Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2022/0397

 

  

 

    2022          05             25                                        128/ШШ2022/0397

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         

            Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Э****” ХХК, /РД:0000000/

Хариуцагч: Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Э******, Б.М****** нарт холбогдох татварын маргаантай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А******, Т.Н******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц, хариуцагч Т.Э******, Б.М******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Э” ХХК нь Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Э******, Б.М****** нарт холбогдуулан “Татварын улсын байцаагч Б.М******өнхбаатар, Т.Э******рдэнэчимэг нарын 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр НА-22210000030 тоот нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан 31,347,578.03 төгрөгийн нөхөн татвар, 9,404,327.41 төгрөгийн торгууль, 6,269,551.59 төгрөгийн алданги, нийт 47,021,637.03 төгрөгийн төлбөрөөс 27,277,703.08 төгрөгийн нөхөн татвар, 8,183,31.92 төгрөгийн торгууль, 5,455,540.60 төгрөгийн алданги, нийт 40,916,554.60 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. 

2. Нийслэлийн Татварын газрын ажлын төлөвлөгөө болон Татварын ерөнхий газрын ерөнхий удирдамж, хяналт шалгалт хийх 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 0000601166 дугаар томилолтын дагуу нэхэмжлэгч “Э” ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд /эсрдэлд суурилсан/ шалгалтыг 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэсэн.

            Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Э******, Б.М****** нар нь 2021 оны 04 дүгээр сарыг 20-ны өдөр “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” НА-22210000030 дугаар нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн.

          3. Нэхэмжлэгч “Э” ХХК нь маргаан бүхий актыг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Нийслэлийн татварын газрын Маргаан таслах зөвлөлд 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гомдол гаргасан боловч маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээсэн хариу болох 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 33 дугаар тогтоолыг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гардан авсан байна.

“Э” ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.  

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А****** шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “... Маргаан бүхий актаар манай компанийг “Өмнөх онуудад импортоор оруулж ирсэн 272,777,030.80 төгрөгийн сэлбэг, бараа материалыг 2018 оны буцаалт хийхдээ НӨАТ-аас худалдан авалтын буцаалт хийж, буцаалттай холбогдон  гарах НӨАТ-ын хасалтын бууралтыг хасаж тооцоогүй нь НӨАТ-ын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 333 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтад “Нэмэгдсэн өртөгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журам”-ын 2.2-д “Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуулийн 14.9-д заасан хасалтыг дараах байдлаар тооцно ...”, 7-д “Нягтлан бодох бүртгэл, тайланд тусгах”, 7.7-д “Борлуулалтын буцаалт, хөнгөлөлт, үнийн бууралттай холбогдон гарах албан татварын бууралтыг “НӨАТ-ын тооцоо” дансны ДТ-д, худалдан авалтын буцаалт, хөнгөлөлт, үнийн бууралттай холбогдох НӨАТ-ын хасалтын бууралтыг “НӨАТ-ын тооцоо” дансны КТ-д тус тус бүртгэнэ” гэж заасныг зөрчсөн хэмээн үзэж энэхүү зөрчилд 27,277,703.08 төгрөгийн нөхөн татвар, 5,455,540.60 төгрөгийн торгууль, 8,183,310.92 төгрөгийн алданги төлүүлэхээр акт тогтоосныг эс зөвшөөрч Нийслэлийн Татварын газрын дэргэдэх татварын Маргаан таслах зөвлөлд 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гомдол гаргасан. Гомдлыг Маргаан таслах зөвлөл хянан хэлэлцээд 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 33 дугаар тогтоолоор татварын улсын байцаагчийн НА-22210000030 дугаар нөхөн ногдуулалтын актыг хэвээр баталсан.

4.1. Нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 1-д заасан актын хавсралт болох Маягт ХШ-02 болох татварын хяналт шалгалтаар ногдуулсан төлбөрийн тооцооны 1-4 тусгагдсан нийт 40,700,549.48 төгрөгийн зөрчилд ногдуулсан 4,070,054.95 төгрөгийн нөхөн татвар, 1,221,016.49 төгрөгийн торгууль, 84,010.99 төгрөгийн алданги, нийт 6,105,082.43 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа болно.

4.2. Манай компанийн өмнөх онуудад худалдан борлуулах зорилготой импортоор оруулж ирсэн бараанаасаа 2018 онд 1 удаагийн үйлдлээр 272,277,030.80 төгрөгийн барааг экспортод гаргасан борлуулалтыг татварын улсын байцаагч “Нэмэгдсэн өртөгийн албан татвараас чөлөөлөгдөх боруулалтад ногдох худалдан авалтыг хасаж тооцсон гэх зөрчил” гэж үзсэнийг үл зөвшөөрч, энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Иймд Татварын улсын байцаагч Б.М******, Т.Э****** нарын 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр НА-22210000030 тоот нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан 31,347,578.03 төгрөгийн нөхөн татвар, 9,404,327.41 төгрөгийн торгууль, 6,269,551.59 төгрөгийн алданги, нийт 47,021,637.03 төгрөгийн төлбөрөөс 27,277,703.08 төгрөгийн нөхөн татвар, 8,183,31.92 төгрөгийн торгууль, 5,455,540.60 төгрөгийн алданги, нийт 40,916,554.60 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах” гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Татварын хяналт шалгалт хийгдэж байх явцад нэхэмжлэгч компанийн зүгээс холбогдох баримтуудыг гаргаж өгсөн. Сингапурын “ANN TAI PTE” LTD нь нэр бүхий 372 ширхэг бараа бүтээгдэхүүнийг худалдаж авсан. Үүнийг тус компаниас 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гаалийн бүрдүүлэлт хийж, “ANN TAI PTE” LTD-д илгээсэн. Шүүхэд нотлох баримтаар “ANN TAI PTE” LTD-аас илгээсэн нэхэмжлэл, бараа хүлээлгэсэн баримтуудыг гаргаж өгсөн. Худалдан борлуулалт хийснээ явцын дунд 2018 оны 09 дүгээр сард тооцоогоор хаасан байдаг. Гаалийн мэдүүлэг болон тооцоо нийлсэн актаар тодорхой харагддаг” гэжээ.

5.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Гол нь экспортоор гаргасан бөгөөд буцаалт байна гэж үзсэн. Буцаалт гэдэг нь өгсөн газар нь тухайн барааг авахыг хэлж байгаа юм. Нягтлан бодох бүртгэлийн журналд буцаалт гэж бүртгээгүй нь ийм учиртай. Бид өөр компанид өгчхөөд буцаалт гэж бүртгэх ямар ч боломжгүй. Буцаалт гэж үзлээ гэхэд ямар нотлох баримтад үндэслэн талаар мөн асуухад нэхэмжлэгчийн үүрэг гэж хариулсан. Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 4.2.6-д “татвар төлөгчийн хувийн хэрэг, тайлан, тодруулга, мэдээлэл, судалгаа, үйл ажиллагааны талаарх холбогдох мэдээллүүдийг дотоод, гадаад эх үүсвэрээс цуглуулж дараах судалгаа шинжилгээг хийнэ” гэж заасан. “ANN TAI PTE” LTD-д буцаасан гэж үзэж байгаа бол ямар үндэслэлээр гэдгийг тогтоох ёстой. Сингапур улсаас орж ирээд, Сингапур улс руу буцаад гарчихсан учраас буцаалт юм гэж тайлбарлаж байна. Үүнийг буцаалт гэж үзэхгүй. Мөн ярилцлагын үр дүнд үндэслэн буцаалт гэж үзэж байна. Ярилцлагад огт байхгүй. Танилцуулгын талаар дурддаг ч энэ нь мөн тодорхойгүй.

 5.2. Татварын маргаан таслах комисс хоёр үндэслэлээр энэ актыг хэвээр үлдээсэн. Нэгдүгээрт тухайн бараа хаанаас орж ирсэн нь тодорхойгүй байна гэж үзсэн. Гэвч бид шүүхэд энэ талаарх баримтуудыг гаргаж өгсөн. Аль бараа, хаанаас яаж, хэдэн онд орж ирсэн гэдгийг одоо шалгах ёсгүй. Буцаалт гэж үзэж, татварын байцаагч акт гаргаж байгаа бол тэр талаар актдаа тусгах ёстой. Нотлогдохгүй байгаа учраас буцаалт гэж үзэж болохгүй. Татварын маргаан таслах комисс мөн тухайн орлого нь орж ирээгүй байна гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл бараа бүтээгдэхүүн борлуулсан төлбөр орж ирээгүй байна гэж үзсэн. Хасалт хийсэн өглөг, авлагын тооцоо Татварын маргаан таслах комисст нотлох баримтаар авагдаагүй байсан. Үүнтэй холбоотой баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. “ANN TAI PTE” LTD нь төлбөрийг төлж, “Э” ХХК нь Монгол Улсаас авах авлагаасаа суутгасан процесс юм. Буцаалт гэж үзэх эсэхээс хамаарч нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөрт тооцогдох юм. Аж ахуй нэгжийн орлогын албан татварт экспорт гэж бүртгэснийг алдаагүй гэж үзсэн. Хэрэв бид экспорт гэж бүртгэсэн бол аж ахуй нэгжийн орлогын албан татварыг тайлагнаж төлөөд, нэмэгдсэн өртгийн албан татвар тэг байх ёстой. Гэтэл аж ахуй нэгжийн орлогын албан татвар дээр орлогоор бүртгэснийг зөв гэж үзчихээд, дахин зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар дээр буцаалт гэж үзэж татвар тооцох гээд байна. Хэрэв буцаалт гэж үзэж байгаа бол аж ахуй нэгжийн орлого дээр мөн залруулга хийх ёстой зэрэг зөрүүтэй дүгнэлт гаргаж, ямар нэг нотлох баримтад үндэслээгүй акт гарсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

 

6. Хариуцагч Т.Э******, Б.М****** шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... “Э” ХХК нь 2012 оноос хойш импортоор оруулж ирсэн 272,777,030.80 төгрөгийн сэлбэгийг 2018 онд Сингапур улсын салбар компани руу шилжүүлэн борлуулахдаа борлуулалтын буцаалттай холбогдон гарах нэмэгдсэн өртгийн албан татварын хасалтын бууралтыг хасч тооцоогүй нь Нэмэгдсн өртөгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх заалтыг зөрчсөн.

6.1. Нягтлан бодох бүртгэлийн хувьд Монгол Улсын Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 333 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт “Нэмэгдсэн өртөгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журам”-ын 2.2-д “Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуулийн 14.9-д заасан хасалтыг дараахь байдлаар тооцно”, 7-д “Нягтлан бодох бүртгэл, тайланд тусгах”, 7.7-д “Борлуулалтын буцаалт, хөнгөлөлт, үнийн бууралттай холбогдон гарах албан татварын бууралтыг “НӨАТ-ын тооцоо” дансны ДТ-д, худалдан авалтын буцаалт, хөнгөлөлт, үнийн бууралттай холбогдох НӨАТ-ын хасалтын бууралтыг “НӨАТ-ын тооцоо” дансны КТ-д тус тус бүртгэнэ” гэж заасныг зөрчсөн нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.4, 13.5, 13.6, 13.7, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3, 14.3.1, 14.3.2, 14.3.3, 14.3.5, 14.4 дэх заалтуудын дагуу хөтөлж 2018 оны 05 дугаар сарын цахимаар илгээсэн НӨАТ-ын тайлангийн 28, 30 дугаар мөрөнд тайлагнасан экспортын бараа, үйлчилгээний орлого, холбогдох гаалийн мэдүүлгүүд, ярилцлагын тэмдэглэл зэргээр нотлогдсон.

Иймээс 2018 онд 272,777,030.80 төгрөгийн зөрчилд 27,277,703.80 төгрөгийн нөхөн татвар, 5,455,540.60 төгрөгийн торгууль, 8,183,310.92 төгрөгийн алданги ногдуулсан болно ” гэжээ.

7. Хариуцагч Т.Э****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулсан компанийн талаар яригдаж байгаа болохоос сүлжээ хоорондын компаниудын асуудал яригдаагүй. Хяналт шалгалт хийгдэж байх үед тооцоо нийлсэн акт байгаагүй. Мөн ханшийн өөрчлөлтийн бүртгэл байх ёстой. Тухайн компанитай хийсэн гэрээ байдаггүй. Ямар ч компани 372 ширхэг бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэхдээ 2, 3 дамжлага хийхгүй. Тухайн үед гэрээг гаргаж өгөх байтал ямар ч баримт гаргаж өгөөгүй” гэжээ.

8. Хариуцагч Б.М****** нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э” ХХК-нд Татварын ерөнхий газрын татварын хяналт шалгалтын хэлтсээс 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татвар ногдуулалтын төлөлтийн байдалд Т.Э******рдэнэчимэг болон миний бие татварын хяналт шалгалт хийсэн. Татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн 2 дахь хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргасан байдаг. Өмнөх онуудад импортоор оруулж ирсэн 272,000,000 сая төгрөгийн бараа материалыг 2018 онд Сингапур улс руу буцаалт хийхдээ нэмэгдсэн өртгийн албан татварын буцаалтыг хийгээгүй гэж үзсэн. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 333 дугаар тушаалын хавсралтад заасан нөхцөлүүдийг зөрчсөн гэж үзэж, нөхөн ногдуулалтын акт тогтоосон. Гол үндэслэл нь Сингапур улс руу буцаахдаа нэмэгдсэн өртгийн албан татварын буцаалтын хасалтыг залруулга хийх ёстой байтал хийгээгүй. Өмнө нь импортоор оруулж ирсэн бараа материалаа 2018 онд буцаалт хийхдээ гаалийн мэдүүлгүүдээр буцсан эсэх нь нотлогддоггүй. Иймд нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

9. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Татварын улсын байцаагч Т.Э******, Б.М****** нар “Э” ХХК-д хяналт шалгалт хийж, 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн нөхөн ногдуулалтын актаар 313,477,580.20 төгрөгийн зөрчилд 31,347,758 төгрөгийн нөхөн татвар 9,404,327.41 төгрөгийн торгууль, 6,269,551.59 төгрөгийн алданги нийт 47,021,637.03 сая төгрөгийн төлбөр ногдуулсан байдаг. Үүнийг зарим хэсгийг эс зөвшөөрч тус компаниас шүүхэд нэхэмжлэл гаргасан. “Э” ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 333 дугаар тушаалаар батлагдсан журмын 7.7-д заасныг тус тус зөрчсөн. Иймд татварын улсын байцаагч нарын актыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:  

1. Нэхэмжлэгч “Э” ХХК нь тус шүүхэд “Татварын улсын байцаагч нарын 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн НА-22210000030 дугаар нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан 31,347,578.03 төгрөгийн нөхөн татвар, 9,404,327.41 төгрөгийн торгууль, 6,269,551.59 төгрөгийн алданги, нийт 47,021,637.03 төгрөгийн төлбөрөөс 27,277,703.08 төгрөгийн нөхөн татвар, 8,183,310.92 төгрөгийн торгууль, 5,455,540.60 төгрөгийн алданги, нийт 40,916,554.60 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

2. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

 3. Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.М******, Т.Э****** нар нь Нийслэлийн татварын газартай харьцдаг гадаадын хөрөнгө оруулалттай “Э” ХХК-ийн  2016 оны 01 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалтыг хийж, татварын улсын байцаагчийн 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн НА-22210000030 дугаар нөхөн ногдуулалтын актаар 2017 онд 35,859,840.2 төгрөгийн, 2018 онд 1,715,743.00 төгрөгийн, 2019 онд 3,124,966.28 төгрөгийн, нийт 40,700,549.48 төгрөгийн чөлөөлөгдөх борлуулалтад  ногдох нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд хасч тооцоогүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.6.3, 14.9 дэх заалт, Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 333 дугаар тушаалаар баталсан “Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журам”-ын 2.2, 2.2.3-т заасныг, мөн өмнөх онуудад импортоор оруулж ирсэн 272,777,030.80 төгрөгийн сэлбэг, бараа материалыг 2018 онд буцаалт хийхдээ нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд худалдан авалтын буцаалт хийж, буцаалттай холбогдон гарах нэмэгдсэн өртгийн албан татварын хасалтын бууралтыг хасч тооцоогүй зөрчил гаргасан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх заалт, Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 333 дугаар тушаалаар баталсан “Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журам”-ын 2.2-т заасныг тус тус зөрчсөнийг тэмдэглээд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.2, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх заалтыг тус тус үндэслэн 31,347,758.03 төгрөгийн нөхөн татвар, 9,404,327.41 төгрөгийн торгууль, 6,269,551.59 төгрөгийн алданги, нийт 47,021,637.03 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч нь дээрх татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байх бөгөөд Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2015 он/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.4 дэх заалт, Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 333 дугаар тушаалаар баталсан “Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журам”-ын 7.7 дахь заалтыг тус тус баримтлан татварын улсын байцаагчийн  2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн НА-22210000030 дугаар нөхөн ногдуулалтын актыг хэвээр баталж  шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгч нь татварын улсын байцаагчийн “Нөхөн ногдуулалтын акт”-аар тавигдсан төлбөрийн дүнгээс актын тэмдэглэх хэсгийн 2-т заасан буюу өмнөх онуудад импортоор оруулж ирсэн 272,777,030.80 төгрөгийн сэлбэг, бараа материалыг 2018 онд буцаалт хийхдээ нэмэгдсэн өртгийн албан татвараас худалдан авалтын буцаалт хийж, буцаалттай холбогдон гарах нэмэгдсэн өртгийн албан татварын хасалтын бууралтыг хасч тооцоогүй гэх 272,777,030.80 төгрөгийн зөрчилд ногдох 27,277,703.08 төгрөгийн нөхөн татвар, 8,183,310.92 төгрөгийн торгууль, 5,455,540.60 төгрөгийн алданги, нийт 40,916,554.60 төгрөгийг  төлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч маргажээ.

6. Нэхэмжлэгч нь дээрх маргаан бүхий татварын улсын байцаагчийн актын тэмдэглэх хэсгийн 2-т заасан төлбөрийг хүчингүй болгуулахаар маргаж байх ба нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ.

6.1. Татварын улсын байцаагч нар нь  нөхөн ногдуулалтын актаар нэхэмжлэгч хуулийн этгээдийг “өмнөх онуудад импортоор оруулж ирсэн 272,777,030.80 төгрөгийн сэлбэг, бараа, материалыг 2018 онд буцаалт хийхдээ нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд худалдан авалтын буцаалт хийж, буцаалттай холбогдон гарах нэмэгдсэн өртгийн татварын хасалтын бууралтыг хасч тооцоогүй” гэх зөрчил гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй. Буцаалт гэдэг нь  өгсөн газар нь  тухайн барааг  буцаан авахыг хэлнэ. Сингапур улсаас орж ирээд Сингапур улс руу буцаад гарчихсан  учраас буцаалт гэж тайлбарлаж байна. Үүнийг буцаалт гэж үзэхгүй.

6.2. Татварын маргаан таслах зөвлөл тухайн орлого нь орж ирээгүй байна гэж дүгнэсэн. Хасалт хийсэн өглөг, авлагын тооцоо тухайн үед нотлох баримтаар авагдаагүй байсан. Үүнтэй холбоотой баримтыг шүүхэд өгсөн.

6.3. Сингапур Улсын “ANN TAI PTE” LTD нь төлбөрийг төлж, Сингапур улсын “SLS BEARINGS(S) PTE” LTD нь Монгол Улсаас авах авлагаасаа суутгасан процесс юм. Буцаалт гэж үзэх эсэхээс хамаарч нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөрт тооцогдох юм.

6.4. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварт экспорт гэж бүртгэснийг алдаагүй гэж үзсэн. Хоёр татвар авах гээд байна. Экспорт гэж бүртгэсэн бол аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг тайлагнаж төлөөд нэмэгдсэн өртгийн албан татвар тэг байх ёстой. Гэтэл аж ахуйн нэгжийн орлогын албан татвар орлогоор бүртгэснийг зөв гэж үзчихээд зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар дээр буцаалт гэж үзэж, татвар тооцох гэж байна. Хэрэв буцаалт гэж үзэж байгаа бол Аж ахуйн нэгжийн орлого дээр мөн залруулга хийх ёстой ... гэж тодорхойлон маргажээ.

7. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д “Албан татвар суутган төлөгч нь үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний зарим хэсгийг албан татвар ногдох, үлдсэн хэсгийг албан татвараас чөлөөлөгдөх орлого олоход, эсхүл албан татвар ногдох орлого олоход хамааралгүй үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулсан тохиолдолд зөвхөн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд ногдох албан татварыг хасч тооцно” гэж, Монгол Улсын Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 333 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журам”-ын 2.2-т “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.9-д заасан хасалтыг дараах байдлаар тооцно”, 2.2.1-д “үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэн явуулахад зориулан худалдан авсан үндсэн ба туслах материал, түүхий эд, шатахуун, тослох материал болон дулааны эрчим, шуудан холбооны үйлчилгээ, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр зэргийг зориулалтын дагуу зарцуулж, тухайн үйлдвэрлэл, үйлчилгээний өртөгт шингээсэн анхан шатны баримт болон нягтлан бодох бүртгэлийн дансны бичилтийг үндэслэн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд зарцуулсан хэсэгт ногдох албан татварыг хасах”, 7.7-д “Борлуулалтын буцаалт, хөнгөлөлт, үнийн бууралттай холбогдон гарах албан татварын бууралтыг “НӨАТ-ын тооцоо“ дансны ДТ-д, худалдан авалтын буцаалт, хөнгөлөлт, үнийн бууралттай холбогдох НӨАТ-ын хасалтын бууралтыг “НӨАТ-ын тооцоо” дансны Кт-д тус тус бүртгэнэ” гэж тус тус журамлан заажээ.

8. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь 2011 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сингапур улсын “SLS BEARINGS (S) PTE” LTD-иас 158,055.87 долларын үнэ бүхий  532 ширхэг бараа, материал, сэлбэг хэрэгслийг импортоор оруулж ирсэн, улмаар 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 277,111,199.56 төгрөгийн 372 ширхэг бараа, материал, сэлбэг хэрэгслийг экспортод гаргаж, уг бараа, материал, сэлбэг, хэрэгслийг Сингапур Улсын “ANN TAI PTE” LTD нь 272,777,030.80 төгрөгөөр борлуулсан болох нь хэрэгт авагдсан  2011 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн болон 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг,  2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн нэхэмжлэх, бараа хүлээлгэн өгсөн баримтууд, бууруулах журнал, өглөг, авлагын насжилтын дэлгэрэнгүй бүртгэл,  Сингапур Улсын “ANN TAI PTE” LTD-ийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн худалдан авалтын захиалгын хуудас, Сингапур улсын “SLS BEARINGS (S) PTE” LTD-ийн 018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн тайлан баримт зэрэг нотлох баримтуудаар  тогтоогдож байна.

9. Нэхэмжлэгч нь 2018 онд дээрх бараа материал сэлбэг хэрэгслийг экспортод гаргаж, Сингапур Улсын “ANN TAI PTE” LTD-д худалдан борлуулсан, бараа материалын үнэ  272,777,030.80 төгрөгийг “ANN TAI PTE” LTD нь Сингапур улсын “SLS BEARINGS (S) PTE” LTD-д төлсөн нь нэхэмжлэх, нягтлан бодох бүртгэлийн журнал, авлага, өглөгийн бүртгэл зэрэг нотлох баримтаас тогтоогдож байх тул дээрх бараа, материал, сэлбэг хэрэгслийг  худалдан авалтын буцаалт гэж үзхээргүй байна.

10. Нэхэмжлэгч нь 2018 оны 05 дугаар сарын Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд дээрх бараа, материалын үнэ 272,777,030.80 төгрөгийг нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох экспортод гаргасан барааны  борлуулалтын орлого гэж тайлагнажээ.

11. Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар татварын алба нь татвар төлөгч татварын тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд тушааж, татвараа үнэн зөв ногдуулж, төлж байгаа эсэхэд хяналт тавих, 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар татвар төлөгч нь татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг хянан шалгах ёстой. Өөрөөр хэлбэл татварын улсын байцаагч нар нь хяналт шалгалтыг явуулахдаа татвар төлөхтэй холбоотой холбогдох бүхий л тайлан, мэдээ, баримт бичгийг бүрэн цуглуулж, шалгалтыг иж бүрнээр явуулах  учиртай.

12. Шүүх хуралдааны явцад хариуцагч нь татвар төлөгч нь хяналт шалгалтын явцад нэхэмжлэгч нь анхан шатны зарим баримтыг гаргаж өгөөгүй гэж тайлбарлаж байх бөгөөд энэхүү тайлбар нь хариуцагчийг зөвтгөх үндэслэл болохгүй. Тодруулбал хариуцагч нь Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/264 дүгээр тушаалаар батлагдсан “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын 4.2.6-д зааснаар татвар төлөгчийн хувийн хэрэг, тайлан тодруулга, мэдээлэл, судалгаа, үйл ажиллагааны талаарх холбогдох мэдээллийг дотоод гадаад эх үүсвэрээс цуглуулж, судалгаа, шинжилгээ хийх үүрэгтэй гэж үзнэ.

13. Дээрх хэргийн нөхцөл байдлуудаас үзэхэд хариуцагч татварын байцаагч нар татварын хяналт шалгалтыг бүрэн гүйцэд хийгээгүй байхын зэрэгцээ 2011 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сингапур улсын “SLS BEARINGS (S) PTE” LTD-аас импортоор оруулж ирсэн сэлбэг хэрэгсэл, бараа, материал сери, дугаар, нэр төрлөөрөө 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр экспортод гарч борлуулагдсан  эсэх, захиалгын хуудсыг борлуулалт хийгдсэн баримт гэж үзэх, дээрх компаниуд өглөг, авлагын тооцоог бүрэн гүйцэд нийлсэн эсэх, төлбөрийг авлагаас бүрэн гүйцэд  суутган тооцсон эсэх, төлбөр бүрэн төлөгдсөн эсэх зэргээр хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсгийг зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 41 дүгээр зүйлийн 41.1,  42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтад заасныг тус тус баримтлан Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн НА-22210000030 дугаар нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан 27,277,703,08 төгрөгийн нөхөн татвар, 8,183,310,92 төгрөгийн торгууль, 5,455,540,60 төгрөгийн алданги, нийт 40,916,554,60 төгрөгийн төлбөрийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй. 

2. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн энэ хугацаа тоологдохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон дээрх хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн НА-22210000030 дугаар нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан  27,277,703,08 төгрөгийн нөхөн татвар, 8,183,310,92 төгрөгийн торгууль, 5,455,540,60 төгрөгийн алданги, нийт 40,916,554,60 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар

зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ц.БАТСҮРЭН