| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Александрын Сарангэрэл |
| Хэргийн индекс | 128/2026/0223/З |
| Дугаар | 221/МА2026/0656 |
| Огноо | 2026-09-16 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2026/0656
М.Обын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч З.Ганзориг
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Б.Тунгалагсайхан
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Чб
Нэхэмжлэгч: М.Об
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “М.Обт сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/42 дугаар тушаалыг хууль бус тул хүчингүй болгуулах, урьд эхэлж байсан Орхон аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 459 дүгээр шийдвэртэй,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч М.Об, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Чб, Д.Дб, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эч, Э.Бц, хариуцагчийн өмгөөлөгч Т.Мб
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Дөлгөөн
Хэргийн индекс: 128/2026/0223/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 459 дүгээр шийдвэрээр:
Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8, 48 дугаар зүйлийн 48.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.2, 15 дугаар зүйлийн 15.2, 17 дугаар зүйлийн 17.1, 17.1.1, 18 дугаар зүйлийн 18.9, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 10 дугаар зүйлийн 10.1, 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.5, 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.4 дэх хэсэг, заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Обын “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн М.Обт сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/42 тоот тушаалыг хууль бус тул хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Чбаас шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:
2.1.“...М.Обын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2026/0459 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс энэхүү гомдлыг гаргаж байна. Тус шүүхийн шийдвэрийг 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдөр гардаж авсан болно. Нэхэмжлэгч М.Об нь 1997 оноос төрийн байгууллагад тасралтгүй 30 жил ажилласан төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд түүнийг үр бүтээлтэй, тууштай ажилласныг нь төр засгаар өндрөөр үнэлж, холбогдох бүхий л шагналуудыг өгсөн байдаг. Сүүлийн жилүүдэд нэхэмжлэгч эрүүл мэнд болон тэтгэвэрт гарах нас болсон тул тэтгэвэрт гарах хүсэлтээ өгч тэтгэврээ тогтоолгох гэж байсан. Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/42 дугаар тушаалаар түүнийг үндэслэлгүйгээр төрийн албанаас халсан. Энэ нь түүний хөдөлмөрлөх, төрийн алба хаах, цалин хөлс авах, тэтгэвэр тогтоолгох, тэтгэмж авах зэрэг эрх, төрийн албан хаагчийн үндсэн болон нэмэлт баталгааг шууд хөндөж, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн.
2.2.Маргаан бүхий 5/42 дугаар тушаал болон хариуцагчийн шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгчийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Ёс зүйн дэд хорооны 2026 оны 01 дүгээр дүгнэлт болон Дотоод хяналт шалгалтын 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1/440 дүгээр илтгэх хуудсыг тус тус үндэслэн нийт 3 зөрчил гаргасан гэж үзэн сахилгын шийтгэл ногдуулсан байдаг.
2.3.Мөн нэхэмжлэгчийн зүгээс Ёс зүйн дэд хорооны дүгнэлт болон дотоод хяналт шалгалтын илтгэх хуудсыг эс зөвшөөрч маргах гэсэн боловч Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, захирамжилсан шийдвэр биш, мөн захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн “захиргааны акт биш" гэж эцэслэн дүгнэж, шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолууд байдаг тул тусдаа нэхэмжлэлийн шаардлага гаргалгүй, харин “дээрх Илтгэх хуудас үндэслэлгүй, Ёс зүйн дэд хороо болон түүний гишүүд хууль бус, Ёс зүйн дэд хорооны дүгнэлт захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн эрх зүйн алдаатай тул маргаан бүхий тушаалын үндэслэл болох ёсгүй, нэхэмжлэгч ажлаас халагдах зөрчил гараагүй" гэсэн үндэслэлээр маргасан.
2.4.Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д "төрийн албан хаагчийн ёс зүйн хариуцлага" гэж энэ хуульд заасан ёс зүйн зөрчилд хүлээлгэх арга хэмжээг" гэж заасан. Хэрвээ хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг үндэслэж, нэхэмжлэгч М.Обыг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэн юм бол Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан 16.1.1-16.1.4-д заасан ёс зүйн хариуцлагын аль нэгийг ногдуулах ёстой. Гэвч нэхэмжлэгч дээрх дүгнэлтэд дурдаж буй ёс зүйн зөрчлийг гаргаагүй, гаргасан гэдгийг Ёс зүйн дэд хороо тогтоогоогүй, анхнаасаа хууль бусаар байгуулагдсан Ёс зүйн дэд хороо хяналт шалгалт хийж үндэслэлгүй дүгнэлт гаргасан, урьд өмнө нь нэхэмжлэгч ёс зүйн хариуцлага хүлээж, шийтгүүлж байгаагүй байхад хуулийг буруу хэрэглэж, ёс зүйн хариуцлага бус хамгийн хүнд "Ажлаас халах" сахилгын шийтгэлийг ногдуулсан.
2.5.Тодруулбал, Ёс зүйн дэд хорооны дүгнэлтэд: "... Албан хаагчийн түр эзгүйд түүний албан үүргийг орлон гүйцэтгэх албан хаагчийн нэрсийн жагсаалтыг батлах тухай" тушаалын хоёрдугаар хавсралтад Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга М.Обын түр эзгүйд Иргэний улсын бүртгэлийн тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгч О. Ү албан үүргийг түр орлон гүйцэтгэх албан тушаалаар батлагдсан боловч БНХАУ-ын Хөх хот руу эрүүл мэндийн үзлэгт хамрагдахад хамт явах тухайгаа байгууллагын даргад ирүүлсэн “Чөлөө хүсэх тухай” өргөдөлдөө дурдаагүй, мэдэгдээгүй”, “... Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 2535 дугаартай “Бүртгэл хүчингүй болгох” дүгнэлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газар, Иргэний бүртгэлийн газар ирүүлээгүй нь дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон, мөн хэлтсийн дарга М.Обын ирүүлсэн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн тайлбарт дээрх дүгнэлттэй танилцаагүй тухай дурдагдаагүй тул улсын бүртгэгчийн улсын бүртгэлийн хууль, тогтоомж зөрчсөн үйлдлийг мэдэж байсан ...” гээд М.Обыг ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэсэн байдаг.
2.6.Гэтэл Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нэхэмжлэгчийг эзгүйд түр орлон гүйцэтгэх хүнээр О.Үгийн нэрийг огт явуулаагүй, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/42 дугаар тушаал, түүний хавсралт болох нэрсийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст танилцуулж, цахим болон бичгэн хэлбэрээр огт ирүүлж байгаагүй. Тус 2025 оны Б/42 дугаар тушаал Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст ирээгүй, түүнийг танилцуулаагүй болох нь Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн бичиг хэргийн эрхлэгчийн хөтөлдөг О@burtgel.gov.mn хаяг болон байгууллагын Ирсэн бичгийн дэвтэрт хийсэн шүүхийн үзлэгээр шууд тогтоогдсон бөгөөд холбогдох баримт, үзлэгийн тэмдэглэл хэрэгт нотлох баримтаар авагдсан.
2.7.Мөн нэхэмжлэгч 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр "Чөлөө хүсэх тухай" хүсэлтээ холбогдох хууль, журамд заасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад гаргасан. Уг хүсэлтийг газрын дарга хүлээн авч зөвшөөрч чөлөө олгосон. Харин Орхон аймгийн бүртгэлийн байгууллагын ажилтан, албан хаагч нар нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтээс цаг хугацааны хувьд сүүлд 6 хоногийн дараа буюу 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар "Хөх хотод эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, шинжилгээ өгөх" саналыг О.Сгаргасныг бүгд дэмжсэн. Улмаар нэхэмжлэгч ажил үүрэг нь тасалдахгүй хэвийн үргэлжлэх боломжтой эсэх талаар судалж, танилцуулах үүргийг 2 тасгийн даргадаа өгсөн байдаг. Тасгийн дарга нар ажил тасалдаж, чирэгдэл учрахгүй, ажил хэвийн явуулах орлон ажиллах албан хаагчид байгаа тухайгаа нэхэмжлэгчид танилцуулсан тул 2025.10.24-ний өдөр буюу нэхэмжлэгч хүсэлт гаргаснаас хойш 16 хоногийн дараа хүсэлт гаргасан нэр бүхий албан хаагчдад 5 хоногийн хугацаатай чөлөөг “Хөдөлмөрийн дотоод журамд 18.9/ зааснаар хэлтсийн дарга М.Об олгож, даргын эзгүйд түр орлон ажиллах хүнээр захиргааны ахлах мэргэжилтэн Ө.Гийг томилсон удирдамж үлдээн 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гүйцэтгэх ажлыг жагсаан бичиж, тамга, тэмдэг хүлээлгэн өгч гарын үсэг зуралцсан. Тус баримт 1ХХ-ийн 38 дугаар хуудаст нотлох баримтаар авагдсан байгаа.
2.8.Иймд нэхэмжлэгч Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад 2025 оны 10 Дугаар сарын 08-ны өдөр гаргасан “Чөлөө хүсэх тухай” өргөдөлдөө энэ талаар дурдах, мэдэгдэх боломжгүй бөгөөд аялал, зугаалгаар огт яваагүй, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд л хамрагдсан. Энэхүү эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамрагдах 5 хоногийн хугацаанд улсын бүртгэлийн үйл ажиллагаа, төрийн алба тасалдаж, хэн нэгнийг чирэгдүүлсэн гэх алдаа дутагдал болон өөр ямар нэгэн зөрчил огт гараагүй. Мөн БНХАУ-ын Хөх хотод эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдахдаа тус хэлтсийн алба хаагчид Монгол Улсын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргаагүй, явахынхаа өмнө бичиг хэргийн ажилтан Т.Саар дамжуулан Орхон аймгийн тагнуулын газрын холбогдох ажилтан "Ү....."-д мэдэгдэхэд “... ойлголоо буцаж ирэхээрээ "Илтгэх хуудас" бичиж өгөөрэй" гэсэн. Эмнэлгийн үзлэг, шинжилгээнд хамрагдаад буцаж ирээд “Илтгэх хуудас"-аа өгөх гэж байхад дотоод хяналт, шалгалт хийгдсэн ба энэ талаар бичиг хэргийн ажилтан Т.С болон бусад хүнээс хяналт шалгалтын ажилтан нар огт асууж, тодруулаагүй. Энэ нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр шууд нотлогдоно.
2.9.Түүнчлэн, хариуцагчаас шүүхэд ирүүлсэн нотлох баримтаас үзэхэд М.Обын "Чөлөө хүсэх тухай" хүсэлтийг түүний өмнөөс Ж.Пн гэдэг хүн 2025 оны 10 дугаар сарын яг хэдний өдөр гаргасан нь тодорхойгүй “Чөлөөтэй байх хугацааны ажлыг орлон гүйцэтгэх ажилтан" гэх хэсэгт "ИУБТД бөгөөд улсын ахлах бүртгэгч О.Ү" гэж бөглөж, гарын үсэг зурсан байдаг. /2ХХ-40 хуудас/
2.10.Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 2535 дугаартай "Бүртгэл хүчингүй болгох" дүгнэлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газар, Иргэний бүртгэлийн газар хүргүүлэх, хяналт тавих албаны чиг үүрэг нь Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга М.Обт бус хяналтын улсын байцаагч Б.Шб болон Иргэний улсын бүртгэлийн тасгийн дарга О. Ү нарт байдаг.
2.11.Нэхэмжлэгч дээрх хяналтын улсын байцаагчийн дүгнэлттэй огт танилцаагүй, өөр албан тушаалтны эрх, үүрэгт хөндлөнгөөс оролцож, дүгнэлтийг танилцуулах ёсгүй. Мөн улсын бүртгэгч А.Гчийг ажилд томилох, чөлөөлөх эрх бүхий этгээд биш, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар А.Гч нь сэлгэн ажиллахаар ирсэн бөгөөд түүнтэй холбоотой улсын байцаагчийн дүгнэлтийг нэхэмжлэгчид огт танилцуулж байгаагүй тул нуун дарагдуулсан зүйл байхгүй. Мэдсэн бол нэхэмжлэгч холбогдох арга хэмжээг шууд авах байсан. Энэ талаар нэхэмжлэгч хяналт, шалгалтын үед болон даргын зөвлөлийн хуралд маш тодорхой тайлбарлан хэлсэн. Үүнтэй холбоотой хяналтын улсын байцаагч Б.Шбын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ирүүлсэн тайлбарт “... улсын бүртгэгч А.Гчийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гаргасан өргөдлийн дагуу хяналт шалгалт хийж, ... "Бүртгэл хүчингүй болгох" 2535 дугаартай дүгнэлтийг 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр бичиж, дүгнэлтийн төслийг хянуулахаар программаар илгээсэн, 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Хяналт шалгалтын газрын улсын ахлах байцаагч Х.Эт нь улсын бүртгэгчид сахилгын шийтгэл оногдуулах саналыг дүгнэлтэд тусгуулан баталгаажуулсан тухайн үед би хяналтын улсын байцаагчийн ажлыг хүлээж аваад удаагүй байсан. Хяналтын улсын байцаагчийн ажлын ачаалал их байсан учир дүгнэлтийн хувийг холбогдох газарт хүргүүлээгүй орхигдуулсан байна. ..." гэж өөрийн буруугаа хүлээсэн тул түүнд "Нийт ажилтанд сануулах" сахилгын шийтгэл ногдуулсан. Харин О. Үд хариуцлага тооцоогүй.
2.12.Мөн Орхон аймгийн УБ хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Шуурхай хурлын №03 дугаар тэмдэглэлд “... Захиргааны ахлах мэргэжилтэн Ө.Г: “... Албан тушаалын тодорхойлолт дээр албан хаагчид хэлтсийн даргыг мэргэжлийн удирдлага, мэдээллээр хангана гээд заасан байдаг. Саяны захиргааны ахлахын сургалт дээр хэлсэн хамгийн эхэнд асуудлаа мэдэгдэх хүн нь хэлтсийн дарга шүү гэж хэлж байсан. Хэлтэс дээр болж байгаа ямарваа нэгэн асуудлыг бол нууж дарах гэхээс илүү хэлтсийн даргад хэлэх ёстой.”, Хэлтсийн дарга М.Об: “... Би мэдсэн бол шууд Гчийг дуудаж оруулж ирээд арга хэмжээ ав гээд л хэлнэ. Иргэн рүү утасдана”, Улсын ахлах бүртгэгч О.Ү: “... Одоо яг энэ тохиолдолд бүртгэлийг хүчингүй болгосон бүртгэл гарах юм бол чиг үүргийнхээ дагуу ерөнхий газар руу иргэний бүртгэлийн чиглэлийн газар луугаа би дүгнэлтээ явуулж бүртгэлийг хүчингүй болгоно. Ахлах бүртгэгчийн хувьд за тэрийгээ явуулаад хүчингүй болгосон. Тэр дүгнэлтийнхээ дагуу дээшээ явуулах ажил бол хяналтын байцаагчийн ажил”, Хэлтсийн дарга М.Об: “... Тэгээд надад танилцуулдаггүй юм уу?”, Улсын ахлах бүртгэгч О.Ү: “... би одоо хяналтын байцаагчийг мэдэж байгаа юм болов уу гэж бодсон ш дээ би Шбт хэлсэн ш дээ, явуулсан хяналтын улсын байцаагч мэдэж байгаа юм байх гэж бодсон ш дээ”, Хэлтсийн дарга М.Об: “... Чи танилцуулах үүрэгтэй юм байгаа биз дээ, Ажлын байрны тодорхойлолтод байгаа биз дээ...”, Улсын ахлах бүртгэгч О.Ү: “... тэрэн дээр бол би хайхрамжгүй ханджээ. Бүртгэлээ хүчингүй болгуулаал дараагийн бүртгэлийг аваа л иргэн гадаад паспортаа аваа л тэгээл би болчлоо гээ л яг тэгж л бодсон тэрэн дээр танд танилцуулаагүй нь хайхрамжгүй хандсан.” гэж маш тодорхой хэлсэн байдаг. Уг тэмдэглэл хэрэгт нотлох баримтаар авагдсан.
2.13.Үүнээс үзэхэд дотоод хяналт шалгалт болон Ёс зүйн дэд хороо хяналт, шалгалтыг бүрэн гүйцэт хийгээгүй гэдэг нь шууд тогтоогдоно. Энэ талаар хариуцагчийн өмгөөлөгч 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 11:00 цагт болсон шүүх хуралдаанд “... бодит нөхцөл байдлыг бүрэн гүйцэт тогтоогоогүй” гэсэн агуулга бүхий тайлбарыг хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх ажиллагааг шүүхээр нөхөн гүйцэтгүүлэхээр хүсэлтүүд гарган маргасан боловч шүүх хүсэлтийг нь хангаагүй.
2.14.Хэрвээ нэхэмжлэгчийг дээрх зөрчлийг гаргасан гэж үзсэн тохиолдолд зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан үзэж холбогдох хариуцлагыг ногдуулах ёстой. Гэхдээ дээр дурдсанаас нэхэмжлэгч тухайн асуудлыг мэдээгүй, түүнд огт танилцуулаагүй.
2.15.Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1- д "Төрийн албаны хаагчийн ёс зүйн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Эрүүгийн хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ", 11 дүгээр зүйлийн 11.6-д “Ёс зүйн хороо нь төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар дараах бүрэн эрхтэй", 11.6.7-д "Ёс зүйн дэд хорооны ажиллах журмыг батлах" гээд, Монгол Улсын Ёс зүйн дэд хорооны 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар тогтоолоор батлагдсан “Ёс зүйн дэд хорооны ажиллах журам"- ын 6.13-д "Дэд хороо нь дүгнэлтийг тухайн хуралдаан болсноос хойш ажлын 2 хоногийн дотор албажуулна", 6.16-д "Дэд хороо нь дүгнэлтийг албажсан өдөрт багтаан албан бичигт хавсарган цаасан болон цахим шуудангаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлнэ", 6.18-д "Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шийдвэр гаргана" гэж тус тус заасан.
2.16.Иймээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын Ёс зүйн дэд хороо нь шийдвэр гаргах ажиллагааг хэрэгжүүлэхдээ тус журамд заасан процедурыг зайлшгүй баримтлах үүрэгтэй. Гэвч хариуцагч дээрх журмыг зөрчиж, дүгнэлт гарч хүргэгдсэнээс хойш ажлын 5 өдрийн дотор ёс зүйн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргаагүй. Иймд хариуцагч Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг тушаалын үндэслэл болгох боломжгүй, хууль зүйн үндэслэлгүй. Ёс зүйн дэд хорооны дүгнэлт 2026.01.12-нд гарсан, маргаан бүхий тушаал 2026.01.26-нд буюу 14 хоногийн дараа гарсан. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн маргаж буй уг хууль зүйн үндэслэлтэй холбоотой ямар ч дүгнэлт хийлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотой захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал байдаг. /2025.09.23-ны 128/ШШ2025/0643-р шийдвэр, 2025.12.03-ны 221/МА2025/0756-р магадлал/
2.17.Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Ёс зүйн дэд хороо нь байгууллагын албан хаагчийн тооноос хамааран 3-7 гишүүнтэй байх бөгөөд гишүүд дотроосоо даргаа сонгоно", 13.2-т "Нийт албан хаагчдын олонхын дэмжлэг авсан хүнийг Ёс зүйн дэд хорооны гишүүнээр таван жилийн хугацаагаар сонгоно" гэж, "Ёс зүйн дэд хорооны ажиллах журам"-ын 2.1-д "Дэд хороо нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасны дагуу байгууллагын нийт албан хаагчдын санал хураалтаас олонхын дэмжлэг авсан, сондгой тооны гишүүнтэй байна", 2.4-д "40 ба түүнээс цөөн төрийн албан хаагчтай байгууллагын дэргэдэх Ёс зүйн дэд хороо нь 3 гишүүн, 41-90 бол 5 гишүүн, 91-дээш бол 7 гишүүнтэй байна" гэж тус тус заасан.
2.18.Дээрх хууль, журмаас үзэхэд Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь нийт 25 албан хаагчдаасаа нээлттэй санал хураалт зохион байгуулж, холбогдох шаардлагуудыг бүрэн хангасан, олонхын дэмжлэг авсан 3 хүнийг 5 жилийн хугацаатай сонгож, хэлтсийнхээ дэргэдэх Ёс зүйн дэд хороо байгуулж, дарга болон нарийн бичгийн даргыг дотроосоо сонгох ёстой. Улмаар Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дэргэдэх Ёс зүйн дэд хороо нь холбогдох хууль, журмын дагуу М.Обыг зөрчил гаргасан эсэхийг хянан шалгаж, дүгнэлт гарган Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад хүргүүлэх ёстой байсан.
2.19.Гэвч ийм зүйл огт болоогүй, Улсын бүртгэлийн ерөнхий газраас хэлтсүүдийн дэргэд Ёс зүйн дэд хороо байгуулахыг зөвшөөрөөгүй бөгөөд зөвхөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэргэд Ёс зүйн хороог байгуулна гээд аймаг, нийслэл, дүүргийн улсын бүртгэлийн байгууллагын нийт 1263 албан хаагч нарын дунд нээлттэй санал хураалт зохион байгуулалгүй, олонхын дэмжлэг аваагүй, илт ашиг сонирхлын зөрчилтэй, ерөнхий газрын албан хаагчдыг шууд нэр заан хууль бусаар Ёс зүйн дэд хороог байгуулсан. Уг хууль зөрчиж байгуулагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Ёс зүйн дэд хороо Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хяналт шалгалтыг нэр төдий хийж, огт үндэслэлгүй, илт хууль бус дүгнэлтийг гаргасан. Тэгэхээр уг дүгнэлтийг үндэслэж гарсан маргаан бүхий Б/42 дугаар тушаал хүчингүй болох ёстой.
2.20.Үүнтэй холбоотой Нотлох баримтыг гаргуулахаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүхэд хүсэлт гаргасныг хангаж, хариуцагчаас нотлох баримт шаардсан боловч хариуцагч шүүгчийн захирамжийн үл биелүүлж, баримтыг шүүхэд ирүүлээгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д зааснаар хариуцагч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй.
2.21.Мөн анхан шатны шүүх хуралдааны асуулт хариултын шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... Ёс зүйн дэд хороог байгуулахдаа улсын бүртгэлийн газрын харьяа аймаг, нийслэл, сум, дүүргийн нийт 1263 ажилтан, алба хаагч нарын дунд нээлттэй сонгон шалгаруулж, олонхын дэмжлэг авсан хүнийг сонгоогүй" " гэдгээ шууд хэлсэн.
2.22.Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т "Гомдол, мэдээлэлд төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан нөхцөл байдлын талаар тодорхой дурдаж, өөрт байгаа бол нотлох баримтыг хавсаргасан байх бөгөөд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байна", 15 дугаар зүйлийн 15.3-д “Ёс зүйн зөрчлийг хянан шалгах ажиллагааны явцад тухайн асуудал нь гэмт хэргийн, зөрчлийн, сахилгын шинжтэй бол гомдол, мэдээллийг холбогдох материалын хамт зохих байгууллага, эрх бүхий албан тушаалтанд шилжүүлнэ.", 15.5-д "Иргэний гомдол, мэдээлэл гаргахтай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад харилцааг Захиргааны ерөнхий хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу зохицуулна" гэж тус тус заасан. Хэрэгт авагдсан Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийн ТОДОРХОЙЛОХ нь хэсэгт "...Ажлын хэсгийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1/1440 дүгээр "Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст дотоод хяналт шалгалт хийсэн тухай "Илтгэх хуудас"-ын удирдлагын шийдвэр хэсэгт ... мэдээллүүдийг ирүүлсэн" гэдэг.
2.23.Иймд тус мэдээлэл нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлыг хангасан байх ёстой бөгөөд энэхүү мэдээллийг тухайн байгууллагын бичиг хэрэг хариуцсан ажилтан хүлээн авч, дарааллын дагуу бүртгэж, хэрвээ шаардлага хангаагүй бол мэдээллийг хянан үзэхгүйгээр буцаах ёстой. Харин шаардлага хангаж байгаа бол хууль, журамд заасны дагуу мэдээллийн дагуу хяналт шалгалт хийж, дүгнэлтээ гаргана. Гэвч үүнтэй холбоотой баримтуудыг хариуцагч шүүхэд нотлох баримтаар ирүүлээгүй. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Ёс зүйн дэд хороо нэхэмжлэгч М.Обыг ёс зүйн зөрчил гараагүй, харин сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн юм бол дээрх хуульд зааснаар тухайн мэдээллийг холбогдох материалын хамт зохих байгууллага, эрх бүхий албан тушаалтанд шилжүүлэх ёстой.
2.24.Ингэснээр Төрийн албаны тухай хууль болон Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 2.1, 2.2, 2.3, 2.4, 2.5, 2.6, 2.7-д тус тус зааснаар сахилгын зөрчлийн шинжтэй үйлдлийг хянан шалгах албан тушаалтан хяналт, шалгалт хийж, надаас бичгээр тайлбар авч, шаардлагатай мэдээ, мэдээллийг цуглуулж, зөрчлийн шинж байдал, учруулсан хохирлын хэмжээг тогтоох, цуглуулсан мэдээ, баримтад дүн шинжилгээ хийж, дүгнэлт гарган байгууллагын даргад танилцуулж, дараа нь шалгалтын материалыг надад танилцуулсны үндсэн дээр дүгнэлтийг нь үндэслэн эрх бүхий албан тушаалтан болох байгууллагын дарга тушаал гаргах ёстой. Гэвч эдгээр хууль, журамд заасан ажиллагаа огт хийгдээгүй, зөрчигдсөн тул маргаан бүхий тушаал хүчингүй болох ёстой.
2.25.Түүнчлэн, дотоод хяналт шалгалтыг удирдамжид заасан чиглэлээр хийгээгүй, удирдамжид зааснаар нийт 13 чиглэлээр шалгалтыг хийх байсан. Гэтэл эхлээд нэхэмжлэгчийг "ажилтан, албан хаагч нараас үндэслэлгүй мөнгө хурааж, татсан гэсэн гомдол, мэдээлэл ирсэн" гээд шалгалтаа эхлүүлсэн. Ингэхдээ хяналт, шалгалтыг ганц хүн рүү чиглүүлэн нэхэмжлэгчийг хууль бусаар тагнаж, чагнан хууль бус арга хэрэгслээр бичлэг хийсэн байсан. Энэхүү бичлэгээ Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хууль зүй, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Э.Ганбат нэхэмжлэгчид хальт сонсгоод, шууд хүчлэн тулгаж, мөрдөн байцаах маягаар хяналт, шалгалтыг явуулсан. Иймд уг бичлэг дээрх хүн нэхэмжлэгч мөн эсэх, ямар аргаар уг бичлэгийг хийсэн талаар нэхэмжлэгч лавлаж асуухад Э.Ганбат огт хариулаагүй..
2.26.Улмаар энэ асуудлаар Орхон аймгийн УБ хэлтсийн нэр бүхий 11 албан хаагч нараас 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад гомдол гаргасан. Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Хариу өгөх тухай” 1/13858 дугаар албан бичгээр "... тус хэлтсийн нэр бүхий албан хаагчдын гомдолд дурдсан асуудлыг шалгах, тогтоох эрх хуулиар олгогдоогүй тул хяналт шалгалтын ажиллагааг явуулах боломжгүй болно. Иймд гомдлоо эрх бүхий хууль, хяналтын байгууллагад хандан шалгуулах эрх тань нээлттэй болохыг мэдэгдье” гэсэн хариуг өгсөн.
2.27.Түүнчлэн нэхэмжлэгч өөрийг нь зөрчил гаргасан гэдгийг нотолсон гэх “Ажлын хүнтэйгээ дүрсээ харан утсаар ярьж байгаа” бичлэгтэй танилцах хүсэлт, гомдол гаргасан. Үүнд Улсын бүртгэлийн ерөнхий газрын хууль зүй, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Э.Ганбат нь 2025 оны 12 дугаар 25-ны өдрийн өдрийн 1-2/34 дүгээр албан бичгээр “... харин таны гомдолд дурдсан бичлэгийг надад өгөх боломжгүйг үүгээр уламжилъя” гэсэн ойлгомжгүй хариуг өгсөн байдаг.
2.28.Улмаар нэхэмжлэгч дээрх асуудлаар цагдаагийн байгууллагад хандахад байгууллагын дарга бичлэгээ зориуд устгасан байсан тул Эрх бүхий албан тушаалтны 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн тогтоолоор хүлээн авахаас татгалзсан тул прокурорт гомдол гаргасан.
2.29.Мөн хариуцагч хариу тайлбартаа М.Обыг "... албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн" гэдэг. Гэтэл намайг Ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээгээр 2021 онд 90.27-"А" буюу маш сайн, 2022 онд 86.7-"В" буюу сайн, 2023 онд 93 "А" буюу маш сайн, 2024 онд 94.5-"А" маш сайн, 2025 оны эхний хагас жил 87.40, сүүлийн хагас жил 81.1 буюу "В" сайн гэж үнэлсэн.
2.30.Иймд дээрх үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2026/0459 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/42 дугаар тушаалыг хүчингүй болгож, М.Обыг урьд эрхэлж байсан Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, маргаан бүхий захиргааны актыг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгч М.Обаас “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “М.Обт сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/42 дугаар тушаалыг хууль бус тул хүчингүй болгуулах, урьд эхэлж байсан Орхон аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргажээ.
2.Хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож буй маргааны үйл баримтын тухайд:
2.1.Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/202 дугаар тушаалаар[1] “...Сэлэнгэ, Булган, Эрдэнэт, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалт хийх үүрэг бүхий Ажлын хэсгийг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 07-ны өдрийг дуустал томилон ажиллуулах, хяналт шалгалт хийх бүрэлдэхүүнийг тус тус томилсон”-ны дагуу Дотоод хяналт шалгалтыг хийжээ.
2.2.Улмаар хяналт шалгалт хийсэн ажлын хэсгээс “Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст дотоод хяналт шалгалт хийсэн тухай” 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1/440 дугаар “Илтгэх хуудас”[2]-т “...М.Об нь Албан хаагчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар дээд шатны байгууллага, албан тушаалтанд хүргүүлээгүй, албан тушаалын тодорхойлолтод заасан “нэгжийн чиг үүрэгтэй холбоотой мэдээ, тайлан, судалгааг удирдлага болон зохион байгуулалтын нэгжид хүргүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 278 дугаар тогтоолын 13 дугаар хавсралтаар батлагдсан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалын тодорхойлолтод заасан “Хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хяналт тавих”, “Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журам болон бусад эрх зүйн актыг мөрдөж ажиллах” зэрэг зорилт, чиг үүргээ хэрэгжүүлээгүй” зөрчил гаргасан гэж үзэн “төрийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулах,
...мөн өөрийн авга дүү буюу өөрийн төрсөн ах Абын охин улсын бүртгэгч Гчт Төрийн албаны тухай хуульд зааснаар сахилгын шийтгэл ногдуулахгүй байх зорилгоор албан тушаалын эрх мэдлээ ашиглан хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт албан бичгээр хүргүүлэлгүй А.Гчт давуу байдал бий болгосон нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн ...гэснийг зөрчсөн тул байгууллагын дэргэдэх Ёс зүйн дэд хороонд шилжүүлэх саналтай байна” гэх саналыг хүргүүлжээ.
2.3.Уг илтгэх хуудасны удирдлагын шийдвэрт хэсэгт[3] “...М.Об нь чөлөө хүссэн өргөдөлд бусад 12 албан хаагчийн хамт гадаад улсад зорчих болсон мэдээ мэдээллийг мэдэгдээгүй, нуусан, аялал зохион байгуулсан, Хяналтын улсын байцаагчийн 2385 дугаар дүгнэлтийг эрх бүхий албан тушаалтанд танилцуулаагүй зөрчлийг Ёс зүйн дэд хороонд шилжүүлж дүгнэлт гаргуулах, ёс зүйн зөрчил гаргасан эсэх тухай Ёс зүйн дэд хорооны дүгнэлт, “бусад” сахилгын шийтгэлийг нэгтгэн хариуцлага тооцох тухай саналаа илтгэх хуудсаар танилцуулах” үүрэг өгчээ.
2.4.Улмаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Ёс зүйн дэд хороо дээрх илтгэх хуудсаар удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу шалгаад “...Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга М.Обыг Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.1, Ёс зүйн дэд хорооны 2024 оны 05 дугаар тогтоолоор баталсан “Ёс зүйн дэд хорооны ажиллах журам”-ын 6.12.5-д заасны дагуу мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8, 7.1.9, 7.1.10, 8.2.4, Засгийн газрын 2024 оны 109 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ”-ний 2.8.1, 2.10.6 дахь заалтыг тус тус зөрчсөн тул ёс зүйн зөрчил гаргасан” гэж дүгнэн Ёс зүйн дэд хорооны 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Ёс зүйн зөрчилд тооцох тухай” 01 дүгнэлт[4]-ийг гаргажээ.
2.5.Дээрх Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалт хийсэн үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хурлаар[5] хэлэлцэж “... М.Обыг Төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах, Ёс зүйн дэд хорооны дүгнэлт бусад баримтад үндэслэн Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн тушаал шийдвэр боловсруулахыг Тамгын газрын даргад даалгах”-аар шийдвэрлэсэн болох нь 2 дугаар тэмдэглэлд тусгагджээ.
2.6.Улмаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “М.Обт сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/42 дугаар тушаалаар[6] “...Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Мижиддоржийн Об холбогдох хуульд заасан хориглох заалтыг зөрчиж удирдлагаас өгсөн үүргийг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөж ажиллагаагүй нь дотоод хяналт шалгалт болон байгууллагын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны 2026 оны 01 дүгээр дүгнэлтээр тогтоогдсон тул 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулжээ.
Маргаан бүхий Б/42 дугаар тушаал нь“...Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, 39 дүгээр зүйлийн 39.12.2, 48 дугаар зүйлийн 48.1.4, 48.8 дахь хэсэг, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1.3.1, 1.3.2, 1.3.3, 1.5.3, 3.4.5, 6.1-т заасныг” тус тус үндэслэсэн.
Мөн даргын 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Тушаалд нэмэлт оруулах тухай” Б/214 дүгээр тушаалаар[7] “... М.Обт сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/42 дугаар тушаалын үндэслэл хэсгийн “...Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4, 48.8 дахь хэсэг” гэсний дараа “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.4, 16 дугаар зүйлийн 16.1.4 дэх заалт” гэж нэмжээ.
3. “БНХАУ-ын Хөх хот руу зорчсон тухайгаа удирдлагад мэдэгдээгүй, мэдээллийг нуун дарагдуулсан” гэх зөрчлийн тухайд:
3.1.Хариуцагч нэхэмжлэгчийг 12 албан хаагчдын хамт БНХАУ-ын Хөх хот руу зорчих болсон тухайгаа байгууллагын удирдлагад бүрэн мэдэгдээгүй, мэдээллийг нуун дарагдуулсан гэж буруутгажээ.
Гэвч хэрэгт авагдсан М.Обын 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад гаргасан өргөдөлд “Хятад улсын Хөх хотод эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдах болсон” талаар тодорхой дурдан, 2025 оны 10 дугаар сарын 27-ноос 31-ний өдрийг хүртэл 5 хоногийн чөлөө хүссэн байх бөгөөд түүнд уг чөлөөг эрх бүхий этгээдээс олгосон байна.
Үүнээс үзэхэд нэхэмжлэгч өөрөө гадаад улсад зорчих газар, зорилго, хугацаагаа байгууллагын удирдлагад урьдчилан бичгээр мэдэгдсэн байхад “гадаад улсад зорчих мэдээллийг нуун дарагдуулсан” гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
3.2.Хариуцагчаас “гадаад улсад зорчих тухайгаа нууцын асуудал хариуцсан ажилтанд тусгайлан мэдэгдэх ёстой байсан” гэх агуулгаар тайлбарлаж байгаа боловч байгууллагын даргаас чөлөө авах ажиллагаа болон төрийн болон албаны нууцтай холбоотой аюулгүй байдлын журмаар мэдээлэх ажиллагаа нь зорилго, зохицуулах харилцаа, эрх зүйн үр дагаврын хувьд ялгаатай байна.
Нэхэмжлэгч байгууллагын даргад гадаад улсад зорчих газар, хугацаа, зорилгоо бичгээр мэдэгдэж чөлөө авсан эсэх нь түүнийг аяллын талаарх мэдээллийг “нуун дарагдуулсан” эсэхийг тогтооход хамаарах бол нууцын асуудал хариуцсан ажилтанд тусгайлан мэдээлэх үүрэг байсан эсэх нь өөр журам, өөр үүргийн биелэлттэй холбоотой тусдаа асуудал юм.
Иймд нууцын асуудал хариуцсан ажилтанд мэдээлээгүй гэх нөхцөл байсан ч үүнийг байгууллагын удирдлагаас гадаадад зорчих мэдээллээ санаатайгаар нуун дарагдуулсан гэх өөр агуулгатай зөрчилтэй шууд адилтган үзэх боломжгүй.
3.3.Харин хариуцагч энэ үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгаж байгаа тохиолдолд нэхэмжлэгчид нууцын асуудал хариуцсан ажилтанд мэдээлэх ямар тодорхой эрх зүйн үүрэг үүссэн, уг үүргийг ямар хууль, дүрэм, журмын аль заалт тогтоосон, уг үүргээ биелүүлээгүй үйлдэл нь маргаан бүхий Б/42 дугаар тушаалд дурдсан аль зөрчилд хамаарч байгаа, уг зөрчилд нэхэмжлэгч ямар гэм буруутай болохыг тус тус тогтоох шаардлагатай.
Эдгээрийг ялган тогтоолгүйгээр “нууцын ажилтанд мэдээлээгүй” гэх үндэслэлээр “удирдлагаас гадаадад зорчих мэдээллээ нуусан” гэж дүгнэсэн маргаан бүхий акт нь зөрчлийн объектив шинжийг бүрэн гүйцэд тогтоож, дүгнээгүй гэж үзэхээр байна.
4. “Албан хаагчдыг Хөх хот руу авч явсан, аялал зохион байгуулсан” гэх зөрчлийн тухайд:
4.1.Нэхэмжлэгчийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн өргөдөл гаргаснаас хойш 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хэлтсийн хамт олны хурлаар О.Сарангэрэлээс Хөх хотод очиж эмнэлэгт үзүүлэх санал гаргаж, бусад албан хаагчид дэмжсэн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч анхнаасаа нийт албан хаагчдын гадаад аяллыг зохион байгуулж, энэ талаарх мэдээллийг удирдлагаас санаатай нуусан гэх зөрчлийн үндэслэл нь тогтоогдсон гэж үзэхээргүй байна.
4.2.Түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2023 оны А/1716 дугаар тушаалын хавсралтаар баталсан Хөдөлмөрийн дотоод журмын 8.9-д албан хаагчийн хувийн чөлөө хүссэн шалтгаан, нөхцөлийг харгалзан ажлын 5 хүртэл өдрийн чөлөөг нэгжийн дарга “Чөлөөний хуудас”-аар олгохоор зохицуулжээ.
4.3.Нэхэмжлэгч хэлтсийн даргын хувьд О.Ү, С.Жс, О.Сболон бусад нэр бүхий албан хаагчдад 5 өдрийн чөлөөг “Чөлөөний хуудас”-аар олгосон нь дээрх журмаар түүнд олгосон байгууллагын дотоод удирдлага, зохион байгуулалтын эрх хэмжээний хүрээнд хийсэн үйлдэл байх тул түүний ажилтнууддаа чөлөө олгосон үйлдлийг дангаар нь “аялал зохион байгуулсан” зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй.
4.4.Харин чөлөө олгохдоо хууль, журамд заасан тусгай нөхцөл, хязгаарлалтыг зөрчсөн гэж үзвэл хариуцагч ямар ажилтанд, ямар чөлөөг, ямар эрх хэмжээ хэтрүүлэн олгосон болохыг тус бүрд нь тогтоох шаардлагатай байжээ.
5. “Нэхэмжлэгч өөрийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх журмыг зөрчсөн” гэх зөрчлийн тухайд:
5.1.Хариуцагч урьдчилан батлагдсан хуваарийн дагуу нэхэмжлэгчийг түр эзгүйд түүний албан үүргийг түр орлон гүйцэтгэх үүрэг бүхий О.Үг хамт гадаад улсад авч явсан нь удирдлагын шийдвэрийг зөрчсөн гэж буруутгасан.
5.2.Хэрэгт авагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 3.7-д “орон нутгийн газар, хэлтсийн даргыг түр эзгүйд түүний албан үүргийг орлон гүйцэтгэх албан тушаалтны жагсаалт, ээлжийн амралтын хуваарийг аймаг, нийслэлийн Улсын бүртгэлийн газар, хэлтсийн дарга тус тус жил бүрийн 01 дүгээр сард баталж, Тамгын газарт хүргүүлнэ” гэж зохицуулжээ.
Энэ зохицуулалтаас үзвэл орон нутгийн хэлтсийн дарга түр эзгүй байх үед түүний чиг үүргийг тасралтгүй хэрэгжүүлэх зохион байгуулалтыг хийх нь тухайн хэлтсийн дотоод удирдлага, зохион байгуулалтын чиг үүрэгтэй холбоотой байна.
5.3.О.Ү нь тухайн жилийн жагсаалтаар нэхэмжлэгчийг орлон гүйцэтгэхээр урьдчилан хуваарьт заасан боловч О.Ү өөрөө чөлөө авсан нөхцөлд хэлтсийн үйл ажиллагааг тасралтгүй явуулахын тулд дараагийн ажилтанд тодорхой чиг үүргийг түр хариуцуулах боломж байсан эсэхийг Хөдөлмөрийн дотоод журам болон нэхэмжлэгчийн албан тушаалын тодорхойлолттой хариуцагчаас харьцуулан шалгаж зөрчилтэй эсэх дүгнэлтийг гаргахаар байтал энэ ажиллагааг явуулаагүй атлаа нэхэмжлэгчийг энэ үндэслэлээр буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна.
5.4.Хэрэгт авагдсан баримтаар М.Об 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр улсын бүртгэгч Ө.Гт орлон гүйцэтгэх ажил үүргийн хуваарийг тамга, тэмдгийн хамт хүлээлгэн өгсөн байна.
5.5.Иймд хариуцагч нь зөвхөн “О.Ү нь урьдчилан батлагдсан орлон гүйцэтгэгч байсан боловч хамт явсан” гэх үйл баримтаар хязгаарлалгүй, нэхэмжлэгчид хэлтсийн даргын хувьд өөрийн эзгүйд хэлтсийн хэвийн үйл ажиллагааг хангах зохион байгуулалтын арга хэмжээ авах эрх байсан эсэх, Ө.Гт ажил үүргийг хариуцуулсан нь уг хууль, журмаар тогтоосон эрх хэмжээний хүрээнд байсан эсэхийг тогтоож, дүгнэлт өгөх шаардлагатай байжээ.
5.6.Түүнчлэн О.Үг эзгүй байх үед Ө.Гт тодорхой чиг үүрэг хариуцуулсан ажиллагаа хууль, журамд нийцээгүй гэж үзсэн ч үүнээс болж хэлтсийн үйл ажиллагаа бодитоор тасалдсан эсэх, улсын бүртгэлийн үйлчилгээ доголдсон эсэх, бүртгэлийн болон нууц мэдээлэлд эрсдэл, хохирол үүссэн эсэх, ямар эрх зүйн үр дагавар гарсныг тогтоолгүйгээр уг зохион байгуулалтын ажиллагааг төрийн албанаас халах хэмжээний зөрчил үйлдсэн гэж нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болгосон нь үндэслэлгүй байна.
6. “Хяналтын улсын байцаагчийн 2025 оны 2585 дүгнэлтийг өөрийн хамаарал бүхий этгээдэд сахилгын шийтгэл ногдуулахгүй байх зорилгоор санаатай нуун дарагдуулсан” гэх зөрчлийн тухайд:
6.1.Хариуцагчаас хяналтын улсын байцаагч Б.Шбын “Бүртгэл хүчингүй болгох тухай” дүгнэлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын холбогдох нэгжид хүргүүлээгүй үйл баримтыг нэхэмжлэгч өөрийн хамаарал бүхий А.Гчт сахилгын шийтгэл ногдуулахгүй байх зорилгоор санаатай нуун дарагдуулсан гэж үзжээ.
6.2.Хяналтын улсын байцаагч Б.Шб өөрөө ажлын ачааллаас шалтгаалан дүгнэлтийн хувийг холбогдох газарт хүргүүлэлгүй орхигдуулсан гэж тайлбарласан, нэхэмжлэгч тухайн асуудлыг мэдээгүй байсан талаар мэдүүлсэн, О.Ү ч тухайн асуудалд хайхрамжгүй хандсан талаар тэмдэглэлд тусгагдсан объектив нөхцөл байдлууд хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
6.3.Гэвч дүгнэлт хүргэгдээгүй объектив нөхцөл байдал болон нэхэмжлэгч мэдэж байсан атлаа хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгох зорилгоор санаатай нуун дарагдуулсан гэх субьектив үйлдэл нь өөр хоорондоо ялгаатай юм. Энэхүү нэхэмжлэгчийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгосон гэх субьектив нөхцөлийг хариуцагчаас хэрэгт байгаа объектив нөхцөл байдлуудаас тусад нь тусгайлан нотолсны эцэст нэхэмжлэгчийг энэхүү үйлдэлд буруутгах шаардлагатай.
6.4.Тодруулбал, нэхэмжлэгч уг дүгнэлтийн талаар урьдчилан мэдэж байсан, хүргүүлэхгүй байхыг үүрэг болгосон, хүргүүлэх ажиллагаанд саад учруулсан, эсхүл өөрийн хамаарал бүхий А.Гчт давуу байдал бий болгох зорилгоор санаатайгаар нуун дарагдуулсан болохыг нотлох баримтгүйгээр Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8.2.4-т заасан санаатай үйлдлийг нэхэмжлэгч гаргасан гэж дүгнэх үндэслэлгүй юм.
6.5.Үүнээс гадна энэхүү маргаан нь А.Гчийг анх ажилд авсан, томилсон үйлдэлд бус, түүний гаргасан зөрчилтэй холбоотой хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг нуун дарагдуулсан эсэхэд хамаарч байх тул нэхэмжлэгч А.Гчтэй төрөл садны холбоотой гэх нөхцөл байдлыг тухайн 2585 дүгнэлтийг санаатай нуун дарагдуулсан гэдгийг тогтоох нотлох баримт мэтээр үнэлэх боломжгүй гэдгийг дурдах нь зүйтэй.
6.6.Түүнчлэн 2585 дүгнэлтийг хүргүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн Б.Шбт “сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан атлаа нэхэмжлэгчид төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байгаа ойлгомжгүй байгаа тул тухайн зөрчилтэй холбоотойгоор албан хаагч бүрийн оролцоо, гэм буруу, үйлдлийн шинж, үр дагавар юугаараа ялгаатай болох, нэхэмжлэгчийн үйлдэл яагаад хамгийн хүнд сахилгын шийтгэл ногдуулах хэмжээнд хүрснийг хариуцагч шалган тогтоож, үндэслэл бүрийг тайлбарлах шаардлагатай.
7.Сонсох ажиллагаа, маргаан бүхий акт бодит нөхцөлд тохирсон байх үндэслэлийн тухайд:
7.1.Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.”, 27.5-д “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна.” гэж заасан.
7.2.Захиргааны байгууллага сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргахдаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хэлбэрийн төдий хангах нь хангалтгүй бөгөөд оролцогчийн гаргасан тайлбар, нотлох баримт, тухайн хүний эрх зүйн байдалд шийдвэрээс үүсэх үр дагаврыг бодитой авч үзэж, шийдвэртээ тусгах учиртай.
7.3.Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч М.Об 1997 оноос төрийн байгууллагад тасралтгүй ажиллаж, төрийн албанд 30 орчим жил ажилласан, сахилгын шийтгэл ногдуулах үед тэтгэвэрт гарах нас, нөхцөл, баталгаатай холбоотой асуудал яригдаж байсан талаар нэхэмжлэгч талаас тайлбарласан байна.
Өөрөөр хэлбэл, маргаан бүхий акт нь нэхэмжлэгчийн зөвхөн тухайн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах эрхтэй хамааралтай бус, түүний тэтгэвэр тогтоолгох, төрийн албаны нийгмийн баталгаа, тэтгэмж авах зэрэг эрх, хууль ёсны ашиг сонирхолд шууд бөгөөд ноцтой үр дагавар бий болгосон шинжтэй байжээ.
7.4.Ийм нөхцөлд сонсох ажиллагааны зорилго нь зөвхөн “тайлбар авсан” гэх баримт бүрдүүлэх нөхцөлөөр хязгаарлагдахгүй. Хариуцагч нь нэхэмжлэгчийн төрийн албаны хөдөлмөр эрхлэлтийн байдлын хугацаа, нэхэмжлэгч тухайн албанд тогтвор суурьшилтай ажилласан байдал, өмнө нь сахилгын шийтгэл хүлээж байсан эсэх, тэтгэвэрт гарахтай холбоотой бодит нөхцөл байдал бий болсон эсэхийг зөрчил тус бүрийн шинж, гэм буруу, хор уршгийн байдалтай зэрэгцүүлэн тодруулж, төрийн албанаас халах хамгийн хүнд шийтгэлээс өөр нэхэмжлэгчийн эрхэд хохирол багатай атлаа сахилгын хариуцлагын зорилгыг хангах буюу тогтоогдсон зөрчлийн шинж байдалд тохирсон арга хэмжээ авах боломж байсан эсэхийг тогтоох шаардлагатай байжээ.
7.5.Гэтэл захиргааны байгууллага дээрх нөхцөлүүдийг шийдвэр гаргахдаа хэрхэн үнэлж, тогтоосон, яагаад хөнгөн төрлийн сахилгын шийтгэл хангалтгүй гэж үзсэн, нэхэмжлэгчийг заавал төрийн албанаас халах шаардлагатай байсан талаар маргаан бүхий акт болон түүний үндэслэл болсон баримтуудад хангалттай тайлбар, дүгнэлт хийгээгүй байна.
7.6.Иймд сонсох ажиллагаа нь нэхэмжлэгчийн тайлбарыг бодитой сонсож, түүнд ач холбогдол бүхий тэтгэвэрт гарах насанд хүрч байгаа, тэтгэвэр, тэтгэмжийн асуудал байгаа эсэх, зөрчлийн шинж байдал нь шууд төрийн албанаас халах хэмжээний гэдэг нөхцөл байдлуудыг нэг бүрчлэн маргаан бүхий шийдвэрт тусгах агуулгаар бүрэн хэрэгжсэн гэж үзэхээргүй байна.
8.Дүгнэхэд, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д сахилгын шийтгэлийг оногдуулахдаа “тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан” тохирох шийтгэлийг сонгохоор хуульчилсан.
Уг зохицуулалтын агуулгын хүрээнд төрийн албанаас халах шийтгэл ногдуулахдаа тухайн зөрчлийн шинж, ноцтой байдал, учруулсан үр дагавар, албан хаагчийн гэм буруугийн хэлбэр, анх буюу давтан үйлдсэн байдал болон бусад ач холбогдол бүхий нөхцөлийг цогцоор нь үнэлж, тогтоосон байх шаардлагатай.
Энэ хэрэгт хариуцагчаас нэхэмжлэгчийг буруутгасан зөрчлүүдийн зарим нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдоогүй, зарим үйл баримт тогтоогдсон боловч тэдгээр нь ямар сахилгын зөрчил болох, нэхэмжлэгчийн гэм буруугийн хэлбэр, үр дагавар ямар байсан нь бүрэн тогтоогдоогүй, нэхэмжлэгчийн эрх зүйн байдалд тодруулбал, түүний төрийн албанд болон тухайн байгууллагад олон жил ажилласан байдал, өмнө нь шийтгэл хүлээж байсан байдал, тэтгэвэрт гарахтай холбоотой нөхцөл байдлыг буюу маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд үүсэх үр дагаврыг сонсох ажиллагааны хүрээнд бодитой үнэлээгүй байна.
Өөрөөр хэлбэл, зөрчил гаргасан эсэх болон уг зөрчилд төрийн албанаас халах шийтгэлд тохирсон эсэх нь тусдаа шалгагдах эрх зүйн асуудал бөгөөд хариуцагч захиргааны байгууллага энэ хоёр асуудлыг хангалттай зааглан дүгнээгүй, нэхэмжлэгчийг буруутгасан хэд хэдэн өөр шинжтэй үйл баримтыг хооронд нь зааглан шалгаж, тус бүрийн объектив болон субьектив шинжийг тогтоогоогүй, тэдгээрийг бүхэлд нь нэгтгэн “удирдлагаас өгсөн үүргийг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөж ажиллаагүй” гэсэн ерөнхий үндэслэлээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байхад анхан шатны шүүхээс энэхүү маргаан бүхий актыг үндэслэлтэй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
9.Эдгээр үндэслэлээр хариуцагч захиргааны байгууллага маргаан бүхий актад дурдсан нэхэмжлэгчийг буруутгаж байгаа зөрчил бүрийг тогтоох, зөрчилтэй холбоотой нөхцөл байдлыг дахин тодруулсны үндсэн дээр нэхэмжлэгчид зөрчлийн шинж, нөхцөл байдалд тохируулан Төрийн албаны тухай хууль заасан сахилгын хариуцлагын төрлөөс тохирохыг нь сонгох эсэхийг шийдвэрлэх шаардлагатай бөгөөд уг нөхцөл байдал нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “М.Обт сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/42 дугаар тушаалыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 459 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасныг тус тус баримтлан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “М.Обт сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/42 дугаар тушаалыг дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.” гэж өөрчилж, шийдвэрийн Тогтоох хэсэгт “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон гурван сарын хугацаанд захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “М.Обт сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/42 дугаар тушаалыг хүчингүй болохыг дурдсугай.” гэсэн 2 дахь заалтыг нэмж, шийдвэрийн 2 дахь заалтын дугаарыг 3 болгон өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Чбын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа тус бүр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ