Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 82

 


                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2017/0095/Э/ 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,
Хохирогч ***, 
Шүүгдэгч ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-т заасан гэмт хэрэгт *** холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн 201709000115 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** /РД:***/, 1984 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, *** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт *** оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. 

Шүүгдэгч ***нь архидан согтуурсан үедээ 2017 оны 2  дугаар сарын 6-ны өдрийн 19 цагийн орчим Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Оргил” хүнсний дэлгүүрийн орчим иргэн ***гийн iphone-5s маркын гар утсыг “хүнтэй ярьчихаад өгье гэж” итгэл эвдэх аргаар залилан мэхлэж, бусдад 350000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

-Шүүхийн хэлэлцүүлэгт: 

-Шүүгдэгч ***ригийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2017 оны 2 сарын 6-ны өдөр хот явах гээд найз *** руу залгаад утсыг нь авсан. Архиныхаа халуунд утсыг нь аваад явсан байсан. Шунахайн сэдэлтээр утсыг нь аваагүй.
…Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг,  

-Хохирогч ***гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр 4 цагийн орчим ***хот явах гэж байна уулзая гээд хүүхдийн цэцэрлэг дээр ирж уулзсан. Ингээд миний машинд орж суугаад хот явах гэсэн юм 
зардлын 10000 төгрөг байна уу? гэж байсан. Тухайн үед би мөнгөгүй байсан учраас мөнгө 
өгч чадаагүй. Ингээд хэдэн хүнээс мөнгө асууя гээд хэдэн газраар явсан юм. Миний утсаар хүнтэй яриад хүнээс дансаар мөнгө авахаар болсон юм. Би хот руу явах 10000 төгрөгний унаа олж өгсөн. Хээтэй хорооллын байрны дэлгүүрийн ойролцоо явж байхад хүнээр яриулаад замдаа идэж уух зүйл авчихаад ирье гээд утас аваад гараад явсан. Гэтэл дэлгүүр рүү ороод шууд хойд хаалгаар нь гараад явсан байсан. Дэлгүүрийн худалдагчийн утсаар өөрийнхөө утас руу залгахад ойрхон хүнтэй уулзаж байна удахгүй очлоо гэж байсан. Би 2 цаг хүлээгээд ирэхгүй болохоор нь цагдаад дуудлага өгсөн.
…***нь өөрөө дахин ийм асуудал гаргахгүй, алдаагаа засна гэж байгаа учраас заавал баривчлах шаардлага байхгүй гэж бодож байна.” гэх мэдүүлэг,  

-Хураан авах тогтоол /хэргийн 16/,

-Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 21-22/, 

-Гэрч ***гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “…2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр ажлаа тараад 18 цагийн үед байх микрийн 13 дугаар байрны гадаа найз ***ийнд очиж машиныг нь асааж өгөөд хөдөлсөн. Тэгсэн гэнэт нэг залуу гарч ирээд “явах уу?” гэхээр нь “явна” гээд суулгасан. Тэгсэн “хуучин хороолол орно” гээд ломбарданд очсоноо хаалттай болохоор нь эргэж орж ирээд “ломбард хаана байдаг вэ?” гэж асуугаад надаас “чи ийм утас хямд авах уу?” гэсэн. Тэгээд би утсыг нь үзээд “хэд юм бэ??” гэсэн чинь “100000 төгрөг” гэсэн. Надад “100000 төгрөг алга, байгаа нь 70000 байна” гэсэн чинь тэр залуу “чи тэгвэл надад ойр зуур яваад өгөөч, тэгээд 70000 төгрөгөөр утсаа” ав гэсэн. Тэгээд би утсыг нь авсан чинь тэр залуу микро ороод дараа нь шинэ хороолол ороод хээтэйгийн 4.2 дугаар байрны гадаа очоод миний утсаар яриад дүү нь гарч  ирэхгүй болохоор нь дэлгүүрт дүүдээ өгөөрэй гээд 10000 төгрөг үлдээгээд тэндээсээ гараад дэлгүүр орж архи ундаа авсан. Тэгээд 16 давхрын тэнд очоод хот явах машин байна уу гэж үзээд байхгүй болохоор нь авто вокзал ороод тэндээсээ соната-7 маркын машинд суугаад хот явсан. 
…Миний дүүгийн утас гэж хэлсэн. Тэгээд “энэ утас чинь код нэхэж байна” гэсэн чинь нэг хүн рүү залгаад “чи кодоо хэлчих, хүнтэй яриадхая” гэсэн чинь нөгөө хүн нь цаанаас нь “хүрээд ир” гэж хэлсэн. Тэгсэн утсаа таслаад “энэ манай дүүгийн утас байгаа юм, намайг зарлаа гэж янз бүрийн юм ярихгүй” гэсэн. Чи утасны засвар дээр очоод кодыг нь гаргуулчихгүй юу гэж хэлсэн. 
…Би гар утсыг нь аваад кодыг нь гаргуулсан чинь түгжээтэй утас байна, ашиглах боломжгүй гэж хэлсэн. Тэгээд гар утасны хүн сэлбэгэнд 50000 төгрөгөөр авна гэхээр нь би өөрөө ч бариагүй, хүнд ч зараагүй байлгаж байсан юм. Би тэр утсыг нь буцаан өгч 70000 төгрөгөө авсан.” гэх мэдүүлэг /хэргийн 26/,  

-Хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай тайлан, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 29-30/, 

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 43/, 

-Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 3 дугаар шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 3/16 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 49-51/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч ***нь 2017 оны 2  дугаар сарын 6-ны өдрийн 19 цагийн орчим Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Оргил” хүнсний дэлгүүрийн орчим иргэн ***гийн iphone-5s маркын гар утсыг “хүнтэй ярьчихаад өгье гэж” итгэл эвдэх аргаар залилан мэхлэж, бусдад 350000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “…2017 оны 2 сарын 6-ны өдөр хот явах гээд найз *** руу залгаад утсыг нь авсан.” гэх мэдүүлэг, хохирогч ***гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “…Хээтэй хорооллын байрны дэлгүүрийн ойролцоо явж байхад хүнээр яриулаад замдаа идэж уух зүйл авчихаад ирье гээд утас аваад гараад явсан. Гэтэл дэлгүүр рүү ороод шууд хойд хаалгаар нь гараад явсан байсан. Дэлгүүрийн худалдагчийн утсаар өөрийнхөө утас руу залгахад ойрхон хүнтэй уулзаж байна удахгүй очлоо гэж байсан.” гэх мэдүүлэг, гэрч ***гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “…би утсыг нь үзээд “хэд юм бэ??” гэсэн чинь “100000 төгрөг” гэсэн. Надад “100000 төгрөг алга, байгаа нь 70000 байна” гэсэн чинь тэр залуу “чи тэгвэл надад ойр зуур яваад өгөөч, тэгээд 70000 төгрөгөөр утсаа” ав гэсэн. …би гар утсыг нь аваад кодыг нь гаргуулсан чинь түгжээтэй утас байна, ашиглах боломжгүй гэж хэлсэн. Тэгээд гар утасны хүн сэлбэгэнд 50000 төгрөгөөр авна гэхээр нь би өөрөө ч бариагүй, хүнд ч зараагүй байлгаж байсан юм. Би тэр утсыг нь буцаан өгч 70000 төгрөгөө авсан.” гэх мэдүүлэг /хэргийн 26/,  хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай тайлан, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 29-30/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Иймд шүүгдэгч ***ригийг итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж, бага бус хэмжээний буюу 350000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч ***нь урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 3/16 дугаар шийтгэх тогтоолоор 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-т зааснаар ялтай байдал нь дууссан байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч ***нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, хохирогч ***гийн “…миний бие ***ригт гомдолгүй гэдгээ мэдэгдэж байна.” гэх хүсэлт /хэргийн 62/ гаргаж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т заасан үндэслэлээр ***ригт холбогдох 201709000115 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, ***ригийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ***нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаад

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *** итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж, бага бус хэмжээний буюу 350000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар *** холбогдох 201709000115 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар шүүгдэгч ***ригийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч ***нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай       

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *** батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ               Я.ТУУЛ