Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 665

 

 

 

 

 

 

    2020           5             26                                         2020/ДШМ/665

 

 

                              Л.Эад холбогдох эрүүгийн

                                                  хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Эрдэнэтуяа,

шүүгдэгч Л.Э, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/258 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Э, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу нарын гаргасан давж заалдах гомдлоор Л.Эад холбогдох эрүүгийн 1909039801524 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр

Л.Э,

урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 693 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,

Л.Э нь үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулдаг “Ком тавилга” ХХК-д 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдөр борлуулалтын менежер гэсэн ажил албан тушаалд томилогдон ажиллаж байхдаа 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 24-ний өдрүүдийн хооронд компанийн зүгээс итгэмжлэн хариуцуулж өгсөн “Самсунг таб”, “Макбүүк про ай5” нөүтбүүк, цэнэглэгчийн хамт, “Сони А5” маркийн зургийн аппарат, аппаратны линз дуран зэргийг барьцаалан зээлдүүлэх газруудад барьцаат зээлийн гэрээний дагуу барьцаанд тавьсан, гал тогооны тавилгын захиалгын хөлс болох иргэн Д.Дамдинжаваас шилжүүлсэн 6.500.000 төгрөгийг дүү С.Дөлгөөний 5063541021 тоот дансаар шилжүүлэн авч, уг орлогын 5.000.000 төгрөгийг компанийн захирал Н.Дарьдуламын данс руу шилжүүлж, үлдсэн 1.500.000 төгрөгийг нь хэрэглэж зарцуулсан зэргээр “Ком тавилга” ХХК-ийн эд хөрөнгийг завшиж, нийт 3.188.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн Л.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 4-өөс 05-ны өдрүүдийн хооронд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр ХААН банкны орчимд фэйсбүүк цахимд “гар утас зарна” гэх агуулга бүхий хуурамч мэдээлэл байршуулсан зарын дагуу очиж уулзсан хохирогч Н.Сумъяаг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, нийт 250.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Л.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Лхагвадоржийн Л.Эыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, мөн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эыг 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-д заасныг баримтлан шүүгдэгч Л.Эад оногдуулсан хөнгөн ялыг хүнд ялд нь нэмж нэгтгэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож буюу 1 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгч Л.Эын нийт эдлэх ялын төрөл хэмжээг 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эад оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Л.Э нь хохирогч Н.Дарьдуламд төлөх төлбөргүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Л.Эаас нийт 830.000 төгрөгийг гаргуулж үүнээс хохирогч Н.Сумъяад 250.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Чинзоригт 200.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ж.Энхжаргалд 250.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Хүрэлпүрэвт 130.000 төгрөг тус тус олгож, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.Эад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.Эын өмгөөлөгч О.Алтанчулуу давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Л.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн. Хэргийн зүйлчлэл, гэм буруу дээр маргаангүй болно.

Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн дараа төлөгдөөгүй хохирол болох 830.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Г.Хүрэлпүрэвт 130.000 төгрөг, хохирогч Н.Сумъяад 250.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Чинзоригт 200.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ж.Энхжаргалд 250.000 төгрөг тус тус төлж барагдуулсан болно.

Иймд шийтгэх тогтоолын “тодорхойлох нь” хэсэгт “...Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно...” гэснийг үндэслэж ял оногдуулсан байх тул хохирол төлөгдсөн нөхцөл байдал, эрүүл мэндийн байдал, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг үндэслэн Л.Эад 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хоёр зуун дөчин цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт заасан гэмт хэрэгт хоёр зуун дөчин цагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус оногдуулж нэмж нэгтгэн тооцож тус шийтгэх тогтоолын “тогтоох нь” хэсгийн 2, 3, 4, 7, 8 дугаар хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Л.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...бусдад учруулсан гэм буруугаа хүлээн өөрийн хийсэн болчимгүй үйлдэл, гэмт хэрэг үйлдсэндээ маш ихээр харамсаж, гэмшиж байна. Гэмт хэргийн зүйлчлэл гэм буруутайд маргахгүй байгаа. Ар гэр болох өндөр настай аав, ээжийн хамт гурвуулаа амьдардаг. 409 дүгээр хаалттай хорих ангид байх хугацаанд нурууны хууч өвчин болон зүүн дал, чихний ард гарсан үрэвсэлээс болж 461 дүгээр хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Ар гэрийн байдал болон биеийн байдлыг харгалзан үзэж оногдсон шийтгэл болох 7 сарын хорих шийтгэлийг нийтэд тустай ажил хийлгэх ялаар сольж өгнө үү.” гэв.

Прокурор С.Эрдэнэтуяа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Прокурорын зүгээс шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна. Учир нь, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 8 цагийг нь хорих ялын 1 хоногоор тооцож 30 хоног гэх байтал 1 сар гэж буруу хэрэглэсэн. Үүнийг зөвтгүүлэх саналтай байна. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарах үед хохирол, хор уршиг арилаагүй байсан учраас оногдуулсан ял шийтгэл тохирч байсан. Өнөөдрийн байдлаар шүүгдэгч Л.Э нь хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан байгаа тул давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Л.Э нь үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулдаг “Ком тавилга” ХХК-д 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдөр борлуулалтын менежер гэсэн ажил албан тушаалд томилогдон ажиллаж байхдаа 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 24-ний өдрүүдийн хооронд компанийн зүгээс итгэмжлэн хариуцуулж өгсөн “Самсунг таб”, “Макбүүк про ай5” нөүтбүүк, цэнэглэгчийн хамт, “Сони А5” маркийн зургийн аппарат, аппаратны линз дуран зэргийг барьцаалан зээлдүүлэх газруудад барьцаат зээлийн гэрээний дагуу барьцаанд тавьсан, гал тогооны тавилгын захиалгын хөлс болох иргэн Д.Дамдинжаваас шилжүүлсэн 6.500.000 төгрөгийг дүү С.Дөлгөөний 5063541021 тоот дансаар шилжүүлэн авч, уг орлогын 5.000.000 төгрөгийг компанийн захирал Н.Дарьдуламын данс руу шилжүүлж, үлдсэн 1.500.000 төгрөгийг нь хэрэглэж зарцуулсан зэргээр “Ком тавилга” ХХК-ийн эд хөрөнгийг завшиж, нийт 3.188.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Н.Дарьдуламын “...Захиалга өгөх айлдаа очиж захиалга баталгаажуулахаар очиж уулзаад 6.500.000 төгрөгийн захиалга аваад 5.000.000 төгрөгийг компанийн данс руу шилжүүлээд 1.500.000 төгрөгийг хувьдаа авсан байсан. Би тухайн үед яагаад 5.000.000 төгрөг өгч шилжүүлж байгаа юм бэ гэхэд Л.Э надад “1.500.000 төгрөгийг маргааш шилжүүлнэ гэж хэлсэн, нөхөр нь хөдөө ажилладаг юм байна аа” гэж надад хэлсэн. Тэгээд тэрнээс хойш 3 хоног болоход үлдэгдэл 1.500.000 төгрөг орж ирэхгүй байсан. Тэгээд 3 хоногийн дараа буюу 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр манай нөхөртэй уулзаад “захиалга өгсөн айлын 6.500.000 төгрөгийг бүгдийг нь авсан, тэгээд 1.500.000 төгрөгийг нь би авчихсан байсан юм, захирлын өгсөн зургийн аппаратыг бас ломбардад тавьчихсан байгаа” гэж манай нөхөрт хэлсэн байсан. Маргааш өглөө 10 цагт авчирч өгнө гэж хэлээд утсаа салгаад алга болсон. Тэгээд манай компаниас “макбүүк”, “самсунг таб”, гар утас зэрэг эд зүйл бас авч явсан байсан. ...” /хх 6/,

иргэний нэхэмжлэгч Ж.Энхжаргалын “...2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “Samsung-А35” гэсэн камерыг Лхагвадорж овогтой Л.Э нь 300.000 төгрөгийг авч камераа өгсөн. Авсан мөнгөө 5063541021 Дөлгөөн гэсэн дансруу хийлгэж авсан. ...” /хх 10/,

иргэний нэхэмжлэгч Б.Чинзоригийн “...2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Лхагвадорж овогтой Л.Э нь манай ломбарданд “Макбүүк про ай5” нөүтбүүкийг 350.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Мөнгөө бэлнээр авсан. ...” /хх 12/,

иргэний нэхэмжлэгч Г.Хүрэлпүрэвийн “... манай ломбарданд 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Л.Э гэсэн нэртэй хүн “Самсунг таб” гэсэн төхөөрөмжийг 130.000 төгрөгөөр 10 хоногийн хугацаатай барьцаалуулсан. Ломбарданд тавигдсан эд зүйл нь хугацаа нь дуусч цагдаагаас ирж хураан авч явсан. ...” /хх 14/, 

гэрч С.Дөлгөөний “...2019 оны 10 дугаар сарын эхээр байсан байхаа, хамаатны ах Л.Э фэйсбүүк хаягаараа надруу чаталж миний ХААН банкны интернет нууц үг болон нэвтрэх нэрийг авсан. Яагаад авч байгаа талаар асуухад хүмүүс рүү албаны шугамаар мөнгө шилжүүлэх гэсэн гэж надаас авсан. ...” /хх 21/,

шүүгдэгч Л.Эын “...Захиалгаа баталгаажуулаад төлбөрөө өөрийн дүү болох С.Дөлгөөний 5063541021 тоот дансаар 6.500.000 төгрөгийг авсан. Надад интернэт банк байхгүй болохоор хамаатны дүүгийнхээ дансыг ашиглаж байсан юм. Захиалга авсан айлаасаа гараад гар утсаараа 5.000.000 төгрөгийг захирал болох Дарьдуламын дансруу шилжүүлсэн. Үлдсэн 1.500.000 төгрөгийн тухайн айлын хажууханд байрлах интернэтэд орж Рулет тоглоом тоглоод мөнгөө алдсан юм. ...”,

“...2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах “Үлэмж” барьцаалан зээлдүүлэх газарт Самсунг Таблет, 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн Сансарын тунеллийн эсрэг талд байрлах Андууд 1 барьцаалан зээлдүүлэх газарт Макбүүк про АЙ5, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд байрлах “Андууд” барьцаалан зээлдүүлэх газарт Сони брендийн А35 камер зэргийг тавьсан юм. ...”, /хх 18, 54/ гэх мэдүүлгүүд,

“Дамно” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 25-28/, Н.Дарьдуламын гаргасан өргөдөл /хх 3/, эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл /хх 34, 38, 39/, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн тэмдэглэл /хх 33, 39, 43/, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн тэмдэглэл /хх 35, 42/, С.Дөлгөөний ХААН банкны 5063541021 тоот дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 69-74/, “Андууд” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 001516 дугаартай барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх 32/,  гэх нотлох баримтуудаар, “Назарин андууд” ХХК-ийн Андууд 1 ломбардны 0003808 дугаартай барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх 36/ гэх нотлох баримтуудаар,

Л.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 4-өөс 5-ны өдрүүдийн хооронд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр ХААН банкны орчимд фэйсбүүк цахимд “гар утас зарна” гэх агуулга бүхий хуурамч мэдээлэл байршуулсан зарын дагуу очиж уулзсан хохирогч Н.Сумъяаг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, нийт 250.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Н.Сумъяагийн “...Ломбарднаас гар утсыг би мөнгөөрөө 70.000 төгрөгөөр авсан байхаа тэгж санаж байна. Л.Э гэх зүс үл таних залуу “онлайн сайтад мөнгө оруулаад буцаагаад аваадхъя, би нэмээд 40.000 төгрөг өгье” гэсэн юм. Бид хоёр гар утсаа буцаагаад Сансарын тэр хавьд Л.Эын нэрээр ломбарданд 75.000 төгрөгөөр тавиад би Л.Эад авсан мөнгөө өгсөн юм. Тэр өдрөө хамт цахим тоглоомын газар хонож мөнгө орж ирэхийг хүлээсэн юм. Шөнөжингөө тоглочихоод маргааш нь салаад явцгаасан. Маргааш өдөр нь мөн чатаар холбогдож байгаад хамт хоносон цахим тоглоомын газартаа уулзсан. Л.Э надаас 200.000 төгрөг хэрэгтэй байна гээд байхаар нь би өөрийнхөө ЛЖ-ВИ20 гэсэн гар утсаа ломбарданд 100.000 төгрөгөөр тавьсан. ...Ингээд бодохоор нийтдээ 250.000 төгрөг өгсөн. ...” /хх 91/,

шүүгдэгч Л.Эын “...2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр фэйсбүүкт байрлуулсан байсан самсунг эс-6 маркийн гар утас зарна гэсэн зарын дагуу Сумъяа гэх хүүхэдтэй фэйсбүүкээр холбогдсон. Бид хоёр чатаар харилцаж байгаад Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансарын тунелийн нүхэн гарцны орчим уулзсан. Тэр хүүхдэд гар утсаа 84.000 төгрөгөөр зарсан. Тэгээд би тэр хүүхдэд мөнгө хэрэг болсон талаараа хэлсэн. Надад мөнгө хэрэг болсон шалтгаан нь нэг сайтад мөнгө оруулсан юм. Тэр мөнгөө авах гэхээр надад 130.000 төгрөг хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр ярилцаж байгаад хамт цахим тоглоомын газарт хоносон. Маргааш нь дахин уулзаад зарсан байсан Самсунг гар утсыг сансарт байдаг нэг ломбарданд 70.000 төгрөгөнд барьцаалж мөнгө авсан. Тэгээд би мөнгийг нь аваад сайтад мөнгөө байршуулсан ба буцаагаад мөнгөө татах гэсэн чинь сайт нь хаагдсан. Сүүлд мэдэхэд тэр хаагддаг сайт нь баахан баригдсан хятадуудын сайт байсныг мэдсэн. Тэгээд л Сумъяа гэх хүүхдийн мөнгө, гар утсыг буцааж өгч чадалгүй салцгаасан. ...” /хх 103/ гэх мэдүүлгүүд,

Н.Сумъяагийн гаргасан өргөдөл /хх 86/, Н.Сумъяагийн ХААН банкны 5041561643 тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 98/ гэх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг гэмт этгээд хууль бус ямар аргаар өөртөө олж авч байгаагаас хамаараад энэ төрлийн бусад гэмт хэргүүдэд хуваагддаг.

Итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд ингэхдээ бусдын эд хөрөнгийг өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөөгүй, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоосон зэрэг аргаар завшдаг.

Залилах гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн аливаа харилцаанаас ялгагддаг.

 Түүнчлэн үгээр буюу үйлдлээр бодит байдлыг гуйвуулах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөлдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдлээс гадна гэрээгээр болон амаар хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн нь тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулсан ойлгодог.

Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн, мөн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдэж нэр бүхий хохирогч нар хохирсон болохыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн тогтоосон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, хэргийн үйл баримтыг шүүгдэгч Л.Э “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн, мөн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг тус тус үйлдсэн хэмээн дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Л.Эын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан шинжийг бүрэн агуулсан, анхан шатны шүүх мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

Нөгөөтэйгүүр Л.Эын 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хооронд нийт компанийн зүгээс итгэмжлэн хариуцуулж өгсөн “Самсунг таб”, “Макбүүк про ай5” нөүтбүүк, цэнэглэгчийн хамт, “Сони А5” маркийн зургийн аппарат, аппаратны линз дуран зэргийг барьцаалан зээлдүүлэх газруудад барьцаат зээлийн гэрээний дагуу барьцаанд тавьсан, гал тогооны тавилгын захиалгын хөлс болох иргэн Д.Дамдинжаваас шилжүүлсэн 6.500.000 төгрөгийг дүү С.Дөлгөөний 5063541021 тоот дансаар шилжүүлэн авч, уг орлогын 5.000.000 төгрөгийг компанийн захирал Н.Дарьдуламын данс руу шилжүүлж, үлдсэн 1.500.000 төгрөгийг нь хэрэглэж зарцуулсан зэргээр “Ком тавилга” ХХК-ийн эд хөрөнгийг завшиж, нийт 3.188.000 төгрөгийн хохирол учруулан үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэнд тооцогдоно.

Шүүгдэгч Л.Э, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу нарын гаргасан “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус оногдуулж нэмж нэгтгэн тооцож ...шийтгэх тогтоолд өөрчлөл оруулж өгнө үү.” гэсэн утга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Шүүгдэгч Л.Э гэм буруугийн талаар маргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө шийтгэх тогтоолд хохирол гаргуулахаар заасан нэр бүхий хохирогч нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан, тэд гомдол саналгүй /хх 157-160/ гэсэн  хэдий ч анхан шатны шүүхээс түүнд хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон байх тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжгүй гэж дүгнэв.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж үзнэ.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Э, түүний өмгөөлөгч О.Алтанчулуугийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох нийт 830.000 нэр бүхий хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлж барагдуулсаныг дурдах нь зүйтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/258 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Э, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14  хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН

 

           

ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ