Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2022/01114

 

 Ц.Энхтуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/02793 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2346 дугаар магадлалтай,

 Ц.Энхтуяагийн нэхэмжлэлтэй

Х.Зулхүүд холбогдох

 Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 25,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 2017.12.19-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Өнөржаргалын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очирбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Өнөржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 1. Нэхэмжлэгч Ц.Энхтуяагаас*******д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 25,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2017.12.19-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/02793 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 110 дугаар зүйлийн 110.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч Ц.Энхтуяа, хариуцагч******* нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч*******гээс энэхүү худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 25,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Энхтуяагийн гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 857,950 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагч*******д, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 857,950 төгрөг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

 3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2346 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/02793 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг заасныг баримтлан хариуцагч*******гээс 25,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Энхтуяад олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8-т заасныг баримтлан хариуцагч*******гийн нэхэмжлэгч Ц.Энхтуяад холбогдуулан гаргасан 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын ...нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 857,950 төгрөг гаргуулан хариуцагчид болгосугай гэснийг ...хариуцагчаас 282,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид болгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Өнөржаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх ...Дээрх гэрээний дагуу******* нь 2018.05.29-ний өдөр 95,000,000 төгрөг, мөн оны 6 дугаар сарын 28-ны өдөр 20,000,000 төгрөг, нийт 115,000,000 төгрөгийг худалдагч тал болох Ц.Энхтуяад шилжүүлсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна. Иймд талуудын хооронд 140,000,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ. ...Мөн 2018.05.29-ний өдрийн гэрээгээр тохиролцсон 140,000,000 төгрөгийн хэмжээг багасгаж 10,000,000 төгрөгөөр тохиролцсон гэж маргасан атлаа гэрээний нийт үнэд 115,000,000 төгрөгийг төлсөн, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг Төрийн банк ХХК-д 235,000,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлд******* нь барьцаалсан зэргээр дүгнэхэд талууд гэрээний үнийн дүн багасгасан гэж үзэхгүй. гэж хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчиж талуудын хооронд явагдсан мэтгэлцээний явцад гаргасан тайлбар зэргийг илт гуйвуулан тайлбарлаж хэргийг шийдвэрлэжээ.

Иргэн Ц.Энхтуяа,******* нарын хооронд 2 худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд гэрээний зүйлийн хувьд адилхан. Талуудын хооронд уг гэрээг байгуулах хүсэл, зориг байсан гэдэг нь тодорхой боловч гэрээний гол зүйл болох гэрээний үнийг хэрхэн тохиролцсон асуудал дээр маргаан гарсан билээ.

Хариуцагч******* миний хувьд нэхэмжлэгч Ц.Энхтуяад гэрээний зүйлийг 2017 оны гэрээгээр 140,000,000 төгрөгөөр тохиролцсон байдаг боловч явцын дунд уг гэрээний зүйлийн үнийг бууруулах санал тавьж, улмаар гэрээний зүйл ийн үнийг 125,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцож шилжүүлсэн байдаг юм. Хариуцагч******* нь нэхэмжлэгч Ц.Энхтуяад 125,000,000 төгрөгийг шилжүүлсэн талаар анхан шатны шүүх хуралдаанд маргаж оролцдог бөгөөд******* нь гэмт хэрэгт хамтран оролцогчоор татагдах хэдий нөхцөл байдал байсан ч Цагдаагийн байгууллагад Ц.Энхтуяа нь 125,000,000 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсан татварын орлогоо буруу мэдээлсэн талаар ч гомдол гаргасан байдаг. Энэ талаарх баримтыг хэрэгт нотлох баримтаар өгсөн болно. Хариуцагч*******, нэхэмжлэгч Ц.Энхтуяа нарын хооронд цэвэр итгэлцлийн харилцаа байсан бөгөөд тэдний хооронд 95,000,000 төгрөг, 20,000,000 төгрөг бие биедээ дансаар болон бэлнээр өгсөн гэх баримт байхгүй, нэхэмжлэгч Ц.Энхтуяа нь 115,000,000 төгрөг хүлээн авсан байдал нь зөвхөн түүний хүлээн зөвшөөрч байгаа байдлаас л тодорхойлогдох юм. Нэхэмжлэгч Ц.Энхтуяагийн худалдах орон сууц нь Эрэл банкны барьцаанд байсныг хариуцагч******* нь Х.Одгарав гэх хүнээс 95,000,000 төгрөгийг зээлж 2018.05.28-ны өдөр чөлөөлөн улмаар /тухайн өдөр 95,000,000 төгрөгийг авсан талаар Ц.Энхтуяа нь хүлээн зөвшөөрдөг/, 2018.05.29-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 125,000,000 төгрөгөөр хийхээр уулзсан боловч уг гэрээний үнийг Ц.Энхтуяагийн санаачилгаар 10,000,000 төгрөгөөр буюу үнийг багасгаж байгуулсан байдаг.

Хариуцагч******* нь 2018.06.29-ний өдөр Төрийн банкнаас 235,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд нэхэмжлэгч Ц.Энхтуяад харилцан тохиролцсоноор үлдэгдэл болох 30,000,000 төгрөгийг бэлнээр өгснөөр талуудын хоорондын 125,000,000 төгрөгийн тооцоо дуусгавар болсон байдаг юм. Мөн тухайн өдрөө******* нь Дригадрийм ХХК-ийн Төрийн банкнаас авсан зээлийг зориулалтын дагуу зарцуулах хуулийн шаардлагын үүднээс Ц.Энхтуяагийн дансанд 70,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Харин Ц.Энхтуяа нь харилцан тохиролцсоны дагуу үлдэгдэл 30,000,000 төгрөгөө бэлнээр бүрэн авсан тул түүний дансанд Дригадрийм ХХК-ийн данснаас Ц.Энхтуяагийн Төрийн банкны данс руу шилжүүлсэн 70,000,000 төгрөгийг Г.Одгарав гэх хүний дансанд шууд шилжүүлсэн байдаг юм. /Х.Зулхүү нь Ц.Энхтуяагийн үл хөдлөх хөрөнгийг Эрэл банкны барьцаанд байхад нь чөлөөлөх буюу Ц.Энхтуяад урьдчилгаа 95,000,000 төгрөгийг өгөхийн тул Г.Одгарав гэх хүнээс 95,000,000 төгрөг зээлсэн байдаг бөгөөд уг мөнгийг буцаан өгч байгаа байдал юм, мөн уг 95,000,000 төгрөгийн 1 сарын 5 хувийн хүү буюу 4,750,000 төгрөгийг******* нь хариуцан төлсөн байдаг гэдгийг хэлэх нь зүйтэй./

Ц.Энхтуяа нь үлдэгдэл 25,000,000 төгрөгөө аваагүй байсан бол Г.Одгарав гэх хүний данс руу 70,000,000 төгрөгийг шилжүүлэхгүйгээр өөрийн нэхэмжлээд байгаа 25,000,000 төгрөгийг аваад үлдэх боломж байсан. Гэтэл гэрээний үнийн дүнг буруулан тохиролцсон асуудлыг дурдахгүйгээр, мөн нэхэмжлэгчийн түүнд 30,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн баримтгүй гэдгийг далимдуулан сүүлд 20,000,000 төгрөгийг авсан гэж амаар хүлээн зөвшөөрөн 115,000,000 төгрөг авсан гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаад харамсалтай хэрэг юм.

Миний үйлчлүүлэгчийн хувьд түүнд гэрээний үнийн дүнг багасгаж тохиролцсоны дагуу нийт 125,000,000 төгрөг өгсөн гэж анхан шатны шүүх хуралдаанд маргаж оролцсон гэдгийг дахин хэлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1- д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. гэж, мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-д ...шударга ёс, ...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн. гэж тус тус заасан.

Магадлалд ...Харин талуудын хооронд 2018.05.29-ний өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэрээгээр өмнө нь байгуулсан 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн гэрээний үнийг өөрчилсөн үзэх үндэслэлгүй. Учир нь Ц.Энхтуяа,******* нар гэрээний зүйл болох орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхдээ улсад төлөх татварын хэмжээг багасгах зорилгоор гэрээний үнийг багасгаж улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь зохигчийн тайлбар, дээрх гэрээ зэргээр тогтоогджээ. гэжээ.

Угаас талуудын хооронд Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулах хүсэл зориг байсан гэдэг нь хэрэгт цугларсан нотлох баримт, анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбараас тодорхой харагдана. Гэтэл дээрх байдлаар дүгнэлт хийснийг хариуцагчийн хувьд давж заалдах шатны шүүхийн хувьд гомдлын шаардлагад хамаарахгүй асуудлаар дүгнэлт өгсөн гэж үзэж байгаа болно.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн хэн алины хуулийг зөрчих гэсэн буруу хандлага, үйл ажиллагааны үр дүнгээс хамааран талуудын хооронд уг үл хөдлөх эд хөрөнгө 10,000,000 төгрөгөөр гэрээний үнийг тодорхойлон 2018.05.28-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг байгуулан, улмаар уг гэрээг Ц.Энхтуяа нь Улсын бүртгэлийн бүртгүүлэн өмчлөх эрхээ*******д шилжүүлсэн байдаг. 2017.12.19-ний өдрийн ХХАГ-ний 3 дугаар зүйлийн 3.4-д Уг гэрээг гэрчлүүлэх, бүртгүүлэх, үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсны 2 хувийн татварыг талууд тэнцүү хуваан төлнө гэж заасан, харин 2018.05.29-ний өдөр байгуулагдсан ХХАГ нь 125,000,000 төгрөгөөр байгуулагдахаар байсан боловч нэхэмжлэгч Ц.Энхтуяагийн санаачилгаар 10,000,000 төгрөг болж буурч байгуулсан. Уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-д Уг гэрээний гэрчлүүлэх, бүртгүүлэхтэй холбогдсон зардлыг худалдан авагч тал, үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсны орлогын татварыг худалдагч хариуцна. гэж заасан байдаг. Сүүлд байгуулсан гэрээний дээрх заалтаас үзэхэд худалдагчид ашигтайгаар байгуулагдсан учраас түүний санаачилга байсан үзэхэд эргэлзэх зүйлгүй байна. Хэрэв сүүлийн гэрээний үнийн 125,000,000 төгрөгөөр байгуулагдсан бол Ц.Энхтуяа нь 2,500,000 төгрөгийн орлогын албан татвар төлөх үүрэгтэй байсан. Гэтэл Ц.Энхтуяа нь үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан орлогоо 10,000,000 төгрөг гэж тодорхойлсон учир үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсан орлогын татварт 200,000 төгрөгийг төлсөн байдаг. Худалдах худалдан авах гэрээний хариуцлагын хувьд худалдах зүйлийн үнийг зөв тодорхойлон гэрээнд тусгах нь худалдагчийн үүрэгт илүү хамааралтай.

Үл хөдлөх эд хөрөнгийн хувьд гэрээний хувьд заасан тусгай шаардлага байдаг нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно. гэж заасан заалт хамааралтай.

Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт талуудын хооронд байгуулагдсан 2018.05.29-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөдлөх худалдах худалдан авах гэрээг бүртгүүлж, энэхүү гэрээгээр*******д өмчлөх эрх шилжсэн. Уг гэрээ хүчин төгөлдөр байгаа. Гэтэл нэхэмжлэгч нь худалдагчийн гэрээний харилцаанд оролцох үүргээ ухамсарлаагүйгээс үүссэн үр дагаврыг худалдан авагчаас шаардах эрхгүй юм. Талуудын хооронд гэрээний үнийн дүнг нэхэмжлэгч 140,000,000 төгрөг байсан гэх, харин худалдан авагч буюу хариуцагч 125,000,000 төгрөгөөр байгуулах ёстой гэх боловч худалдагч гэрээний үнийн дүнг 10,000,000 төгрөгөөр тодорхойлсон нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа юм. Худалдах зүйлийнхээ үнийг тодорхойлох эрх нь нэхэмжлэгчид байсан. Татварын хууль тогтоомж зөрчих гэсэн санаачилга нь худалдагчийг эрсдэлд оруулсан нь тодорхой байхад гэрээний үнийг буруу тодорхойлсны хариуцлагыг нэхэмжлэгчид хуваарилж байгаа нь үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлал нь практикт буруу жишиг тогтоох ч аюултай. Өөрөөр хэлбэл Үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах харилцаанд гэрээний үнийг буруу тодорхойлж болдог гэх дээрхи практик нь Монгол Улсын хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэх үйл ажиллагаанд саад учруулна. Давж заалдах шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ үндсэн нэхэмжлэлийг хангаж байгаа үндэслэлийг заасан байна.

2017.12.19-ний өдрийн хэлцэл нь талуудын хооронд тухайн үеэс худалдах худалдан авах гэрээний хэлцэл хийгдсэн гэж үзэх агуулгыг илэрхийлэх боловч талуудын хоорондын хүсэл зориг 2018.05.29-ний өдөр хүртэл хэвээр байсан эсэхийг нотолж чадахгүй юм. Талуудын хоорондын хүсэл зориг тодорхой хэмжээнд өөрчлөлт орсон учраас л 2018.05.29-ний өдрийн хэлцэл байгуулан, улмаас уг гэрээний үндсэн дээр худалдагч нь худалдан авагчид өмчлөх эрхээ шилжүүлэн өгсөн байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх 2017.12.19-ний өдөр байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн... эсэх асуудалд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг өгөөгүй атлаа хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна. Нэхэмжлэгчийн хувьд гэрээний үнийг 140,000,000 төгрөгөөр тодорхойлсноор авч үзвэл Ц.Энхтуяа нь 140,000,000 орлогоо худал тодорхойлсон, улмаар үл хөдлөх эд хөрөнгийн орлогын албан татварт 2,800,000 төгрөгийн татвар төлөх үүргээсээ зайлсхийсэн байдаг.

Түүний одоогийн байдлаар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа*******гээс 115,000,000 төгрөг авсан гэж хүлээн зөвшөөрсөн орлого нь их хэмжээний орлого бөгөөд түүний хувьд 115,000,000 төгрөгийн орлого худал тодорхойлон, улмаар 2,300,000 төгрөгийн татвар төлөх үүргээсээ зайлсхийсэн гэж үзэж байна. Харин хариуцагчийн хувьд гэрээний үнийг 125,000,000 төгрөг байснаар тодорхойлсон авч үзвэл Ц.Энхтуяа нь 125,000,000 төгрөгийн орлого худал тодорхойлон үл хөдлөх эд хөрөнгийн орлогын албан татварт 2,500,000 төгрөгийн татвар төлөх үүргээсээ зайлсхийсэн гэж үзнэ. Гэтэл худалдагч болон худалдан авагч нарын хоорондын гэрээний зүйлийг худал тодорхойлсон, улмаар Монгол Улсын Иргэний хуулийг зөрчсөн илт буруутай үйлдэлд шүүх хууль зөрчсөн талуудын тухайн гэрээний харилцаанд гүйцэтгэх үүргийг зөв хуваарилан тооцохгүйгээр илт хууль зөрчсөн гэрээг үндэслэлгүйгээр зөвтгөж байгаа нь ойлгомжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын үүднээс үзвэл 2018.05.29-ний өдрийн гэрээтэй холбогдуулан талуудын хэн аль нь гомдлын шаардлага гаргаагүй гэдгийг тэмдэглэн хэлэх нь зүйтэй.

Анхан шатны шүүхийн ...2017.12.19-ний өдөр талууд хүсэл зоригоо илэрхийлсэн хэлцэл хийж баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан хэдий ч уг хэлцэл бодитоор хэрэгжээгүй, уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй, өмчлөх эрх гэрээ болон хуулийн худалдан авагчид шилжээгүй байна. Харин 2018.05.29-ний өдөр зохигч талууд дахин шинээр үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэрээ байгуулж, нэхэмжлэгч буюу худалдагч Ц.Энхтуяагийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 7-р хороо, 2 хороолол, Төмөр зам гудамж 47 байр 42 тоот хаягт байршилтай, 51.27 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хариуцагч буюу худалдан авагч******* 10,000,000 төгрөгөөр худалдан авах, төлбөрийг бэлнээр 2018.05.29-ний өдөр төлөхөөр харилцан тохирчээ. Энэхүү гэрээг нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, өмчлөх эрх худалдан авагч*******д шилжсэн болох нь Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн баримтад авагдсан 2018.05.29-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээ 2018.05.29-ний өдрийн өмчлөх эрхийн гэрчилгээ баримтаар тогтоогдож байна.

2017.12.19-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан хэлцэл бодитоор хэрэгжээгүй, уг хэлцлийг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй, өмчлөх эрх энэхүү гэрээ болон хуулийн дагуу худалдан авагч*******гийн өмчлөлд шилжээгүй болох нь талуудын хооронд байгуулагдсан 2 гэрээ, зохигч талуудын тайлбар, баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 110 дугаар зүйлийн 110.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар 2017.12.19-ний өдрийн Ц.Энхтуяа,******* нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ. гэж хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчиж хийсэн хэлцлийн хууль зүйн үр дагавар үүсгэх эрхгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгүүдийг зөрчиж. хэрэгт цугларсан нотлох баримтуудыг буруу үнэлж, Иргэний хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

 5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 6. Нэхэмжлэгч Ц.Энхтуяа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...2017.12.19-ний өдөр хариуцагч*******тэй худалдах-худалдан авах гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол Төмөр замын 47 дугаар байрны 42 тоот хаягт байрлалтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 140,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Хариуцагч нь 2018.05 сард гэрээний үүрэгт 95,000,000 төгрөг төлсөн тул хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн, 2018.06.25-ны өдөр 20,000,000 төгрөг төлж, үлдэх 25,000,000 төгрөгийг төлөхгүй байгаа тул үлдэгдэл төлбөрийг гаргуулна... гэж тайлбарласан,

 Хариуцагч*******: ...нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж маргаж, ...зохигчийн хооронд байгуулсан 2017.12.19-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ: ...нэхэмжлэгчтэй үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, банкны зээл гарахгүй байсан болохоор үнийг буулгаж, 125,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, 2018.05.29-ний өдөр зээл батлагдаж, зээл гарсны дараа 125,000,000 төгрөгийг гүйцээж өгсөн, гэрээний үнийн дүнг өөрчлөх талаар ярихад татварт их мөнгө өгмөөргүй байна гээд үл хөдлөх эд хөрөнгийг 10,000,000 төгрөгөөр үнэлж гэрээ байгуулсан. Ц.Энхтуяа нь харилцан тохиролцсон 125,000,000 төгрөгийг бүрэн хүлээн авсны дараа 10,000,000 төгрөгөөр худалдсан дүр үзүүлж, үл хөдлөх эд хөрөнгийг миний нэр дээр шилжүүлсэн. ...Ц.Энхтуяа нь дэлгүүрийн өдрийн орлого багадаа 700,000 төгрөг гэж байсан боловч дэлгүүрийг шилжүүлэн авснаас хойш 200,000-450,000 төгрөгийн орлого орж байсан, ажиллуулж эхлээд удаагүй архи, согтууруулах ундааны худалдан борлуулах тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, Ц.Энхтуяа хөөцөлдөж авч өгнө гэж 1,800,000 төгрөг авсан боловч таг болсон, энэ хугацаанд хоёр ч удаа 1,000,000 төгрөгөөр торгуулж хохирсон тул бид өөрсдөө хөөцөлдөж зөвшөөрлөө сунгуулсан. ...бидний хооронд байгуулагдсан Худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуульд заасны дагуу зохих ёсоор улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү... гэсэнд

 Нэхэмжлэгчээс: ...2017.12.19-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээний дагуу маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэжээ.

 7. Анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж, зохигчийн хооронд байгуулагдсан 2017.12.19-ний өдрийн Худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч*******гээс 25,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

 8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Өнөржаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, ...мэтгэлцээний явцад гаргасан зохигчийн тайлбарыг илт гуйвуулан тайлбарласан, ...хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү... гэжээ. /тодорхойлох хэсгийн 4-т тусгагдсан/

 9. Хэрэгт цугларсан баримтыг үзвэл, зохигч 2017.12.19-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулж, худалдагч Ц.Энхтуяа нь Баянгол дүүргийн 1-р хороо, 2-р хороолол, Төмөр замын 47 байрны 42 тоот 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдан авагч А.Зулхүүд 140,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч нь 42,000,000 төгрөгийг Төрийн банкны*******гийн дансанд байршуулж, үлдэх төлбөрийг Орон сууц худалдан авах зээлээр төлөх, энэхүү гэрээ нь нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлж, төлбөрийг бүрэн төлж дуусгаснаар өмчлөх эрх худалдан авагч талд үүсэж, худалдагчийн эрх дуусгавар болно гэж тохиролцсон, гэрээний дагуу 2018 оны 05 дугаар сард 95,000,000 төгрөгийг төлсөн үндэслэлээр худалдагч үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн, 2018 оны 06 сард 20,000,000 төгрөг өгсөн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч баримтаар няцаагаагүй боловч 2018.05.29-ний өдөр үнийн дүнг багасгахаар тохирч худалдагчид нийт 125,000,000 төгрөг өгснөөр гэрээ дуусгавар болсон гэж маргасан, улмаар 2018.05.29-ний өдрийн 10,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий Үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр өмчлөх эрх*******гийн өмчлөлд шилжсэн үйл баримт тогтоогджээ.

 10. Нэхэмжлэгч Ц.Энхтуяа орон сууцны үнэ 140,000,000 төгрөгөөс 115,000,000 төгрөгийг хүлээн авсан тул үлдэгдэл 25,000,000 төгрөгөө нэхэмжилнэ гэж, хариуцагч А.Зулхүү үнийн дүнг багасгаж, 125,000,000 төгрөг болгохоор тохирсон, энэ үндэслэлээр 2018.05.29-ний өдөр 10,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ байгуулж, өмчлөх эрхээ шилжүүлж авсан гэж маргажээ.

 11. Зохигчийн хооронд байгуулсан гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 Зохигчийн хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээ нотариатаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр болсон, харин өмчлөх эрхийг нэгээс нөгөөд шилжүүлэх нь уг хэлцэл улсын бүртгэлд бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр болно.

 Өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг нотариатаар гэрчлүүлснээр талуудад үүргийн эрх үүснэ. /төлбөрийг төлөх, эд хөрөнгийн эзэмшил үүсэх гм/ Дээрх гэрээний дагуу зохигчийн хоорондох өмчлөх эрх шилжээгүй тул хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах хариуцагчийн шаардлага үндэслэлгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.8 дахь заалтыг зөрчөөгүй гэж үзнэ.

 12. Талууд 2017.12.19-ний өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдан-худалдан авах гэрээний 2.1-д гэрээний зүйл болох Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2-р хороолол, 47 дугаар байрны 42 тоот 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 140,000,000 төгрөгөөр худалдаж, худалдан авахаар харилцан тохиролцсон, үүнээс өөрөөр үнийг өөрчилсөн талаар ямар нэг баримтгүй, худалдан авагч гэрээний үүрэгт 115,000,000 төгрөг төлсөн үйл баримттай зохигч маргаагүй байна.

 13. Гэрээний зүйл болох орон сууц Ариг банкны зээлийн барьцаанд байсан бөгөөд худалдан авагч 2018.05.29-ний өдөр орон сууцны үнэд 95,000,000 төгрөгийг төлснөөр барьцаанаас чөлөөлөгдөж, мөн өдрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхээр дахин гэрээ үйлдэж, үнийн дүнг 10,000,000 төгрөг гэж бичиж, нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлснээр орон сууц хариуцагчийн өмчлөлд шилжсэн байна.

 14. Гэрээ байгуулснаас хойш хариуцагч нь орон сууцны үнэд 2018 оны 06 сард 20,000,000 төгрөг төлж байсан үйл баримтаас үзэхэд орон сууцыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн 2018.05.29-ний өдөр орон сууцны үнийг 125,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцож, гэрээний үүрэг дуусгавар болсон гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбар, татгалзлаа нотлоогүй гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг зөрчөөгүй байна.

 Дээр дурдснаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2346 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Өнөржаргалын гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч*******гээс 2021.01.11-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,140,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ           Б.МӨНХТУЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН           Г.АЛТАНЧИМЭГ

               ШҮҮГЧИД          П.ЗОЛЗАЯА

                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                 Х.ЭРДЭНЭСУВД