Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвсүрэнгийн Ууганцэцэг |
Хэргийн индекс | 119/2022/0007/з |
Дугаар | 119/ШШ2022/0020 |
Огноо | 2022-06-03 |
Маргааны төрөл | Газар, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 119/ШШ2022/0020
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэн С овогтой Б, О овогтой Ц, Г овогтой У,
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Н,
Хариуцагч: ОАЗД,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ОАЗД-ын ТГ-ын ХЭЗХ-ийн мэргэжилтэн Б.Б нарын хоорондын
Нэхэмжлэлийн шаардлага: “О.Ц-ын Уурхайчин баг, “Т” зочид буудлын урд байрлах 18 м.кв газрын эзэмших эрхийн хугацааг хуулийн дагуу 15 жилийн хугацаагаар сунгаж өгөхийг ОАЗД-д даалгах”, “С-ийн Б, О-ын Ц, Г-ын У нарын эзэмшлийн газарт дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжиж газар чөлөөлүүлэх тохиолдолд хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу газар, үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч, өмчлөгч болох С.Б, О.Ц, Г.У нар болон төсөл хэрэгжүүлэгчтэй “Гурван талт гэрээ” байгуулахыг АЗД-д даалгах“-ыг хүссэн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагч ОАЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Есүхэй нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.Б, О.Ц, Г.У нар нь анх “Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаар тогтоолын хавсралтын: “Хот төлөвлөлтийн шаардлага хангахгүй барилгажсан хэсгийн дахин төлөвлөн барилгажуулах газрын байршил Уурхайчин баг” гэсний “Т” зочид буудлын хашаанд байрлах С.Б-ын эзэмшлийн Уурхайчин баг “Т” зочид буудлын урд байрлах 18 м.кв газар, үл хөдлөх хөрөнгө, О.Ц Уурхайчин баг “Т” зочид буудлын урд байрлах 18 м.кв газар үл хөдлөх хөрөнгө, Г.У Уурхайчин баг, “Т” зочид буудлын урд байрлах 36 м.кв газар, үл хөдлөх хөрөнгө байрлах талбай орсон хэсгийг хүчингүй болгуулах”,
“ОАЗД-ын С.Б, О.Ц, Г.У нарын гражийн зориулалтаар эзэмшиж байгаа “газрыг нь хураан авч чөлөөлүүлэх ажлыг зохион байгуул” гэж “Хот байгуулалт, барилга захиалагчийн алба” ОНӨААТҮГ-ын мэргэжилтэн Ө.Д-т үүрэг болгосон ам шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлүүдийг шүүхэд гаргасан бөгөөд өмнөх шүүх хуралдаанд анх гаргасан дээрх нэхэмжлэлүүдээсээ татгалзсан тул уг нэхэмжлэлийн шаардлагуудад холбогдох хэргийг тусгаарлан, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг нэхэмжлэлийн шаардлагуудад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч О.Ц-аас ОАЗД-д холбогдуулан “О.Ц-ын Уурхайчин баг, “Т” зочид буудлын урд байрлах 18 м.кв газрын эзэмших эрхийн хугацааг хуулийн дагуу 15 жилийн хугацаагаар сунгаж өгөхийг ОАЗД-д даалгах” нэхэмжлэлийн шаардлага;
мөн С.Б, О.Ц, Г.У нараас ОАЗД-д холбогдуулан “С-ийн Б, О-ын Ц, Г-ын У нарын эзэмшлийн газарт дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжиж газар чөлөөлүүлэх тохиолдолд хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу газар, үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч, өмчлөгч болох С.Б, О.Ц, Г.У нар болон төсөл хэрэгжүүлэгчтэй “Гурван талт гэрээ” байгуулахыг АЗД-д даалгах“-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.
3. Нэхэмжлэгч С.Б нь 2009 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Л.О-тэй “Граж худалдах, худалдан авах гэрээ" байгуулж, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг, “Т” зочид буудлын урд байрлах граж, гражийн зориулалттай 18 м.кв газрыг 13 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 0224251 дугаар бүхий газар эзэмших гэрчилгээг, тухайн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Y-210........ дугаарт бүртгэж, 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдөр өмчлөх эрхийн 0001...... дугаар гэрчилгээг;
Нэхэмжлэгч О.Ц нь Б.А-тай 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг, “Т” зочид буудлын урд байрлах граж, гражийн зориулалттай 18 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр гэрээ байгуулж, 000667871 дугаар бүхий газар эзэмших гэрчилгээг, тухайн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Y-210................... дугаарт бүртгэж, 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өмчлөх эрхийн 0005............ дугаар гэрчилгээг;
Нэхэмжлэгч Г.У нь “Т” ХХК-ийн захирал Л.О-гийн 10 машины гражийг хувь хүмүүст зарсан тул “Газар эзэмших, ашиглах эрхийг шилжүүлэх”-ээр Орхон аймгийн Газрын албанд гаргасан хүсэлтийн дагуу Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг, “Т” зочид буудлын урд байрлах граж, гражийн зориулалттай 36 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр гэрээ байгуулж, 02........... дугаар бүхий газар эзэмших гэрчилгээг, тухайн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Y-210.............. дугаарт бүртгэж, 2011 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өмчлөх эрхийн 0001.............. дугаар гэрчилгээг тус тус олгожээ.
4. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
1) “Миний газар эзэмших эрхийн хугацаа 2022 оны 03 дугар сарын 31-ний өдөр дуусах байсан тул ОАЗД С.Б-д 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр газар эзэмших эрхийн хугацааг Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар сунгуулах тухай хүсэлтийг гаргасан. Гэвч Засаг дарга С.Б өөрөө хариу өгөөгүй, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Д.Ц нь 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 104 дугаар бүхий албан бичгээр “Таны гражийн зориулалтаар эзэмшиж буй газрын байршил нь Уурхайчин багийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд барилгажихаар төлөвлөгдөөгүй байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах боломжгүй байна” гэж хариу өгсөн. ...Ийнхүү АЗД өргөдлийн хариуг өөрөө гарын үсэг зурж өгөхгүй байгаа учраас энэ нэмэгдүүлсэн шаардлагыг гаргаж байна” гэж;
2) “Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаар тогтоолын дагуу нэхэмжлэгчдийн эзэмшиж буй газар дээр граж дээр наасан мэдэгдэлд дурдсанаар дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаа хэдийнээ эхэлж төсөл сонгон шалгаруулах тендер зарлагдсан байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээрх тогтоол, АЗД-аас явуулж байгаа эдгээр ажиллагаагаар нэхэмжлэгчдийн газар эзэмших болон үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй байгаа учраас тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, нэхэмжлэгчдийн эзэмшлийн газарт дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжиж газар чөлөөлүүлэх тохиолдолд хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу газар, үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч, өмчлөгч болох С.Б, О.Ц, Г.У нар болон төсөл хэрэгжүүлэгчтэй “Гурван талт гэрээ” байгуулахыг АЗД-д даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ тайлбарлажээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.Б, О.Ц, Г.У нар нь нэхэмжлэлийн 2 шаардлага гаргасан байгаа. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаар тогтоол гаргасан. Энэ тогтоолоор хот төлөвлөлтийн шаардлага хангахгүй байгаа Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байгаа 1.3 га газрыг дахин төлөвлөлтөд оруулж, барилгажуулахаар шийдвэрлэсэн байгаа. Энэ 1.3 га газарт нэхэмжлэгч нарын үл хөдлөх хөрөнгө, газар хамаарч байгаа. Энэ тогтоолыг гаргах саналыг АЗД гаргаад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баталсан байдаг. Энэ тогтоол нэхэмжлэгчдийн эрх ашиг сонирхлыг хязгаарласан Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5 дахь хэсэгт зааснаар сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт байна. Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т зааснаар тогтоол гаргахдаа оролцогчдыг татан оролцуулаагүй, сонсох ажилллагаа хийгээгүй. Нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг зөрчсөн хууль бус захиргааны акт байна гэж үзэж байсан. Нэхэмжлэгч нар Эрдэнэт хотын иргэдийн эрх ашгийг эрхэмлэх үүднээс анх гаргасан нэхэмжлэлүүдээсээ татгалзаад дээр дурьдсан нэхэмжлэлийг гаргасан. АЗД төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо байгуулсан, үйл ажиллагааны удирдамж гараад 2022 оны 04 дүгээр сарын 14-нөөс 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрүүдэд нээлттэйгээр сонгон шалгаруулалт зарласан. Нэхэмжлэгч нарын газар дээр төсөл хэрэгжээд эхэлсэн байна гэж ойлгож байгаа. Тэгэхээр нэхэмжлэгч нарын эрх ашиг зөрчигдөж байгаа учраас нэхэмжлэгч нар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1, 3.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцэж байгаа. АЗД-аас Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14.7.1-т зааснаар төслийг сонгосон талаар газар эзэмшигч нарт танилцуулж, 80-аас доошгүй хувийн зөвшөөрлийг авах, 14.7.1-д зааснаар иргэдийн төлөөллийн байгууллагыг байгуулах гэж заасны дагуу эдгээр ажлуудыг зохион байгуулах ёстой. Одоогоор үйл ажиллагаа зохион байгуулагдаж яваагүй байна гэж ойлгогдож байгаа. Яагаад гэхээр газар эзэмшигч нарт ийм ажиллагаа явж байна гэдгийг мэдэгдээгүй байгаа. Нэхэмжлэгч нарын зүгээс 3 тал гэрээ байгуулж, нөхөн төлбөр гаргуулах шаардлагатай гэж ойлгож байгаа. Энэ шаардлагыг шүүхийн зүгээс хангаж шийдвэрлэх боломж байна гэж үзэж байгаа. Яагаад гэвэл нэхэмжлэгчдийн газар эзэмших эрх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх хэвээр байгаа. Нэхэмжлэгчид эзэмших эрх бүхий газар дээрээ граж буюу үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй, гэрчилгээ хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Газар эзэмших, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх нь гэрчилгээгээр хангалттай нотлогдож байгаа. С.Б-ын тухайд Уурхайчин багийн нутаг дэвсгэрт 18 м2 талбайг гражийн хамт 2009 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр анхны эзэмшигч О-ээс шилжүүлэн авсан байдаг. Газар эзэмших гэрээг 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 15 жилийн хугацаатай байгуулсан. Г.У-гийн хувьд 36 м2 газарт гражийг 2009 оны 01 дүгээр сарын 06-нд анхны эзэмшигч О-ээс шилжүүлэн авсан байдаг. Газар эзэмших гэрээ 2009 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 15 жилийн хугацаагаар байгуулсан. О.Ц-ын хувьд 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр А-аас шилжүүлэн авсан байдаг. Газар эзэмших гэрээг 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 5 жилийн хугацаатай байгуулсан. Газар эзэмших хугацаа 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дуусах байсан боловч сунгуулах хүсэлтээ АЗД-д хугацаандаа гаргасан. Нэгэнт газар эзэмших эрхийг сунгуулах хүсэлт гаргасан байгаа учраас газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болоогүй гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч нарын эрх зөрчигдөж болзошгүй гэж үзэж байгаа учраас энэ нэхэмжлэлийг бүрэн хангах боломжтой гэж үзэж байна. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 22, 24-р зүйлд заасан газар, үл хөдлөх хөрөнгийг эзэмшигч, төсөл хэрэгжүүлэгч, АЗД нар гурван талт гэрээ байгуулж, гэрээнд бүх зүйлийг тусгаж шийдвэрлэж болно гэж үзэж байгаа. Ийм учраас Б, О.Ц, Г.У нарын гаргаад байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой байна.
Нэхэмжлэгч О.Ц-ын шаардлагын тухайд 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 18 м2 газрыг 15 жилийн хугацаатай сунгаж өгөхийг хүссэн хүсэлтийг АЗД-д гаргасан байгаа. Гэвч өргөдлийг хүлээж аваад Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад цохолт хийж өгсөн байдаг. 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 104 дугаартай албан бичгээр газар эзэмших гэрчилгээг сунгах боломжгүй гэсэн хариу өгсөн. Тэгээд О.Ц АЗД хариу өгөөгүй байна гээд өөрөөс нь хариу хүсэж дахин өргөдөл гаргаж өгсөн байдаг. Дахиад хүлээж аваад Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Д.Ц-д шилжүүлсэн байдаг. Ингээд 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр тус газраас утасдаад сунгах боломжгүй дахин төлөвлөлтөнд орсон барилгажих газар биш гэж хариу өгсөн байсан. Газар эзэмших гэрчилгээг сунгаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх ёстой гэж үзэж байгаа. Яагаад гэхээр Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасны дагуу тухайн шатны Засаг даргад газар сунгах хүсэлтээ гаргасан. Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасны дагуу 15 хоногийн дотор хянаж сунгах шийдвэр гаргана гэж заасан байгаа. Тэгэхээр газар эзэмших эрх хүчин төгөлдөр, хуулийн дагуу сунгах хүсэлтээ гаргасан байгаа. О.Ц-ын хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14-р зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан гэж үзэж байгаа. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас О.Ц-ын өргөдлийг хүлээж аваад хоёр янзын хариу өгөөд байгаа нь ойлгомжгүй, хугацааг сунгахгүй татгалзаад байгаа үндэслэл нь тодорхойгүй байгаа. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар газар эзэмших нөхцлийг зөрчиж байгаа учраас газар эзэмших эрхийг сунгахаас татгалзаж байгаа гэж ойлгож байгаа. АЗД-аас өгөөд байгаа хариунаас харахаар О.Ц-ын газар эзэмших эрхийг сунгахгүй байх ямар зүйлийг зөрчөөд байгааг тайлбарладаггүй. Хариуцагчийн тайлбараас харахад газар эзэмших гэрээний хугацаа дууссан гэдэг. Газар эзэмших эрх хэзээ дуусгавар болох вэ гэхээр Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-т зааснаар дуусгавар болно. Энэ хуулийн заалтаас харвал О.Ц-ын газар эзэмших эрх дуусгавар болоогүй байна. Газрын тухай хуулийн 30-р зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаа сунгана гэж заасан. О.Ц-ын тухайд хуулийн хугацаанд сунгах хүсэлтээ өгсөн. Сунгахгүй байх ямар нэг шалтгаан нөхцөл тогтоогдохгүй байгаа учраас Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т зааснаар нэг удаа сунгах боломж байна гэж үзэж байна. Тийм учраас О.Ц-ын газар эзэмших эрхийн хугацааг сунгах үндэслэлтэй байна” гэв.
5. Хариуцагч ОАЗД хариу тайлбартаа: “1. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаар тогтоолын хавсралтаар хот төлөвлөлтийн шаардлага хангахгүй барилгажсан хэсгийг дахин төлөвлөн барилгажуулах газрын байршлыг баталсан. Тухайн батлагдсан байршилд нэхэмжлэгч нарын эзэмшиж буй авто гражийн зориулалттай газар багтсан бөгөөд нэхэмжлэгч О.Ц-ын эзэмшиж байсан 18 м.кв гражийн зориулалт бүхий газрын газар эзэмших эрхийн хугацаа 2022 оны 03 дугаар сард дууссан. Нэхэмжлэгч О.Ц нь тухайн газрыг эзэмших эрхийн хугацааг сунгуулах хүсэлтээ 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гаргаж, хариуг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 104 тоот албан бичгээр хүргүүлсэн байна. Нэхэмжлэгч О.Ц-тай байгуулсан “Монгол Улсын иргэнд газар эзэмшүүлэх гэрээ”-ний 4.2-т “...хугацаа дуусах буюу хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу барилга байгууламж баригдах үед газрыг саадгүй чөлөөлнө” гэж заасан. Газар эзэмшигч нь хууль буюу гэрээнд заасны дагуу газрыг эзэмших эрхтэй тул газар эзэмших эрхийн хугацааг сунгах үндэслэлгүй болно.
2.АЗД нь төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, төсөл хэрэгжүүлэгчтэй “Гурван талт гэрээ” байгуулах харилцааг Хот, суурин газрын дахин хөгжүүлэх тухай хууль болон Барилга, хот байгуулалтын сайдын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 74 дугаар тушаалаар батлагдсан “Хот төлөвлөлтийн шаардлага хангахгүй барилгажсан хэсгийг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-аар тус тус зохицуулсан. Энэхүү “Гурван талт гэрээ” байгуулах ажиллагаа нь газар эзэмших эрхийн зөрчилгүй, хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээтэй газар эзэмшигчтэй “Гурван талт гэрээ” байгуулахаар зохицуулсан тул газар эзэмших эрхийн хугацаа дууссан этгээдтэй “Гурван талт гэрээ байгуулах” хуулийн үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаар тогтоолын хавсралтаар хот төлөвлөлтийн шаардлага хангахгүй барилгажсан хэсгийг дахин төлөвлөн барилгажуулах газрын байршлыг баталсан. Тухайн батлагдсан байршилд нэхэмжлэгч нарын эзэмшиж буй авто гражийн зориулалттай газар багтсан бөгөөд нэхэмжлэгч О.Ц-ын эзэмшиж байсан 18 м2 гражийн зориулалт бүхий газрын газар эзэмших эрхийн хугацаа 2022 оны 03-р сард дууссан. Нэхэмжлэгч нь тухайн газрыг эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гаргаж, хариуг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 104 тоот албан бичгээр хүргүүлсэн байна. Иймд О.Ц-ын газар эзэмших эрхийн хугацаа дууссан байгаа учраас сунгах боломжгүй байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Өнөөдрийн байдлаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр 15-ны өдрийн 05 дугаартай тогтоол хүчин төгөлдөр хэвээр үйлчилж байна. Газрын тухай хууль болон Хот тохижуулах тухай хуульд зааснаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хот суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, талбайн байршил, хэрэгжих хязгаарыг хуульд заасны дагуу баталсан. Тогтоолыг хэрэгжүүлж ажиллах чиг үүрэг бүхий этгээд АЗД юм. С.Б, О.Ц, Г.У нартай гурвалсан гэрээ байгуулахыг АЗД-д даалгах гэсэн нэхэмжлэл гаргасан байгаа. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-т аймгийн Засаг даргын бүрэн эрхийг заасан байгаа бөгөөд гурван талт гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангуулах бүрэн эрхтэй. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.2-т аймаг, нийсэл, сум дүүргийн Засаг дарга төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбайг газар, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч төсөл хэрэгжүүлэгчтэй гурван талт гэрээ байгуулна гэж байгаа. Мөн түүнчлэн Барилга хот байгууллалтын сайдын 2020 оны 74-р тушаалын хавсралтаар батлагдсан хот төлөвлөлтийг дахин барилгажуулах дүрэм байдаг. Энэ дүрэмд бас гурван талт гэрээ байгуулна гэж зохицуулсан байгаа. Тэгэхээр төрийн захиргааны байгууллага албан тушаалтан хууль хэрэгжүүлж ажиллаж, хуулиас давж ажиллахгүй учраас энэ төсөл хэрэгжээд эхэлбэл хуулиа хэрэгжүүлж, хууль тогтоомж зөрчихгүй энэ ажлыг хийх ёстой. Нэгэнт төсөл хэрэгжээд эхэлбэл гурван талт гэрээ байгуулж хуулиа дагаад явах учраас нэхэмжлэлийн шаардлагыг ирээдүйг харж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж харж байна. Хоёр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч О.Ц-аас “О.Ц-ын Уурхайчин баг, “Т” зочид буудлын урд байрлах 18 м.кв газрын эзэмших эрхийн хугацааг хуулийн дагуу 15 жилийн хугацаагаар сунгаж өгөхийг ОАЗД-д даалгах”, нэхэмжлэгч С.Б, О.Ц, Г.У нараас “С-ийн Б, О-ын Ц, Г-ын У нарын эзэмшлийн газарт дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжиж газар чөлөөлүүлэх тохиолдолд хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу газар, үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч, өмчлөгч болох С.Б, О.Ц, Г.У нар болон төсөл хэрэгжүүлэгчтэй “Гурван талт гэрээ” байгуулахыг АЗД-д даалгах“-ыг хүссэн нэхэмжлэлийг ОАЗД-д холбогдуулан гаргасан.
2. С.Б, О.Ц, Г.У нар болон төсөл хэрэгжүүлэгчтэй “Гурван талт гэрээ” байгуулахыг АЗД-д даалгах нэхэмжлэлийн тухайд:
2.1. Нэхэмжлэгч С.Б, О.Ц, Г.У нарын ОАЗД-д холбогдуулан гаргасан “С-ийн Б, О-ын Ц, Г-ын У нарын эзэмшлийн газарт дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжиж газар чөлөөлүүлэх тохиолдолд хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу газар, үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч, өмчлөгч болох С.Б, О.Ц, Г.У нар болон төсөл хэрэгжүүлэгчтэй “Гурван талт гэрээ” байгуулахыг АЗД-д даалгах“-ыг хүссэн нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” гэж зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2.2. Нэхэмжлэгч нар нь ОАЗД-д “Гурван талт гэрээ” байгуулах асуудлаар өргөдөл, хүсэлт гаргаагүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.2-т “Энэ хуулийн 93.1-д заасан байгууллага байхгүй бол тухайн актыг гаргасан байгууллагад гомдол гаргаж болно” гэж зааснаар нэхэмжлэгч С.Б, О.Ц, Г.У нар нь эхлээд “Гурван талт гэрээ” байгуулах асуудлаар ОАЗД-д өөрт нь өргөдөл, хүсэлтээ гаргаж, урьдчилан шийдвэрлүүлэх боломжтой.
2.3. Даалгах нэхэмжлэлийн урьдчилсан нөхцөл нь захиргааны байгууллагад гаргасан иргэний өргөдөл, хүсэлтийг захиргааны байгууллага биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсан, мөн татгалзсан шийдвэр гаргасан тохиолдолд тухайн хууль бус шийдвэр, үйл ажиллагааны улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх үүсдэг. Гэтэл нэхэмжлэгч нар нь ОАЗД-д “Гурван талт гэрээ” байгуулах асуудлаар өргөдөл, хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд захиргааны байгууллагаас иргэдийн гаргасан өргөдөл хүсэлтийг биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсан, татгалзсан шийдвэр гаргасан нөхцөл үүсээгүй байна.
2.4. Захиргааны ерөнхий хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т заасан хуулийн зорилтоос харвал хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхээр хянан шийдвэрлэхээр заасан тул нэхэмжлэгч нар “Гурван талт гэрээ” байгуулах талаар захиргааны байгууллагад хандаагүй, энэ талаар захиргааны байгууллагаас хууль бус үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул уг нэхэмжлэлийг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжгүй болно.
2.5. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-т “Төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангуулах”, 11.2-т “Газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч иргэн, хуулийн этгээдтэй аймаг, нийслэлийн Засаг дарга гурван талт гэрээ байгуулна” гэж тус тус зааснаар АЗД газар, үл хөдлөх эд хөрөнгө эзэмшигч, өмчлөгчтэй “Гурван талт гэрээ” байгуулах, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т “Газар, үл хөдлөх эд хөрөнгөө үнэлэх, үнэлүүлэх”, 22.1.4-т “Төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой гэрээ байгуулах, хэлэлцээр хийх” гэж тус тус зааснаар газар, үл хөдлөх эд хөрөнгө эзэмшигч, өмчлөгч нь газар, үл хөдлөх эд хөрөнгөө үнэлэх, үнэлүүлэх, төсөл хэрэгжүүлэгчтэй гэрээ байгуулах асуудлыг тус тус зохицуулсан байна. Иймд нэг талаас захиргааны байгууллага хуульд заасан үүргийг биелүүлэх, нөгөө талаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийн хувьд гэрээ, хэлэлцээр байгуулахыг шаардах эрхтэй байна.
2.6. Иймд хуульд зааснаар газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч нарын зүгээс АЗД-д өргөдөл, хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх, хэрвээ уг өргөдөл хүсэлтийг биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсан, татгалзсан шийдвэр гаргасан зэргээр захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагааны улмаас тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд хандах эрх нээлттэй болно.
3. “О.Ц-ын газар эзэмших эрхийн хугацааг 15 жилийн хугацаагаар сунгаж өгөхийг ОАЗД-д даалгах” нэхэмжлэлийн тухайд:
3.1. Нэхэмжлэгч О.Ц-ын ОАЗД-д холбогдуулан гаргасан “О.Ц-ын Уурхайчин баг, “Т” зочид буудлын урд байрлах 18 м.кв газрын эзэмших эрхийн хугацааг хуулийн дагуу 15 жилийн хугацаагаар сунгаж өгөхийг ОАЗД-д даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
3.2. Нэхэмжлэгч О.Ц нь Б.А-тай 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг, “Т” зочид буудлын урд байрлах граж, гражийн зориулалттай 18 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр гэрээ байгуулж, 0006......... дугаар бүхий газар эзэмших гэрчилгээг, тухайн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Y-210................ дугаарт бүртгэж, 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өмчлөх эрхийн 0005.............. дугаар гэрчилгээг тус тус авчээ.
3.3. О.Ц-д газар эзэмших эрхийн 0006........ дугаартай гэрчилгээг 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 5 жилийн хугацаатай олгож /1 дэх хавтаст хэргийн 10 дахь тал/, 12617 дугаартай Монгол Улсын иргэнд газар эзэмшүүлэх гэрээг 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 5 жилийн хугацаатай байгуулсан байна /1 дэх хавтаст хэргийн 13 дахь тал/. Үүнээс дүгнэвэл О.Ц-ын газар эзэмших эрхийн гэрчилгээний 5 жилийн хугацаа 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болжээ.
3.4. Газар эзэмшигч О.Ц-аас ОАЗД-д 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “Газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах тухай” хүсэлтийг гаргаж, АЗД-аас уг хүсэлтийг шийдвэрлүүлэхээр Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт шилжүүлж /1 дэх хавтаст хэргийн 232 дахь ар, өвөр тал/, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 104 дугаартай албан бичгээр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах боломжгүй гэсэн хариуг газар эзэмшигчид хүргүүлжээ /1 дэх хавтаст хэргийн 193 дахь тал/.
3.5. Мөн газар эзэмшигч О.Ц нь 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр “Газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах тухай” хүсэлтээ дахин АЗД-д хүргүүлсэн байх бөгөөд уг хүсэлтийг АЗД-аас аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт шилжүүлж, тус газраас “ам болон тоотоор хариу өгсөн” гэж өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэсэн талаар тэмдэглэсэн байна /1 дэх хавтаст хэргийн 31 дэх ар, өвөр тал/.
3.6. Газар эзэмшигч О.Ц нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтээ Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах...” гэж зааснаар 30-аас доошгүй хоногийн өмнө эрх бүхий албан тушаалтанд гаргасан ба уг газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахаас татгалзсан хариуг АЗД-аас газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаараа дамжуулан түүнд хүргүүлсэн гэж үзэхээр байна.
3.7. Дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахаас татгалзсан хариу болон хариуцагч талын тайлбарлаж байгаагаар О.Ц-ын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахаас татгалзаж байгаа үндэслэл шалтгаан нь “тухайн газарт дахин төлөвлөлт хийсэн”-тэй холбоотой буюу Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Хот төлөвлөлтийн шаардлага хангахгүй барилгажсан хэсгийн дахин төлөвлөн барилгажуулах газрын байршил, талбайн хэмжээ, хил зааг-/Уурхайчин баг/” гэсэн газрын байршилд О.Ц Уурхайчин баг, “Т” зочид буудлын урд байрлах 18 м.кв газар, уг газар дээрх байрлах гражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө хамаарч байгаагаас шалтгаалсан байна.
3.8. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана” гэж зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтийг шийдвэрлэхдээ газар эзэмшигч “эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж...” гэсэн урьдчилан нөхцөлийг тодорхойлжээ. Энэ нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан нөхцөлд хүсэлт гаргасан бүхнийг сунгах тухай асуудал биш юм.
3.9. Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших эрхийн хугацаа дуусаж, хугацаа сунгуулах хүсэлт гаргах үед өмнө эзэмшиж байсан эрх дуусгавар болдог. Тийм учраас газар эзэмшиж байсан этгээд нь цаашид уг эрхээ үргэлжлүүлэн эзэмших хүсэлт гаргах боломжтой боловч, тэрхүү хүсэлтийг шийдэрлэхдээ өмнө үүссэн эрхийг бүхэлд нь эсхүл аль хэсгийг цааш үргэлжлүүлэн эзэмшүүлэх эсэхийг хянаж шийдвэрлэх нь төрийн эрх бүхий байгууллагын үүрэг байна.
3.10. Газар эзэмшигч этгээд эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж байгаа хэдий ч газар эзэмших эрхийг сунгах боломжгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд түүнийг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан “Газар төрийн хяналт, хамгаалалтад байх” зарчимд нийцнэ.
3.11. Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн” гэж зааснаар Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч байх бөгөөд төрийн хяналт, хамгаалтанд байх ба хуульд заасан болзол, нөхцөлөөр тодорхой хугацаанд төрийн өмчийн газрыг иргэн, хуулийн этгээдэд түр эзэмшүүлэхийг “газар эзэмших эрх” гэнэ. Иймд хуульд заасан тодорхой нөхцөл үүссэн буюу газрыг тусгай хэрэгцээнд авах, эзэмшүүлэх, ашиглуулах зориулалт, орчны төлөвлөлт өөрчлөгдөх зэрэг тохиолдолд хуульд заасан журмын дагуу газар эзэмшигч этгээдийн эрхийг төрийн захиргааны байгууллага өөрчлөх, дуусгавар болгох эрхтэй.
3.12. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар газар эзэмших эрхийг сунгах эсэхийг шийдвэрлэхдээ энэхүү сунгуулах хүсэлттэй газрын эзэмших эрхийн зориулалт, болзол, хугацаа зэрэг нь цаашид тэр зориулалт, болзол, хэмжээгээр сунгах боломжтой эсэх, орчны төлөвлөлт өөрчлөгдсөн тохиолдолд газар эзэмших эрхийг анх олгосон зориулалт, болзол, хугацаагаар сунгах эсэх зэргийг хянан үзэж шийдвэрлэх нь захиргааны байгууллагын үүрэг байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг дээрх үндэслэлээр сунгахаас татгалзсан захиргааны байгууллагын шийдвэрийг буруутгах үндэслэлгүй.
3.13.Тодруулбал, газар эзэмшигч О.Ц-ын эзэмших эрх бүхий газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан, тухайн орчны газарт шинэ төлөвлөлт хийсний улмаас газар эзэмших эрхийн гэрчилгээг анх эзэмшүүлсэн зориулалт, болзолтойгоор хуульд заасан хугацаагаар сунгах боломжгүй нөхцөл тогтоогдож байх тул түүний газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахаас татгалзсан нь түүний газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж дүгнэлээ.
3.14. Харин тухайн газар эзэмших эрх захиргааны байгууллагаас баталсан хот төлөвлөлтийн төлөвлөгөөний улмаас дуусгавар болсон, цаашид сунгуулах боломжгүй нөхцөл үүссэн, тухайн газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахаас татгалзсан нь дээрх төлөвлөгөөтэй холбоотой байх тул газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн талаар захиргааны байгууллагад хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх, “Гурван талт гэрээ” байгуулах, газар дээрх үл хөдлөх эд хөрөнгөө үнэлэх, үнэлүүлэх талаар захиргааны байгууллагад хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх боломжтой болно.
3.15. Нэхэмжлэгч нар нь Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаар тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлээсээ сайн дураар татгалзсан учраас төлөвлөгөө батлахдаа оролцогчдыг татан оролцуулаагүй, сонсох ажиллагаа хийгээгүй зэрэг захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журамтай холбоотой асуудлаар дүгнэлт хийх шаардлагагүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2-т тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасныг баримтлан С.Б, О.Ц, Г.У нарын ОАЗД-д холбогдуулан гаргасан “С-ийн Б, О-ын Ц, Г-ын У нарын эзэмшлийн газарт дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжиж газар чөлөөлүүлэх тохиолдолд хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу газар, үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч, өмчлөгч болох С.Б, О.Ц, Г.У нар болон төсөл хэрэгжүүлэгчтэй “Гурван талт гэрээ” байгуулахыг АЗД-д даалгах“ нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, уг шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 5 дугаар зүйлийн 5.1, 37 дугаар зүйлийн 37.2 дахь заалтуудыг баримтлан О.Ц-ын ОАЗД-д холбогдуулан гаргасан “О.Ц-ын Уурхайчин баг, “Т” зочид буудлын урд байрлах 18 м.кв газрын эзэмших эрхийн хугацааг хуулийн дагуу 15 жилийн хугацаагаар сунгаж өгөхийг ОАЗД-д даалгах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.УУГАНЦЭЦЭГ