Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 666

 

 

 

 

 

 

     2020           5             26                                        2020/ДШМ/666

 

 

                              Б.Өд холбогдох эрүүгийн

                                                  хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Чимэдцэеэ,

шүүгдэгч Б.Ө,

хохирогч И.Энххуяг, түүний өмгөөлөгч С.Сансартуяа,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/678 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч И.Энххуягийн өмгөөлөгч С.Сансартуяагийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Өд холбогдох эрүүгийн 2006013890647 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.Ө,

Б.Ө нь 2020 оны 2 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө согтуурсан үедээ Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 143 дугаар байрны 6 тоотод И.Энххуягтай үл ялих шалтгааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар нь гараар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Б.Ө үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Орлой овогт Батбаярын Б.Ө хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б.Ө 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Ө нь торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Ө нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Б.Ө нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Ө нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хохирогч И.Энххуяг цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эртхэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч И.Энххуягийн өмгөөлөгч С.Сансартуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно.” Мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Прокурор яллагдагчийн хүсэлтийг хүлээн авах, эсхүл татгалзах тухай тогтоол гаргана.” гэж тус тус заасан байдаг. Үүнээс үзвэл хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг яллагдагч өөрийн санаачлагаараа гаргах бөгөөд түүнийг үндэслэн прокурор тогтоол гаргадаг байна. Гэтэл яллагдагчийг ийнхүү хүсэлтээ гаргахаас нэг хоногийн өмнө буюу яллагдагч хүсэлтээ гаргаагүй байхад прокурор дээрхи хуулийн заалтыг зөрчиж тогтоол гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлтэй байна. ...шүүх хэргийг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ ердийн болон тусгай журам хэрэглэж болох бөгөөд хэргийг хүлээн авсан дариу шүүх хуралдааныг товлон зарлаагүй байна. Анхан шатны шүүх 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хэргийг хүлээн авч, шүүх хуралдааны товыг зарласан байх бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр шүүх хуралдааныг явуулсан. Энэ нь шүүх хуралдааны товыг 3 хоногийн өмнө хохирогчид мэдэгдэх боломжтой байсан бөгөөд энэхүү үүргээ шүүх хэрэгжүүлээгүйгээс болж хохирогч шүүх хуралдаанд оролцох эсхүл эс оролцох тухай мэдэгдэх боломж гараагүй байна. ...Хэдийгээр шүүгдэгчийн зүгээс уг хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зарим хохирлыг нөхөн төлсөн боловч үүнээс хойш гарсан хохирлыг төлөөгүй. Хохирогчийн зүгээс 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хамгийн сүүлд хэргийн материалтай танилцахдаа цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх тухай бичсэн байдаг бөгөөд үүнээс хойш шүүх хуралдаан болох өдөр хүртэл буюу 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл эмчилгээ, оношлогоо, эм тарианы зардалд гэхэд 2.625.810 төгрөг болсон байдаг бөгөөд энэхүү хохиролын баримтыг шүүхийн явцад гарган өгч нэхэмжлэх боломжтой байсан. ...2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн Шүүх эмнэлгийн дүгнэлтээс /хх 24/ харахад шүүгдэгчийн хохирогчид үзүүлсэн гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлж болзошгүй талаар дурдагдсан байх бөгөөд хохирогчийн зүгээс энэ тал дээр ч гэсэн баримт гаргах ажиллагаа явуулах, дахин шинжээч томилуулах гэх мэт хүсэлт гаргаж чадаагүй болно.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/678 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэв.

Хохирогч И.Энххуяг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “хэлэх тайлбар байхгүй” гэв.

Шүүгдэгч Б.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогчоос ийм хэмжээний зардал гарсан гэх баримтыг өгсөний дагуу би хохирол гэж 2.600.000 төгрөг төлсөн. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргах үед хохирогч И.Энххуяг надтай хамт явж байсан. Тэгээд өөртэй нь ярилцаж байгаад хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр болсон. Эхний хагалгаа 2.000.000 төгрөг болно гэснээс 1.910.000 төгрөгийг нь төлчихсөн байсан. Дараа нь дахиад зардал нь нэмэгдлээ гэхээр нь нэмж төлж барагдуулсан” гэв.

Прокурор С.Чимэдцэеэ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаад прокурор 4 дүгээр сарын 8-ны өдөр шийдвэрлэчихсэн байсан гэж байна. Ийм зүйл байхгүй. 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр бичиг хэргийн ажилтнаас тухайн хүсэлтийг хүлээж авахад 4 дүгээр сарын 9-ний өдөр гэсэн огноотой байсан. Тэгээд тухайн өдрөө хүсэлтийг шийдвэрлэсэн. Мөн хохирлын баримтаа нэмж өгөх боломжоор хангаагүй гэж байна. Хохирогч талаас хэргийн материалтай танилцсан. Тухайн танилцсан тэмдэглэлдээ шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй байгаа талаараа бичих боломжтой байсан. Мөн хэрэг прокурорт шилжиж ирснээс хойш хохирогч И.Энххуяг надтай 2 удаа буюу шүүгдэгч Б.Өтэй хамт 1 удаа, өөрийн ээж болон өмгөөлөгчтэйгөө 1 удаа ирж уулзсан. Тухайн үед өмгөөлөгч Батаад “хэргийг шийдвэрлэх гэж байгаа шүү нэмж гаргаж өгөх баримт байвал өгөөрэй” гэхэд “за өгнө” гэж байсан. Хэргийг шүүхэд шилжүүлсний дараа ч гэсэн хохирогчид “нэмж гаргаж өгөх баримт байвал өгөөрэй” гэхэд “ойлголоо” гэж байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос Б.Б.Ө үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Б.Өд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзлээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 1305 дугаар захирамжаар яллагдагч Б.Б.Ө шүүхэд шилжүүлж, түүний гэм буруугийн шүүх хуралдааныг мөн өдрийн 10.30 цагаас улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, түүний өмгөөлөгч нарыг оролцуулан нээлттэй явуулахаар тогтоож, шүүх хуралдааны бэлтгэлийг хангахыг шүүгчийн туслах Ч.Бадамцэцэгт даалгаж шийдвэрлэжээ. /хх 70-71/

Хохирогч И.Энххуягт мөрдөн шалгах ажиллагаа дууссаныг мэдэгдэж, хавтас хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэлд “...цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилнэ.” хэмээн бичиж гарын үсэн зуржээ. /хх 53/,

Хэдийгээр шүүгдэгч Б.Өд холбогдох хэргийг анхан шатны шүүх хялбаршуулсан журмын дагуу хянан шийдвэрлэх ёстой хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх тухайн хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй, эсхүл 7 хоногийн дотор ял оногдуулах шүүх хуралдаан зарлан явуулж болно”, 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ” гэж тус тус заасныг зөрчих учиргүй.

Уг хуулийн заалт Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан аливаа этгээдийн эрхийг хангах үндсэн зорилтыг агуулсан хуулиар хатуу тогтоосон хугацаа бөгөөд үзэл баримтлалын үүднээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг тайлбарлах ёстой зохицуулалт юм.

 

 Энэхүү хуулийн зохицуулалтыг шүүхээс бүрэн хангаж, оролцогчийн эрхийг эдлүүлснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох учиртай.

Нөгөөтэйгүүр Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай болон бусад хуульд хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ ямарч хуульд заасан хугацааг өөрчлөх эрх шүүхэд олгосон заалт алга.

Шүүхээс хуульд заасан хугацааг өөрчилсөн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, зорилтод нийцэхгүй.

Анхан шатны шүүх яллагдагч Б.Б.Ө шүүхэд шилжүүлж, түүний гэм буруугийн шүүх хуралдааныг тус өдрөө зарлаж, хохирогч, түүний өмгөөлөгчийг оролцуулан явуулахаар тогтоосон атлаа хохирогч И.Энххуяг, түүний өмгөөлөгч С.Эрдэнэбат нар шүүх хуралдаанд оролцох эсэхээ илэрхийлээгүй байхад тэдэнд шүүх хуралдааны товыг шүүхээс огт мэдэгдээгүй байна.   

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 7 дугаар зүйлд “Хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч алагчилалгүйгээр хуулиар адилхан хамгаалуулах эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, ...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох” эрхийг шүүхээс хангаагүйгээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.10 дахь заалтад “... өмгөөлөгч ...шүүхийн хэлэлцүүлэгт оролцох...”, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “...хохирогч ...шүүх хуралдаанд оролцох...” гэсэн эрх зөрчигдсөн гэж үзнэ.

Түүнчлэн хохирогч, түүний өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг шүүхээс мэдэгдэх үүргээ биелүүлээгүй нь тэдний Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримт, санал, хүсэлт гаргах гэх мэт эрхийг эдлэх боломжгүй байдлыг үүсгэж, тэдгээрийг эрхийг хязгаарласан байна.   

Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой, хүний эрхийг зөрчсөн энэхүү алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн үзэх боломжгүй байгааг дурдаж, цаашид хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн ажиллахыг анхааруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулан мэтгэлцээний үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг нотлох замаар прокуророос шилжүүлсэн хэргийн хэмжээнд бодит байдлыг тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудалд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлүүлэх нь зүйтэй.

Анхан шатны шүүх цаашид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэснийг анхаарвал зохино.

Иймд хохирогч И.Энххуягийн өмгөөлөгч С.Сансартуяагийн гаргасан “...хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдээгүй...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Өд холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/678 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Өд холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцэх хүртэл шүүгдэгч Б.Өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

               

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН

 

 

                        ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ