Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/966

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч C.Бичинхүү,

шүүгдэгч, хохирогч *******,

шүүгдэгч, хохирогч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2305000001911 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн,1986 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, “*******” салонд үсчин ажилтай, ам бүл 4, эх, дүү нарын хамт Д*******,******* тоотод суух хаягтай боловч одоо *******, “Хаппинэс *******”******* тоотод оршин суух хаягтай, урьд

- Дорнод аймгийн Хэрлэн сум дахь сум дундын шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 107 дугаар шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

- Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 346 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 279 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 6 жил 8 сарын хугацаагаар хорих ял,

- Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 885 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 460.000 төгрөгөөр торгох ял,

- Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 706 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан, , /РД: /,

 

2. Монгол Улсын иргэн,1979 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “” худалдааны төвд түгээлтийн жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт , тоотод оршин суух, урьд

- Баянгол дүүргийн шүүхийн 1997 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 611 дугаар шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

- Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 05 сар 09 хоногийн баривчлах ял,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж, оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоосон,

- Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 157 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

- Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 822 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлсэн, , /РД: /.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч *******, ******* нар нь 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэр, 10-р хорооллын урд байрлах автобусны буудлын ойролцоо үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар харилцан зодолдож, бие биедээ хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр зохицуулдаг явган хүний гарцаар зам хөндлөн гарч явахад нэг машин огцом хөдлөөд намайг мөргөсөн. Тэгэхээр нь би уурлаад машиных нь хамар дээр гараараа цохисон. Гэтэл энэ хүн цаанаас машинаасаа бууж ирээд надтай маргалдаад бид 2 хоорондоо зодолдсон. Улмаар би хохирогч *******гийн биед хөнгөн гэмтэл учруулсан. Гэм буруу дээрээ маргахгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Явган хүний гарц дээр зогсож байтал нэг машин ирээд гарц руу хэтрээд ороод зогссон. Буцаад ухрах гэхээр ард нь машин ирээд зогссон байдалтай байсан. Гэтэл согтуу хүн гарч ирээд тэр машины эмэгтэй жолооч руу орилоод дайраад байсан. Би бууж очоод боль гэж хэлэхэд ******* нь миний машиныг өшиглөсөн. Улмаар бид 2 хоорондоо зодолдсон. Миний бие гэм буруу дээрээ маргахгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: “...Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: “...Одоогоор гомдол саналгүй. Гэхдээ хамартаа дараа эмчилгээ хийлгэх зардлаа энэ хүнээс нэхэмжлэх хүсэлтэй байх тул нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. Ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Хохирогч *******ын:

 “...Миний бие 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 20 цагийн Баянгол дүүргийн 10-р хорооллын автобусны буудлын гэрлэн дохиогоор замын хойд талаас урд тал руу явган хүнээр гарцаар гараад явж байтал замын урд хэсгийн дохио, замын гол хэсэгт явж байтал саарал өнгийн автомашин намайг мөргөөд зогссон. Миний уур хүрээд тэр машины урд хамран хэсэг дээр нь гараараа 2-3 удаа цохисон. Машин барьж явж байсан хүн нь эмэгтэй хүн байсан болохоор тэр эмэгтэйд “хүн дайрлаа шүү дээ, болгоомжтой яваач" гэж хэлчхээд яваад өгсөн. Тэгтэл хажууд зогсож байсан машинтай барьж байсан үл таних эрэгтэй машинаасаа бууж ирээд “чи машин эвдэллээ шүү дээ” гээд үгийн зөрөөгүй нүүрэн тус газарт 2-3 удаа цохисон. Тухайн үед Батхүү гэх хүний машин руу нь хөлөөрөө өшиглөснөөс болж маргалдсан байж магадгүй. Намайг машинаараа мөргөх шахсан хүнд бухимдаж машины зүүн талын урд дугуй руу нь нэг удаа өшиглөчихсөн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,

Хохирогч *******гийн:

“...Миний бие 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 20 цаг 30 минутын орчимд *******, 10-р хорооллын автобусны буудлын гэрлэн дохио  дээр 84-04 УЕА гэх “приус 30” маркийн автомашинтайгаа явж байтал хажууд зогсож үл таних хүн гэрлэн дохио дээр цагаан шугамыг хагас даваад зогсчихсон байсан. Тухайн үл таних хүн явган зорчигчийн ногоон гэрэл асаж, хүмүүс гарцаар гарч байтал үл таних хүн хажууд байсан шугам давж зогссон машины урд ирээд, машиныг нь гараараа цохиод, жолооч талын цонхон дээр ирээд тэр машиныг барьж байсан эмэгтэйг цохиод байхаар нь би машиныхаа цонхийг онгойлгоод “одоо болиоч ээ эмэгтэй хүн байна шүү дээ, гэм буруугаа мэдэж байгаа шүү дээ” гэх зүйлийг хэлсэн. Тэгээд ногоон гэрэл асаад хөдлөөд явах гэтэл нөгөө үл таних хүн миний машины жолооч талын хэсэг рүү хөлөөрөө хүчтэй өшиглөсөн. Тэгэхээр нь би машинаа зогсоогоод араас нь очоод “чи яагаад миний машиныг өшиглөж байгаа юм бэ” гэж хэлтэл намайг боож аваад хоёр гараараа өөр рүүгээ татаж байгаад хамран тус газар толгойгоороо хүчтэй мөргөсөн. Тэгээд би зөрүүлээд баруун гараараа нэг удаа нүүрэн тус газар руу цохисон. Намайг боогоод над руу дайраад байсан болохоор баруун хөлөөрөө хавирч унагаагаад дээр нь дараад байж байтал цагдаа нар ирээд бид хоёрыг аваад явсан....” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 11560 дугаартай:

“...*******ын биед дээд уруулд шарх, баруун шагай, зүүн өвдөгт зулгарал гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 11538 дугаартай:

“...*******гийн биед хамар ясны хугарал, таславчийн  мурийлт, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 02/25468 дугаартай “Лавлагааны хариу хүргүүлэх тухай” албан бичиг,

Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 01/220246 тоот “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай” тогтоол болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ******* нь хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “шүүгдэгч ******* нь хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.

Шүүгдэгч *******, ******* нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******, ******* нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь:

2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэр, 10-р хорооллын урд байрлах автобусны буудлын ойролцоо үл ялих зүйлээс болж маргалдаж хохирогч *******гийн эрүүл мэндэд хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ******* нь:

2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэр, 10-р хорооллын урд байрлах автобусны буудлын ойролцоо үл ялих зүйлээс болж маргалдаж хохирогч *******ын эрүүл мэндэд дээд уруулд шарх, баруун шагай, зүүн өвдөгт зулгарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 11560, 11538 дугаартай дугаартай шинжээчийн дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч  *******, ******* нар нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан бөгөөд уг гэмт хэргийн улмаас хохирогч *******, ******* нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан хэдий боловч хохирогч нар нь хохирол төлбөр баримтаар нэхэмжлээгүй тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч *******, *******  нар нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч *******, *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 төгрөгийн торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан гаргасан.

Шүүгдэгч *******, ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд тус бүр 5 удаагийн бүртгэлтэй байх ба тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд шүүхээс шүүгдэгч *******, ******* нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тэдэнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэв.

Шүүгдэгч *******, ******* нарын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2305000001911 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *******, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч , нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг тус бүр 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдэнд анхааруулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч *******, ******* нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *******, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ