Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/979

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Ц.Сайнзаяа,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Чинбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******д холбогдох эрүүгийн 2105019551899 тоот дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, “ ” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *******, “******* *******” , “******* *******” хотхоны байрны тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт ******* *******, /РД: /.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь “би та хоёрт ямаа, ямааны арьсыг Ховд аймгаас авчирч өгье” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогч Баянгол дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байхад нь Хаан банкны 5122005607 дугаартай данснаас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 20.000.000 төгрөгийг, тус дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байхад нь 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 10.000.000 төгрөгийг, 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 30.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны ********** дугаарын дансаар тус тус шилжүүлэн авч, хохирогчид нийт 60.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

Хохирогч :

“...Би ******* гэх хүнтэй 2007 оноос эхлэн танилцаад түүхий эд авч худалдан борлуулдаг ажил хөдөлмөр хамтран эрхэлдэг байсан бөгөөд 2014 он хүртэл бие биедээ итгэж ажил хөдөлмөр эрхэлдэг байсан. 2014 оноос хойш *******тай харилцаа холбоогүй болоод тус тусдаа ажил хөдөлмөр эрхэлдэг болсон. Тэгээд 2018 оны 01 дүгээр сард ******* нь манай нөхөр Даваадорж руу утсаар холбогдоод “3 сая төгрөг хэд хоногийн хугацаатай зээлээч” гэхээр нь нөхөр бид хоёр урьд өмнө *******тай хамтарч ажилладаг байсан болохоор 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр *******ы эзэмшлийн тоот данс руу өөрийн гэр болох Баянгол дүүргийн 15-р хороо, “Билэг” их дэлгүүр 26-9 тоотоос мобайл банк ашиглан шилжүүлсэн. Тэгээд ******* нь хэлсэн хугацаандаа мөнгөө өгөхгүй байхаар нь нөхөр бид хоёр араас нь залгаж мөнгөө нэхэхээр “удахгүй өгнө, ажлын мөнгө орж ирээгүй байна, өгнө” гэх шалтаг шалтгаан хэлээд яваад байсан. Тэгээд 2018 оны 09 дүгээр сард “Саппоро” дээр *******тай тааралдаад “ямар ажил хөдөлмөр хийж байна” гэж асуухад ******* нь “тээвэр хийж байгаа” гэж хэлсэн. Би тухайн үед *******д хандан “чи ах эгч хоёртоо ямаа, ямааны арьс олж өгч чадах уу” гэж асуухад ******* нь “би ерөөсөө амжихгүй, ажил ихтэй байгаа” гэж хэлсэн. Хэд хоногийн дараа ******* нь манай нөхөр Даваадорж руу утасдаад “би ямааны арьс, ямаа авч өгье” гэж хэлээд нөхөр Даваадоржтой уулзахаар болсон. Тэгсэн чинь ******* нь “би та хоёрт ямаа, ямааны арьсыг Ховд аймгаас авчирч өгье, та хоёр боломжоороо мөнгөө шилжүүлчих” гэж хэлсэн. Тэгээд нөхөр бид хоёр *******д урьд өмнө хамтарч ажиллаж байсан болохоор итгээд 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 3, 4 дүгээр хорооллын “Элбэг” Хаан банкны АТМ-ээс *******ы эзэмшлийн данс руу 20.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Маргааш нь буюу 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр ******* нь залгаад “дахиад 10.000.000 төгрөг хийгээд өгөөрэй, ямаа, ямааны арьсаа авна” гэж хэлэхээр нь би Богд-Арын Хаан банкны салбар дээр очоод 10.000.000 төгрөгийг *******ы данс руу шилжүүлсэн. Дараа нь арваад хоногийн дараа ******* нь холбогдоод “та хоёрын шилжүүлсэн мөнгөөр ямаа, ямааны арьс авахаар хүмүүст өгсөн байгаа, дахиад 30.000.000 төгрөг хэрэгтэй байна, миний данс руу шилжүүлээрэй” гэж хэлэхээр нь 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Богд-Арын Хаан банкны салбар дээр очиж *******ы данс руу 30.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд 2018 оны 12 дугаар сар, 2019 оны 01 дүгээр сар болоод ямаа, ямааны арьс бараагаа хүлээгээд байж байсан бөгөөд 2019 оны 01 дүгээр сард ******* руу залгаж холбогдоход “би ямааны арьс, ямаа авч чадсангүй, та хоёрт буцаагаад мөнгийг чинь өгье” гэхээр нь тэгвэл бид нарын мөнгийг шилжүүл гэхэд ******* нь “одоо надад бэлэн мөнгө байхгүй байна, хэд хоногоос мөнгөтэй болохоороо шилжүүлж өгье” гэж хэлсэн, тэр өдрөөс хойш “удахгүй өгнө, шилжүүлнэ” гэх зэрэг шалтаг шалтгаан хэлээд яваад байсан бөгөөд утсаа ч авахаа больсон. ...Би ямаа, ямааны арьс авахаар нийт 60.000.000 төгрөгийг шилжүүлсэн. ******* нь надад 10.000.000 төгрөгийг буцааж өгсөн бөгөөд анх 3.000.000 төгрөгийг зээлснийг суутгаж аваад ямаа, ямааны арьсны мөнгө 7.000.000 төгрөгийг авсан гэсэн үг... бид нар яг нарийн хэдэн тооны ямаа, хэр хэмжээний ямааны арьс гэж тохироогүй, боломжоороо мөнгөндөө тааруулаад авахаар бодож өгсөн... *******тай ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй, бөгөөд урьдын харилцааны явцад бий болсон итгэлцэл дээр тогтож байсан юм. Миний бодоход ******* нь тухайн үедээ надад ямаа, ямааны арьс авч өгөх санаа зорилгогүй, анхнаасаа залилах санаа зорилготой байсан байна. *******аас өгсөн мөнгөө нэхэхээр ******* нь “уучлаарай эгчээ надад мөнгөний хэрэг гараад таниас ямааны мах авна гэж хэлээд мөнгөн авсан нь үнэн, би таны өгсөн мөнгөөр ямар нэгэн ямаа аваагүй. Би танаас авсан мөнгөөр өөрийн үйл ажиллагаа явуулж байгаа машины эвдрэл гэмтэл, сэлбэгтээ зарцуулсан. Бүх мөнгөөр чинь яаж шууд өөртөө зарцуулах вэ гэж бодоод тодорхой хэмжээний ямаа авахаар яриад байж байхад миний машин аваарт ороод надад мөнгөний хэрэг их гарсан учраас би машинаа янзлаад тээвэрт явуулчихвал таны мөнгийг буцаагаад өгчхөж болно” гэж бодоод танаас авсан, би мөнгийг чинь буцааж өгнө гэдэг...би тухайн үед ганц ******* гэж хүнтэй харилцаж ямаа болон ямааны арьс авдаггүй, өөр Ховд аймгийн ченжүүдээс мах, арьс авч байсан, гэхдээ тухайн үед тохирсон үнэ ханшаар нь наймаагаа хийдэг байсан, түүнээс биш голж наймаа буцааж байсан зүйл байхгүй. Гэхдээ тэр наймаа бол *******тай хамаа байхгүй. ...******* бол ямар ч ямаа, ямааны арьс өгнө гэж яриагүй, зүгээр “бэлэн болж байгаа авч байгаа” л гэдэг байсан. ...одоо *******аас 44.000.000 төгрөг авах дутуу байгаа...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37, 39-40, 42 дахь тал/,  

Гэрч :

“...2018 оны 09 дүгээр сард *******тай манай эхнэр тааралдаад “ямаа, ямааны арьс худалдаж авах гэсэн юм” гэж хэлээд өнгөрсөн гэсэн. Гэтэл ******* нь над руу залгаад “ямаа, ямааны арьс Ховд аймгаас аваад өгье, та хоёр боломжоороо мөнгө төгрөгөө шилжүүлээд өг” гэж хэлсэн. Тэгээд эхнэр Ш.Оюунцэцэг нь өөрийнхөө данснаас эхлээд 20.000.000 төгрөг, дараа нь 10.000.000 төгрөг, дахин хэд хоногийн дараа 30.000.000 төгрөгийг шилжүүлсэн. ******* нь эхний 30.000.000 төгрөгийг аваад “би ямаа, ямааны арьс авахаар хүмүүст мөнгийг чинь тараасан байгаа, мөнгө дууссан байгаа, мөнгө хийгээрэй” гэж хэлсэн. Сүүлд шилжүүлсэн 30.000.000 төгрөгийг шилжүүлснээс хойш ******* нь ямар ч холбоогүй болоод утсаа авахаараа “мөнгийг чинь өгнө удахгүй өгнө, ямаа, ямааны арьс авч чадсангүй” гэж холбогдсон. Би *******тай ямар нэгэн хэлцэл байгуулаагүй, урьдын өмнөх итгэл дээрээ тулгуурлан мөнгө шилжүүлсэн юм. ...******* нь урьд өмнө хамтран ажиллаж байснаараа далимдуулж, биднийг залилж байгаа юм. Анхнаасаа бид нарыг залилах санаа зорилготой байсан юм, утсаа авдаггүй, надтай холбогддоггүй, удахгүй өгнө гэж явсаар өдийг хүрсэн байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дахь тал/,

Гэрч :

“...Манай нөхөр ******* малын түүхий эд авдаг ажил хийдэг байж байгаад 2016 оноос хааяа нэг уурхайд тээврийн машин явуулахад нь хамтарч ажиллаж байгаад 2018 онд “ Тээх” гэж компани байгуулаад тээврийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2018 оны 09 дүгээр сард манай нөхөр ямаа худалдаж авахаар Даваадорж, Оюунцэцэг нараас мөнгө авч байсан. Нөхрийн хийж байгаа ажил хэрэг нь бүтэмжтэй л явж байгаа байх гэж бодож байсан. Би өөрөө нөхрийнхөө явуулж байгаа ажилд нь нэг бүрчлэн оролцоод байдаггүй учраас юу болж байгаа гэдгийг мэддэггүй... Дараа нь 2019 онд манай нөхөр мөнгөгүй болсон гэх үед нь юу болсон талаар нөхрөөсөө асуухад манай нөхрийн явуулж байгаа тээврийн ажил нь бүтэмж муутай байна гэж ярьсан. Мөн тээвэрт алддаг оног явна, яваад олсон мөнгө нь илүү гарахгүй илүү гарлаа гэхээр машины техник хэрэгслийн эвдрэл гэмтэлд зарцуулагдсан. ...Даваадорж, Оюунцэцэг нараас авсан мөнгийг тээвэрт явуулж байгаа машины эвдрэл гэмтэлд зарцуулсан гэдгийг мэдсэн. Мөн манай нөхөр энэ мөнгийг нь төлнө гэдгээ тэр хоёрт хэлсэн гэж байсан. Бас Даваадорж, Оюунцэцэг нар манай нөхөр рүү байнга утсаар ярьж мөнгөө нэхэж байсан. Сүүлд цагдаад өргөдөл өгсөн хойно цагдаа дээр ирж би өөрөө хүртэл уулзаж байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 54-55 дахь тал/,

Гэрч :

“...Би *******д 50 хонь зарж байсан... 2017 онд байсан байх, 50 хонь зараад мөнгийг нь цувуулж өгч байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60 дахь тал/,

эзэмшлийн Хаан банкны дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 138-141 дэх тал/,

Гэрч :

“...******* надаас ирээд нас гүйцсэн эр үхэр худалдаж авч байсан, би хэдэн онд хэдэн үхэр өгсөн талаар одоо сайн санахгүй байна, тэр малын мөнгийг авч байсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64 дэх тал/,

эзэмшлийн Хаан банкны 5855022968 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 121-122 дахь тал/,

Гэрч :

“...2018 онд ******* гэдэг хүнээс миний эзэмшдэг дансанд 3.800.000 төгрөг орж ирсэн, надаас ******* 40 ямаа, 40 хонь авсан, тухайн малын мөнгө авсан юм...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 67-68 дахь тал/,

эзэмшлийн Хаан банкны дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 117-120 дахь тал/,

Гэрч :

“...2016 онд ******* надаас 150 хонь авч байсан, тэрний мөнгийг цувуулж өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 75-76 дахь тал/,

эзэмшлийн Хаан банкны дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 142-146 дахь тал/,

Гэрч :

“...******* 2014-2017 онд мал өгч авалцдаг байсан юм. Надаас мал аваад хэдэн жил болоод тухайн зарсан малын мөнгөө өгдөг байсан юм. *******аас авах авлагатай байсан, тэр мөнгөө л авсан юм, ...2018 онд надаас мал аваагүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 79-80 дахь тал/,

эзэмшлийн Хаан банкны дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 129-137 дахь тал/,

Гэрч :

“...Би *******тай ямааны мах, арьс зарж байгаагүй. *******тай сүүлийн 4 жил уулзаагүй. Хэдэн жилийн өмнө /хугацааг нь сайн санахгүй байна/ ******* надаас 12 тооны үхэр зээлээр аваад мөнгөө хэд хувааж миний данс руу хийж байсан. ...******* надаас ямаа болон ямааны арьс худалдаж авч байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 83-84 дэх тал/,

эзэмшлийн Хаан банкны дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 139-141 дэх тал/,

Гэрч :

“...******* надаас ирээд эм үхэр худалдаж авч байсан, би хэдэн онд хэдэн үхэр өгсөн талаар одоо санахгүй байна. ...тухайн үед зарсан малын мөнгө болох 3.800.000 төгрөг миний эзэмшлийн 5855055949 дугаарын данс руу орсон. Би *******д ямаа, хонь өгөөгүй, үхэр өгсөн...” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 85-86 дахь тал/,

эзэмшлийн Хаан банкны 5855055949 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 114-116 дахь тал/,

Шүүгдэгч *******ы эзэмшлийн Хаан банкны дугаартай дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 92-93 дахь тал/,

*******ы эзэмшлийн Хаан банкны дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 196-212 дахь тал/,

эзэмшлийн Хаан банкны 5122005607 дугаартай данснаас *******ы эзэмшлийн Хаан банкны дугаартай данс руу нийт 3 удаагийн үйлдлээр 60.000.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн дансны хуулга /хавтаст хэргийн 161-163 дахь тал/,

эзэмшлийн Хаан банкны 5009036861 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 190-194 дэх тал/,

М.******* эзэмшлийн Хаан банкны дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 190-194 дэх тал/,

Хохирогчид хохирол төлсөн талаарх баримт, түүний хүсэлт, “ ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд, хохирол төлбөр төлсөн баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ******* нь хохирогч эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хувьд маргаангүй, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь:

Хохирогч Ш.Оюунцэцэгт “би та хоёрт ямаа, ямааны арьсыг Ховд аймгаас авчирч өгье” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Баянгол дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байхад нь Хаан банкны 5122005607 дугаартай данснаас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 20.000.000 төгрөгийг, тус дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байхад нь 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 10.000.000 төгрөгийг, 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 30.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны дугаарын дансаар тус тус шилжүүлэн авч, хохирогчид нийт 60.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь хохирогч Ш.Оюунцэцэг, гэрч Б.Даваадорж, О.Энхбаяр нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, *******ы эзэмшлийн Хаан банкны дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, эзэмшлийн Хаан банкны 5122005607 дугаартай данснаас *******ы эзэмшлийн Хаан банкны дугаартай данс руу нийт 3 удаагийн үйлдлээр 60.000.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн дансны хуулга болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдах ба нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна. 

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас хохирогч нарт хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

Иймд Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 787 дугаартай яллах дүгнэлт үйлдэж Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн нь шүүхийн харьяаллыг зөрчөөгүй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Оюунцэцэгт 60.000.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч ******* нь хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 15000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.00.000 төгрөгийн торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, хохирол төлбөр төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг байдлыг харгалзан 15000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.00.000 төгрөгийн торгох ял оногдуулж өгнө үү”  гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.  

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгч *******ыг “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, төлбөр төлсөн, мөн хувийн байдал буюу ажил хөдөлмөр эрхэлдэг, цалин орлоготой зэргийг харгалзан нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 12000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 12.000.000 төгрөгийн торгох ял шийтгэв.

Шүүгдэгч *******ы цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2105019551899 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******ыг 12000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 12.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдэнд анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ