Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/30

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч С.Бичинхүү,

шүүгдэгч ******* ******* /******* *******/,

орчуулагч Ц.Мөнхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн ******* /******* *******/ холбогдох эрүүгийн 2305029231992 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 1982 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улс, Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 11-р хороо, “*******”******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******гийн ******* /******* *******/ РД: *******, /*******/.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* *******  /******* *******/ нь 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 6-р хороо, 36-р байрны 109 тоотод үл ялих зүйлээс шалтаглан эхнэр БНХАУ-ын иргэн // толгойн тус газарт гараараа, зүүн хөлийн гуя хэсэгт хөлөөрөө цохиж, түүний эрүүл мэндэд зүүн чихний дэлбэн, баруун шуу, зүүн гуяны цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* *******  /******* *******/ мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр эхнэртэйгээ маргасан. Манай эхнэр уурлахаараа надад гар хүрдэг. Тэр үед эхлээд намайг зодоод гар утас шидсэн, нүүр рүү түлхсэн. Тэгэхээр нь би босоод цааш нь түлхэхэд миний гарыг хазсан. Улмаар хазаад тавихгүй байхаар нь алгадсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Хохирогч //-ийн:

“...Би Монгол улсанд төрсөн бөгөөд эндээ дунд сургууль Найрамдал гэх Хятад сургуульд сурч төгссөн бөгөөд одоо Хил судлаач гэх дээд сургуульд сурч төгссөн. Би Монгол хил бичиг сайн мэднэ. ...Миний бие Баянгол дүүргийн 6-р хороо 36-р байр 109-н тоотод өөрийн нөхөр болох ******* ******* болон хоёр хүүхдийн хамт амьдардаг юм. ...2023 оны 08 дугаар сарын 12-нд орой гэртээ байхад 19-н цагийн үед бид хоёр жаахан маргаантай байсан тул тэр талаараа ярилцаад байж байсан чинь манай нөхөр болох ******* *******  надад хандаад нэг tik tok дээр нэг эрэгтэй эмэгтэйнхээ гэр бүлийг нь өөртэй нь алж байсан гээд хэлэхээр нь би уур маш ихээр хүрээд гар утсаа түүн рүү шидсэн чинь биеийн цээж хэсэгт онож байсан бөгөөд ахин нэг утсаа шидсэн чинь оноогүй юм. Гэтэл над руу уурлаад... Чи юм шиддэг хэн бэ... гээд хэлж хэлээд уурлаж намайг цохиод байсан бөгөөд энэ үед 5-6 н удаа гараараа толгойн зүүн хэсэгт цохисон бөгөөд мөн зүүн хөлний гуя хэсэгт хэд хэдэн удаа хөлөөрөө өшиглөж байсан. Тэгээд би толгойгоо дараад доош суусан чинь над руу ирээд чиний амыг урна шүү гэж хэлж байсан бөгөөд шууд өөрийн гараа зүүн гарын долоовор хуруугаа миний аманд хийхээр нь би хурууг нь хазсан чинь намайг цохихоо больсон. Би цагдаад дуудлага өгөөд хүлээгээд зогсож байхад цагдаа нар орж ирсэн бөгөөд цагдаа ирэх хооронд миний зүүн хөлийн гуя хэсэгт хэд хэдэн удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 38-40 дэх тал/,

Гэрч / /-ийн:

“...манай нөхөр БНХАУ-ын иргэн байж байгаад 2021 онд нас барсан. Би 4 хүүхэдтэй юм хоёр дахь хүүхэд маань одоо хэрэгт холбогдоод байгаа ******* ******* байгаа юм. Түүний доор эрэгтэй эмэгтэй хоёр дүүтэй юм. Миний хүү 1 ******* ******* нь Л.Баовентэй гэрлээд дундаасаа хоёр хүүхэдтэй юм. Том хүүхэд нь 4 дүгээр анги, бага хүүхэд нь цэцэрлэгт явж байгаа. Гэр бүл болоод олон жил болж байна. Сүүлд муудалцсан гэж сонссон. Тэрнээс хойш хүү маань гэртээ очоогүй, надтай хамт манай гэрт байгаа. ******* ******* нь Л.Баовентэй муудалцаад хүү маань хэд хэд цохисон юм байх. Тэгээд шүүх эмнэлэгт үзүүлсэн чинь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэлт гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 78-79 дэх тал/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 10258 дугаартай шинжээчийн:

“... //-ний зүүн чихний дэлбэн, баруун шуу, зүүн гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 45-46 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ******* ******* /******* *******/ нь хохирогч //-ний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч ******* *******  /******* *******/ нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч ******* ******* /******* *******/-ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* *******  /******* *******/ нь:

2023 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 6-р хороо, 36-р байрны 109 тоотод үл ялих зүйлээс шалтаглан эхнэр БНХАУ-ын иргэн // толгойн тус газарт гараараа, зүүн хөлийн гуя хэсэгт хөлөөрөө цохих, өшиглөх зэргээр түүний эрүүл мэндэд зүүн чихний дэлбэн, баруун шуу, зүүн гуяны цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч //, гэрч / / нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 10258 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч  ******* *******  /******* *******/ нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ******* *******  /******* *******/-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч //-ний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хохирол төлбөр баримтаар нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч ******* *******  /******* *******/-ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч // нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ******* *******  /******* *******/-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаанд “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Нийслэлийн Сүхбаатар дүүргээс явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан гаргасан.

Шүүгдэгч ******* ******* /******* *******/ нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд шүүхээс шүүгдэгч ******* ******* /******* *******/-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаанд “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Нийслэлийн Сүхбаатар дүүргээс явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэв.

Шүүгдэгч ******* ******* /******* *******/ нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2305029231992 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* *******  /******* *******/ нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* /******* *******/-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* /******* *******/-ийг 2 /хоёр/ сарын хугацаанд “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Нийслэлийн Сүхбаатар дүүргээс явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* /******* *******/ нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч хохирогч // нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* ******* /******* *******/ нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч ******* ******* /******* *******/-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* ******* /******* *******/-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ