Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/59

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Г.Намжил,

шүүгдэгч *******,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******,******* нарт холбогдох эрүүгийн 2305035862118 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт *******,******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, *******, /РД: *******/,

2. Монгол Улсын иргэн, 1970 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт *******,******* тоотод оршин суух, урьд

- Дорнод аймгийн Сум дундын нэгдүгээр шүүхийн 1995 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 198 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

- Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 242 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан,*******, /РД: /.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан 85 кг Сибирь хушны үр идээ /самар/-ыг Архангай аймгийн Цэнхэр сумаас 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ашиг олох зорилгоор бусдаас худалдан авч, 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн шөнийн 02 цагийн үед Баянгол дүүргийн 8-р орооны нутаг дэвсгэрт бусдын эзэмшлийн “Тоёота Приус” загварын улсын дугаартай тээврийн хэрэгслээр зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэж, ойн санд 25.219.500 төгрөгийн хохирол учруулан байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Самар худалдан авч тээвэрлэсэн нь үнэн. Тухайн үед самрын хориг тавигдсан гэж ойлгож байсан. Хуулийн мэдлэг дутуу байсан учраас гэмт хэрэг үйлдсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг төлж барагдуулна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Би өөрөө элэгний өвчтэй бөгөөд тухайн үед дүү *******эр машинаа бариулсан. Тэгээд самар ачиж яваад гэмтлийн эмнэлэг дээр цагдаад баригдсан. Хуулийн мэдлэг дутмаг байсан учраас гэмт хэрэг үйлдсэн. Тухайн үед самрын зөвшөөрөл аваагүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, улсад учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулах болно...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл “Самар ачиж явсан гэх ЦЕВ улсын дугаартай приус 20 загварын автомашин байх ба ...шуудайнд хийсэн зүйлийг үзэхэд самар мэт зүйл байна. ...З шуудай самар мэт зүйл, боргоцой мэт зүйл байв” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 10-22 дахь тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч :

“...Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа байгаль орчин уур амьсгалын санд 2022 оны 06 дугаар сараас мэргэжилтнээр ажиллаж байгаа... Засгийн газрын Тусгай сангийн тухай хуулийн 7.2.3 дахь хэсэгт “иргэн, аж ахуй нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг Байгаль орчин уур амьсгалын санд тушаахаар” зохицуулсан байдаг. Иймд экологи-эдийн засгийн үнэлгээнд заасан нөхөн төлбөрийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

Эд зүйлд үзлэг хийсэн “...*******, ******* нарын тээвэрлэсэн самрын хэмжээг тогтооход ...87,2 кг байв...” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 54-56 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 3611 дугаартай шинжээчийн:

“...Сибирь нарс /Хуш/ Pinus sibirica Du tour нь цайруулсан самар байна. Сибирь нарс /Хуш/ - Pinus sibirica Du tour нь Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д орсон ургамал. Сибирь нарс /Хуш/ Pinus sibirica Du tour-ний үр буюу самар нь ойн дагалт баялагт ордог. ...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаар тушаалын хавсралтад тусгаснаар 1 кг нойтон Хуш модны самрын экологи-эдийн засгийн үнэлгээ нь 98.900 төгрөг байна... 85 кг Хуш модны самрын “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дүгээр заалтад зааснаар ойн санд учруулсан хохирлын нөхөн төлбөрийг тооцвол 98900x3x85=25,219,500 төгрөг байна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 61-66 дахь тал/,

“Хөрөнгө- Эстимэйт” ХХК-ийн шинжээч Б.Батзаяагийн 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №01/57 дугаартай “... “Тоёота Приус 20”-ийн үнэ 7.000.000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 79-80 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэн “Зохих зөвшөөрөлгүйгээр, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг худалдан авсан, тээвэрлэсэн” гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тэднийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцуулж, ойн санд учирсан хохирол 25.219.500 төгрөгийг шүүдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах, мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Тоёота приус-20” улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 7.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.

Шүүгдэгч *******, ******* нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгч нарын “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******, ******* нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч *******, ******* нь:

бүлэглэн Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан 85 кг Сибирь хушны үр идээ /самар/-ыг Архангай аймгийн Цэнхэр сумаас 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ашиг олох зорилгоор бусдаас худалдан авч, 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн шөнийн 02 цагийн үед Баянгол дүүргийн 8-р орооны нутаг дэвсгэрт бусдын эзэмшлийн “Тоёота Приус-20” загварын улсын дугаартай тээврийн хэрэгслээр зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэж, ойн санд 25.219.500 төгрөгийн хохирол учруулан байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 3611 дугаартай шинжээчийн дүгнэлт, “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн шинжээч Б.Батзаяагийн 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №01/57 дугаартай дүгнэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлын үрийг худалдан авсан, тээвэрлэсэн” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч нарын зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал болох 85 кг хушны самар худалдан авсан, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд заасан байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх хэсэгт зааснаар “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр төлүүлэх” нь үндэслэлтэй байна.

Сибирь хушны үрийн нөхөн төлбөр 1 килограммыг 98.900 төгрөгөөр тооцоолсон байх ба Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр экологи-эдийн засгийн үнэлээг 8.406.500 /85кг х98,000/ төгрөгөөр тогтоожээ.

Иймд шүүгдэгч нарын худалдан авсан, тээвэрлэсэн самар, хушны үр нь 85 кг бөгөөд ойн санд учирсан хохирлын нөхөн төлбөр хэмжээ нь 25.219.500 төгрөг байх тул дээрх хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, Байгаль  орчин, уур амьсгалын санд олгохоор шийдвэрлэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Нийслэлийн Баянзүрх дүүргээс явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй, харин шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 2 удаагийн бүртгэлтэй байх ба тэдгээрт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно...”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Уг заалтыг шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх тухай зохицуулалт ба үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал болон шүүгдэгч *******, ******* нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүрийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах” үүргийг тус бүрд хүлээлгэж, хэрэгжилтэд нь хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Шүүгдэгч *******, ******* нар нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тэдэнд анхааруулж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2305035862118 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа 85 кг хушны үр, идээ, самрыг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *******, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор заасан бөгөөд хэрэв тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлд байвал шүүх уг тээврийн хэрэгслийг үнэлж, үнийн дүнг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгөнөөс албадан гаргуулахаар заажээ.

Иймд шүүгдэгч *******, ******* нар нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Тоёота Приус-20” загварын улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгөнд хамаарч байх бөгөөд тухайн тээврийн хэрэгсэл нь “Транскапитал” ББСБ-ын зээлийн барьцааны хөрөнгө бөгөөд эд зүйлийн үнэлгээгээр 7.000.000 төгрөгийн үнэтэй байх тул шүүгдэгч нараас уг тээврийн хэрэгслийн үнийг хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******,******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлын үрийг худалдан авсан, тээвэрлэсэн” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг хорих ял оногдуулахгүйгээр тус бүрийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг “гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэж, хэрэгжилтэд нь хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч *******, ******* нарт анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дугаар зүйл, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******, ******* нараас 25.219.500 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, Байгаль орчны яамны харьяа Байгал орчин, уур амьсгалын санд олгуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Тоёота приус-20” улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 7.000.000 төгрөгийг шүүгдэгч *******, ******* нараас хувь тэнцүүлэн зохих журмын дагуу гаргуулж улсын орлого болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа 85 кг хушны үр, идээ, самрыг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ