| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2020/02582/и |
| Дугаар | 102/ШШ2020/02592 |
| Огноо | 2020-09-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 102/ШШ2020/02592
2020 оны 9 сарын 14 өдөр Дугаар 102/ШШ2020/02592 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзулыг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М.С-д холбогдох,
Хариуцагч: А.Э нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,123,000 /хоёр сая нэг зуун хорин гурван мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т ХХК-ийг төлөөлөн захирал О.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Иргэн М.С, А.Энхтөр нар 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдөр манай компанитай зээлийн гэрээ байгуулан 2,000,000 төгрөгийг 90 хоногт 7 хувийн хүүтэй, өдөр бүр эргэн төлөх нөхцөлтэйгөөр авсан. Талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлсний үндсэн дээр гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулсан. Зээлдэгчид зээл авсны маргаашаас үйл ажиллагаагаа зогсоон алга болсон ба, утсаар холбогдоход төлөх боломжгүй байна шүүхдээ өг, хүү нь зогсоно биз гэх хариу өгсөн. Гэрийн хаягаар очиход ээж нь хүүгийнхээ амьдарч байгаа газар, холбогдох утасны дугаарыг өгөхөөс татгалзсан. Хамтран зээлдэгч А.Э-с гэрээний үүргийг шаардахад биелүүлэхээс тодорхойгүй шалтгаанаар татгалзсан. Зээлдэгчид гэрээ байгуулснаас хойш 87,000 төгрөг төлснөөс 71,900 төгрөгийг үндсэн зээлээс, 15,100 төгрөгийг хүүгийн төлбөрөөс хасаж тооцсон. Гэрээ цуцалсантай холбогдон гэрээний дүнгээс 45 хоногийн хүүг хасаж, гэрээний үүргийн дагуу 90 хоногийн хугацаанд нийт төлөх 420,000 төгрөгөөс 45 хоногийн хүү 210,000 төгрөгийг хасаж тооцсон. Үндсэн зээлийн үлдэгдэл 1,928,100 төгрөг, зээлийн хүү 194,900 төгрөг, нийт 2,123,000 төгрөгийг М.С, А.Э нараас гаргуулахаар шаардаж байгаа.
Зээлдэгч нар нь гэрээний дагуу нийт 2,420,000 төгрөг төлөх байсан бөгөөд, зээлдүүлэгчийн зүгээс гэрээг хугацаанаас өмнө цуцалсан учир зээлийн хүүгийн хэмжээ багасаж тооцогдсон. Хариуцагч нар шүүх хуралдааны товыг хэн аль нь мэдсэн байна. Хариуцагч М.С өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт өгсөн, А.Э-ийн хувьд хурлын тов мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү. Нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч А.Э-тэй холбогдож зээлийн төлбөрийг барагдуулахаар хугацаа тохирсон боловч биелүүлээгүй...гэв.
Хариуцагч М.С шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:
ТХХК нь 2,123,000 төгрөгийн шаардлага гаргасан байна. Хариуцагч М.С миний бие одоогийн байдлаар хоригдож байгаа учир төлөх боломжгүй байна. Иймд миний хамтран зээлдэгч А.Э-с гаргуулж шийдвэрлэж өгнө үү...гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ТХХК нь хариуцагч М.С, А.Э нараас Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн үлдэгдэл 1,928,100 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 194,900 төгрөг, нийт 2,123,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч М.С нь нэхэмжлэгчийн шаардаж буй зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг эс зөвшөөрч маргаагүй бөгөөд, хорих ангид хоригдож байгаа гэх үндэслэлээр төлбөр төлөх боломжгүй, мөн шүүх хуралдаанд оролцох боломжгүй учраас өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэхийг хүссэн.
Харин хариуцагч А.Э-ийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр гардан авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй, түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэлээ.
Талуудын хооронд 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдөр №ТМ2005231 тоот Зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, зээлдүүлэгч ТХХК нь зээлдэгч М.С, А.Э нарт 2,000,000 төгрөгийг сарын 7%-ийн хүүтэйгээр, 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгчид хуваарийн дагуу зээлээ төлөөгүй тохиолдолд 1 удаагийн хоцролт тутамд 0,5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцсон байна. /хх 7-8/
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ... шилжүүлэх үүрэгтэй гэж заасны дагуу зээлдүүлэгч нь 2,000,000 төгрөгийг зээлдэгч нарт олгосон байх бөгөөд, талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, зээлийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд, хуваарийн дагуу буцаан төлөх үүргээ хариуцагч нар бүрэн биелүүлээгүй буюу гэрээ байгуулснаас хойш бүгд 87,000 төгрөг төлснөөс зээлдүүлэгч тал 71,900 төгрөгийг үндсэн зээлээс, 15,100 төгрөгийг зээлийн хүүгийн төлбөрөөс тус тус хасаж тооцжээ.
Хариуцагч нар зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийн талаар болон, гэрээний хүчин төгөлдөр байдал, шаардах эрхийн талаар маргаагүй ба, нэхэмжлэгч талын зүгээс Зээлийн гэрээний 3.2.1 дэх хэсэгт ...зээлдэгч гэрээнд заасан зээл буцаан төлөх хуваарь зөрчсөн... гэж заасныг үндэслэн зээлийн гэрээг дангаар цуцалж, 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч нараас шаардахдаа үндсэн зээл 1,928,100 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрийг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд тооцон 194,900 төгрөгийг тус тус шаардсан нь Иргэний хуулийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт нийцсэн байх тул ТХХК нь М.С, А.Э нараас 2,123,000 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзлээ.
Дээрх үндэслэлээр шүүх Т ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 48,918 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас 48,918 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлийн 118.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.С, А.Э нараас 2,123,000 /хоёр сая нэг зуун хорин гурван мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ТХХК-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48,918 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 48,918 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА