| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2020/02949/и |
| Дугаар | 102/ШШ2020/02511 |
| Огноо | 2020-09-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2020/02511
| 2020 оны 09 сарын 08 өдөр | Дугаар 102/ШШ2020/0 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоожийг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ө.У-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М.Ө-д холбогдох,
Газрын эзэмших эрх шилжүүлж өгсний 10,000,000 /арван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ө.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ө.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
2020 оны 5 дугаар сард манай аав М.Ө над руу яриад, ...би байшингаа зарах гэж байгаа, газар нь чиний нэр дээр байдаг юм байна, ирээд газрын эрхийг нь шилжүүлээд өгөөч гэхээр нь ...миний эзэмшлийн 0,7 га хоёр айлын газрыг зарах гэж байгаа бол танаас 10,000,000 төгрөг авна, хэрвээ өгөхгүй гэвэл газрын эрхээ шилжүүлж өгч чадахгүй гэхэд аав нэлээн бодсоны эцэст зөвшөөрсөн. Ингээд бид 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 0934, 0935 дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулж, Ш дахь 699 м.кв талбайтай 00 нэгж талбарын дугаартай газрыг Б.Бд, мөн 1501112180 нэгж талбарын дугаартай газрыг М.М-эд тус тус шилжүүлэн өгсөн. Тохирсон ёсоор гэрээ байгуулагдмагц аав М.Ө-аас 10,000,000 төгрөгөө шаардахад мөнгө орж ирэхээр өгнө гээд миний дансыг аваад явсан ч өгөхгүй байна. М.Ө нь байшингаа 90,000,000 төгрөгөөр худалдсан ба, газар эзэмших эрх шилжүүлэн авсан хүмүүсээс төлбөр мөнгөө бүрэн барагдуулж авсан байж надтай тохиролцсон 10,000,000 төгрөгөө өгөөгүй. Би 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн прокурорын газарт М.Өд холбогдуулан газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэн залилсан гэх гомдол гаргаж шалгуулахад тэрээр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ 10,000,000 төгрөг өгөхөөр тохирсон гэдгээ мэдүүлсэн тул гомдлыг хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн. Иймд М.Өаас газрын эзэмших эрх шилжүүлсний 10,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Бусдаас газар шилжүүлж авсан уу, улсаас газар өгсөн байна уу гэдгээс үл хамаарч газар эзэмших гэрчилгээ миний нэр дээр байсан гэдэг нь чухал. Би М.Өыг газрын төлбөрт 10,000,000 төгрөг өгнө гэж хэлсэн учраас өөрийнхөө нэр дээр байсан газрыг шилжүүлж өгсөн. Хариуцагч тохирсныхоо дагуу надад 10,000,000 төгрөг шилжүүлж өгөх ёстой, үүргээ биелүүлээгүй... гэв.
Хариуцагч М.Ө шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Ө.У-ын нэхэмжлэлд үнэн үг нэг ч байхгүй байна. Энэ газрыг мөнгөөр худалдаж авсан ба, зээ хүүдээ авч, байшин барьсан юм. Энэнд Ө.У-ын дүү С мөнгө оролцуулсан, С-ын мөнгө юм. У жоохон сэтгэл зүйн талд асуудалтай болчхоод байгаа гэж боддог. Урд нь 2 удаа Ө миний биеийг цагдаад өгсөн боловч, цагдаагаас шалгаад хоёуланд нь хэрэгсэхгүй болгосон. Миний бичиж байгаа зүйлүүд бол бүгд гэрчтэй, цагдаагаар тогтоосон болно. Энэ газар, байшинд Уас нэг төгрөг ч ороогүй. С, Ө бид хоёрын мөнгөөр боссон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.
Талуудын хооронд газрыг 10,000,000 төгрөгөөр худалдах тухай амаар болон бичгээр гэрээ байгуулагдаагүй. 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр С.Эээс М.Ө хариу төлбөргүйгээр газар эзэмших эрх шилжүүлж авсан. 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр н.Э-аас М.Ө хариу төлбөргүйгээр газар эзэмших эрх шилжүүлж авсан. 2016 онд газар дээр М.Ө охин Ө.С-ын хүүд зориулж байшин барьж, Ө.Сд мөнгөний хэрэгцээ гарсан учраас байшингаа зарахаар болсон. 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр М.Өаас хариу төлбөргүйгээр Ө.Уянгын нэр дээр газрын өмчлөх эрх шилжсэн. Ө.У газар авахын тулд идэвхтэй үйлдэл гаргаагүй, хэн нэгэнд төлбөр төлөөгүй учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Ө.У улсаас өөрт нь өгсөн газрыг зарж, үрлээ гэж ярилаа. Газар эзэмших эрх, өмчлөхөөс өөр ойлголт юм. Газрыг эхлээд эзэмшиж байж, дараа нь өмчлөх асуудал яригдана. Ө.Уд дахин газар өмчлөх эрх нээлттэй байгаа. Гэр бүлийн тухай хуулийн 43 дугаар зүйд зааснаар насанд хүрсэн хүн хөгшин настай эцгээ асарч, тэтгэх үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч хариуцагчид дээрэнгүй авир гаргаж ханддаг. Төрсөн хүүхэд нь эцэгтээ холбогдуулж, нэхэмжлэл гарсан нь эцгийн сэтгэл зүйд хүнд байгаа. Хуульд байхгүй ч гэсэн нийтээр дагаж мөрдөх ёстой ёс суртахууны хэм хэмжээ зөрчиж байна. Хуулиар яривал газар эзэмших эрхийг бусдад шилжүүлсэн үйлдлийнхээ хариу төлбөрийг хэнээс шаардаж байгааг анхаарах ёстой. Эрх шилжүүлэх гэрээний дагуу н.Б, н.М нараас гэрээнийхээ дагуу төлбөрийг шаардах ёстой. Гэтэл яагаад эцгээсээ мөнгө шаардаад байгаа юм бэ? эцэг нь мөнгөтэй болсон учраас эцгээсээ мөнгө шаардаж байна гэж харагдаад байна. Тиймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ө.У нь хариуцагч М.Өд холбогдуулан, газрын эзэмших эрх шилжүүлж өгсний 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...бусдад өөрийн газар эзэмших эрхээ шилжүүлж өгсний төлбөр хэмээн тайлбарлаж, хариуцагчтай аман хэлбэрээр хэлцэл хийсэн бөгөөд, энэ талаар хариуцагч цагдаагийн байгууллагад хүлээн зөвшөөрч мэдүүлсэн учир амаар байгуулсан хэлцлийн дагуу шаардана... хэмээн тайлбарлаж байна.
Хариуцагч М.Ө нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгч Ө.Утай аливаа гэрээ байгуулаагүй ба, ар гэрийн гишүүдийн шахалтаар мөнгө өгөхийг зөвшөөрсөн боловч, нэхэмжлэгч өөрийг нь гомдоосон учир төлбөр төлөх үүрэг хүлээхгүй гэх агуулга бүхий тайлбар гаргаж маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Ө.У нь 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн №0935 дугаар Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ний дагуу өөрийн эзэмшлийн, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/716 тоот шийдвэртэй, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан дахь зуслангийн зориулалт бүхий, нэгж талбарын 00 дугаартай 699 м.кв газрыг иргэн М.Мэд үнэ төлбөргүйгээр,
Мөн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн №0934 дүгээр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ний дагуу өөрийн эзэмшлийн, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А/539 тоот шийдвэртэй, Ш дахь зуслангийн зориулалт бүхий, нэгж талбарын 00 дугаартай 699 м.кв газрыг иргэн Б.Бд 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийн төлбөртэйгөөр тус тус шилжүүлсэн байна. /хх-5, 6/
Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнүүдийг Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатчийн дэргэд, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн байгуулж, гэрээг нотариатчаар гэрчлүүлсэн байх бөгөөд, 0934 тоот гэрээний дагуу эрх хүлээн авагч Б.Бгээс 4,000,000 төгрөгийн төлбөрийг хүлээж аваагүй талаар нэхэмжлэгч Ө.У шүүх хуралдаанд тайлбарласан.
Нэхэмжлэгч нь хариуцагч М.Өаас 10,000,000 төгрөгийг шаардахдаа дээрх гэрээнүүдийн дагуу М.М, Б.Б нарт өөрийн газар эзэмших эрхийг шилжүүлсний хариу төлбөрт тооцохоор харилцан тохиролцсон гэсэн бол, хариуцагч тал нэхэмжлэгчид 10,000,000 төгрөг төлөхөөр хүсэл зоригоо илэрхийлэн гэрээ байгуулаагүй гэх тайлбарыг гарган маргаж байна.
Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болох ба, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх хэсэгт заасны дагуу хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон тохиолдолд амаар хийх хэлцлийг хийсэн гэж үзнэ.
Гэтэл Ө.У өөрийн газар эзэмших эрхийг хүчин төгөлдөр гэрээний дагуу М.М, Б.Б нарт шилжүүлж, үүний төлбөрийг бусдаас буюу хариуцагч М.Өаас шаардах эрхийн үндэслэл нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй, 10,000,000 төгрөгийг М.Ө нь Ө.Уд төлөхөөр тохиролцсон гэх үйл баримтыг нотлох үүргээ нэхэмжлэгч хангалттай биелүүлээгүй гэж үзэхээр байх бөгөөд, хариуцагчийн цагдаагийн байгууллагад гэрчээр ...сүүлд надаас 10 сая төгрөг нэхэж байхдаа би одоо ажилгүй байна, тийм учраас та надад 10 сая төгрөг өг гэж байсан, тухайн үед би өгнө гэж байсан боловч над руу тийм утгатай мессеж бичихээр нь би мөнгө өгмөөргүй, хэрэлдмээргүй санагдаад утсыг нь блоколсон... гэж мэдүүлж байсан, мөн нотариатчийн тусламжтайгаар хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ний дагуу өөрийн газар эзэмших эрхийг шилжүүлж, уг гэрээний үр дүнг буюу, газар эзэмших эрх шилжүүлсний төлбөрийг гэрээний оролцогч бус этгээдээс шаардаж байх тул Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар Ө.У нь М.Өаас 10,000,000 төгрөгийг шаардах эрхгүй байна. /хх-28/
Харин нэхэмжлэгч нь Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-тэй холбоотой нэхэмжлэл гарган шүүхээр шийдвэрлүүлэхэд энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Өаас 10,000,000 төгрөг гаргуулах тухай Ө.Уянгын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 70.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА