| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2024/0018/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/20 |
| Огноо | 2024-02-21 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Ө.Манзушир |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/20
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн
Улсын яллагч Ө.Манзушир
Хохирогч Н.Г, түүний өмгөөлөгч Х.Энхбат
Шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Нд холбогдох 2416000010012 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...-ны өдөр төрсөн, ...настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 2, хүүгийн хамт амьдардаг, ... тоотод оршин суух хаягтай, ... регистрийн дугаартай, Ж овгийн Д.Н.
Холбогдсон хэргийн талаар: Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Нг 2023 оны 11 дүгээр сарын 30-аас 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө **-**ГАҮ улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэгт заасан “согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Говь-Алтай аймгийн ... тоот хашаа, хашаан дотор байрлах жижиг төмөр гэр, түүний зүүн талд байрлах том гэрийг тус тус мөргөж хохирогч Н.Гын эрүүл мэндэд сэрээний 4-р нугаламын шахагдсан хугарал, зүүн 1, 2 дугаар хавирга, баруун 3 дугаар хавирга хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан, уг ослын улмаас хохирогч Н.Гын эд хөрөнгөд нь 3,034,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Д.Н нь 2023 оны 11 дүгээр сарын 30-аас 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө **-**ГАҮ улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож явахдаа ... тоот хашаа, хашаан дотор байрлах жижиг төмөр гэр, түүний зүүн талд байрлах том гэрийг тус тус мөргөсөн үйл баримт тогтоогдлоо.
Дээрх үйл баримтын улмаас гэрт унтаж байсан хохирогч Н.Гын эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр сэрээний 4-р нугаламын шахагдсан хугарал, зүүн 1, 2 дугаар хавирга, баруун 3 дугаар хавирга хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан бөгөөд эд хөрөнгөд нь 3,034,000 төгрөгийн хохирол учирсан байх тул энэ нь хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Д.Н гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Д.Нгийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “Би 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө согтуугаар машин техник жолоодож хүний биед хохирол учруулсандаа гэмшиж, буруугаа хүлээж байгаа. Хохирогчийг эмчлүүлээд, хохирол төлбөрийг бүгдийг нь барагдуулсан. Хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид учирсан хохирол болох 3,034,000 төгрөг, сэтгэцэд учирсан хохиролд 5,000,000 төгрөг, ажилгүй байсан хугацааны төлбөр 2,000,000 төгрөг гээд нийт 7,000,000 төгрөг өгөөд хоорондоо зохицсон...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч Н.Гын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “11 дүгээр сарын 30-ны шөнө намайг гэртээ унтаж байхад энэ хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явж байгаад гэртэй маань дайраад хүндэвтэр гэмтэл учруулсан. Энэ хүн намайг эмчилгээ хийлгэх, Улаанбаатар хот руу эмчилгээнд явах гэх мэт бүх зардлыг, мөн эд хөрөнгийн зардлыг бүгдийг нь төлсөн. Би сэтгэл санааны хохирлын нэхэмжлэл гаргасан. Түүнийгээ би нэхэмжлэхгүй гэдгээр тохиролцсон. Тэгээд нэхэхгүй байхаар шийдсэн гэв.
Хохирогч Н.Гын мөрдөн байцаалтад өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 30-ны шөнө 22 цаг өнгөрөөгөөд ажлаасаа ирээд охин Г.Н-н хамт гэртээ унтаж байсан. Тухайн үед би зүүн талын орон дээрээ, манай охин Г.Н баруун талын орон дээрээ унтаж байсан чинь гэнэт миний толгой руу юм ирээд цохих шиг болоод би сэрээд хартал манай гэрийн хойд тал нурчихсан нэг цагаан өнгийн машин манай гэрийг дайраад нураагаад орж ирээд зогсчихсон байсан. Би гарч ирээд уулзахад тухайн үед нэг эрэгтэй, эмэгтэй хоёр зүс таних хүмүүс байсан бөгөөд эмэгтэй нь согтуу байсан. Миний нуруу өвдөөд амьсгаа авч болохгүй арай хийж охин Г.Н-д хэлж түргэн тусламж дуудаад эмч ирээд намайг эмнэлэг рүү авч явсан. Би эмнэлэгт 6 хоног хэвтэн эмчлүүлээд аймгийн нэгдсэн эмнэлэгээс Улаанбаатар хотын гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчилгээ хийлгэж сээр нурууны тасагт хэвтэж байгаад хагалгаанд орсон. Тэгээд Улаанбаатар хотын гэмтэл согог судлалын үндэсний төвд зураг авахуулахад миний биеийн зүүн талдаа 1 хавирга, баруун талдаа 1 хавирга хугарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49/,
Насанд хүрээгүй гэрч Г.Н-н мөрдөн байцаалтад өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 30-аас 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө би өөрийн аав Н.Гын хамт гэртээ унтаж байсан. Тухайн үед би гэрийн баруун талын орон дээр манай аав Н.Г гэрийн зүүн талын орон дээр унтаж байсан. Тэгээд шөнө дунд унтаж байхад чанга чимээ гараад манай гэрийн зүүн хойд талаас юм ирээд мөргөх шиг болоод гэрийн дотор талын тавилга болон гэрийн багана хугараад унахаар нь би гэрээс гараад харахад цагаан өнгийн машин манай хашааны зүүн хойд талаас мөргөж орж ирээд манай хашаанд байсан жижиг төмөр гэрийг мөргөөд урд талд байсан манай 5 ханатай монгол гэрийг мөргөсөн байдалтай машин дотор жолоочийн суудал дээр нэг эмэгтэй хүн хажуу талд нь гадаа нэг эрэгтэй хүн байсан. Тэгээд манай аав гэрээс гарч ирээд би бие засчихаад буцаад гэрт ороход манай гэрийг мөргөсөн машинтай хоёр хүн манай гэрт орчихсон байсан. Тухайн үед манай аав баруун орон дээр сууж байгаад намайг эмнэлэг дуудаадах би хэвтэж мөн нуруугаа хөдөлгөж болохгүй байна гэж хэлээд би эмнэлэг дуудсан. Мөн цагдаад дуудлага өгөх гэсэн чинь машин барьж байсан эмэгтэй нь дуудлага өгүүлэхгүй байсан. Тэгээд удалгүй эмнэлэгийн машин ирээд аав болон тэнд байсан эрэгтэй ах бид гурав эмнэлэг рүү хамт явсан. Тухайн машины жолооч манай хашаанд үлдсэн. ...Анх гэрээс гараад харахад манай гэрийн зүүн хойд талаас хашаа дайрч орж ирээд хашаан дотор байсан төмөр жижиг гэр мөн урд талд нь байсан гэрийг мөргөөд зогссон. Жолоочийн суудал дээр эмэгтэй хүн хажуу талд нь нэг эрэгтэй хүн байсан. Тухайн тээврийн хэрэгслийн жолоодож байсан жолооч нь намхандуу махлаг эмэгтэй хүн байсан. Тухайн үед машинд байсан хоёр хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн их согтуу байсан. Тухайн үед миний биед гэмтэл учраагүй манай аав болох Н.Г нь нуруу өвдөөд байна гээд эмнэлэгт дуудлагаар очсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56/,
Гэрч Л.Бн мөрдөн байцаалтад өгсөн: “Д.Н бид хоёр хамтран амьдраад дөрвөн жил болж байна. Манай гэр Сутай хороонд байдаг. Д.Нгийн гэр талд байдаг бид хоёр нэгнийхээрээ ирж очин байдаг. Тухайн орой Кайф нэртэй караокед хамтран амьдрагч Д.Н бид хоёр нийтийн зааланд суугаад 0,5 литрийн ногоон өнгийн ЭКС нэртэй нэг шил архи авч уугаад байж байсан. ...“Кайф” караокеноос Д.Н бид хоёр гараад манай Сутай хороонд байдаг гэрт очих гээд хашаанд ирсэн. Тэгээд би нойл орсон чинь Д.Н хашаанд байсан машинаа асаагаад хашааны хаалга мөргөөд гараад явсан. Тэгээд би нойлоос гараад араас нь очиход манай хашааны халз урд айлын хашааг дайраад нэг жижиг гэр байсныг бас дайраад зүүн талын гэрийн зүүн ар талаас нь мөргөөд Д.Н машин дотроо жолоочийн суудал дээрээ байсан.Тэгээд Д.Н бид хоёр гэрт нь ороход зурагт нь унасан, хоёр гурван унь мултраад унасан байсан. Нэг эрэгтэй баруун талын орон дээрээ нуруу өвдөөд байна гээд сууж байсан. Нуруу нь өвдөөд байна гээд нэг эрэгтэй хүн байсан. Тэгээд эмнэлэгт дуудлага дуудсан. Би тэр эрэгтэйг зүс танина. Д.Н архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Согтолт нь гайгүй байсан. Д.Н болсон үйл явдлыг санах хэмжээнд байсан. Айлын гэрийг мөргөөд зогссон байдалтай Д.Н нь жолоон дээрээ сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 53/,
Гэрч Г.А-ны мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2023 оны 11 дүгээр сарын 30-аас 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө 03 цагийн үед 7048102 дугаараас Говь-Алтай аймгийн ... тоот хашааг Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл мөргөсөн байна гэх дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу очиход айлын хашаа мөргөөд приус-30 маркийн тээврийн хэрэгсэл зогссон байдалтай байж байсан. Тэгээд бүрэлдэхүүн дуудсан. Тухайн үед тээврийн хэрэгслийн жолооч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь илт мэдэгдэж байсан тул цагдаагийн 2 дугаар байрны эрүүлжүүлэх саатуулах байранд авч ирээд драгер багаж үлээлгэж согтолтын зэргийг тодорхойлох гэсэн боловч тээврийн хэрэгслийн жолооч Д.Н драгер үлээхээс татгалзсан мөн цус болон шээснээс дээж өгөхөөс татгалзсан тул энгэрийн камерын бичлэгээр баримтжуулж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 58/,
Говь-Алтай аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн замын хөдөлгөөний хууль дүрмийн ахлах багш, авто инженер, техник механик мэргэжилтэй, шинжээч М.Дашдоржийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дугаартай “**-**ГАҮ улсын дугаартай, тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.Н” /ДК.../ нь: Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчсөн байна. Энэ буруутай үйлдэл нь осол үйлдэгдэхэд нөлөөлсөн байна. Хэргийн материалд авагдсан нотлох баримтаар Д.Н /ДК.../ нь жолоодох эрхийн B ангиллын, *** дугаарын хүчинтэй жолоодох эрхийн үнэмлэхтэй байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 62-63 /,
Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 01 дугаартай 1.2 Н.Гын биед сээрний 4-р нугаламын их биеийн шахагдсан хугарал, гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх 2023.12.01-ны шөнө үүссэн байх боломжтой. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээний үр дүнгээс хамаарна. 5. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-37/,
Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч, цагдаагийн хошууч Т.Алтайбаатарын 37 дугаартай 1. Н.Гын биед эмнэлэгийн бичиг баримтаар сээрний 4-р нугаламын шахагдсан хугарал, зүүн 1,2 дугаар хавирга, баруун 3 дугаар хавирга хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Шинжээч эмч, Цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 01 дугаартай дүгнэлтэд өөрчлөлт орохгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 83-86/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-10 дугаар тал/, Зам тээврийн ослын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11/, Хэрэг учрал болсон гэх газарт байх монгол гэрт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Д.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.
Иймд шүүгдэгч Д.Нг “авто тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэгдэнэ.
Шүүгдэгч Д.Нд холбогдох эрүүгийн хэргийг аймгийн Прокурорын газраас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн боловч гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан гэм хорын хохирлын зэргийг тогтоохдоо 3 дугаар зэргээр тогтоож ирүүлсэн тул шүүх хуралдааныг хойшлуулж, хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэхээр шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
Уг гэмт хэргийн улмаас Н.Гын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, эд хөрөнгөд 3,034,000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч Д.Н нь 3,034,000 төгрөг, эмчилгээ хийлгэсэнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын санд 2,010,000 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд төлсөн. Сэтгэцэд учирсан хохиролд 5,000,000 төгрөг, ажилгүй байсан хугацааны төлбөрт 2,000,000 төгрөг гээд нийт 7,000,000 төгрөгийг шүүхийн шатанд тус тус төлсөн, хохирогч Н.Г нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаар хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна. Иймд шүүгдэгч Д.Н нь бусдад төлөх төлбөргүй байна.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Нгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэхээр ирүүлж, улсын яллагч шүүх хуралдаанд “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгийг журамлан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх” саналыг гаргаж байна.
2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулиар уг гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж хүндрүүлж хуульчилсан байх тул мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.Нг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “авто тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Нг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Нгийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан бөгөөд битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогчид мөрдөн шалгах ажиллагааны үед 3,043,000 төгрөг, шүүхийн шатанд 7,000,000 төгрөг, эрүүл мэндийн даатгалын санд 2,010,000 төгрөгийг тус тус төлсөн, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж ургийн овогт Д.Нг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан авто тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Нг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
4. Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг шүүгдэгч Д.Нд мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогчид мөрдөн шалгах ажиллагааны үед 3,043,000 төгрөг, шүүхийн шатанд 7,000,000 төгрөгийг, эрүүл мэндийн даатгалын санд 2,010,000 төгрөгийг тус тус төлсөн, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт ирсэн 1 ширхэг CD /си ди/-г хэрэгт хавсаргаж, *** дугаартай жолоочийн үнэмлэхийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА