Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/954

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж, шүүгч А.Алтанхуяг, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Г.Энэрэл,

иргэдийн төлөөлөгч Т.Мөнхцэцэг,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Түмэнжаргал, Т.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2305000001370 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1963 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, *******, “” тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо тодорхой оршин суух хаяггүй, урьд

- Улаанбаатар төмөр замын тусгай шүүхийн 1988 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 23 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

- Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 590 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 231 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан, *******, /РД: *******/.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ 2023 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Хархорин” худалдааны төвийн зүүн талд байрлах явган хүний зам дээр хохирогч Б.тэй үл ялих зүйлээр маргалдаж, хутгаар түүний хэвлий болон баруун хөлийн гуя тус газар нь нийт 2 удаа хутгалж, эрүүл мэндэд нь хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, элэг, нойр булчирхай, сэмжний зүсэгдсэн, хэвлийн хөндий дэх цусан хураа, хэвлийн арын гялтан дахь цус хуралт, баруун гуяны зүсэгдсэн шарх, зүүн хөмсөг, хамрын үзүүр, зүүн шилбэ, баруун зүүн тохойнд зулгаралт, баруун тохойнд цус хуралт бүхий хүнд хохирол учруулж, зэвсэг хэрэглэж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Би урьд нь шар хаданд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд заримдаа болсон зүйлээ санадаггүй юм. Тухайн үеийн асуудлыг сайн санахгүй байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учирсан хохирлын зарим хэсгийг төлсөн. Бусад хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 8-11 дэх тал/,

Хохирогч *******:

“...Би 2023 оны 07 дугаар сарын 16-ны 16 цагийн орчимд “Хархорин” зах дээр очсон бөгөөд танил Баярмагнай таараад намайг дуудсан. Намайг очиход Баярмагнай зах дээр хувцас, янз бүрийн юм дэлгээд зарж байсан. Мөн мах идээд сууж байснаа намайг “мах ид” гэхээр нь би махнаас идээд надад “нэг татчих” гээд архи хийж өгсөн. Би өгсөн архийг нь уусан. Баярмагнай хамт архи ууж байгаад намайг “худлаа битгий томроод байгаарай, намайг нааш ир” гэж хэлээд би боссон чинь “мах идэж байсан бор иштэй урт, өргөн хутгаар миний баруун гуя тус газар нэг хутгалсан” би “болиоч ээ” гэсэн чинь Баярмагнай хутгаа сугалж аваад дахин шууд миний гэдэс рүү хутгалсан. Баярмагнай хутгаа өөрөө сугалаад авсан. Би цамцаа сөхөөд харсан чинь миний гэдэснээс бөөн цус гарсан байсан. Би газар унаад ухаан алдсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 64-65 дахь тал/,

Гэрч *******:

“...2023 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 00 цагийн үед манай Ариунзаяа утсаар залгаад “ Цэргийн эмнэлэг дээр хүнд хутгалуулаад бие нь муу, хагалгаанд орж байна” гэж над руу хэлсэн. Эмчээс нь ах ийн биеийн байдлыг асуусан чинь “хэвлийн хагалгаанд орсон, биеийн байдал нь маш муу байна” гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 15 дахь тал/,

Гэрч *******:

“...Би Жинфу ресторанд ажиллаж байгаад 2 давхарт шилэн цонхоор үйлчлүүлэгчтэй ярилцаж байхад цагдаагийн пүтикний хажуугаас хүмүүс “болиоч ээ” гээд орилоод бөөгнөрөөд байхаар нь гайхаад хартал баруун гартаа хутга барьчихсан, хүрэн өнгийн хүрэмтэй, хар өмд, гутал өмссөн хүн десант шиг өмд өмссөн, хар хүрэм өмссөн хүнтэй ноцолдож байгаад 3 удаа гэдэс рүү хутгалаад, хутгалсан хутгаа замын цаад мод руу шидчихсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 19 дэх тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 9108 дугаартай шинжээчийн:

“...******* биед хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, элэг, нойр булчирхай, сэмжний зүсэгдсэн, хэвлийн хөндий дэх цусан хураа, хэвлийн арын гялтан дахь цус хуралт /2023.07.16 Хэвлий нээж шалгах, угаах, гуурсдах мэс засал/, баруун гуяны зүсэгдсэн шарх, зүүн хөмсөг, хамрын үзүүр, зүүн шилбэ, баруун, зүүн тохойнд зулгаралт, баруун тохойнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Ир үзүүртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 47 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 3258 дугаартай шинжээчийн:

“...Бор өнгийн иштэй хутган дээр хүний цус илэрсэн. Уг цус нь АВ /IV/ бүлгийн харьяалалтай байна...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 53 дахь тал/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 738 дугаартай:

“...******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Сэтгэцийн ямар нэгэн өвчтэй гэх шинжгүй байна. Сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай байна. Өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгож удирдах чадвартай байна...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 183-184 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ******* нь хохирогч ******* эрүүл мэндэд нь халдаж, түүний биед хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэж үйлдсэн” болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Ганзориг “ Миний үйлчлүүлэгч гэм хэрэг үйлдсэн гэм буруугийн хувьд маргаангүй. Гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл тодорхой хэмжээнд байсан гэж үздэг. Хохирол төлбөрийн тухайд зохих хувийг төлсөн бөгөөд үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа...” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Түмэнжаргал “...Миний үйлчлүүлэгч гэм хэрэг үйлдсэн гэм буруугийн хувьд маргаангүй...” гэсэн дүгнэлтийг,

Иргэдийн төлөөлөгч Т.Мөнхцэцэг “Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.  

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******н холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь:

2023 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Хархорин” худалдааны төвийн зүүн талд байрлах явган хүний зам дээр хохирогч Б.тэй үл ялих зүйлээр маргалдаж, хутгаар түүний хэвлий болон баруун хөлийн гуя тус газар нь нийт 2 удаа хутгалж, эрүүл мэндэд нь хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, элэг, нойр булчирхай, сэмжний зүсэгдсэн, хэвлийн хөндий дэх цусан хураа, хэвлийн арын гялтан дахь цус хуралт, баруун гуяны зүсэгдсэн шарх, зүүн хөмсөг, хамрын үзүүр, зүүн шилбэ, баруун зүүн тохойнд зулгаралт, баруун тохойнд цус хуралт бүхий хүнд хохирол учруулж, зэвсэг хэрэглэж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Б., гэрч , нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 9108 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй чөлөөтэй байдлын эсрэг чиглэсэн идэвхтэй үйлдлийг санаатайгаар хийсний улмаас хохирогчийн эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүнд зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

“Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгохоор, зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно гэж Эрүүгийн хуульд хуульчлан тайлбарласан болно. Хутга нь аливаа биетийг устгах гэмтээх зориулалттай эд зүйлд буюу зэвсэгт хамаарах тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “зэвсэг хэрэглэсэн” гэсэн объектив талын шинжийг хангасан байна.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ******* хэвлий болон гуяан тус газарт нь хутгалж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдож байна.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч  нь өөрийн үйлдлийн улмаас хохирогчид хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Гэмт хэргийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд уг гэмтэлтэй холбоотой эмчилгээ хийлгэсэн зардал болон бусад хохирол төлбөрт нийт 1.433.890 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч ******* нь 1.300.000 төгрөгийн хохирлыг төлсөн байх тул үлдэх 133.890 төгрөгийг шүүгдэгч *******гаас гаргуулж хохирогч Б.т олгохоор шийдвэрлэв.

Харин хохирогч Б. нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж, мөн хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад гаргуулна” гэж заасан байх “Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв” эмнэлгээс хохирогч ******* төрийн үйлчилгээний төлбөр болох 3.986.350 төгрөгийг шүүгдэгч *******гаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Түмэнжаргал “Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хувьд маргаангүй, хохирол төлбөр төлөхөө илэрхийлж байгаа болон түүний хувийн байдал зэргийг харгалзан хорих ялын доод хэмжээ буюу 5 жилийн хорих ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Ганзориг “Миний үйлчлүүлэгч *******н хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж байгаа болон энэ гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно. 

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 3 удаагийн бүртгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгч *******г “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн насны байдал, хохирогч учирсан хохирол төлбөрийн тодорхой хувийг төлж барагдуулсан, үлдэх хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхий байгаа зэрэг түүний хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний энэ хэрэгт цагдан хоригдсон 123 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2305000001370 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “хүрэн өнгийн 1 ширхэг хутга, бор иштэй эвхэгддэг 1 ширхэг хутга, бор өнгийн иштэй, цагаан өнгийн төмөр хутга 1 ширхэг”-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******н энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон нийт 123 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******гаас 133.890 /нэг зуун гучин гурван мянга найман зуун ерэн/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.т олгож, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******гаас 3.986.350 /гурван сая есөн зуун наян зургаан мянга гурван зуун тавин/ төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б. нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн “хүрэн өнгийн 1 ширхэг хутга, бор иштэй эвхэгддэг 1 ширхэг хутга, бор өнгийн иштэй, цагаан өнгийн төмөр хутга 1 ширхэг”-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

8. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *******н иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              М.ДАЛАЙХҮҮ

 

                                  ШҮҮГЧ                                                                       А.АЛТАНХУЯГ                     

 

                      ШҮҮГЧ                                                                      Ц.МӨНХ-ЭРДЭНЭ