Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 202/МА2018/00028

 

 

2018            08              22                                           202/МА2018/00028

 

Г.Цын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

  Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 137/ШШ2018/00185 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 18 дугаар хорооны ... дугаар байрны .....тоотод оршин суух, Манюнгин овогт Г-ын Ц /РД:ЕО56020379/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, ... дугаар  байрны ... тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Арандал овогт А-ийн А /РД:ЕЮ82082702/-д холбогдох

Тээврийн зардал 946400 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, сул зогсолтын төлбөр 760000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Хариуцагч А.Агийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2018 оны 04 дүгээр сарын 10-нд БНХАУ-аас Замын-Үүд сум руу, рулантай төмөр ачуулсан болно. Уг төлбөрийг гааль, тээврийн хамт 3500 юань өгсөн билээ. Гааль дээр гаргаж чадахгүй боллоо гэхээр өөрөө ирж 4 сарын 14-нд гаалийн мөнгөө төлж авсан билээ. Тээврийн хөлсөө аваад үлдэгдэл мөнгийг өг гэхээр өгөхгүй байна. Би сул зогсоолтод авна гэнэ, тэр өөрөө зогссон учир бид нарт тэр зогсолт хамаагүй. Тээврийн хөлсөнд 1000 юанийг суутгаад үлдэгдэл 946400 төгрөгийг буцааж авч өгнө үү гэжээ.

              Хариуцагч А.А шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2018.04.09-ний өдөр БНХАУ-аас Ц гэх хүний 4 тонн 800 грамм жинтэй рулантай төмөр болох ачааг ачиж тээвэрлэсэн. Ачааны хүндийн улмаас машины дугуй хагарч, машин эвдэрсэн болохоор 10-нд хил рүү явсан. Би машинаа янзлахын тулд Эрээн хотод 3 удаа өргөдөг машинаар рулантай төмрийг өргөж тавиулж өргөлт тутамд 200 юань буюу 75600 төгрөгөөр буюу нийт 226800 төгрөг, дугуй хагарсны улмаас хятадын дугуй засвараас хоногийн 20000 төгрөгөөр дугуй түрээслэж тавиад хилрүү ирсэн. Уг рулантай төмөр ачаа нь Монгол улсын хууль дүрмэндээ бүрдүүлэлтэд орох ёстой байдаг. Миний буруугаас бүрдүүлэлтэд ороогүй. Монголын хил дээр ирээд бүрдүүлэлтэд ор гэж гаалийн байгууллага хэлсэн даруйд ачааны эзэнрүү хэлсэн. Гэтэл энэ хүмүүс 14-нд хотоос ирж бүрдүүлэлт хийсэн. Миний бие Эрээн Замын-Үүдийн хооронд хүн, ачаа тээвэрлэдэг. Хил гааль дээр бүтэн 4 хоног зогсолт хийнэ гэдэг миний орлого, ажлыг хааж байгаа. Ачаа ачихад 1 хоногийн 1000 юань /378000/ байдаг. Ачааны эзэн хил дээр машиныг минь удаан байлгах буюу зогсох зогсолт болгон 1 өдрийн 500 юань /189000/ төгрөг байдаг. Би 4 хоног зогссон зогсолтын мөнгө болох 756000 төгрөгийг ачааны эзэн Цаас авах хүсэлтэй байна. Ер нь бол би зогсолтын мөнгө болох 756000 төгрөгийг машины эвдрэл хэмхрэлээ тооцохгүй, та нар бүрдүүлэлтээ хийгээд ачааг нь би хүргэж өгье гэж эхнэр Наранцэцэгтэй тохирсон. Би сул зогсолтын мөнгийг хоног бүрээр нь тооцож мөнгө авах эрхтэй. Наранцэцэг  нь бүрдүүлэлтээ бид нар хийгээд сул зогсолтын мөнгийг өгнө гэж байсан. Гэтэл хил дээрээс ачаагаа авчихаад миний сул зогсолтыг тоохгүй орхиж, надаас мөнгө нэхэж байгаа нь намайг хохироож байна. Рулантай төмөр болох 4 тонн 800 гр жинтэй уг ачаатай гааль дээр 4 хоног зогссон нь миний машиныг эвдрэхэд хүргэсэн. Миний машины эвдрэл болох: дугуй авахад  1ш х220000 төгрөг, цайран обуд 1шх70000 төгрөг, прида диск 1шх50000 төгрөг, шал цөмөрсөн 250000 төгрөг, рамны гулзайлт 200000 төгрөг, рамны хойд хэсэг эвдрэлийг засах 100000 төгрөг, нийт 710000 төгрөгийн эвдрэл үүссэн. Мөн БНХАУ-аас түрээслэж авсан дугуйны түрээс 5 хоногийн 100000 төгрөг болсон, мөн өргөлтийн машины хөлс болох 226800 төгрөг гээд нийт надаас 1036800 төгрөг гарснаас гадна бензин гээд маш их зардал гарч Ц гэх хүний ө гсөн мөнгө дууссан тул эргүүлж өгөх боломжгүй. Миний сул зогсолтын 4 хоногийн 756000 төгрөгийг надад өгөх ёстой гэжээ.    

Хариуцагч А.А шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие Ц гэх ачааны эзэн бүрдүүлэлт хийхгүй хугацаа алдаж, хил дээр 4 хоног машиныг минь зогсоож миний орлого мөнгийг алдагдуулсан зогсолтын мөнгө болох 760000 төгрөгийг Ц гэх хүнээс авах хүсэлтэй байна. Ер нь бол хүнд ачаатай зогсвол зогсолтын мөнгө нь 1 хоногийн 800 юань буюу 304000 төгрөг байдаг. Би энэ хүнээс хамгийн багаар тооцож нэхэмжилж байгаа гэжээ.

Нэхэмжлэгч Г.Ц сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: А.А гэх эмэгтэйгээр рулантай төмөр Улаанбаатар хот руу шууд хүргэхээр тохирч ачуулсан нь үнэн. Анх ачихдаа шууд хүргэнэ гэж тохирч мөнгө авчихаад чадахгүй болохоор нь өөрсдөө очиж авсан, одоо болохоор машины сул зогсолт, эвдрэл гэж юм бичээд байна, тэр бидэнд хамаагүй, ярьж тохирсноороо хүргэж өгөх ёстой байсан учир тэр падаан баримтыг бид зөвшөөрөхгүй. Өөрөө хүний дургүй хүргэж настай хүнийг доромжилсон учир бид одоо тээврийн хөлсөө хасаад үлдэгдэл нэхэмжилсэн мөнгөө эргүүлж авна. Тэрний эвдэрхий машиныг би засаж сэлбэх ёстой биш. Надтай тохирч хүргэж чадах уу гэхэд чадна гэж л тохирсон, иймээс маргааныг шийдэж өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Монгол Улсын Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-т зааснаар хариуцагч А.Агаас 946400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Цд олгож,

Монгол Улсын Иргэний хуулийн 385 дугаар зүйлийн 385.1-д зааснаар хариуцагч А.Агийн нэхэмжлэгч Г.Цаас 760000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 27264 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Агаас 27264 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч А.Агийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 22790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, хариуцагч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдэж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж,

Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.  

Хариуцагч А.А давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Би энэ хүний ачааг 10 гаран жил зөөж байгаа. Рулантай төмрийг Эрээнээс ачихдаа Улаанбаатар хот хүртэл зөөвөрлөнө гэж тохирсон, хил гааль дээр орох мөнгийг нэхэмжилнэ гэж анхнаасаа тохиролцоогүй. Эдгээр хүмүүс одоо ярихдаа огт танихгүй хүнтэй, зээл дээр ирээд анх удаа уулзаад ачаа ачуулсан мэтээр яриаад байгаа. Энэ ачааг ачуулж байгаа Ц гэдэг хүн нь эхнэртэйгээ Эрээнээс өөр машинд суугаад явж байя, чи араас ачаатайгаа хүрээд ирээрэй, Монголын хил дээр хүлээж байя гэж тохиролцож Эрээнээс хөдөлсөн. Энэ хүмүүс түрүүлээд явчихсан. Би араас нь явж байгаад дугуй буудсаны улмаас яалт ч байхгүй Эрээн дээр хонохоор болсон. 4 тн 800 гр жинтэй ачаатай учраас дугуйг солих боломжгүй байсан учраас тэндээ хоноод маргааш өглөө нь Монголын хил дээр ирсэн. Рулантай төмрийг хилээр оруулахдаа тухайн компанийн захирал нь өөрөө оруулах дүрэмтэй. Жолооч оруулах ямар ч боломж байхгүй. Яагаад гэхээр тэр хүмүүс бичиг баримттайгаа ирж оруулах ёстой. Түүнээс биш хувь хүн дээр бүрдүүлэлтэнд орох боломж байхгүй. Тэгээд Ц руу яриад 6 машин рулантай төмөртэй байна, бүрдүүлэлтэнд орохоор боллоо, та хаана байна вэ гэсэн чинь Төв аймагт яаралтай ажил гараад би эхнэртэйгээ өчигдөр Улаанбаатар хот руу явсан. Тийм, тийм хүн дээр оч гээд утсаар хэлээд өгье, чи уулзаад яваад бай, оруулахыг бодъё гэсэн. Тэр хүмүүсийн хэлсэнээр Гаалийн байцаагч бүх л хүмүүсийг нь хайж явж сурагласаар байгаад эхний 2 хоног өнгөрсөн. 3 дахь өдөр дээрээ та нар өөрсдөө ирэхгүй бол болохгүй байна. Хүнд ачаатайн улмаас дугуйнууд маань хагарч байна гэсэн асуудлыг тавьсан чинь Төв аймагт ажилтай байгаа учраас очих боломжгүй байна, ажлаа дуусгаад очьё гэж хэлсэн. 4 хоногийн дараа эхнэр нь охинтойгоо ирсэн. 2 тонноос дээш ачааг өдрийн 1000 юаниар түрээсэлж явдаг. Энэ хүн тэрийгээ мэдэж байгаа учраас 1000 юань надаас суутгах гээд байна. Хилээр орж ирж байгаа эхний өдрийг хэлж байгаа. Үлдсэн хоногуудын мөнгийг өгөхөө тэр хүмүүс мэдэж байгаа. Мэдэж байсан учраас хил дээр эхнэр нь ирээд бүрдүүлэлтийнхээ мөнгийг тушаачихъя, хилээс гараад чиний сул зогсолтын мөнгийг өгье гэж охиныхоо хажууд хэлсэн. Тэгэхээр нь би та нар бүрдүүлэлтээ хийгээд миний машиныг суллаж өгөө, би та нараас зогсолтын мөнгө авахгүй гэж хэлсэн. Ачаа ачуулсан хүн ачаагаа нэг бол надаар Улаанбаатар хот руу ачуулна эсхүл машинд ачуулахаар тухайн хүнийхээ тохиролцсоноор болдог. Улаанбаатар хот руу ачиж өгье гэсэн боловч манай компанийн машин орж ирсэн учраас компанийхаа машинд ачуулъя, хашаан дээр буулгаад өгчих гээд надаар хүргүүлсэн. Хил дээрээс орж ирээд бид нар компаниасаа мөнгө авдаг учраас чи надад энэ ачааг ачсан нь үнэн гэсэн тодорхойлолт хийгээд өгөөч, бид нар бичиг баримтандаа хавсаргадаг гээд надаар тодорхойлолт бичүүлж авсан. Манайх Говийн жолоо гээд байгууллага байдаг. Би байгууллагаасаа тодорхойлолт авчирч хавсаргасан. Ямар нэгэн асуудал гарахад бид нарын өмнөөс Говийн жолоо байгууллага маань явдаг. 6 машин зогсоход нөгөө 5 машины 2 нь тэр өдөртөө гараад, 3 рулантай төмөртэй машины эзэд нь ирээгүй байхад нь бид нар тэргээ эвдлэхгүй гээд хил дээр төмрийг буулгаад явчихсан. Энэ төмөр хүнд учраас машины шалыг цөмлөөд цоолдог. Би одоо ч гэсэн өөрийнхөө машиныг янзлуулаагүй байгаа. Би энэ хүний ачааг 10 гаран жил ачсан учраас буулгаад яахав гээд буулгаагүй. Би өөрөө хувиараа байдаг учраас 4 хоног зогссон зогсолтынхоо мөнгийг авах эрхтэй гэдэг үүднээс шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй. Би хоногийн 1000 юаниар бодоогүй, хөнгөн ачааны мөнгөөр буюу 500 юаниар бодож байгаа. Би өөрөө болно гээд ачсан учраас машин эвдэрсэн мөнгөө нэхэмжлээгүй. 1 сая гаран төгрөгийн эвдрэл гарсан. Тэр хүмүүс өдөрт нь ирээд бүрдүүлэлтээ хийсэн бол би сул зогсолтын мөнгө нэхэмжлэхгүй байсан. Ц гэх хүн нь өөрөөсөө шалтгаалан Монгол Улсын хил дээр миний машиныг 4 хонуулж намайг сул зогсоож хохироосон тул энэ хүнд би 946400 төгрөгийг өгөх ёсгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн сул зогсоосон 4 хоногийн зогсолтын мөнгө болох 760000 төгрөгийг авах хүсэлтэй байна гэв.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч Г.Ц нь хариуцагч А.Ад холбогдуулан тээврийн хөлсөнд илүү төлсөн 946400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч А.А эс зөвшөөрч сул зогсолтонд тооцож мөнгийг суутгана гэж маргаж, улмаар нэхэмжлэгчээс сул зогсолтын хөлс гэж 760000 төгрөг нэхэхэмжилж сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

            Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, хариуцагч ачааг хүргэх ёстой газраа хүргээгүй тул  сул зогсолтын хөлс төлөхгүй гэж маргажээ.

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д заасныг хэрэглэж  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  Иргэний хуулийн 385 дугаар зүйлийн 385.1-д заасныг хэрэглэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч А.А эс зөвшөөрч “... гаалийн бүрдүүлэлтийг ачааны эзэн хийх ёстой учир сул зогсолтын мөнгө 760000 төгрөг авах хүсэлтэй...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

            Энэхүү давж заалдсан гомдлыг үндэслэн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар  хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий” байх шаардлагад нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Г.Ц, хариуцагч А.А нарын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотоос Монгол Улсын Улаанбаатар хот хүртэл ачаа тээвэрлэх гэрээ амаар байгуулагдсан, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх ба энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д заасан хүчин төгөлдөр гэрээ болох нь тогтоогджээ.

            Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д зааснаар тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч  нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй ба зохигчдын тайлбараас үзэхэд тэд ачааг БНХАУ-ын Эрээн хотоос Монгол Улсын Улаанбаатар хот хүртэл тээвэрлүүлж, хөлсөнд 3500 юань өгөхөөр тохиролцож, нэхэмжлэгч буюу тээвэрлүүлэгч хөлсөө төлсөн нь тогтоогджээ.

            Харин зохигчид Монгол Улсын хил дээр ачааг гаалийн бүрдүүлэлт хийх асуудлаас болж нэхэмжлэгч хариуцагчийн ачааг зохих газар хүргээгүй буюу тээвэрлэлтийн хөлсөнд гаалийн бүрдүүлэлт хийх зардлыг оруулж тооцсон байхад хийгээгүй ачааг саатуулсан гэж, хариуцагч нэхэмжлэгчийг ачааны гаалийн бүрдүүлэлтийг өөрөө хариуцаж хийх үүргээ биелүүлээгүйгээс ачаа саатаж сул зогсож хохирол учруулсан гэж тус тус маргаж, улмаар ачаанд гаалийн бүрдүүлэлт хийгээгүйгээс хил дээр ачаа 4 хоног саатсан, хариуцагч ачааг гэрээгээр тогтоосон газар буюу Улаанбаатар хот хүргээгүй, нэхэмжлэгч гаалийн бүрдүүлэлтийг хийж ачааг хилээр нэвтрүүлсэн буюу ачаагаа Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хүлээж авсан байна.

            Зохигчдын тайлбараар ачааг БНХАУ-ын Эрээн хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сум хүртэл тээвэрлүүлэх хөлс 1000 юань байдаг болох нь тогтоогдож байх ба нэхэмжлэгч ачаагаа Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хүлээж авсан тул нэхэмжлэгч хөлсөнд 1000 юань төлөх үндэслэлтэй.

            Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6, 3.1.7, 3.1.8-д болон Иргэний хуулийн 388 дугаар зүйлийн 388.7-д “ачаа илгээгч нь ачааг зохих газарт хүргэхэд шаардагдах гаалийн болон бусад бүх баримт бичгийг дагалдах бичигт хавсаргах буюу тээвэрлэгчид өгч тээвэрлэгчийг зохих мэдээллээр хангах үүрэгтэй” гэж зааснаас үзэхэд гаалийн хилээр нэвтрүүлэх барааг гаалийн байгууллагад мэдүүлэх үүрэг нь тээвэрлүүлэгчид буюу нэхэмжлэгчид байсан тул хариуцагч барааг гаалийн байгууллагад мэдүүлж гаалийн бүрдүүлэлт хийх үүрэггүй.

            Нэхэмжлэгч гаалийн бүрдүүлэлтийг хариуцагч А.Аг хийх үүрэг хүлээсэн гэх боловч талууд энэ талаар тохиролцсон гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй ба тэрээр гэрээ болон хуульд зааснаар ийнхүү үүрэг хүлээгээгүй, тээврийн хэрэгсэл гаалийн хил дээр сул зогссон явдалд тээвэрлэгч буюу хариуцагч буруугүй байна.

Улмаар нэхэмжлэгч сул зогсолтын хөлс төлөх талаар тохиролцоогүй гэх боловч нэхэмжлэгчээс нэхэмжлэлдээ хавсаргаж ирүүлсэн хариуцагч А.Агаас үйлдсэн баримтанд сул зогсолтын хөлсөнд 2000 юань суутган тооцож авах тухай тэмдэглэгдсэнээс үзэхэд талуудыг сул зогсолтын хөлс төлөхөөр тохирсон гэж үзэхээр байх ба Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д зааснаар нэхэмжлэгч буюу тээвэрлүүлэгч хэлэлцэн тохирсон хөлс буюу  тээврийн хөлсөнд нийт 3000 юань төлөх үүрэгтэй гэж үзнэ.

Гэтэл анхан шатны шүүх энэ талаарх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүйгээс дээрх хуулийг буруу тайлбарлан талуудыг сул зогсолтын хөлс төлөх талаар тохиролцоогүй, нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж сул зогссон болохоо нотлоогүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй тул энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тээвэрлэлтийн гэрээний хөлсөнд нийт 3000 юань  буюу төлөх үүрэгтэй ба тэрээр 3500 юаныг урьдчилан төлсөн тул хариуцагч А.А нь нэхэмжлэгч Г.Цд 500 юань буюу БНХАУ-ын мөнгөн тэмдэгт юаныг хэрэгт авагдсан ХААН банкны тодорхойлолтод дурдсан  378,56 төгрөгийн ханшаар бодвол 189280 төгрөгийг төлөх үндэслэлтэй.

Хэдийгээр хариуцагч А.А сул зогсолтын хөлсөнд 2000 юань шаардах эрхтэй боловч тэрээр уг төлбөрийг нэхэмжлэгчээс урьдчилан авсан тул түүний сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй болно.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч А.Агийн давж заалдсан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 137/ШШ2018/00185 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “... 946400 ...” гэснийг “189280” гэж, “...олгосугай.” гэснийг “олгож,” гэж өөрчилж, “нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 757120 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж нэмж,

2 дугаар заалтын “ Монгол Улсын Иргэний хуулийн 385 дугаар зүйлийн 385.1 ...” гэснийг  “Монгол Улсын Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1” гэж,

3 дугаар заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 27464 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 22790 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 6328 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 27590 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Н.БОЛОРМАА

                                ШҮҮГЧИД                                     А.САЙНТӨГС

                                                                                      Н.БАТЧИМЭГ