Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2020/02631

 

2020 он 09 сарын 16 өдөр       Дугаар 102/ШШ2020/02631                   Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүгч З.Доржнамжин, Х.Энхзаяа нарын бүрэлдэхүүнтэйгээр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзулыг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.Н,

Хариуцагч: Г.С,

Эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 1,044,800 /нэг сая дөчин дөрвөн мянга найман зуун/ төгрөгийг Г.Саас гаргуулах тухай Г.Нын үндсэн нэхэмжлэл,

Г.Наас эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 850,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Г.Сын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Н, хариуцагч Г.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 17 цаг 45 минутанд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутагт байрлах 10 дугаар хорооны баруун урд уулзварт нэвтрэхээр ойртож явтал Г.С жолоочтой Тоёота Приус маркийн 0000 УНҮ улсын дугаартай машин урсгал сөрж өөдөөс мөргөсөн. Тээврийн цагдаад дуудлага өгч, зөрчил гарсан газар үзлэг хийж иргэн Г.С буруутай нь тогтоогдож, Зөрчлийн тухай хуулиар шийтгэл ногдуулсан. Миний бие хохирлын үнэлгээг Мастер үнэлгээ ХХК-иар хийлгэхэд 819,800 төгрөг гарсан, мөн үнэлгээ хийлгэхэд 40,000 төгрөг, тээврийн хэрэгслийг саатуулах байранд 185,000 төгрөг, нийт 1,044,800 төгрөгийн зардал гарсныг Г.Саас шаардаж байна.

Уг осол гарах болсон шалтгааныг 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн баг ажиллаад Г.Сыг Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй гэсэн дүгнэлт хийсэн. Мөн хэргийн газар ирж үзлэг хэмжилт хийсэн замын цагдаа н.Сүхбаатарын үйлдэл бүдүүвч зургаас харахад уг осол хэний буруугаас болж гарсан нь тодорхой харагдана. Иймд Г.Сын нэхэмжилж байгаа 850,000 төгрөгийг Г.Н миний бие төлж барагдуулах үндэслэлгүй гэж үзэж байна. Би уулзварт зам тавьж өгөх хэмжээний зайтай орсон. Анхны дүгнэлт гаргасан цагдаа гэрчийн мэдүүлгээр миний энэ тайлбарыг нотолно. Би машинаа зассан байгаа. Гарсан хохирлоо шаардаж байгаа... гэв.

Хариуцагч Г.С шүүхэд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 17 цаг 45 минутын орчим Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны баруун урд талын уулзварт өөрийн эзэмшлийн 0000УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд гол замаар давуу эрхтэй оролцох үед зүүн гар талын зам тавьж өгнө гэсэн тэмдэгтэй туслах замаас 0000 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл орж ирж мөргөн надад эд хөрөнгийн хохирол учруулсан. Осол үйлдэгдсэний дараа Тээврийн цагдаагийн албаны ЗЦГ-ын Сүхбаатар дүүрэг дэх замын цагаагийн хэлтсийн Техникийн шинжээч Б.Аын дүгнэлтээр намайг замын хөдөлгөөний ямар нэг дүрмийн заалт зөрчөөгүй, харин 0000 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дэх хэсэгт заасан Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэх заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан гэж дүгнэлт гаргасан. Гэтэл зам тээврийн осолд холбогдсон 0000 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн хүсэлтээр дахин шинжээч томилон миний буруу мэтээр илтэд үндэслэлгүй, Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн ямар ч хамааралгүй заалтыг үндэслэн намайг буруутгасан дүгнэлт гарсан. Дээрх үндэслэлгүй дүгнэлтийг удирдлага болгон шийтгэл ногдуулсныг миний зүгээс эс зөвшөөрч Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд, тус шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 2020/ЗШ/727 дугаартай шийтгэвэрт ...Шинжээч нарын дүгнэлт хоорондоо зөрүүтэй, бүрэлдэхүүнтэй шинжээч нарын дүгнэлтэд ...өмнөх шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэхэд хариулах боломжгүй гэж байх тул нотлогдвол зохих байдал нотлогдсон гэж үзэхэд эргэлзээ төрж байна гэж үзэн хүчингүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл техникийн шинжээч Б.Аын дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн. Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж буруутай үйлдэл гаргасны улмаас надад 895,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан.

Г.Нын зүгээс тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлсний улмаас надад гэм хор учруулсан нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр болон техникийн шинжээч Б.Аын дүгнэлтээр тогтоогдож байна. Миний бие хохирлын үнэлгээг Ашид билгүүн ХХК-иар хийлгэхэд 895,000 төгрөгийн хохирол учирсан тул Г.Наас гаргуулж өгөхийг хүсэж сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Учир нь Г.Н нь жолоодох эрхгүй этгээдээр машинаа бариулсны улмаас шууд машиныг нь журмын хашаанд хийсэн. Ослын маргааш би машинаа үнэлүүлсэн. Гол замын машинд зам тавьж өгөх ёстой байтал энэ дүрмийг зөрчиж, хурдтай орж ирж мөргөсний улмаас осол болсон. Мөн нэхэмжлэгч машины үнэлгээг осол болсон өдрөөс хойш урт хугацаа өнгөрсний дараа хийлгэсэн нь эргэлзээтэй байна. Тиймээс үндзсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү... гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Н нь хариуцагч Г.Сд холбогдуулан, зам тээврийн ослын улмаас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 1,044,800 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, ...тухайн осол нэхэмжлэгч Г.Нын буруугаас болсон учир хохирол 1,044,800 төгрөгийг хариуцах үндэслэлгүй, мөн осол болсноос хойш 2 сарын дараа үнэлгээ хийлгэсэн нь эргэлзээтэй... гэх агуулга бүхий тайлбар гаргаж маргасан ба, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ослын улмаас өөрийн автомашинд учирсан гэм хорын хохирол 895,000 төгрөгийг нэхэмжлэгч Г.Наас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 17 цаг 45 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, хорооны баруун урд уулзварт нэхэмжлэгч Г.Н өөрийн эзэмшлийн 0000 УБТ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн автомашиныг иргэн М.Мгаар жолоодуулан хамт зорчиж яваад, хариуцагч Г.Сын Тоёота Приус-20 маркийн 0000УНҮ улсын дугаартай автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гарсан байна.

Нэхэмжлэгч Г.Н нь хариуцагч Г.Сыг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь хэсэгт эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэж заасныг зөрчиж эсрэг урсгалд орсон буруутай үйлдлийн улмаас уг зам тээврийн осол гарсан тухай Тээврийн цагдаагийн албаны бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлтээр тогтоогдсон ба, Г.Сд зөрчлийн арга хэмжээ авсан учир тухайн ослоос эд хөрөнгөд нь учирсан хохирлыг хариуцагч төлөх үүрэг хүлээнэ гэх агуулга бүхий тайлбар гаргасан.

Хариуцагч Г.Сын зүгээс тухайн зам тээврийн осол түүний буруугаас биш, харин нэхэмжлэгч Г.Ныг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дэх хэсэгт Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчиж, ...гол замаас орж ирсэн Г.Сд зам тавьж өгөлгүй уулзварт нэвтэрсний улмаас уг зам тээврийн осол гарсан тухай Тээврийн цагдаагийн алба, замын цагдаагийн газар, Сүхбаатар дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн шинжээч Б.Аын дүгнэлтээр нотлогдсон, ... Зөрчлийн арга хэмжээ авсан шийтгэлийн хуудсыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүчингүй болгож, техникийн шинжээч Б.Аын дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн... гэх зэргээр тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, ослын улмаас өөрийн автомашинд учирсан хохирлыг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Уг ослын улмаас нэхэмжлэгч Г.Нын эзэмшлийн 0000 УБТ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн автомашинд 819,800 төгрөгийн эвдрэл, хохирол учирсан талаар Мастер үнэлгээ ХХК тогтоосон ба, үнэлгээ хийлгэх зардал 40,000 төгрөг болон, тээврийн хэрэгслийн саатуулах байрны зардал 185,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Г.Н төлж, уг зардлуудыг хариуцагч Г.Саас шаардсан. /хх 8-11/

Хариуцагч Г.Сын эзэмшлийн 0000УНҮ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашинд 895,000 төгрөгийн эвдрэл, хохирол учирсан талаар Ашид билгүүн ХХК үнэлгээг тогтоож, үнэлгээг дахин хэвлэсний зардал 5,000 төгрөгийг хариуцагч төлсөн байх бөгөөд, нэхэмжлэгчээс үнэлгээгээр тогтоосон 895,000 төгрөгийг сөрөг нэхэмжлэлээр шаардсан байна. /хх 55-57/

2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 18 цаг 00 минутад зам тээврийн осол болсон газарт Замын цагдаагийн албаны техникийн байцаагч а/х Н.Сүхбаатар Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг хийж, Осол хэрэг гарсан газар дээр хэмжилтийн бүдүүвч гаргасан байх бөгөөд, 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Сүхбаатар дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.А техникийн шинжээчийн дүгнэлт гаргажээ. /хх-6, 7/

Дүгнэлтээр: Тоёота приус маркийн 0000 УБТ улсын дугаартай автомашины жолооч Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй...гэж,

Тоёота приус маркийн 0000УНҮ улсын дугаартай автомашины жолооч Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй...гэж тус тус дүгнэн, тухайн зам тээврийн осол 0000 УБТ улсын дугаартай автомашны жолооч Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дэх заалтыг зөрчсөнөөс гарсан байх үндэслэлтэй гэж үзсэн байна. /хх-77,78/

Гэтэл 2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээч, цагдаагийн хошууч Б.Батзориг, техникийн шинжээч, цагдаагийн ахмад Н.Ш, техникийн шинжээч, цагдаагийн ахмад Д.Батзориг нар хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зураг зэргийг үндэслэн, №596 тоот бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргаж, ...Тоёота приус маркийн 0000 УБТ улсын дугаартай автомашины жолооч Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй..., ...Тоёота приус маркийн 0000УНҮ улсын дугаартай автомашины жолооч Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байх үндэслэлтэй..., 0000УНҮ дугаартай автомашины жолоочийн буруутай үйлдлээс уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй... хэмээн дүгнэжээ. /хх-5/

Улмаар Сүхбаатар дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч, цагдаагийн дэслэгч Б.Мандахнаран 2020 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн №3100006200110674 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дахь хэсэгт зааснаар Г.Сын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 сарын хугацаагаар хасаж, 50,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг Г.Сын гаргасан гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 2020/ЗШ/727 дугаар шийтгэврээр дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон байна. /хх 69-71/

Хэдийгээр маргаан бүхий зам тээврийн осолтой холбоотой зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн техникийн шинжээчийн хоёр дүгнэлт талуудын гэм буруугийн асуудлаар буюу осол аль талаас шалтгаалан үүссэн талаар харилцан зөрүүтэй дүгнэсэн байгаа боловч, эдгээр дүгнэлтүүдийн аль алинд нь хариуцагч Г.Сыг Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь хэсэгт заасныг зөрчиж эсрэг урсгал сөрсөн тухайд ижил дүгнэлт хийсэн байх бөгөөд, хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, бүдүүвч зураг болон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон шинжээч Б.Аын мэдүүлэг зэргээр хариуцагч Г.Сын буруутай үйлдлийн улмаас тухайн зам тээврийн осол гарсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Тиймээс хариуцагч Г.Сын гэм буруугаас нэхэмжлэгч Г.Нын эд хөрөнгөд хохирол учирсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас 1,044,800 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олго, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Г.Сын гаргасан 895,000 төгрөгийн хохирлыг нэхэмжлэгчээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Саас 1,044,800 /нэг сая дөчин дөрвөн мянга найман зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Нт олгож, нэхэмжлэгч Г.Наас 895,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Г.Сын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Нын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,625 төгрөг, хариуцагч Г.Сын сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 23,990 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Саас 29,625 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Нт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      А.САРАНТУЯА

ШҮҮГЧИД                 З.ДОРЖНАМЖИН

                                                Х.ЭНХЗАЯА