Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/31

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Уранчимэг,

улсын яллагч Г.Онон,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2305030202134 тоот дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2005 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “******* *******” ХХК-д гагнуурчны туслах ажилтай, ам бул 3, эх, эгчийн хамт аймаг, сум, **** хороо,****** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт ******* ******* /РД: *******/.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “СU” дэлгүүр дотор хохирогч эзэмшлийн “Монпэй” аппликешнээс 1.350.000 төгрөг, “Голомт” банкны ******* тоот данснаас нь 140.000 төгрөгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч т нийт 1.490.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учруулсан хохирлоос 1 сая төгрөгийг төлсөн боловч баримтаа авч ирээгүй. Үлдэх 490.000 төгрөгийг нөхөн төлөх болно...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр бүртгэлийн Г-1261 дугаартай гомдлыг хүлээн авсан талаарх тэмдэглэл /хавтаст хэргийн 06 дахь тал/,

Хохирогч :

“...Би 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 22 цагийн үед Солонго гэдэг найзтайгаа байрных нь гадаа очиж уулзаад хүний 1 шил пиво уусан. Тэгээд Солонготой 02 цаг хүртэл юм ярьж байгаад гэрт нь оруулж өгөөд буцаад харих замдаа хорооллын эцсийн “Фламинго” нэртэй баар руу орсон. Тухайн баар руу ороод 4 шил пиво уугаад тооцоогоо хийх хэрэгтэй болоод хүмүүсээс гар утсыг нь гуйж байгаад өөрийнхөө сим картыг хийгээд тооцоогоо хийх санаатай асуусан. Би өмнөх өдөр нь ажлаасаа ирэх замдаа гар утсаа гээсэн байсан. Тэгээд баар дотор ямар ч хүн надад утсаа өгөхгүй байсан тул тухайн баарнаас гараад ил шорлог зарж байсан хүний хажууд унадаг дугуйтай хүүхэд зогсож байхаар нь тэр хүүхэд дээр очоод гар утсыг нь ашиглаж болох эсэх талаар асуухад “болно” гэхээр нь би өөрийнхөө сим картаа тэр хүүхдийн гар утсанд хийгээд “Монпэй” нэртэй зээлийн апп татаад тухайн апп аараа тооцоо хийгээд нэмээд тухайн хүүхдэд пиво авч өгсөн. Тэгээд тэр хүүхэдтэй хамт хэсэг сууж байгаад гарах болоод баарнаас цуг гараад гадаа шорлог авч идээд салцгаасан. Тухайн өдөр салаад гэртээ ирээд унтаад сэрэхэд миний “Монпэй” апп-с Тунгалагболор гэх хүний данс руу 1.350.000 төгрөг зээл аваад шилжүүлсэн байсан. Мөн миний “Голомт” банкны данснаас 140.000 төгрөг гарсан байсан. Би тэр хүний нүдэн дээр нэвтрэх нэр, нууц үгээ хийж байсан бөгөөд миний гүйлгээний нууц үг 0000 байсан болохоор тогтооход амар байсан байх...” гэсэн мэдүүлэг \хавтаст хэргийн 10-12 дахь тал/,

Гэрч :

“...Би “Хаан” банкны *************** тоот дансыг 2021 оноос хойш өөрийн хувийн хэрэгцээнд ашиглаж эхэлсэн. Миний дансыг өөр ашигладаг хүн гэвэл манай дүү ******* ашигладаг. ******* нь өөрийн гэсэн банкны дансгүй болохоор хэрэгцээтэй үедээ миний дансыг ашиглаж мөнгө авах үе бол байдаг юм. Интернэт банкны маань нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээний нууц үг гээд бүгдийг нь мэддэг юм. Би 2023 оны 08 дугаар сарын 06-ны өдөр аймгийн сумын 10-р баг 40-р гудамж 4 тоот дахь гэртээ байж байтал миний эзэмшлийн “Хаан” банкны **************** тоот дансанд “1.350.000 төгрөгийн орлого орлоо” гэсэн зурвас ирэхээр нь надад ийм орлого орох ёсгүй байсан болохоор нь би гайхаад дүү *******оос асуухад “аниа миний цалин орсон юм” гэж надад хэлсэн. Тэгээд би тухайн мөнгийг дүүгийнхээ цалин гэж бодоод өөр зүйл бодохгүй орхисон байсан юм. Ингээд мөнгө миний дансанд орсноос хойш 4-5 хоногийн дараа Баянгол дүүргийн цагдаагийн газраас нэг мөрдөгч утасдаад “таны дансанд хулгайн мөнгө орсон байна, одоо үрж болохгүй, хохирогчид буцааж олгоно” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн мөнгийг дүүд ашиглуулахгүй гээд хадам ээжийн дансанд шилжүүлээд хадгалуулсан байгаа...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-17 дахь тал/,

Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би Төгөлдөр гэх хүний хохирлыг одоогоор барагдуулаагүй байгаа. Удахгүй барагдуулна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дахь тал/,

“Хаан” банкны **************** тоот депозит дансны хуулга /хавтаст хэргийн 19-22 дахь тал/, дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 23-25 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч ******* нь “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч” хохирогч т 1.490.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, шүүгдэгч ******* нь хэдийгээр хохирогчид хохирлын 1 сая төгрөгийг төлсөн гэж байгаа боловч хохирол төлсөн талаар баримт байхгүй байх тул шүүгдэгчдээс нийт 1.490.000 төгрөгийг гаргуулж хохирогч т олгох” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь:

2023 оны 10 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “СU” дэлгүүр дотор хохирогч эзэмшлийн “Монпэй” аппликешн-с 1.350.000 төгрөг, “Голомт” банкны ******* тоот данснаас нь 140.000 төгрөгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч т нийт 1.490.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч , гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, “Хаан” банкны ************* тоот депозит дансны хуулга, үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр авч, бусдад бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь уг үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй байна.

Иймд шүүгдэгч *******ийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч т 1.490.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогчид учирсан хохирол төлбөрөөс шүүгдэгч ******* нь “1.000.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байгаа боловч энэ талаарх баримтаа гаргаж өгөөгүй тул шүүгдэгчийн дээрх мэдүүлгээр хохирогчид учирсан хохирлоос 1.000.000 төгрөг нөхөн төлөгдсөн гэж үзэх боломжгүй юм. Иймд шүүгдэгч *******оос нийт 1.490.000 төгрөгийг гаргуулж хохирогч т олгох нь зүйтэй гэж үзлээ.  

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргав.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлтгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд шүүхээс шүүгдэгч *******ийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Шүүгдэгч *******ид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2305030202134 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос нийт 1.490.000 /нэг сая дөрвөн зуун ерэн мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч т олгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч *******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ