчилгээнд явж байсан. Тухайн үед Хан-Уул дүүргийн 120-ын автобусны буудал дээр зогсож, зорчигчдоо буулгаад хөдлөх гээд тоормос дээрээс хөлөө авахад автобус сул өнхөрсөн. Тэгсэн автобусны буудал дээр байсан хүн орилохоор нь баруун талын толиндоо хартал хойд хаалганд хүн хавчуулагдчихсан байхаар нь тоормосоо гишгэж хаалга онгойлгоод, буугаад очсон чинь хаалганд хавчуулагдсан хүн газар уначихсан байсан.

Тухайн үед 103-т дуудлага өгөөд, дараа нь цагдаад дуудлага өгсөн. Автобусанд 3-5 хүнтэй явж байсан. Хүнээ буулгачхаад тоормос дээрээс хөлөө авсан. Тэгэхэд л жоохон өнхөрсөн байх, хааз гишгэж яваагүй, сул өнхөрсөн. Буугаад очиход эмэгтэй хүүхэд байсан. Тэр хүүхэд газар суучихсан хөлөө барьчихсан байсан. “Зүгээр үү” гэж асуухад “хөл өвдөөд байна” гэж хэлсэн. Тухайн зогссон газар нь автобус орж зогсох зориулалт бүхий зогсоол байдаг. Гэхдээ автобус бүрэн орж зогсож багтахгүй. Толиндоо харсан. Тэр үед нэг залуу буухад нь би хаалгаа хаасан. Хаалга хаагдах явцад тухайн хүүхэд бууж таараад, үүрч явсан цүнхийг нь хаалгаар хавчсан. Би хохирлын мөнгө төлж барагдуулж байгаа. Баримтаар гаргаж өгсөн хохирлын зардлыг төлж барагдуулна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 75-76 дахь тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 79 дэх тал), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хэргийн 84 дэх тал), ажил олгогч “Эрдэм транс” ХХК-ийн тодорхойлолт (хэргийн 85 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 86 дахь тал), хуулийн этгээдийн бүртгэлгүй тухай лавлагаа (хэргийн 87 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хэргийн 88 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (хэргийн 89 дэх тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хэргийн 90 дэх тал), жолоодох эрхийн лавлагаа (хэргийн 91 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хэргийн 92 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгагдаж тогтоосон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Жавхлантын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Г.Жавхлант нь 2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр “Эрдэм транс” ХХК-ийн эзэмшлийн Нyundai New Aero City маркийн 05-29 УНП улсын дугаартай, 13-229 гэсэн баазын дугаартай автобусыг жолоодон Дүнжингарав-Нарангийн гол 4-44 чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээнд явж байхдаа Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Тэмээтэй хөшөөний хойд талын замд автобусны буудлаас хөдлөх үедээ тус автобусаар зорчиж явсан насанд хүрээгүй зорчигч Т.Удвал нь автобуснаас бүрэн буугаагүй байхад нь автобусны хаалгыг хаасны улмаас үүрч явсан цүнх нь хаалганд хавчигдаж чирэгдсэн зам тээврийн осол гаргасан,

- уг ослын улмаас зорчигч насанд хүрээгүй /16 нас 5 сар 3 хоногтой/  Т.Удвалын биед “зүүн тавхайн дээд хэсгийн гүн зүсэгдсэн шарх /зүүн тавхайн ар хэсгийн гүн зүсэгдсэн шархыг шалгаж гэмтсэн бүтцийг сэргээх мэс заслын дараах байдал/” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Тухайн хэргийн нөхцөлд автобусны жолооч Т.Жавхлант нь нийтийн тээврийн үйлчилгээний автобус жолоодон зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэхдээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, мөн дүрмийн 23.4. “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно.” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж зорчигч бүрэн гүйцэд бууж амжаагүй байхад автобусны хаалгыг хааж хөдөлгөөн эхлүүлсэн нь уг зам тээврийн осол хэрэг гарах шалтгаан нөхцөлийг үүсгэсэн буруутай болох нь нотлогдож тогтоогдсон байна.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.

 

Авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байхаар хуульчилсан. 

 

Тээврийн прокуророос шүүгдэгчийн дээрх гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хуулийн үндэслэл бүхий байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч Г.Жавхлантыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж заасан.

 

Хэргийн насанд хүрээгүй хохирогч Т.Удвалын эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан ““зүүн тавхайн дээд хэсгийн гүн зүсэгдсэн шарх /зүүн тавхайн ар хэсгийн гүн зүсэгдсэн шархыг шалгаж гэмтсэн бүтцийг сэргээх мэс заслын дараах байдал/” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохиролд, учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ үйлчилгээний болон бусад зайлшгүй зардал зэрэг нь хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу тухайн гэмт хэргийн хор уршигт тус тус тооцогдох юм.

 

Хэргийн насанд хүрээгүй хохирогч Т.Удвал, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус заасан эрхийнхээ хүрээнд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.

 

 

 “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, мөн гэмт хэргийн хохирогчийн “сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааж хуульчилсан.    

 

Хэргийн насанд хүрээгүй хохирогч Т.Удвал, түүний хууль ёсны төлөөлөгч нараас хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн хохирол уршигт тооцон эмчилгээ үйлчилгээний болон баримттай гарсан зардалд нийт 4.918.290 төгрөгийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх хүсэлт гомдлын шаардлага гаргаснаас шүүгдэгч Г.Жавхлант нь 1.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн төлсөн, мөн хохирогчид шаардлагатай эм тариа, амин дэм, бусад хэрэгсэл зэргийг өөрөө авч өгөх байдлаар 1.111.700 төгрөгийг хохирогчийн эмчилгээ үйлчилгээнд зарцуулсан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон байна. /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/

 

Шүүх хуралдааны явцад хохирогч, түүний төлөөлөгчөөс насанд хүрээгүй хохирогчийн эмчилгээний зардалд нэмж гарсан зардлын 1.057.582 төгрөг, мөн хохирогчийн сургалтын төлбөрт шилжүүлсэн 2.000.000 төгрөг, өмгөөллийн үйлчилгээ авсны хөлсөнд төлсөн 2.000.000 төгрөг, цаашид мэс заслын эмчилгээ хийлгэхэд шаардлагатай зардлын 3.200.000 төгрөг, сэтгэл санааны хохирол зэргийг тус тус  нөхөн төлүүлэх гомдлын шаардлага гаргасан.

 

Хэрэгт хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчөөс хохирол нэхэмжлэхтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гаргасан баримтуудыг шүүх нэг бүрчлэн шинжлэн судлаад:

- хохирогчийн эм тариа, эмчилгээний болон бусад баримттай гарсан зардлын нийт дүн 5.578.590 /таван сая таван зуун далан найман мянга даван зуун ер/ төгрөг болж байх ба үүнээс мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн бэлнээр төлсөн 1.000.000 төгрөгийг хасаж тооцон, үлдэх 4.869.990 /дөрвөн сая найман зуун жаран есөн мянга есөн зуун ер/ төгрөгийн шаардлагыг хангаж, хохирогчийн өмгөөлөгчийн зардалд нэхэмжилсэн 2.000.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, “суудал баталгаажуулна” гэх үндэслэлээр хүүхдийн сургалтын төлбөрт шилжүүлсэн гэх 2.000.000 төгрөгийн болон цаашид мэс заслын эмчилгээ хийлгэхэд шаардлагатай гэх зардлын 3.200.000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв. Тодруулбал:

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрхээ эдэлж, өмгөөлөгчийг сайн дураар сонгон авч, улмаар өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтоосны үндсэн дээр хууль зүйн туслалцааны гэрээ байгуулж, өмгөөлөгчөөр үйлчлүүлсэн төлбөр нь /өөрөөр хэлбэл өмгөөлөгч, үйлчлүүлэгч хоёрын хооронд Иргэний хуульд заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан/ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд орж тооцогдохгүй, нөгөөтээгүүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд тухайлан заасан  өмгөөлөгчгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй нөхцөл шаардлагад хамаарахгүй учир мөн хуулийн 11.4 дүгээр зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцогдохгүй тул өмгөөлөгчийн зардлын 2.000.000 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй юм.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргасан “суудал баталгаажуулна” гэх үндэслэлээр хүүхдийн сургалтын төлбөрт шилжүүлсэн гэх 2.000.000 төгрөгийн болон цаашид мэс заслын эмчилгээ хийлгэх зардлын 3.200.000 төгрөгийн шаардлагын тухайд:

- насанд хүрээгүй хохирогчийн суралцагч байгууллагын тодорхойлолт баримтгүй, тухайн сургууль нь “суудал баталгаажуулна” гэх үндэслэлээр хүүхдийг сургалтад хамрагдаагүй хугацааны сургалтын төлбөрийг урьдчилан авсан эсэх асуудлыг хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Болормаагийн банк дахь харилцах дансны хуулга баримтаар,  

- мөн  насанд хүрээгүй хохирогчийн биед үүссэн гэмтлээс улбаатай сорви бүрэн эдгэрэх хугацаа 12 сараас 24 сар орчим байх бөгөөд сорви бүрэн эдгэрсний дараа сорвины шинж байдлаас хамаарч мэс засалд орох боломжтой хэмээн тодорхойлж, хэрэв мэс засал хийлгэх бол сорви засах мэс заслын эмчилгээний үнэ 2.900.000, лазер эмчилгээний төлбөр 300.000 төгрөг болох талаар “Перпект” эмнэлгийн эмчийн мэдээлэл баримтыг шүүх “урьдчилан төлүүлэх эмчилгээний зайлшгүй зардал” гэж тус тус тодорхойлж дүгнэх боломжгүй юм.

Иймд  дээрх шаардлага болон цаашид хийгдэх эмчилгээний зардал, төлбөрт хамаарах нотлох баримтаа хуульд заасан үндэслэл журмын дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчийн эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн болно.    

 

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэг, 230.2 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч эдийн бус гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгана гэж тус тус заасан ба Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж заасан.

Мөн Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан эрүүгийн гэмт хэргээс “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл/ гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг 2023 оны 07 сарын 31-ний өдрийн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан А/268, А275 дугаартай тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр, мөн Улсын дээд шүүхийн 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын дагуу хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг хор уршгийн хувийг 9-15 хувь, сэтгэцийн эмгэгийн “Гуравдугаар” зэрэглэлд хамааруулж, нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл” хэмжээтэй байхаар тодорхойлсон.

 

Тухайн хэргийн нөхцөлд мөрдөн шалгах ажиллагааны явцад “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг “Гуравдугаар” зэрэглэлээр тогтоосныг насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хүлээн зөвшөөрч маргаагүй байна. (хэргийн 65 дахь тал)

 

Түүнчлэн хохирогч насанд хүрээгүй Т.Удвал нь зам тээврийн осол хэргийн улмаас эрүүл мэндэд нь “зүүн тавхайн дээд хэсгийн гүн зүсэгдсэн шарх” /2023.09.25-ны зүүн тавхайн ар хэсгийн гүн зүсэгдсэн шархыг шалгаж гэмтсэн бүтцийг сэргээх мэс заслын дараах байдал/ гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсны улмаас Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв эмнэлэгт биеийн ерөнхий байдал дунд, зүүн хөлийн тавхайн шарх, нуруу, ууц хэсгээр өвдөнө” гэх зовуурьтай 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд хэвтэн эмчлүүлж “анхдагч, хоёрдогч цэгцэлгээ хийж шархыг угааж цэвэрлэх, зүүн хөлийн тавхайн шарханд арьс нөхөх” мэс засал хийлгэсэн нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт болон ГССҮТ-ийн өвчний түүх баримтаар нотлогдсон бөгөөд уг гэмтэл бэртлийн улмаас тодорхой хугацаанд хөдөлгөөн хязгаарлагдаж, эрүүл хүний адилаар чөлөөтэй алхах, гишгэх боломжгүй болон өвдөлт зовуурь мэдэрч, амьдралын чанарт тодорхой хэмжээнд нөлөөлөх, сэтгэл санааны хувьд өвчиндөө шаналах эмгэг үүссэн гэж үзэхээр байна.

Шүүх, хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хэмжээг тодорхойлохдоо учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тус тус харгалзан тухайн зам тээврийн осол хэрэг гарах үед дагаж мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийг 18 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.900.000 /есөн сая есөн зуун мянга/ төгрөгийг эдийн бус гэм хорын хохиролд буюу насанд хүрээгүй хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрт тооцон нөхөн төлүүлэх үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.

 

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж тус тус заасан.

 

Хэргийн нөхцөлд шүүгдэгч Г.Жавхлант нь “Эрдэм транс” ХХК-ийн тээвэрлэлт үйлчилгээний 6-р хэсэгт жолоочоор ажилладаг, ажил үүргээ гүйцэтгэн тус компанийн эзэмшлийн Нyundai New Aero City маркийн 05-29 УНП улсын дугаартай, 13-229 гэсэн баазын дугаартай автобусыг жолоодон Дүнжингарав-Нарангийн гол 4-44 чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээнд явж байхдаа зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хохирол учруулсан  болох нь тогтоогдсон тул дээрх зам тээврийн осол хэргийн улмаас бусдад учирсан гэм хорыг хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан “Эрдэм транс” ХХК хариуцан арилгах үүрэгтэй байна.

 

Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон насанд хүрээгүй хохирогчийн эмчилгээ үйлчилгээний баримттай гарсан зардлаас  үлдэх 4.869.990 /дөрвөн сая найман зуун жаран есөн мянга есөн зуун ер/ төгрөг, эдийн бус гэм хорын хохирол буюу насанд хүрээгүй хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр 9.900.000 /есөн сая есөн зуун мянга/ төгрөг, нийт 14.769.990 /арван дөрвөн сая долоон зуун жаран есөн мянга есөн зуун/ төгрөгийг иргэний хариуцагч “Эрдэм транс” ХХК-аас гаргуулж насанд хүрээгүй хохирогч Т.Удвал, түүний хууль ёсны төлөөлөгч Л.Болормаа нарт олгож шийдвэрлэх нь зүйтэй.  

 

Түүнчлэн тухайн зам тээврийн осол хэргийн улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр  хохирол учирсан насанд хүрээгүй хохирогч Т.Удвалын яаралтай тусламж үйлчилгээний болон ГССҮТ эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ, мэс заслын, эмийн эмчилгээний зардал зэрэгт Эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн төлөгдсөн зардлыг гэм буруутай этгээдээр  төлүүлэх тухай Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас гаргасан иргэний нэхэмжлэл нь хуулийн үндэслэл бүхий байна.

 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу зам тээврийн осол хэргийн улмаас эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан насанд хүрээгүй хохирогч Т.Удвалын Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ойрын дуудлага, гэмтлийн яаралтай тусламж үйлчилгээ авсан зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн төлөгдсөн 175.000 төгрөгийг гэм буруутай этгээд болох шүүгдэгч Г.Жавхлантаас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэх үндэслэлтэй.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх гэмт хэрэг юм.  

 

Шүүгдэгч Г.Жавхлант нь урь ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 79 дүгээр талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон  тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. 

 

Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тухайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын санал зэргийг тус тус харгалзан,

- Эрүүгийн хариуцлага гаргаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцүүлэн гэмт хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор 2.500 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 2.500 000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.   

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол улсын Их хурлаас 2023 оны 12 сарын 07-ны өдөр баталж, 2024 оны 01 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Эрүүгийн хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын төрөл, хэмжээг хүндрүүлж өөрчлөлт оруулсан байх тул “...оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй”, “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлд заасан журмыг баримтлан шүүгдэгч Г.Жавхлантад эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.       

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                     

   ТОГТООХ нь:

 

1. Агаа овогт Гантөмөрийн Жавхлантыг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутай болохыг тогтоосугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар Г.Жавхлантад 2.500 /хоёр мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Жавхлант нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 498 дугаар зүйлийн 498.1 дахь хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан гэмт хэргийн хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон 14.478.590 /арван дөрвөн сая дөрвөн зуун далан найман мянга таван зуун ер/ төгрөгийг иргэний хариуцагч “Эрдэм транс” ХХК-аас гаргуулж,

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, 414-167 тоот оршин суух хаягтай, /РД:УХ07242121, РД:ФВ70011002/,  насанд хүрээгүй хохирогч Т.Удвал, түүний хууль ёсны төлөөлөгч Л.Болормаа нарт олгож, нэхэмжлэлээс үлдэх өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжлэлээс сургалтын төлбөр 2.000.000 төгрөг, цаашид хийгдэх мэс заслын эмчилгээний төлбөр гэх 3.200.000 төгрөгийн шаардлагыг тус тус хэлэлцэхгүй орхиж, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь уг шаардлага болон цаашид гарах эмчилгээний зардал, төлбөрт хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар Г.Жавхлантаас 175.000 /нэг зуун далан таван мянга/ төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлсүгэй.

 

7. Энэ хэрэгт Г.Жавхлант нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нь шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт тус тус давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.Жавхлантад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.БАЗАРХАНД