| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 105/2020/0574/Э |
| Дугаар | 677 |
| Огноо | 2020-05-26 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 18.6.1., |
| Улсын яллагч | Н.Дуламсүрэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 677
2020 5 26 2020/ДШМ/667
Г.Т, Э.Э, Э.Н нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Дуламсүрэн,
шүүгдэгч Г.Т, Э.Э, Э.Н,
нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 2020/ШЗ/1177 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Дуламсүрэнгийн бичсэн эсэргүүцлээр Г.Т, Э.Э, Э.Н нарт холбогдох эрүүгийн 1906073950714 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр
Богд Дүнжингарав овгийн Гансүхийн Г.Т, 2000 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, “Транс Чоко” ХХК-д механикч ажилтай, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туулын 3-3 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД: УА00280315/
Хуасай овгийн Энхболдын Э.Э, 2001 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар Их Сургуулийн Солонгос хэлний орчуулагчийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 6, ээж, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Бага амны хэсэг 2 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийлгэлгүй, /РД: УШ01230639/
Боржигон овогт Эрдэнэбатын Нямдаваа, 2000 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ээж, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 49а байрны 74 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД: УА00261912/,
2019 оны 7 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын эцэс голын эрэг дээр барьсан майхны гаднаас
Г.Т нь иргэн Н.Билэгсайханы эзэмшлийн айфоне 6 эс маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар авч 320.000 төгрөгийн, Э.Э нь иргэн Ц.Даниел, Э.Одбаяр нарын эзэмшлийн айфоне 6 маркийн, иргэн Г.Батзоригийн эзэмшлийн Эл жи 5 маркийн гар утаснуудыг нууцаар, хууль бусаар авч 370.000 төгрөгийн тус тус хохирол учруулж хулгайлах,
Э.Н нь 2019 оны 7 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын эцэс голын эрэг дээр барьсан майхны гаднаас иргэн Э.Энхсоёмбын хулгайлсан айфоне 6 маркийн гар утсыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч мөнгө угаах гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Т, Э.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Э.Нгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ...прокурорын газраас Г.Т нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй дараах байдал тогтоогдлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад: “Прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрөх эсэх;” гэж заажээ. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг үйлдсэн этгээдэд оногдуулах ял, ялын төрлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хууль тогтоогчийн зүгээс тусгайлан зааж өгсөн байх ба уг ялын төрөлд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх асуудлыг оруулан тусгаж өгөөгүй байна.
Иймд прокурор Г.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авахыг тохирсон нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй гэж шүүх үзэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт: “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дуугар зүйлийн 1 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно:” гэж тус тус заасан байна.
Дээрх хуулийн хэсэг, заалтуудыг нэгтгэн дүгнэвэл Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуулинд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ авах зэрэг нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудал гэж ойлгохоор байна. Иймд шүүгдэгч Г.Т, Э.Э, Э.Н нарт холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Г.Т, Э.Э, Э.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор Н.Дуламсүрэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурор шүүгчийн захирамж нь хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэж байгаа. Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ялын төрлийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлд албадлагын арга хэмжээний төрлийг тус тус хуульчлан тогтоосон байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болох түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болохыг тус тус хуульчлан тогтоожээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ”;
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт "Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана” гэж тус тус хуульчилсан байна.
Хуулийн дээрх заалтуудаас үзэхэд прокурор нь яллагдагчид эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх талаар санал тохирох бүрэн үндэслэлтэй бөгөөд шүүх шүүгдэгч нь прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэхийг хянаж үзэхээр байна.
Иймд анхан шатны шүүхийн хуулинд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ авах зэрэг нь зөвхөн шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудал гэж үзсэн нь хуулийн үндэслэлгүй байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 1177 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.
Шүүгдэгч Г.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “хэлэх зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “хэлэх зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Э.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “хэлэх зүйлгүй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч Г.Т, Э.Э, Э.Н нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээс, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдаагүй нөхцөл байдал тогтоогдлоо гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Давж заалдах шатны шүүх хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянадаг эрх хэмжээтэйгээс гадна, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах шийдвэрийн аль нэгийг гаргадаг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн хуульчлан заасан ба тэдгээрийг зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолдог хэдий ч шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тохиолдолд хэргийг прокурорт буцаах үндэслэл болдог.
Шүүгдэгч Г.Т, Э.Э, Э.Н нарт холбогдох хэргийг хянахад шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, дахин мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай байх тул энэ магадлалд заасан дараах ажиллагааг хийх шаардлагатай гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Билигсайхан “...Одхүүг түлхэж унагаад Батзоригийг нэг удаа өшиглөөд намайг заамдаж авахаар нь бид хэд майхнаа хаяад төв зам бараадаад зугтаасан. ...10 минутын дараа майхандаа ирээд утсаараа ярих гэхэд майхан дотор байсан миний iphone 6s болон найз нарын iphone 6s утас 2 ширхэг, LG-5 гар утас 1 ширхэг байхгүй болсон байсан. ...” /хх 12/,
хохирогч Ц.Даниел “...Батзоригийг нэг нь гэнэт хавираад унагахаар нь би босгож ирсэн. Тэгээд бид нар зугтаагаад 5-10 минутын дараа ирэхэд нөгөө хүмүүс явчихсан байсан. ...утаснуудаа үзтэл байхгүй байсан. ...” /хх 21/,
хохирогч Э.Одбаяр “...намайг нэг нь гэнэт хавираад унагахаар нь би босож ирсэн. Бид нарыг ер нь дээрэлхэх маягтай байсан. Тэгэхээр нь Билигсайхан бид хоёр хүн дуудах гээд зугтаагаад Даниел, Батзориг хоёр нөгөө хүмүүстэй үлдсэн. ...утаснуудаа хайтал байхгүй байсан. ...” /хх 24/,
хохирогч Г.Батзориг “...намайг нэг нь гэнэт хавирч унагахаар нь би буцаж босч ирсэн. Бид нарыг ер нь дээрэлхэх маягтай байсан. ...тэгээд утаснуудаа хайтал байхгүй байсан. ...” /хх 27/ гэж,
шүүгдэгч Э.Э “...тэгээд бид нар яваад очтол нэг охин, гурван залуу байхаар нь та нар юу хийж байгаа вэ...” /хх 32/,
шүүгдэгч Г.Т “...тэгээд бид нар яваад очтол нэг охин, гурван залуу байхаар нь та нар юу хийж байгаа вэ...” /хх 34/,
шүүгдэгч Э.Н “...тэгээд бид нар яваад очтол нэг охин, гурван залуу байхаар нь та нар юу хийж байгаа вэ...” /хх 36/ гэх мэдүүлгүүдэд прокуророос огт дүгнэлт хийгээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заажээ.
Дээр дурдсан мэдүүлгүүдийг харьцуулан дүгнэвэл хэргийн бодит байдал, үйл баримттай тохирсон эсэхийг дүгнэх боломжгүй, эргэлзээтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж хуульчилжээ.
Прокурор шүүгдэгч Г.Т, Э.Э, Э.Н нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн зарим мэдүүлгийг үндэслэж, хэргийн нөхцөл байдал, үйл баримтыг тогтоож, тэднийг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн атлаа шүүгдэгчдийн зарим болон хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэгт дүгнэлт хийлгүй орхигдуулжээ.
Шүүгдэгч, хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгийн зөрүүг арилгаснаар хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой.
Гэмт хэрэгт хамтран оролцогч тус бүрийн үйлдэл нь бие биенийхээ үйлдлийг дэмжсэн, харилцан уялдсан байх бөгөөд тэдний тус бүрийн үйлдэл нийгэмд аюултай, тухайлбал гэмт хэргийн үр дагаврыг бий болгоход зохих хувь нэмэр оруулсан нөхцөлд гэмт хэрэгт хамтран оролцогч болно.
Хамтран оролцогчид гэмт хэрэг үйлдэж байгаагаа мэдсэн, үйлдлийнхээ хор аюулыг ухамрласан байдаг бөгөөд оролцсон оролцооны хэлбэр нь тухайн этгээдийн гүйцэтгэсэн үүргээс шалтгаалж идэвхтэй, зарим нь идэвхгүй буюу эс үйлдэхүйгээр илэрдэг юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд гэмт хэрэгт хамтран оролцох нөхцөл байдал, оролцооны хэлбэрийг нэг бүрчлэн хуульчилж, гэмт хэрэгт оролцсон байдлаас шалтгаалан оногдуулах ял шийтгэл ялгамжтай байдаг.
Иймээс мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч нарын гэмт хэрэгт хэрхэн хамтран оролцсон оролцоо тус бүрийг дахин нягтлан шалгах.
Шүүгдэгч Г.Т, Э.Э, Э.Н нар хохирогч нарт хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийх ямар зорилготой байсан, үүний улмаас хохирогч нар байрлаж байсан газраас зугатааж, тэдний эд зүйлийг хууль бусаар авах боломж нөхцөл бүрдсэн байдал, эд зүйлүүд майханд байсан эсэхийг нарийвчлан тогтоож, өөр гэмт хэргийн шинжтэй болоход дүгнэлт хийх.
Гэмт хэрэг гарсан цаг хугацаанд эмэгтэй хүн байсан эсэх, хэрэв байсан тохиолдолд түүнээс хэргийн нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай.
Эдгээрийг шалгаж тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, ...хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэсэн тухайн хуулийн зорилгод нийцэх юм.
Иймд прокурор Н.Дуламсүрэнгийн бичсэн “...анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах...” тухай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 2020/ШЗ/1177 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Н.Дуламсүрэнгийн бичсэн 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 38 дугаартай дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ