Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 202/МА2018/00029

 

2018            08              22                                           202/МА2018/00029

 

Ц.Ц-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 137/ШШ2018/00182 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 135 дугаар байрны 90 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, .... дугаар байр ... тоотод оршин суух, 1992 онд төрсөн,  27 настай, эрэгтэй, Худир овогт Ц-ийн Ц /РД:УД92010415/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 7 дугаар хэсэг, Гэгээн хотхоны 144 дүгээр байр, .... тоотод оршин суух, 1984 онд төрсөн, 34 настай, эрэгтэй, Хан-Уул овогт Г-ын Б /РД:ЕН84022111/-д холбогдох

Байрны урьдчилгаа төлбөрт төлсөн 17424000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Туяагийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Туяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Цийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхзул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Ц.Ц нь Г.Бтой харилцан тохиролцож, Г.Бын эзэмшлийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 9 дүгээр хэсэгт байрлах 135 дугаар байрны 90 тоот хаягт байрлах 52,85 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг нийт 58135000 төгрөгөөр худалдан авахаар 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж, нийт төлбөрийн 30 хувийг Г.Бын Хаан банкны 5374208532 тоот дансанд байршуулж үлдэгдэл төлбөрийг банкны зээлд хамруулан төлж барагдуулах нөхцөлтэйгээр гэрээ байгуулсан байна. Ц.Ц нь байрны урьдчилгаа 30 хувийн төлбөр болох 17424000 төгрөгийг 2015 оны 10 сарын 29-ний өдөр Г.Бын Хаан банкны 5374208532 тоот дансанд байршуулж, Хаан банкнаас орон сууцны зээл хөөцөлдөж байсан бөгөөд зээлийн асуудал удаашралтай байх явцад Г.Б нь би байраа зарахаа больсон гэсэн хариуг утсаар өгч, утсаа салгаж алга болсон. Ц.Ц нь үүнээс хойш Г.Бын дансанд байршуулсан байрны урьдчилгаа төлбөр болох 17424000 төгрөгийг буцааж авах талаар удаа дараа ярьж, уулзсан боловч удахгүй өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн. Иймд Г.Боос 17424000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Б шүүхэд гаргасан тайлбартаа:  Г.Б, Ц.Ц бид миний эзэмшлийн Замын-Үүд сумын 1-р баг, 9-р хэсэг, 135-р байрны 90 тоот хаягт байрлах 52,85 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг нийт үнэ 44922500 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон. Ингэхдээ Ц.Ц надад байрны үнэ болох 44922500 төгрөгийг Хаан банкнаас орон сууцны зээл авч өгөх талаар тохирч Ц.Цд банк зээл олгохдоо урьдчилгаа 30 хувийг төлсөн гэрээ байгуулаарай гэсний дагуу хөөцөлдөж эхэлсэн. 2015.10.19-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж, нийт төлбөрийн 30 хувийг миний Хаан банкны 5374208532 тоот дансанд байршуулан үлдэгдэл төлбөрийг банкны орон сууцны зээлд хамруулан төлж барагдуулах нөхцөлтэйгээр гэрээ байгуулахдаа байрны үнийг зээл гаргах боломжит нөхцлөөр тооцон 58135000 төгрөгөөр гэрээнд тусгасан. Ц.Ц банкнаас тавьсан шаардлагын дагуу байрны урьдчилгаа 30 хувийн төлбөр болох мөнгийг шууд гарган өгч чадахгүй байгаа учраас байрны төлбөрийн урьдчилгааг бага хэмжээтэй гаргуулах зорилгоор, банк үнэлж 1 мкв –ыг 1 сая төгрөг байхаар тооцон 58135000 төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулсан. Ц.Ц бид хоёр орон сууцны үнийг 1 мкв талбайны үнийг 850000 төгрөгөөр тохиролцон 44922500 төгрөг  байхаар тохиролцсон зөрүү банкны зээлээр гаргасны үлдэгдэл төлбөр 4211500 төгрөгийг Ц.Ц өөрөө өгөхөөр тохиролцсон.  Банкны зээл авах зорилгоор тохиролцсоны дагуу бэлнээр өгөх мөнгөгүй тул Ц.Ц нь урьдчилгаа төлбөрийг бүрдүүлэн өөрийн дансруугаа хийхээр бэлэн мөнгө олсны чинь дараа би төлсөн гэж гарын үсэг зураад банкны зээлээ хөөцөлдье гэж ярилцсан. Үүний дагуу миний бие одоо амьдарч багаа 144-Б-7 тоот орон сууц худалан авсан “Бурхан буудай хайрхан” ХХК-ийн ажилтан н.Нэмэхбаатараас 18400000 төгрөгийг 2015.10.29-ний өдөр зээлэн авч өөрийн дансруу 17424000 төгрөгийг Ц.Цтэй хамтаар очиж Замын-Үүд Хаан  банкны тооцооны төвд хийлгэн 30 хувь төлсөн баримтаа гаргуулан авсны дараа буцаагаад Бурхан буудай хайрхан ХХК-ийн Хаан банкны 5099498899 тоот дансанд зээлэн авсан мөнгөө төлсөн. Үүний дараа Ц.Цтэй хамт Хаан банкны эдийн засагч н.Баатархүүтэй зээлээ хөөцөлдөн очиход Ц.Ц нь зүй бус харьцаа үүсгэн эдийн засагчтай маргалдсаны улмаас зээл гарахад сөргөөр нөлөөлж сар орчмын хугацаанд удааширч зээл олгогдохгүй хаагдсан. Банкны зээлийг өгөхгүй гэсэн дараагаар бид зарах, авах асуудлаа больсон. Ц.Цтэй миний бие Засаг даргын Тамгын газар нэг байгууллагад хамтран ажилладаг байсан учраас байр авах, зарахаар тохирч хөөцөлдөж байх хугацаанд байрандаа амьдруулж байсан бөгөөд зээл бүтэхгүй болохоор өөөрөөр мөнгө өгөх боломжгүй гээд байрнаас гарсан. Ц.Ц нь надад байрны урьдчилгаа гэх 17424000 төгрөгийг өөрөөсөө мөнгө гаргаж өгсөн зүйлгүй бөгөөд миний эзэмшлийн 5374208532 тоот дансанд орж 5099498899 дансруу шилжсэн 18400000 төгрөг нь н.Нэмэхбаатар гэдэг хүний мөнгө байсан. Дээрх асуудал үүссэнээс хойш 2,5 жил өнгөрсний дараагаар гэнэт үндэслэлгүйгээр хүнээс зээлж дансаар оруулж гаргасан төгрөгийг өөрөөсөө гаргасан мэтээр нэхэмжилсэн нэхэмжлэлийг эс зөвшөөрч хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Ц.Цийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Бод холбогдох байрны урьдчилгаа төлбөр 17242000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 245070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдэж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж,

Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Туяа давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгч хэргийг шийдвэрлэхдээ гэрч Нэмэхбаатарын 2018.05.09-ний өдөр шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудад бодит дүгнэлт өгч, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй болно. Шүүх гэрч Д.Нэмэхбаатарын 2018.05.09-ний өдрийн шүүх хуралдаан дээр гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтын шаардлага хангасан нотлох баримт гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг болгосон талаар дүгнэжээ. Мөн өдрийн шүүх хуралдааны бичлэг CD-нээс гэрчээс мэдүүлэг авсан, хэргийн оролцогчдын асуулт хариултаас үзэхэд гэрч нь шүүгчийн хөтөлсөн асуултад хариулах замаар мэдүүлэг өгч байгаа бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгчид мөнгө өгч байгааг үзсэн харсан талаар мэдүүлсэн мэдүүлэг байхгүй, харин ч өөрийн өгсөн мэдүүлэгтээ ороогдож, мэдүүлгийнхээ үнэн зөвд эргэлзсэн, “сайн санахгүй байна, тийм юм болж байсан байх, 2 жилийн өмнөх үйл явдал шүү дээ, тэгсэн байхаа, тийм юм болж байсан шүү, тэрнээс хойш хүнд хагалгаанд орсон, олон наркозонд орсон, өнөөдрийн байтугай түрүүчийнхээ ярьсныг мартдаг болсон” гэх зэргээр хариулж буйгаас үзэхэд гэрчийн мэдүүлгийг үнэн зөв эргэлзээгүй гэж үзэж, шийдвэрийн үндэслэх хэсэг болгох боломжгүй юм.

Шүүгчээс гэрчийг оролцогчдыг таньдаг эсэхийг лавлахад тэрээр хариуцагчийн өмгөөлөгчтэй хэд хоногийн өмнө уулзаж байсан гэж хариулдаг. Гэрч нь хариуцагчийн өмгөөлөгчтэй ямар шалтгаан нөхцлийн улмаас уулзаж байсныг шүүх тодруулалгүй орхигдуулсан нь оролцогчид хардлага төрүүлж байгаа болно.  Ц.Цээс 2015.10.29-ний өдөр Бын дансанд шилжүүлсэн 17424000 төгрөгийг тухайн цаг хугацаанд Ц ийм хэмжээний мөнгө байснаа нотолж чадаагүй учраас Бурхан буудай ХХК-аас Нэмэхбаатарын дансанд шилжүүлсэн 20 сая төгрөг нь Бын энэ компаниас аваад эргүүлэн өгсөн мөнгө гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэснийг шүүх хэрэгт хамааралтай нотлох баримтад ач холбогдол бүхий дүгнэлт өгч чадаагүй гэж үзэж байна. Ц.Ц нь өөрийн ээжээс байрны урьдчилгаанд ирүүлсэн мөнгийг мөнгө шилжүүлэх өдөр хүртэлх 22 хоногийн хугацаанд данснаасаа гаргаж байсан нь үнэн боловч тэрээр зөвхөн энэ мөнгө биш өөрт нь бусад орлого байдаг, их хэмжээний мөнгөтэй харьцдаг гэснээ нотолсон баримтуудыг зөвхөн 2015.10.29-ний өдөр тийм мөнгө байгаагүй гэж үгүйсгээд байгаа нь үндэслэлгүй болно.  Мөн Г.Б Гэгээн хотхоны 114-б-07 тоот орон сууцыг худалдан авч урьдчилгаа төлбөрийг хэрхэн хийсэн талаарх мэдээлэл нь хэрэгт ач холбогдолтой байтал шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Ийнхүү шүүхийн шийдвэр ИХШХШТХуулийн 116 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, гэрч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй учраас түүний мэдүүлгийг нотолгооны ач холбогдолтой гэж үзэх боломжгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж үзэж байгаа тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч Ц.Ц нь хариуцагч Г.Бод холбогдуулан орон сууц худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 17424000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Г.Баряболд эс зөвшөөрч 17424000 төгрөгийг бодитоор төлөөгүй буюу өөрөөсөө мөнгө гаргаж төлөөгүй, зөвхөн дансанд оруулж гаргасан гэж маргажээ.

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг хэрэглэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Туяа эс зөвшөөрч “...Гэрч Д.Нэмэхбаатарын мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй ... шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

            Гомдлыг үндэслэн хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх маргаанд холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсний гадна хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагад нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд зохигчдын хооронд 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулагдаж, Дорноговь аймгийн Замын-Үүд сумы 1 дүгээр баг, 9 дүгээр хэсэг, 135 дугаар байрны 90 тоот хаягт байрлах, 52,85 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 58135000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцож, нэхэмжлэгч байрны урьдчилгаа төлбөрт 17424000 төгрөгийг 2015 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хариуцагч Г.Бын 5374208532 дугаартай дансанд төлсөн, улмаар үлдэх төлбөрийн банкны зээлийн асуудал удааширснаас талууд гэрээнээс татгалзсан үйл баримт тогтоогдсон байна.

            Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдах авах хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан хэдий ч талууд нэгэнт гэрээнээс татгалзсан тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь ... буцаан өгөх үүрэгтэй, нэхэмжлэгч Ц.Ц 17424000 буцаан шаардах эрхтэй байна.

Гэтэл зохигчид байрны урьдчилгаа төлбөрт төлсөн 17424000 төгрөгийн хувьд маргаж, хариуцагч уг төлбөрийг нэхэмжлэгч Ц.Ц бодитоор өөрөө төлөөгүй буюу банкны зээл авахын тулд урьдчилгаа төлснөөр харагдуулах зорилгоор дансанд мөнгө оруулж гаргасан тул мөнгийг төлөхгүй гэж, нэхэмжлэгч  нь ээж Б.Энхцэцэг байрны урьдчилгаа төлбөр төлөхөд зориулж бэлэглэсэн 17500000 төгрөгөөс уг төлбөрийг төлсөн гэж тус тус маргажээ.

            Зохигчдын дээрх тайлбараа нотлохоор гаргаж өгсөн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлбэл:

1. Нэхэмжлэгч Ц.Ц нь худалдах, худалдан авах гэрээний зүйл болох эд хөрөнгийн үнэд төлсөн 17424000 төгрөгийг ээж Б.Энхцэцэг бэлэглэсэн гэж уг мөнгөний эх үүсвэрийн талаар мэтгэлцсэн байх боловч түүний ХААН банкин дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар /хх-48/ тэрээр ээж Б.Энхцэцэгийн бэлэглэсэн 17500000 төгрөгийг хариуцагч Г.Бод шилжүүлсэн, уг мөнгөнөөс байрны урьдчилгаа 17424000 төгрөгийг төлсөн гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

2. Хариуцагч Г.Б нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргахдаа дээрх урьдчилгаа төлбөрийг “Бурхан буудай” ХХК-ийн ажилтан Д.Нэмэхбаатараас зээлж, Ц.Цээр өөрийн дансанд хийлгэн буцаан “Бурхан буудай” ХХК-д төлсөн гэж маргасан ба энэхүү тайлбар нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон гэж үзэв.

Энэ нь гэрч Д.Нэмэхбаатарын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн мэдүүлэг /хх-38/  болон түүний ХААН банкин дахь 5374377656 депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-44/ баримтаар тэрээр 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 14:57, 14:59 цагт өөрийн данснаас нийт 20000000 төгрөгийн зарлага гаргаж, улмаар хариуцагч Г.Бын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-45/ баримтаар түүний 5374208532 дансанд 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 15:06 цагт Ц.Цээс орлого 17424000 төгрөг орж, 15:08 цагт 18400000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн үйл баримтаар тогтоогдсоноор хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбар, татгалзлаа нотолсон гэж үзэв.

Дээрх бүгдээс дүгнэж үзвэл нэхэмжлэгч нь худалдах худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөрт 17424000 төгрөгийг бодитоор төлсөн болохоо нотолж чадаагүй тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

            Анхан шатны шүүхээс гэрч Б.Нэмэхбаатараас гэрчийн мэдүүлэг авахдаа хуульд заасан журмыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул түүний мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасныг зөрчөөгүй болно.

 

            Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Туяагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 137/ШШ2018/00182 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Туяагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахад нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 245070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     А.САЙНТӨГС

                                ШҮҮГЧИД                                     Н.БОЛОРМАА

                                                                                      Н.БАТЧИМЭГ