Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 180

 

 

 

 

 

 

   2024         02         20                                   2024/ШЦТ/180

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Батмандах даргалж,

шүүгдэгч *******,

нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,

улсын яллагч Г.Чанцалдулам нарыг оролцуулан эрүүгийн 2306 06007 0053 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, *******, 1998 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, аврагч гал сөнөөгч мэргэжилтэй, Төгс амин эрдэнэ ХХК-д хүргэгч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүрэг 31 дүгээр хороо, 4-109 оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД: ВЮ98112910/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 42 дугаар байрны гадаа “хашааны хаалга хааж машин байрлуулсан” гэсэн шалтгааны улмаас хохирогч С.Цэвэгдоржтой маргалдан улмаар нүүрэн тус газарт гараараа цохиж хоншоорын хөндийн урд ханын хугарал, зүүн хацар, цээжинд цус хуралт, 1 шүдний хугарал, уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч ******* нь 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 42 дугаар байрны гадаа “хашааны хаалга хааж машин байрлуулсан” гэсэн шалтгааны улмаас хохирогч С.Цэвэгдоржтой маргалдан улмаар нүүрэн тус газарт гараараа цохиж хоншоорын хөндийн урд ханын хугарал, зүүн хацар, цээжинд цус хуралт, 1 шүдний хугарал, уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх шүүгдэгч ******* нь хохирогч С.Цэвэгдоржийн нүүрэн тус газарт гараараа цохиж хоншоорын хөндийн урд ханын хугарал, зүүн хацар, цээжинд цус хуралт, 1 шүдний хугарал, уруулд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэсэн үйл баримт нь:

- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээж байна гэв.” гэв.

- Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. уг тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй ба өөрийн гэм буруутай хүний биед халдаж зодож цохиж гэмтэл учруулсан асуудлаа хүлээн зөвшөөрч байна...Миний хувьд өөрийн гэм буруугаа ойлгож ухамсарлаж байгаа учир эмчилгээ хийлгэсэн зардал мөнгийг төлж барагдуулахад татгалзах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/,

Хохирогч С.Цэвэгдорж мөрдөн шалгах ажиллагаанд: “...би өнөөдөр 17 цагийн орчим Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо, 42 дугаар байрны гадаа машинаа хашаанаас гаргах гэж байхад bsb компани хүргэлтийн 59-19 гэсэн машин хашааны хаалга таглаад зогссон байхаар нь машинаа холдуулаа гэхэд одоо юмаа буулгаад хөдөллөө гэхэд би холдолдоо чи муу пизда минь гэхэд тухайн залуу надад та өөрийнхөө аав шиг хүнийг пизда гэж дуудлаа гээд хэл амаар доромжлоход нь би машинаа урагш бага зэрэг хөдөлгөн тухайн bsb машин руу жаахан хөдөлж зогсоход тухайн залуу миний машины хамар луу 2 удаа өшиглөхөөр нь би машинаасаа гараад яаж байгаа пизда вэ гэхэд намайг зүүн талын нүүр хэсэгт 2 удаа цохиж, хоолой боож гарыг минь нугалж дараад машины хамар хэсэгт түлхээд хоолойг минь боосон босож ирээд цагдаа дуудаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 9/,

Гэрч Д.Баясгаланбаатар мөрдөн шалгах ажиллагаанд: “...жолооч залуу бууж ирээд яаж байгаа юм бэ гэж заамдаж аваад зууралдаад тавихгүй болохоор нь Т цээж рүү нь түлхэж холдуулаад нүүр хэсэгт нь нэг удаа цохиж авахад цааш салаад дахин ойртох үед нь мөн нэг удаа нүүр хэсэгт нь цохиж аваад салсан ба нөгөө залуу шүлсээ хаяахад амнаас нь цус гарч харагдсан...залуугийн хувьд Тын биед халдаж цохисон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 47/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №10854 дугаар шинжээчийн дүгнэлт:

1. С.Цэвэгдоржийн биед хоншоорын хөндийн урд ханын хугарал, зүүн хацар, цээжинд цус хуралт, 1 шүдний хугарал, уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. гэх дүгнэлтээр /хх-ийн 24-25/ тогтоогдсон гэж тус тус шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт  хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

Иймд шүүгдэгч *******ыг хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

 Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна ...” гэх санал,

Шүүгдэгч: “...Тусгайлан гаргах саналгүй...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Бусад асуудлын талаар:

Энэ хэргийн улмаас шүүгдэгч ******* нь бусдад учруулсан хохирол төлбөр болох 140.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1  дэх заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар ******* нь 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

          5. Хохирогч С.Цэвэгдорж нь цаашид гарах гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

          6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

          7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    А.БАТМАНДАХ