Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2022/0410

 

  

 

    2022          05             30                                        128/ШШ2022/0410

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         

            Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч.А****, /РД:ДЮ00000000/,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан гаргасан газрын маргаантай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ж****, хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т*** /танхимаар/, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж**** /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.А***нь Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргад хандан 2008 оноос хойш 10 гаруй удаа өргөдөл гаргасныг хүлээн авдаг ч шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй, хууль бус болохыг тогтоолгох, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 12/01 дугаартай шаардах хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох, “шаардах хуудас” нэртэй захиргааны актыг биелүүлсэн төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, дугуй засварын вагончикыг хуучин байранд нь эгүүлэн байрлуулахыг Дүүргийн газрын албанд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. 

2. Нэхэмжлэгч Ч.А****нь анх маргаан бүхий газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2004 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Газар ашиглах эрхийг шилжүүлэх тухай” 269 дугаар захирамжаар иргэн Б.М*****ээс Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, 9 дүгээр гудамж, 0,04 га талбай бүхий авто засварын газрыг  өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Улмаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Газрын зөрчил, дуудлага шийдвэрлэх тухай” А/141 дугаартай захирамжийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, байршил нь нийтийн эзэмшлийн зам талбай байгаа газрын мэдээллийн санд бүртгэлгүй, зохих зөвшөөрөлгүй газар гэсэн үндэслэлээр дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 12/01 дугаар бүхий “Шаардах хуудас” гаргаж, авто засварын газрыг албадан чөлөөлсөн байна. 

          3. Нэхэмжлэгч Ч.А***нь маргаан бүхий актыг эс зөвшөөрч урьдчилан

шийдвэрлэх ажиллагааны журмаар Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрхдүүргийн Газар зохион байгуулалтын албанд удаа дараа хандаж гомдол гаргасан боловч хамгийн сүүлийн байдлаар 2021 оны 09 дүгээр сарын 06-ны гомдлыг хангахаас татгалзан хариуг гардан авсан байна.

Нэхэмлэгч Ч.А***нь анх 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

4. Нэхэмжлэгч нь шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “... Маргаан бүхий газрыг 2004 онд Б.М***ээс шилжүүлэн авч хөгжлийн бэрхшээлтэй дүү Ч.Т***ийг ажлын байраар хангаж байсан. Манай дүү газрын төлбөрөө хуулийн дагуу төлсөөр ирсэн. Хууль дүрэм зөрчсөн, тусгай хэрэгцээнд газар авсан, дүүргийн Засаг даргын 2004 оны 269 дүгээр захирамжийг хүчингүй болгосон ямар нэг шийдвэр байхгүй. Гэтэл 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс газар чөлөөлөх мэдэгдлийг дүүргийн газрын албанаас өгсөн бөгөөд миний бие зохих байгууллагад удаа дараа хандан өргөдөл гаргахад тэр, энэ байгууллагад хандан өргөдөл гарга гэж маш их буцааж байсан. Газар чөлөөлөх Засаг даргын шийдвэргүй эсвэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албадан ажиллагаа хийлгүйгээр Газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн Д.Т*** гэгч 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр буюу нийтийн амралтын өдөр “Б****н” ХХК-ийн техник хэрэгслийг ашиглан олон хүний бүрэлдэхүүнтэйгээр дур мэдэн цахилгааныг таслан хүч түрэн шилжүүлсэнд гомдолтой байна.

4.1. Тухайн өдөр Дүүргийн цагдаагийн хэлтэст дуудлага өгөхөд цагдаагийн дэслэгч цолтой албан хаагч ирж, Д.Т***ээс “... газар албадан чөлөөлөх захирамж байна уу?” гэж асуухад Д.Т**** “Байгаа, авч ирэхээр хүн явсан” гэхэд цагдаагийн албан хаагч захирамжтай бол энэ ажиллагаанд оролцох боломжгүй гээд явсан. Миний дугуй засварын газрыг албадан чөлөөлөх асуудлаар Захиргааны ерөнхий хуульд заасан нөхцөл байдлыг тогтоох, сонсох ажиллагаа явуулах зэрэг үйл ажиллагаа хийгээгүй, ямар нэг шийдвэргүй гүйцэтгэж байгааг ашиг сонирхлын зөрчил байна гэж үзнэ. Одоог хүртэл албадан чөлөөлөх захирамж гаргаагүй байгаа. Манай хөгжлийн бэрхшээлтэй дүү Ч.Тодгэрэлийг ажлын байраар ханган амьдралд нь дэмжлэг болгодог байсан. Уг асуудлаар Баянзүрх дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргад өргөдөл гаргасан боловч хамгийн сүүлийн байдлаар Нийслэлийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 02-03/3818 дугаар албан бичиг ирүүлсний дагуу Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба 5 сард нүүлгэнэ гэсэн амлалт бичүүлэн байж, цахилгаанаа залгуулахаар болоход “О***” ХХК-ийн хүмүүс ирж миний өмчид халдан, цахилгааны тоолуураас утсыг салган хаяж ашиглах боломжгүй болголоо. Тухайн засварын газраас өдөртөө 85000-90000 төгрөгийн орлого олдог байсан юм.

4.2. Одоо цахилгаангүй учир ажиллах ямар ч боломжгүй болсон. Газрын албаны мэргэжилтэн Д.Т****ийн үйлдэл Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар миний хууль ёсны ашиг сонирхолд үндэслэлгүй халдаж, 105 хоногийн ажил алдуулж нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд дундаж байдлаар 9,918.750 төгрөгийн хохирол учраад байна.

Иймд 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Засаг даргын захирамжгүй Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн Д.Т*** миний ашиглалтын газраас нүүлгэн шилжүүлснийг илт хууль бус болохыг тогтоолгож, анхны байдалд эргүүлэн тогтоолгохыг даалгах, Ба**** дүүрэг 12 дугаар хорооны **** дүгээр гудамжинд надад эзэмшүүлэхээр олгосон 0,04 га газрын эзэмшигч болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ж**** шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “Шаардах хуудас”-ыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан нөхцөл байдлыг тогтоолгох, оролцогчдыг сонсох, сонсох үйл ажиллагаа явуулах зэрэг захиргааны байгууллагын зүгээс ямар нэгэн үйл ажиллагаа явуулалгүй гаргасан нь хууль зөрчсөн үйл ажиллагаа гэж үзэж байна. Мөн манай дугуй засварын газрыг чөлөөлөөд ямар нэгэн шийдвэргүйгээр “Бүргэд констракшн” ХХК-д олгон хашаа татсан байгааг илт хууль бус үйлдэл гэж үзэж байна. Шүүхийн хэлэлцүүлгийн үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Бүргэд констракшн” ХХК-д газар олгосон захирамжийг гаргуулах шаардлага гаргахад тэдэнд уг газрыг олгосон шийдвэр байхгүй гэж хариуцагч тайлбарлаж байснаас үзэхэд авилгал хээл, хахуультай холбоотой байхыг үгүйсгэх аргагүй юм.

Иймд Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 12/01 дугаар “Шаардах хуудас” илт хууль бус болохыг тогтоолгох, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр албадан газар чөлөөлсөн үйл ажиллагааг хууль бус болохыг, маргаан бүхий газарт шинээр газар олголт хийсэн үйлдэл хууль бус болохыг тус тус тогтоолгож дугуй засварын газрыг анхны байдалд эгүүлэн байрлуулахыг хариуцагч нарт даалгаж өгнө үү” гэжээ.

6. Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргалсайхан шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “... Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн  хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг ойлгохоор зохицуулсан. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж газар эзэмшүүлэх нөхцөлийг заасан. Харин 27 дугаар зүйлийн 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасны дагуу нэхэмжлэгчтэй газар ашиглуулах гэрээ байгуулж, гэрчилгээ олгогдоогүй бөгөөд Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасныг зөрчиж, газар ашиглаж байсан зөрчил гаргасан байна.

6.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгоно” гэж заажээ. Үүнээс үзвэл тухайн захиргааны байгууллагаас гаргасан шийдвэр нь хууль бус, бусдын ашиг сонирхлыг зөрчсөн байх ёстой.

6.2. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т заасны дагуу сонсох ажиллагаа хийхгүй байх үндэслэл бүрдсэн байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

7. Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргалсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч 2008 оноос хойш 10 гаруй удаа хүсэлт гаргасан гэдэг нь баримтаар тогтоогдоогүй. Баянзүрх дүүргийн Засаг даргын архивыг шүүж үзэхэд 2021 онд 6-8 сарын хооронд хоёр удаа хүсэлт гаргаж, нэг удаа өргөдөл гаргасан байдаг. Цаг хугацааны хувьд хүсэлтийг Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/141 дүгээр захирамж гарснаас хойш гаргасан байдаг. Өмнө нь гэрээ гэрчилгээ гаргуулж авах, газар ашиглах хугацаа сунгуулах асуудлаар огт хандаж байгаагүй нь харагдаж байна. Мөн нэхэмжлэгч шаардах хуудсыг захиргааны акт гэж үздэг. Шаардах хуудас захиргааны актын ямар ч шинж чанарыг агуулаагүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж заасан. Нэхэмжлэгч шаардлагадаа ямар захиргааны акт хууль зөрчөөд байгааг тодорхойлоогүй. Учир нь шаардах хуудас захиргааны актын шинжийг агуулаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

8. Хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т**** шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “... Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлгүй Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дүгээр заалт зөрчин үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд удаа дараа газар чөлөөлөх  тухай шаардах хуудсыг иргэн Ч.А***, Ч.Т*** нарт хүргүүлж байсан боловч заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй тул дүүргийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Газрын зөрчил, дуудлага шийдвэрлэх тухай А/141 дүгээр захирамжийн хүрээнд 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр шаардлага тавьж ажилласан” гэжээ.

9. Хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана”, 39 дүгээр зүйл “Газар эзэмших эрх дуусгавар болох”, 39.1.1 “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” гэж тус тус заасан. Үүний дагуу 12/01 дугаар мэдэгдэх хуудас гарсан. Мөн Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасны дагуу сонсох ажиллагаа хийсэн. Захирамжийг үндэслэлгүй гэдэг ч Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Газрын зөрчил шийдвэрлэх тухай” захирамж байдаг. Энэхүү захирамжийн хүрээнд газар чөлөөлөх ажиллагаа явагдсан. Бүрэн гүйцэд чөлөөлөгдөөгүй, хойшлуулахаар болсон” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:  

1. Нэхэмжлэл үндэслэлгүй байна.

  2. Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан  тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3. Нэхэмжлэгч Ч.Ань тус шүүхэд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг дарга нь 2008 оноос хойш 10 гаруй өргөдөл гаргасныг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, “Бүргэд констракшн” ХХК-нд дугуй засварын газрыг олгосон шийдвэр гаргасныг хууль бус болохыг тогтоолгох, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 12/01 дугаартай шаардах хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох, шаардах хуудсыг биелүүлсэн захиргааны байгууллагын үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, дугуй засварын вагончикыг хуучин байрлалд нь эгүүлэн  байрлуулахыг  даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлон маргаж байна.

3.1. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2004 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 269 дүгээр захирамжаар Б.Мөнх-Эндэнэ гэдэг хүнээс Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны 9 дүгээр гудамжинд байршилтай 0,04 га газрыг авто засварын зориулалтаар өөрийн нэр дээр шилжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй дүү Ч.Т***ийг ажлын байраар хангаж байсан. Газрын төлбөрийг хуулийн дагуу төлж байсан.

3.2. Газар чөлөөлөх Засаг даргын шийдвэргүйгээр Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь дур мэдэн, цахилгааныг тасалж, хүч түрэн нүүлгэн шилжүүлсэн.

3.3.  Гэрчилгээ олгож, гэрээ байгуулах хүсэлтийг 2008 оноос хойш удаа дараа гаргаж байсан. Ямар нэгэн хариу өгч байгаагүй. Баянзүрх дүүргийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргаж, хүчингүй болгох, эсвэл гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг даалгах шийдвэр гаргах ёстой.

3.4.  Баянзүрх дүүргийн Засаг даргын 2004 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 269 дүгээр захирамж хүчин төгөлдөр юм. Хууль хэрэгжүүлэгч байгууллага өөрөө хуулиа зөрчсөн. Хууль бус захиргааны актаар гүйцэтгэсэн гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус юм. Захиргааны ерөнхий хуулийн 83 дугаар зүйлийн 83.1.1-д “шийдвэр гүйцэтгэх эрхийг нотолсон шийдвэр байх” гэж заасан. Захиргааны байгууллагаас гаргасан шийдвэр, захиргааны шийдвэр гүйцэтгэл хууль бус юм

3.5. Засварын газрыг албадан чөлөөлөх асуудлаар Захиргааны ерөнхий хуульд заасан нөхцөл байдлыг тогтоох, сонсох ажиллагаа явуулаагүй ... “ гэж тайлбарлан  маргаж байна.

4. Нэхэмжлэгч нь шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан  “Бүргэд констракшн” ХХК-нд дугуй засварын газрыг олгосон шийдвэр гаргасныг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дэх хэсэгт зааснаар энэхүү татгалзсан хэсгийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

5. Маргаан бүхий Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 12/01 дугаартай шаардах хуудсаар Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэг, Хот байгуулалтын тухай хууль, холбогдох норм, дүрмийн заалтыг зөрчиж, холбогдох мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр явган хүний замыг хааж, дугуй засварыг нийтийн эдэлбэр газарт байршуулсан тул албан ёсоор анхааруулж, 3 /гурав/ хоногийн дотор газар албадан чөлөөлөхийг шаардсан, зөрчлийг үл тоох буюу давтан үйлдвэл холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авахаар заажээ.

6. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь маргаан бүхий шаардах хуудсыг захиргааны акт биш гэж маргаж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болсон, амаар, бичгээр гаргасан, захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгохоор заажээ.

7. Маргаан бүхий Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 12/01 дугаар  шаардах хуудас нь нэхэмжлэгчид чиглэгдсэн, газрыг чөлөөлөх эрх зүйн шууд үр дагавар үүсгэсэн, бичгээр гаргасан, захирамжилсан шинжийг агуулсан байх тул маргаан бүхий шаардах хуудсыг захиргааны акт гэж үзнэ.

8. Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4-д “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулах” эрхийг Засаг дарга нарт олгожээ.

9. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2000 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/29 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасныг үндэслэн тус дүүргийн 5, 12, 19 дүгээр хороодын нутаг дэвсгэрт хавсралтад дурдсан иргэдэд тус бүр 0,01 га газрыг худалдаа үйлчилгээний павилон, автомашины засвар үйлчилгээний цэг ажиллуулахаар олгосон, хавсралтын 2-т Э.Мөнх-Эрдэнийн нэр багтсан, /12 дугаар хороонд автомашины засвар үйлчилгээний цэг гэж/, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2004 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 269 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн, Дүүргийн Засаг даргын 2000 оны Б/29 дүгээр захирамжаар иргэн Б.Мөнх-Эрдэнийн эзэмшил байсан авто засварын цэгийн хашааны 0,04 га газрыг өөрсдийнх нь хүсэлтийг үндэслэн дүү Ч.Алтангэрэлийн мэдэлд шилжүүлсэн, улмаар Нийслэлийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/141 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт зохих зөвшөөрөлгүй дур мэдэн хашаа, барилга, байгууламж барьсан түргэн үйлчилгээний цэг, зөөврийн байгууламж, бусад зөрчлийн дуудлага, мэдээллийн дагуу холбогдох хууль тогтоомжийн хүрээнд тухай бүр албадан чөлөөлж байхыг Газар зохион байгуулалтын албанд даалгасны дагуу Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас нэхэмжлэгчид маргаан бүхий шаардах хуудсыг хүргүүлж, улмаар газрыг албадан чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх ба нэхэмжлэгч нь газар албадан чөлөөлсөн захирамжтай маргаагүй байна.

10. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар “эс үйлдэхүй” гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага, хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг хэлэх бөгөөд энэ маргааны тохиолдолд Баянзүрх дүүргийн Засаг даргыг “эс үйлдэхүй гаргасан” гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.  

11.  Нэхэмжлэгч нь газар чөлөөлөх шаардах хуудас хүргүүлсэн өдөр буюу 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр, түүний дараа буюу 2021 оны 06 дугаар сарын 23, 2021 оны 07 дугаар сарын 28, 2021 оны 08 дугаар сарын 12, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрүүдэд Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Газар зохион байгуулалтын албанд хандаж хүсэлт гаргасан, хүсэлт гомдлыг шийдвэрлэж хариуг утсаар болон албан бичгээр хүргүүлж байсан болох нь хэрэгт авагдсан Бүртгэл хяналтын картаар тогтоогдож байх тул хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргыг эс үйлдэхүй гаргасан гэж гэж үзэхээргүй байхын зэрэгцээ нэгэнт эс үйлдэхүй гаргасан нь тогтоохдохгүй байх тул  дугуй засварын газрын вагончикыг хуучин байранд нь эгүүлэн байрлуулахыг даалгах боломжгүй гэж үзлээ.

12. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг хуульд заасан зориулалт, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”,  27.2-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгоно”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус зааснаас үзэхэд газрыг гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх хуулийн зохицуулалттай байна

13. Нэхэмжлэгч нь хэдийгээр газар эзэмших шийдвэртэй хэдий ч газар эзэмших гэрээ байгуулаагүй, эрхийн гэрчилгээ аваагүй байх тул нэхэмжлэгчид тухайн газрыг эзэмших эрх хуульд заасан журмаар үүсээгүй байна.

14.  Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйл зааснаар газар эзэмших эрх нь газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэснээр үүснэ.

15. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д зааснаар газар эзэмшигч нь гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших эрхтэй бөгөөд 35.3.1-д зааснаар газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх үүрэгтэй байна.

16. Иймд хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй этгээд газар эзэмшихийг хориглосон, газар эзэмших гэрээ байгуулаагүй этгээдэд газар эзэмших эрхтэй холбоотой эрх, үүрэг үүсэхгүй гэж үзнэ.

17. Нэхэмжлэгч нь маргаан бүхий газрын төлбөрийг төлж байсан гэж маргаж байх боловч энэ газрын төлбөрийн баримт нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуут, АОС 9-19 тоотод байршилтай 18647310795456 нэгж талбарын дугаар бүхий өөр газрын төлбөр төлсөн баримт байх ба нэхэмжлэгч нь энэхүү үйл баримтыг үгүйсгэхгүй байна.

18. Нэхэмжлэгч нь маргаан бүхий шаардах хуудсыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж байна.

 19. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6,-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэдэгт тухайн захиргааны актыг гаргахдаа ямар ч хуульд үндэслээгүй, эсхүл хуульд заагаагүй үндэслэлээр нэхэмжлэгчийн эрхэд халдаж, гаргах ёсгүй байсан захиргааны актыг гаргасан, тодруулбал эрх зүйт төрийн “хуульд үндэслэх” зарчмыг зөрчсөн байхыг ойлгоно.

Энэ маргааны тохиолдолд хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтан нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт заасныг үндэслэж маргаан бүхий захиргааны актыг гаргасан байх тул хариуцагчийг хуульд заагаагүй үндэслэлээр нэхэмжлэгчийн эрхэд халдсан гэж үзэхгүй.

20. Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5-д “... газрын эзэмшил тогтоох, эдэлбэр газар олгох ... үйл ажиллагаанд хууль тогтоомжид заасны дагуу хяналт тавих ажлыг зохион байгуулах”, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-т “... газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах” эрхийг Засаг дарга нарт олгосон,  дээрх бүрэн эрхийнхээ хүрээнд маргаан бүхий захиргааны актыг гаргажээ.  

21. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд оролцогчдыг сонсох, 28 дугаар зүйлд сонсох ажиллагаа хийхгүй байх үндэслэлийг заасан, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5-д захиргааны шийдвэр гүйцэтгэл явуулж байгаа бол сонсох ажиллагаа хийхгүй байхаар тусгайлан заасан байх тул нэхэмжлэгчийн “ ... Засварын газрыг албадан чөлөөлөх асуудлаар Захиргааны ерөнхий хуульд заасан нөхцөл байдлыг тогтоох, сонсох ажиллагаа явуулаагүй“ гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

22. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзвэл нэхэмжлэгчид газар эзэмших эрх хуульд заасан журмаар үүсээгүй байхад тухайн газрыг дур мэдэн эзэмшиж, дугуй засварын газар ажиллуулсан байх бөгөөд хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтан нь уг газрыг чөлөөлөх хугацаатай мэдэгдэл буюу шаардах хуудас өгч, уг газрыг албадан чөлөөлсөн нь Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.  

Дээрх үндэслэлээр маргаан бүхий захиргааны акт нь Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй, уг маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 109.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн  27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дүгээр зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Алтангэрэлийн  Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг дарга нь 2008 оноос хойш 10 гаруй өргөдөл гаргасныг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 12/01 дугаартай шаардах хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох, шаардах хуудсыг биелүүлсэн захиргааны байгууллагын үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, дугуй засварын вагончикыг хуучин байрлалд нь эгүүлэн байрлуулахыг даалгах” нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Бүргэд констракшн” ХХК-нд дугуй засварын газрыг олгосон шийдвэр гаргасныг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ц.БАТСҮРЭН