Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/74

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Б.Билгүүн,

хохирогч *******,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* т холбогдох эрүүгийн 2305017702211 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн 1989 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт *******,*******,******* тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Б*******,******* тоотод түр оршин суух, урьд

- Орхон аймгийн сум дундын шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сар 1 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, ******* , /РД: /.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 14 цагийн үед Баянгол дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Парадокс”-ийн автобусны буудал дээр зам тээврийн ослын газарт дуудлагаар ирсэн тус дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч *******г албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан “осолд холбогдсон УНК улсын дугаартай “Тоёота акуа” маркийн тээврийн хэрэгслийг ачиж зөөвөрлөнө” гэсэн тавьсан шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцсэн, мөн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч *******гийн биед халдаж хөлийг нь татаж газарт дарж унагаан баруун шуу ясны зөрөөгүй далд хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Тэр өдөр зам тээврийн осол гаргасан бөгөөд улмаар цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед хотод ирээд удаагүй эхнэр, хүүхэдтэйгээ машиндаа амьдардаг байсан тул машинаа ачуулахгүй гэж цагдаагийн албан хаагчийг эсэргүүцсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Учирсан хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: “...Тухайн үед зам тээврийн ослын дуудлагын дагуу очиж, хэмжилт хийж, “Тоёота акуа” маркийн тээврийн хэрэгсэл, мотоциклд ослын акт тавьсан. “Тоёота акуа” маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн буруутай үйлдэл байсан бөгөөд “буруугаа хүлээн зөвшөөрөөд дуудлагаа цуцуулж болно” гэж хэлсэн. Гэтэл гаргасан зам тээврийн ослоо хүлээн зөвшөөрөхгүй байсан тул тээврийн хэрэгслийг ачилтын машин дуудаж ачуулах гэтэл ******* нь эсэргүүцсэн. “Тоёота акуа” маркийн тээврийн хэрэгсэл нь даатгал байхгүй, мөн осол гаргасан мотоцикл нь ангилалгүй байсан. Энэ талаар холбогдогч нарт тайлбарлаж, зам хөдөлгөөний дүрмийг тайлбарлаж өгсөн. Гэтэл ******* нь эсэргүүцэж улмаар ачигч машины өргөх төхөөрөмж дээр гарч зогсчхоод буухгүй байсан. Улмаар хүч хэрэглэж миний биед гэмтэл учруулсан. Одоо гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлоо нэхэмжилж байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Хохирогч *******гийн:

“...Би Баянгол дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагчаар ажилладаг бөгөөд 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 14 цаг 05 минутын үед Баянгол дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Парадокс”-ийн автобусны буудал дээр 95006575 дугаарын утаснаас 102 тусгай дугаарт ******* УНК улсын дугаартай “Тоёота акуа” маркийн тээврийн хэрэгсэл, 66-09 УРА улсын дугаартай мотоциклтой мөргөлдсөн дуудлага мэдээлэл ирүүлснийг хүлээн авч миний бие ослын газарт хэмжилт хийхээр ганцаараа очтол автобусны буудал дээр буюу баруунаас зүүн зүгт явах чиглэлийн зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд ******* УНК улсын дугаартай “Тоёота акуа” маркийн тээврийн хэрэгсэл, 66-09 УРА улсын дугаартай мотоциклтой шүргэлцсэн байдалтай зогсож байсан тул тухайн ослын газарт хэмжилт хийсэн. ...Тухайн үед ******* УНК улсын дугаартай “Тоёота акуа” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Энхцэцэгийн нь өөрийн унаж байсан тээврийн хэрэгсэлдээ жолоочийн албан журмын даатгал хийгдээгүй, мөн өөрийн гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрөхгүй байсан учир *******т зам тээврийн ослын акт тавьж осол гаргасан ******* УНК улсын дугаартай “Тоёота акуа” маркийн тээврийн хэрэгсэл болон 66-09 УРА улсын дугаартай мотоциклийг ачих гэхэд ******* УНК улсын дугаартай “Тоёота акуа” маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* нь ачлагын машины төхөөрөмж дээр гарч зогсон өөрийн тээврийн хэрэгслээ ачуулахгүй гэж зэрэг эсэргүүцэл үзүүлэх үед нь *******т хандаж холбогдох хууль тогтоомжийг уншиж танилцуулан тээврийн хэрэгслийг ачих шаардлагатай талаар хууль ёсны шаардлага тавьсан боловч ачигч машины төхөөрөмжөөс холдохгүй байхаар нь би түүнийг холдуулах үед ******* гэгч миний зүүн хөлөөс гараараа татаж газарт унагаах үед би баруун гарынхаа алгаар газар тулж унаад, босож ирсний дараа миний баруун гарын шуунаас хойш чигт янгинаж өвдөөд байсан бөгөөд ******* гэгч ачигч машины дугуйн доогуур орж хэвтэх гээд байхаар түүнийг үйлдлийг болиулж ачигч машин тээврийн хэрэгсэл мотоциклийг ачиж явсны дараа *******ыг цуг явж байсан эхнэр, хүүхдийнх нь хамтаар албаны машиндаа суулгаад хэлтэс рүүгээ авч очоод хэлтсийн даргадаа болсон үйл явдлын талаар танилцуулж, холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгчхөөд байж байтал баруун гар маань өвдөөд байхаар нь Гэмтлийн эмнэлэг дээр очиж баруун гарынхаа зургийг авхуулахад баруун гарын маань шууны яс хугарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дүгээр тал/,

Гэрч :

“...2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр би Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Парадокс”-ын автобусны буудал дээр баруунаас зүүн тийш явах чиглэлд өөрийн эзэмшлийн 66-09 УРА улсын дугаартай мотоциклоор замын хөдөлгөөнд оролцож явтал миний зүүн талаас хар өнгийн ******* УНК улсын дугаартай “Акуа” загварын автомашин мөргөж зам тээврийн осол гарсан бөгөөд миний бие тухайн автомашины жолооч эрэгтэйд хандаж “чиний буруугаас болж осол боллоо, хоёулаа хоорондоо тохиролцъё” гэсэн санал тавихад, өөрийнхөө зөв гээд гар утсаараа цагдаад дуудлага өгсөн. Дуудлагын дагуу замын цагдаагийн алба хаагч ирээд хэмжилт хийгээд “******* УНК улсын дугаартай “Акуа” загварын тээврийн автомашины жолоочийн буруу байна” гэхэд жолооч эрэгтэй өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрөхгүй байсан тул замын цагдаа миний мотоцикл болон “Тоёота акуа” автомашиныг ачихаар болоод ачлагын машин дуудаж ирүүлэн ачих гэхэд ******* УНК улсын дугаартай “Тоёота акуа” загварын автомашины жолооч эрэгтэй машинаа ачуулахгүй гэж ачлагын машины төхөөрөмж дээр гарч зогсохоор нь замын цагдаа тухайн залууг ачлагын машин төхөөрөмжөөс холд гэдэг шаардлагыг тавьсан боловч холдохгүй байсан тул замын цагдаа явж очоод холдуулах гэхэд тухайн залуу нь цагдаатай зууралцаж байгаад гараараа хөлөөс нь татаж газар унахад тэр хоёр хамт газар унасан. ...Тухайн үед замын цагдаа унаж босож ирээд нөгөө залууг ачлагын машины дугуйн доороос холдуулчхаад “баруун гараа эвгүй болчихлоо” гэж ярьж байсан. Дуудлагаар ирсэн замын цагдаа ослын газарт ирж хэмжилт хийгээд холбогдож дүрэм журмыг “Тоёота акуа” машины жолооч бид хоёрт тайлбарлаж хэлсэн боловч “Тоёота акуа” машины жолооч эсэргүүцэл үзүүлээд байсан. Цагдаагийн алба хаагчийн хувьд хууль бус шаардлага тавьсан, мөн миний болон жолооч залуугийн эрх, эрх чөлөөнд халдсан хууль бус үйлдэл гаргаагүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,

Гэрч :

“...Цагдаа Шаравсамбуу тухайн автомашин, мотоцикл хоёрт акт тавих учир аччих гэхээр нь би эхлээд мотоциклийг нь ачаад араас нь “Тоёота акуа” загварын тээврийн хэрэгслийг ачих гэхэд тухайн машины жолооч ачуулахгүй гээд ачигч машины өргөх төхөөрөмж дээр гарч зогсчхоод буухгүй байсан чинь цагдаа Шаравсамбуу жолооч эрэгтэйг өргөгч төхөөрөмжөөс буу гэдэг шаардлага тавихад буухгүй байхаар нь түүний цамцнаас татаж холдуулах гэхэд тухайн эрэгтэй цагдаа Шаравсамбуугийн хөлөөс нь гараараа тэвэрч газар унагаасан бөгөөд тэр хоёр давхралдаж газар унаж байгаа харагдсан. Байрлалын хувьд Шаравсамбуу доор нь, унагаасан эрэгтэй дээр нь унасан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 5544 дугаартай шинжээчийн:

“...*******гийн биед шуу ясны зөрөөгүй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих, дарах, шахах үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 51-52 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ******* нь цагдаагийн ахлах дэслэгч, хохирогч *******г албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, мөн учирсан хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь:

2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 14 цагийн үед Баянгол дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Парадокс”-ийн автобусны буудал дээр зам тээврийн ослын газарт дуудлагаар ирсэн тус дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч *******г албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан “осолд холбогдсон УНК улсын дугаартай “Тоёота акуа” маркийн тээврийн хэрэгслийг ачиж зөөвөрлөнө” гэж тавьсан шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцсэн, мөн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч *******гийн биед халдаж хөлийг нь татаж газарт дарж унагаан баруун шуу ясны зөрөөгүй далд хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч *******, гэрч Б.Болд, А.Алтанбагана нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 5544 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.            

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирол төлбөрт баримтаар 2.316.298 төгрөг нэхэмжилсэн, шүүгдэгч ******* нь дээрх хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч *******аас 2.316.298 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгох нь зүйтэй байна.

Харин хохирогч ******* нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 сарын хугацаагаар, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар тус тус Нийслэлийн Баянзүрх дүүргээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Миний үйлчлүүлэгчийн хувьд Баянзүрх дүүрэгт түрээсийн орон сууцанд эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Дулааны улиралд барилгын туслах ажил хийж амьдарлаа авч явдаг. Түүнчлэн хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар тус тус зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, бүсчлэлийг Нийслэлийн 6 дүүргээс явахыг хориглохоор тогтоож өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаагийн бүртгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд шүүхээс шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар тус тус “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн түр оршин суугаа газар болох Нийслэлийн Баянзүрх дүүргээс явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялуудыг нэмж нэгтгэн шүүгдэгч *******ын биечлэн эдлэх ялыг 10 сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн түр оршин суугаа газар болох Нийслэлийн Баянзүрх дүүргээс явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож шийтгэв.

Шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.  

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2305017702211 дугаартай хэрэгт дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн 2 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Түүнчлэн Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Билгүүний үйлдсэн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 883 дугаартай яллах дүгнэлтийн “яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга” болон “тогтоох” хэсэгт гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг “2023 оны 04 дүгээр сарын 18-ний өдөр” гэж ташаа бичсэнийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн шүүх “2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр” болгон зөвтгөсөн бөгөөд цаашид техникийн шинжтэй алдаа гаргахгүй байхад анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 8 /найм/ сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Нийслэлийн Баянзүрх дүүргээс явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял,

- мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаанд “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Нийслэлийн Баянзүрх дүүргээс явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялын хэмжээг 10 /арван/ сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Нийслэлийн Баянзүрх дүүргээс явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******аас 2.316.298 төгрөгийг гаргуулж, хохирогч *******д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн 2 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ