| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Александрын Сарангэрэл |
| Хэргийн индекс | 128/2024/0219/3 |
| Дугаар | 221/МА2026/0633 |
| Огноо | 2026-09-09 |
| Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2026/0633
“Дбе” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Б.Тунгалагсайхан
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: “Дбе” ХХК
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн дарга Б.Ох, тус тасгийн татварын улсын байцаагч Ц.Эх, Б.Аб
Нэхэмжлэлийн шаардлага: “Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн дарга Б.Ох, тус тасгийн татварын улсын байцаагч Ц.Эх, Б.Аб нарын 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн НА-34230****** дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 418 дугаар шийдвэр,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нд, Ц.Эх, Б.Аб.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Чулуунцэцэг
Хэргийн индекс: 128/2024/0219/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 418 дугаар шийдвэрээр:
“Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, 74.1.1, 25 дугаар зүйлийн 25.1, 25.2, 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.4, 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.5, 13.7, 14 дүгээр зүйлийн 14.3 -д заасныг тус тус баримтлан “Дбе” ХХК-иас Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн дарга Б.Ох, тус тасгийн татварын улсын байцаагч Ц.Эх, Б.Аб нарт холбогдуулан гаргасан “Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн дарга Б.Ох, тус тасгийн татварын улсын байцаагч Ц.Эх, Б.Аб нарын 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн НА-34230****** дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2.Давж заалдах гомдлын агуулга:
2.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:
"Дбе" компанийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн дарга Б.Ох, тус тасгийн татварын улсын байцаагч Ц.Эх, Б.Аб нарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч, энэхүү гомдлыг гаргаж байна.
Нэг. Маргаан бүхий 2021 онд 739,233,244.29 төгрөгийн борлуулалтын орлогын албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгалгүй, татвар ногдох орлогод тооцоогүй зөрчлийн тухайд:
Шүүхийн шийдвэрийн 6.3 дугаартай хэсэгт "нэхэмжлэгчээс "... борлуулалтын орлогод ногдох албан татварыг тооцохдоо хасагдах зардлыг тооцоогүй, хасах ёстой... гэж маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй, хариуцагчаас борлуулалтын орлогоо бууруулж тайлагнасан зөрчилд татвар ногдуулсан, нэхэмжлэгчээс тайлагнасан татвар ногдох орлогоос хасагдах зардлын үндэслэлтэй хэсгийг хасагдах зардлаар хүлээн зөвшөөрсөн байна" гэж дүгнэжээ. Гэтэл энэхүү дүгнэлт нь нэхэмжлэгчийн гаргасан маргааны агуулгыг бүрэн ойлгоогүй, улмаар түүнд эрх зүйн зөв дүгнэлт өгөөгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс борлуулалтын орлогыг бууруулж тайлагнасан гэх зөрчилд татвар ногдуулахдаа татвар ногдох орлогыг зөв тодорхойлохын тулд тухайн орлогыг олохтой шууд холбоотой, хуульд заасан шаардлага хангасан хасагдах зардлыг бүрэн тооцох ёстой гэсэн үндэслэлээр маргасан болно. Өөрөөр хэлбэл, маргааны гол агуулга нь хасагдах зардлыг тооцохгүйгээр татвар ногдох орлогыг тодорхойлсон нь үндэслэлгүй гэсэн асуудал байсан бөгөөд энэ нь татвар ногдох орлогыг зөв тодорхойлохтой салшгүй холбоотой маргаан юм. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн энэхүү үндэслэлийг бодитоор нь авч хэлэлцэлгүйгээр зөвхөн “хариуцагчаас үндэслэлтэй хэсгийг хасагдах зардлаар зөвшөөрсөн" гэсэн ерөнхий дүгнэлтээр хязгаарлаж, нэхэмжлэгчийн маргаж буй зардлууд яагаад хасагдах зардалд тооцогдох боломжгүй гэж үзсэн талаар эрх зүйн болон нотлох баримтын үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.
Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан үндэслэлийн бодит агуулгыг бүрэн хэлэлцэж, түүнд хууль зүйн үнэлгээ өгөөгүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.
Хоёр. Маргаан бүхий актын 2021 онд 645,949,438.20 төгрөгийн төлбөрийн баримтаар нотлогдоогүй зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдох орлогоос хасаж, татвар ногдох орлогоо бууруулсан гэх зөрчлийн тухайд:
Шүүхийн шийдвэрийн 7.4 дугаартай хэсэгт "Хэдий дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт өгөх үүрэг нь нэхэмжлэгчийн үүрэг биш боловч, хасагдах зардалд тооцох зардал нь дахин давташгүй дугаар бүхий төлбөрийн баримтаар нотлогдсон тохиолдолд хасагдах зардалд тооцохоор хуульд тусгайлан заасан" гэж дүгнэжээ. Энэхүү дүгнэлт нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг хэт явцуу, формаль байдлаар тайлбарласан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны акт зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй байна.
Анхан шатны шүүхээс Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13.1-д заасан шаардлагуудыг бүгдийг нь нэгэн зэрэг хангаагүй бол аливаа зардлыг татвар ногдох орлогоос хасах боломжгүй гэсэн агуулгаар хууль хэрэглэсэн байна. Гэвч татварын хяналт шалгалтын болон шүүхийн ажиллагааны зорилго нь зөвхөн төлбөрийн баримтын хэлбэрийг шалгах бус, тухайн зардал бодитоор гарсан эсэх, тухайн аж ахуйн нэгжийн орлого олох үйл ажиллагаатай шууд холбоотой эсэхийг нотлох баримтын хүрээнд бүхэлд нь үнэлж тогтоох явдал юм. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчийн гаргасан зардал нь бодитой, тухайн орлогыг бий болгохтой холбоотой болох нь банкны шилжүүлэг, гэрээ, худалдан авалтын бүртгэл болон бусад нотлох баримтаар тогтоогдож байхад зөвхөн дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт байхгүй гэсэн нэг үндэслэлээр тухайн зардлыг бүхэлд нь татвар ногдох орлогоос хасахаас татгалзах нь татварын хууль тогтоомжийн зорилго болон бодит нөхцөл байдлыг тогтоох зарчимд нийцэхгүй юм.
Түүнчлэн нэхэмжлэгчтэй ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг бусад аж ахуйн нэгжүүдэд мөн адил нөхцөл байдал үүсэж, татварын байгууллагаас нөхөн татвар ногдуулсан актуудыг шүүхээр хянан шийдвэрлэсэн ижил төрлийн маргааны практик байдаг. Тухайлбал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2024/0387 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2024/0605 дугаар магадлалаар "У" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Уг хэрэгт нэхэмжлэгч нь үйл ажиллагааныхаа онцлогоос шалтгаалан түүхий эдийг малчид болон мал бүхий иргэдээс худалдан авдаг бөгөөд эдгээр иргэд төлбөрийн баримт (и-баримт) олгодоггүй бодит нөхцөл байдлыг татварын байгууллага үнэлэлгүйгээр зөвхөн төлбөрийн баримтгүй гэсэн үндэслэлээр татвар ногдох орлогыг нэмэгдүүлж, нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан нь хууль бус гэж маргасан байдаг. Анхан шатны шүүх энэхүү маргааныг хянан шийдвэрлэхдээ татварын улсын байцаагч нь татвар төлөгчийн бодит үйл ажиллагаа, гарсан зардлын шинж чанар, тухайн зардал орлого олохтой холбоотой эсэхийг нотлох баримтын хүрээнд бүрэн тогтоож дүгнэх үүрэгтэй бөгөөд зөвхөн төлбөрийн баримт байхгүй гэсэн формаль үндэслэлээр тухайн зардлыг бүхэлд нь үгүйсгэж татвар ногдуулах нь хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн байна.
Түүнчлэн Монгол Улсын Дээд шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 54 дүгээр тогтоолын 16 дахь хэсэгт аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдох орлогоос зардлыг хасаж тооцох асуудлыг тайлбарлахдаа зарим төрлийн зардлын хувьд хуульд заасан бүх шаардлагыг нэгэн зэрэг хангах боломжгүй нөхцөл үүсч болохыг хүлээн зөвшөөрч, ийм тохиолдолд тухайн зардал орлого олохтой шууд холбоотой эсэхийг бодит баримтад үндэслэн шалгаж тогтоох шаардлагатай талаар тодорхой дүгнэсэн. Тодруулбал, уг тогтоолын 16 дахь хэсэгт “Иймд, юуны түрүүнд нэхэмжлэгчээс гаргаж өгсөн маргаан бүхий зардлын баримтууд нь тус компанийн дээрх орлогыг олохтой холбогдож гарсан зардал мөн эсэхийг шалгаж тогтоох нь зүйтэй." гэж тайлбарласан байна.
Нэхэмжлэгчийн зүгээс дээрх ижил төрлийн шүүхийн практик болон Улсын дээд шүүхийн тайлбарыг анхан шатны шүүхэд тайлбарлан, холбогдох шүүхийн шийдвэрүүдийг иш татан үндэслэлээ гаргасан боловч анхан шатны шүүх эдгээр тайлбар, эрх зүйн үндэслэлд огт дүгнэлт өгөлгүй орхигдуулсан байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүх нь талуудын гаргасан бүх тайлбар, нотлох баримтыг бүрэн, бодитойгоор үнэлж, тэдгээрийг хүлээн зөвшөөрсөн эсхүл няцаасан үндэслэлээ шийдвэртээ тусгах үүрэгтэй. Гэтэл энэхүү хэрэгт шүүхээс нэхэмжлэгчийн үндэслэл болгож гаргасан ижил төрлийн шүүхийн практик, Улсын дээд шүүхийн тайлбар болон холбогдох эрх зүйн үндэслэлүүдийг огт үнэлээгүй, тэдгээрийг яагаад хэрэглэхгүй байгаа талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болно.
Шүүхийн шийдвэрийн 7.5 дугаартай хэсэгт "..."Дбе" ХХК-иас 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх дансны хуулга, зарлагын баримтуудыг гаргаж өгч малчид баримт өгөх боломжгүй байдаг тул өгдөггүй, нэгэнтээ түүхий эдийг малчдаас л худалдаж авдаг нь тодорхой гэж тайлбарлан маргах боловч нотлох баримтаар ирүүлсэн банкны хуулгаар гүйлгээний утга нь өөр өөр, иргэн болох аж ахуй нэгж рүү удаа дараа шилжүүлэг хийсэн байгаа нь зөвхөн малчдаас шууд худалдан авалт хийдэггүй бөгөөд тогтмол худалдаа эрхэлдэг иргэд болон хуулийн этгээдээс авдаг болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн малчин болон мал бүхий иргэд төлбөрийн баримт өгөх боломжгүй тухай тайлбарлан маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй юм..." гэж дүгнэжээ. Энэхүү дүгнэлт нь хэрэгт авагдсан нотлох баримтыг таамаглалд үндэслэн үнэлсэн бөгөөд тэдгээрийн бодит агуулгатай нийцээгүй байна.
Нэхэмжлэгч компани нь үйл ажиллагааныхаа онцлогоос шалтгаалан түүхий эдийг малчид, мал бүхий иргэд болон түүхий эд бэлтгэн нийлүүлэгч иргэдээс худалдан авдаг бөгөөд зарим малчдаас улирлын чанартайгаар хэд хэдэн удаагийн худалдан авалт хийдэг. Ийм нөхцөл байдлыг банкны гүйлгээ олон удаа хийгдсэн гэх үндэслэлээр тухайн этгээдийг тогтмол худалдаа эрхлэгч гэж шууд дүгнэж, улмаар малчид төлбөрийн баримт олгох боломжгүй гэсэн тайлбарыг бүхэлд нь няцаасан нь нотлох баримтад тулгуурласан дүгнэлт биш юм. Хариуцагч болон шүүхээс тухайн мөнгөн шилжүүлэг хүлээн авсан иргэдийг бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг, эсхүл хуулийн этгээдийн нэрийн өмнөөс худалдаа эрхэлдэг болохыг тогтоосон ямар нэгэн нотлох баримтыг хэрэгт цуглуулаагүй атлаа зөвхөн гүйлгээний давтамжид үндэслэн ийм дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, бүрэн гүйцэд үнэлэх зарчмыг зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, зөвхөн таамаглалд тулгуурласан бөгөөд нотлох баримтыг бүрэн, бодитой үнэлэх зарчмыг зөрчсөн гэж үзэхээр байна.
Гурав. Анхан шатны шүүх хууль хэрэглээний асуудал дээр үндэслэлгүйгээр шинжээч томилж, нэхэмжлэгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал үүсгэсэн тухайд:
Нэхэмжлэгчийн зүгээс Сангийн сайдын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн тушаалаар батлагдсан алдангийн хэмжээг тогтоосон хэм хэмжээний акт нь улсын бүртгэлийн нэгдсэн санд 2022 оны 02, 03 дугаар сард бүртгэгдсэн бөгөөд Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны хэм хэмжээний акт нь улсын бүртгэлийн нэгдсэн санд бүртгэгдсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилдэг. Иймд уг актыг бүртгэлд орсон өдрөөс өмнөх хугацаанд хэрэглэж, алданги тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй талаар маргасан болно. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Сангийн сайдын тушаал хэзээ батлагдсан, улсын бүртгэлийн нэгдсэн санд хэзээ бүртгэгдсэн зэрэг бодит үйл баримтын талаар маргаан байгаагүй бөгөөд зөвхөн тухайн хэм хэмжээний акт ямар өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж, тухайн харилцаанд хэрэглэх эсэхтэй холбоотой хууль хэрэглээний асуудлаар маргасан юм. Гэтэл анхан шатны шүүх дээрх асуудлаар шинжээч томилж, шинжээчийн зардлыг нэхэмжлэгчээр төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахаар шинжээч томилдог. Энэхүү маргааны хувьд Сангийн сайдын тушаалын улсын бүртгэлд бүртгэгдсэн огноо болон Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зохицуулалт, тухайн хэм хэмжээний актыг ямар хугацаанаас эхлэн хэрэглэх талаар шүүх өөрөө эрх зүйн дүгнэлт хийх бүрэн боломжтой байсан. Иймд хууль хэрэглээний асуудлыг шинжээчээр тогтоолгохоор шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилгод нийцээгүй бөгөөд шаардлагагүй ажиллагаа явуулсны улмаас нэхэмжлэгчид нэмэлт зардал үүсгээд байна. Иймд анхан шатны шүүхийн дээрх ажиллагаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмнэлт, үр нөлөөний зарчимд нийцээгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үндэслэлгүйгээр хөндсөн гэж үзэхээр байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
1.Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн тухайд:
1.1.Нэхэмжлэгч “Дбе” ХХК-иас Налайх дүүргийн Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн дарга Б.Ох, тус тасгийн татварын улсын байцаагч Ц.Эх, Б.Аб нарт холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн дарга Б.Ох, тус тасгийн татварын улсын байцаагч Ц.Эх, Б.Аб нарын 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн НА-34230****** дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
1.2.Маргаан бүхий актаар нэхэмжлэгчийг 2021 онд 739,233,224.29 төгрөгийн борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй, 645,949,438.20 төгрөгийн төлбөрийн баримтаар нотлогдоогүй зардлыг татвар ногдох орлогоос хасаж татвар ногдох орлогоо бууруулсан, мөн цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос суутгасан 2,303,800 төгрөгийн татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй гэж үзэж нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан байна.
1.3.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “...Татварын байцаагч нар борлуулалтын орлогод ногдох албан татварыг тооцоолохдоо орлогыг олохтой холбоотой гарсан зардлыг хасаж тооцоогүй, түүнчлэн түүхий эд худалдан авахад малчид төлбөрийн и-баримт хэвлэж өгөөгүй нь биднээс шалтгаалах буруутай үйл ажиллагаа биш, торгууль, алдангийг үндэслэлгүй ногдуулсан, анхан шатны шүүх шаардлагагүй асуудлаар шинжээч томилж нэхэмжлэгчид зардал үүсгэсэн.” гэж тус тус маргажээ.
2.Борлуулалтын орлогод 739,233,224.29 төгрөгийн татвар ногдуулахдаа түүнийг олохтой холбоотой бодит зардлыг бүрэн хасаж тооцоогүй гэх гомдлын тухайд:
2.1.Нэхэмжлэгчээс 739,233,224.29 төгрөгийн борлуулалтын орлогыг борлуулалтын орлого бодитоор үүсээгүй гэж маргаагүй, харин уг орлогыг тодорхойлохдоо түүнтэй холбоотой хасагдах зардлыг бүрэн тооцох ёстой байсан гэж маргаж байна.
2.2.Хэрэгт авагдсан Гаалийн ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01-1.2/4448 дугаар албан бичгээр[1] ирүүлсэн мэдээллээр нэхэмжлэгч компани 2021 онд нийт 2,040,946,577.29 төгрөгийн борлуулалтын орлого олсон боловч аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 1,301,713,353 төгрөгийн орлого олсон гэж тайлагнасан, зөрүү 739,233,224.29 төгрөгийн борлуулалтын орлогыг тайланд тусгаагүй, татвар ногдох орлогод тооцоогүй зөрчил гаргасан үзсэн маргаан бүхий акт үндэслэлтэй байна.
2.3.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Энэ хуулийн 5.3-т заасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон, түүнчлэн гадаад улсаас олсон орлогод албан татвар ногдоно”., 7.4-д “Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно:” 7.4.1-д “үйл ажиллагааны орлого;”, 8.1-д “Үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно:” 8.1.1-д “бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого;”, 13.1-т “Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно:”, 13.1.1-т “тухайн татварын тайлант хугацаанд хамаарсан байх;”, 13.1.2-т “албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан байх;”, 13.1.3-т “зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх”, 13.1.4-т “доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх” гэж тус тус заасан.
2.4.Тодруулбал, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.4.1, 8 дугаар зүйлийн 8.1.1-д бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлогыг албан татвар ногдох үйл ажиллагааны орлогод хамааруулсан бол мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д хуульд заасан нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг татвар ногдох орлогоос хасаж тооцохоор зохицуулжээ.
2.5.Эдгээр хуулийн зохицуулалтыг системчилсэн байдлаар авч үзвэл, борлуулалтын орлого олсон эсэх болон тухайн орлогоос тодорхой зардлыг хасах эсэх нь өөр өөр урьдчилсан нөхцөлтэй татварын эрх зүйн асуудал байна. Борлуулалтын орлого бодитоор олсон бол түүнийг тайлагнах үүрэг үүсэх бөгөөд харин уг орлогоос зардал хасахын тулд тухайн зардал нь хуулийн 13 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байх шаардлагатай.
2.6.Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч 1,135,931,060.27 төгрөгийн хасагдах зардал тайлагнаснаас татварын байгууллага хуульд заасан шаардлага хангасан 489,981,622.07 төгрөгийн зардлыг хүлээн зөвшөөрч, харин шаардлага хангаагүй гэж үзсэн 645,949,438.20 төгрөгийн зардлыг хасагдах зардалд тооцоогүй.
2.7.Иймд татварын байгууллага нэхэмжлэгчийн зардлыг бүхэлд нь үл тооцсон бус, харин тайлагнасан зардлыг хуульд заасан шаардлага хангасан эсэхээр нь ялган үнэлсэн байх тул “борлуулалтын орлогод татвар ногдуулахдаа хасагдах зардлыг тооцоогүй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй бөгөөд энэ талаар гаргасан анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
3.Баримтаар нотлогдоогүй 645,949,438.20 төгрөгийн зардлыг татвар ногдох орлогоос хасахтай холбоотой гомдлын тухайд:
3.1.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч компани нь 2021 онд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар татвар ногдох орлогоос хасагдах зардал 1,135,931,060.27 төгрөг гэж тайлагнасан боловч татварын хяналт шалгалтаар 489,981,622.07 төгрөгийн зардал төлбөрийн баримтаар нотлогдож, зөрүү 646,949,438.20 төгрөгийн төлбөрийн баримтаар нотлогдоогүй зардлыг хасагдах зардалд тусгасан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэн нөхөн ногдуулалтын акт тогтоосон нь үндэслэлтэй байна.
3.2.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно:”, 13.1.3-т “зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх”, 13.1.4-т “доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх”, 13.1.4.а-д “энэ хуулийн 5.5.2-т зааснаас бусад албан татвар төлөгчийн үзүүлсэн ажил, үйлчилгээний зардал;” 16.1-т “Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасахгүй”, 16.1.1-т “энэ хуулийн 13.1, 13.2-т заасан нөхцөл, хязгаарыг хангаагүй зардал” гэж тус тус заасан.
3.3.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13.1-д хасагдах зардалд тавигдах хэд хэдэн нөхцөлийг нэгэн зэрэг хангахаар тогтоосон. Тухайлбал, зардал тухайн тайлант хугацаанд хамаарсан, албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдсон, бодитоор гарсан бөгөөд нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, холбогдох бүртгэлээр баталгаажсан, хуульд заасан тохиолдолд дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтаар баталгаажсан байх шаардлагыг хуульд заажээ.
3.4.Мөн хуулийн 16.1.1-д дээрх нөхцөл, хязгаарыг хангаагүй зардлыг татвар ногдох орлогоос хасахгүй байхаар зохицуулжээ.
3.5.Эдгээр зохицуулалтын агуулгаас үзвэл хасагдах зардалд агуулгын болон нотолгооны шаардлага зэрэг тавигдана. Өөрөөр хэлбэл, зардал бодитоор гарсан төдийгүй тухайн татвар ногдох орлогыг олох үйл ажиллагаатай шууд холбоотой болох нь хуульд шаардсан баримтаар тогтоогдсон байхаар байна.
3.6.Нэхэмжлэгчээс түүхий эдийг малчид болон мал бүхий иргэдээс худалдан авдаг, эдгээр этгээд төлбөрийн и-баримт өгдөггүй, төлбөрийн баримт өгөх үүрэг нь худалдан авагчид бус борлуулагчид хамаарах тул и-баримтгүй гэх шалтгаанаар бодит зардлыг бүхэлд нь үгүйсгэх ёсгүй гэж маргажээ.
3.7.Төлбөрийн баримт хэвлэж өгөх, цахимаар илгээх үүргийг Татварын ерөнхий хуулиар борлуулагчид ногдуулсан тул нэхэмжлэгчийн тайлбарын энэ хэсгийг үгүйсгэх үндэслэлгүй.
3.8.Гэвч борлуулагч төлбөрийн баримт олгох үүргээ биелүүлээгүй асуудал болон худалдан авагч тухайн төлбөрийг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын зорилгоор хасагдах зардалд тооцуулах нөхцөлийг хангасан эсэх нь адил эрх зүйн үр дагавартай гэж үзэх үндэслэлгүй юм.
3.9.Өөрөөр хэлбэл, худалдан авагч нь төлбөрийн баримт олгох үүрэгтэй этгээд биш боловч өөрийн татвар ногдох орлогыг бууруулан тодорхойлохдоо хасуулах гэж буй зардлаа хуульд заасан нөхцөл, баримтаар нотлох шаардлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй.
3.10.Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн гаргасан банкны дансны хуулга нь тодорхой иргэн, хуулийн этгээдэд мөнгөн хөрөнгө шилжүүлсэн үйл баримтыг нотолж болох боловч уг мөнгөн хөрөнгөөр ямар нэр төрлийн түүхий эдийг, хэнээс, ямар хэмжээ, тоо ширхгээр, ямар нэгж үнээр худалдан авсан, уг худалдан авалт нь маргаан бүхий борлуулалтын орлогыг олохтой шууд холбоотой байсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
3.11.Түүнчлэн банкны шилжүүлгүүд нь зөвхөн малчдад бус иргэн, аж ахуйн нэгжүүдэд хийгдсэн, гүйлгээний утга харилцан адилгүй байгаа нь нэхэмжлэгчийн “түүхий эдийг малчдаас авсан тул и-баримт авах боломжгүй байсан” гэх тайлбарыг маргаан бүхий зардлын нийт дүнд шууд хамааруулан үзэх үндэслэлгүй юм.
3.12.Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.1, 13.5, 13.7, 14.3-т анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайланг үнэн зөв гаргах үндэслэл болох бөгөөд анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглосон.
3.13.Гэтэл нэхэмжлэгчээс маргаан бүхий зардлын бараа, түүхий эдийн төрөл, тоо хэмжээ, нийлүүлэгч, худалдан авалтын үнэ болон уг худалдан авалт орлого олох үйл ажиллагаатай шууд холбоотойг тодорхойлох анхан шатны баримт, журнал, ажил гүйлгээний мэдээ зэрэг харилцан уялдаатай бүртгэлийн баримтаар нотлоогүй байна.
3.14.Иймд банкны данснаас мөнгө шилжсэн гэх үйл баримт тогтоогдсон боловч энэ нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13.1-д заасан бүхий л урьдчилсан нөхцөл бүрдсэнийг нотлох хангалттай үндэслэл гэж үзэхээргүй байна.
3.15.Тодруулбал, маргаан бүхий зардлыг хасагдах зардалд тооцоогүй үндэслэл нь зөвхөн и-баримт байхгүй нөхцөл байдалтай хамааралтай гэж үзэх нь хангалтгүй бөгөөд тухайн зардал ямар бараа, түүхий эдэд зарцуулагдсан, орлого олох үйл ажиллагаатай шууд холбоотой эсэх нь хуульд заасан шаардлагаар анхан шатны болон бусад баримтаар хангалттай тогтоогдсон байх тодорхой зохицуулжээ.
3.16.Иймээс анхан шатны шүүхийн “банкны хуулга нь тухайн орлогыг олохтой холбогдож гарсан зардал мөн эсэхийг тогтоох шууд үндэслэл болохгүй” гэх дүгнэлт үндэслэлтэй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.
4.Торгууль, алдангийг давхар ногдуулсан нь үндэслэлгүй гэх гомдлын тухайд:
4.1.Нэхэмжлэгч нөхөн татварт торгууль болон алдангийг давхар ногдуулсан, мөн алдангийн хэмжээг тогтоосон Сангийн сайдын тушаалыг буруу хэрэглэсэн гэж маргажээ.
4.2.Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр маргаан бүхий актаар илрүүлсэн зөрчил болон түүнд ногдуулсан нөхөн татвар, торгууль, алдангийн тооцоололд тооцооллын алдаа байхгүй гэж дүгнэсэн бөгөөд уг дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл, нотлох баримтыг нэхэмжлэгчээс гаргаж өгөөгүй байна.
4.3.Мөн Сангийн сайдын холбогдох тушаалуудаар 2022, 2023 оны татварын жилд мөрдөх алдангийн хэмжээг тухайлан тогтоосон байх тул татварын улсын байцаагч нар тухайн хэмжээг баримтлан алданги тооцсоныг буруутгах үндэслэлгүй юм.
4.4.Иймд торгууль, алдангийг давхар ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.
5.Шинжээч томилсон болон шинжээчийн зардалтай холбоотой гаргасан гомдлын тухайд:
5.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтийг үндэслэн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 1704 дүгээр захирамжаар шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн бөгөөд уг захирамжийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 332 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн байна.
5.2.Шинжээчийн дүгнэлтээр маргаан бүхий актын татвар, торгууль, алдангийн тооцооллыг шалгаж, тооцооллын алдаа байгаа эсэх талаар тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргасан байх тул шинжээч бүхэлдээ хууль хэрэглээний асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй.
5.3.Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.3.1, 45.1.2, 47.1-д шинжээчийн ажлын хөлсийг нөхөн төлүүлэх шүүхийн зардалд хамааруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд уг зардлыг нэхэмжлэгчээр нөхөн төлүүлэхээр зохицуулсан.
5.4.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан шинжээчийн зардлыг нэхэмжлэгчээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг гомдолд заасан үндэслэлээр өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.
Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл болон хариуцагчийн татгалзалд хамаарах үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоож, маргаантай холбоотой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 418 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
[1] Хэргийн 2-р хавтас 72-73 дахь тал