Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2026/0667

 

“М н о” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Ц.Одмаа

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Мөнхтулга

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

 

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч “М н о” ХХК-ийн төлөөлөгч П.Э  

Нэхэмжлэгч: “М н о” ХХК

Хариуцагч: Булган аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Ц.А, Б.С нар   

 

Нэхэмжлэлийн шаардлага: “2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-04250000023 дугаартай “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” тухай,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 0034 дүгээр шийдвэртэй,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Ц.А, Б.С, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н, С.Д, С.С нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Хатантуул

Хэргийн индекс: 158/2026/0026/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “М н о” ХХК-иас Булган аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Ц.А, Б.С нарт холбогдуулан “2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-04250000023 дугаартай “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.  

2. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 0034 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.3, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, 42 дугаар зүйлийн 42.1, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.4.3, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.2, Усны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М н о” ХХК-ийн Булган аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан “2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-04250000023 дугаартай “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч “М н о” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Э дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

3.1. “... Эрх зүйн онолын суурь зарчим болох “хуулийг буцаан хэрэглэх талаар тухайлан заагаагүй бол тухайн хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасны дагуу нөхөн ногдуулалтын акт үйлдэгдэж байх үед хүчингүй байсан Засгийн газрын тогтоолыг ямар хэм хэмжээний актаар амилуулж зөрчил гэж үзсэнийг тааж мэдэхгүй байна.

Монгол Улсын Дээд шүүх олон нийтийн эрх зүйн мэдлэг, боловсролд зориулж шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн эрх зүйн маргааны шийдвэрлэлтийн хураангуйг байршуулдаг болсон байна. 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр оруулсан “Татвар нэмэгдүүлэн тооцох журмыг буцааж хэрэглэхгүй" гэсэн мэдээнд “... Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд “эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцааж хэрэглэхгүй” байх суурь зарчмыг баримталдаг, энэ тохиолдолд иргэн, хуулийн этгээдийн төлбөл зохих татвар ногдох орлогыг тодорхойлох аргачлал тогтоож, төлбөрийн хэмжээг нэмэгдүүлсэн журам нь гарсан өдрөөсөө эхлэн үйлчлэх бөгөөд буцааж хэрэглэхгүй.

Тодруулбал, 2019 оны 7, 8 дугаар сард хүчин төгөлдөр үйлчилж эхлээгүй, дагаж мөрдөгдөөгүй байсан Засгийн газрын 2019 оны 342 дугаар журмыг хэрэглэж, татвар ногдох орлогыг нэмэгдүүлэн тооцох нь маргааныг тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг хэрэглэж шийдвэрлэх зарчимд нийцэхгүй, татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэв..." гэсэн байна.

Өөрөөр хэлбэл татварын улсын байцаагчид ус ашигласны төлбөрийг тооцож буй эрх бүхий байгууллагын шийдвэр нь хүчингүй болсон байхад буцаан үйлчлүүлж бидний эрх зүйн байдлыг дордуулсан болно. Энэ тухай шүүхээс тухайлан нотлох баримт цуглуулах ажиллагаа хийлгэх хүсэлттэй байна..." гэж тухайлан маргасан болно.

Тодруулбал, хариуцагчийн үйлдсэн маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд ноцтой харшилсан, хэрэглэвэл зохих Засгийн газрын тогтоолыг огт ишилж, дурдаагүй байсан.

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.-т "Усны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг энэ хуулийн 15.1-д заасан хязгаарт багтаан Засгийн газар рашаан ашигласны төлбөрийн хэмжээг энэ хуулийн 15.2-т заасан хязгаарт багтаан бүс нутгийн хөгжлийн онцлогийг харгалзан аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл тус тус тогтооно" гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 326 тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээ"- баталсан байдаг. Дээрх тогтоолын 1 дүгээр хавсралтын 7-ын а) "ашигт малтмал олборлох, баяжуулах" гэсэн дэд заалтын "гадаргын усанд" баганын "10" гэснийг "25" гэж, "газрын доорх усанд" баганын "20 гэснийг "35" гэж тус тус Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 416 дугаар тогтоолоор өөрчилсөн байдаг.

Манай компани 2021 онд үйл ажиллагаа явуулаагүй, 2022 онд Ковид-19 цар тахлын дараа улс орны нийтлэг эрх ашгийн төлөө нийт алт олборлогчдыг төрийн эрх бүхий байгууллагуудын шахалтаар яаруу сандруу тухайн оны үйл ажиллагааг эхлүүлсэн байдаг. Энэ тухай анхан шатны шүүх хуралдаанд оролцсон Ашигт малтмал, газрын тосны газрын Хуулийн хэлтсийн дарга байсан төлөөлөгч Ковид-19 цар тахлын дараа буюу 2022 онд зарим алт олборлогч компаниуд яагаад ус ашиглах гэрээ зэрэг бичиг баримтын бүрдүүлбэр дутуу 2022 онд үйл ажиллагаагаа эхлүүлснийг сайн мэдэх учиртай.

Бидний зүгээс 2023 он, 2024 оны ус ашигласны төлбөрийг Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 416 дугаар тогтоолоор өөрчилсөн хувиар төлж, тайлагнасан ба энэ нь үндэслэл бүхий юм. Гэтэл хариуцагч нар газар хөлдөж огт үйл ажиллагаа явуулаагүй үед батлагдсан 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 416 дугаар тогтоолын үйлчлэлийг 2022 оны зуны урин дулаан цаг ашигласан усны төлбөрийг бодоход ашиглаж, буцаан үйлчлүүлж буйд гомдолтой байна.

Өөрөөр хэлбэл, татварын улсын байцаагч нарын жишиг болгож буй 2023, 2024 онуудын төлбөрийн дүнгийн хувьд өөрчлөлт орсон байтал түүнийг 2022 онд өөрчлөгдөөгүй мэтээр шууд жишиж 2022 оны ус ашигласны төлбөрийг бодит бусаар хэт өндрөөр тогтоосон нь хууль болон захиргааны хэм хэмжээний актын үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүхийг хууль хэрэглээний энгийн зүйл дээр дүгнэлт хийлгэхийг хүссэн боловч шүүхийн шийдвэр нь бүхэлдээ бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд ноцтой харшилсан маргаан бүхий захиргааны актад хөтлөгдсөн нь шүүхийн шийдвэр "хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна." гэсэн шаардлагыг хангасангүй.

Шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй миний бие мэдээгүй харин итгэмжлэгдсэн төлөөлөгчид утсаар мэдэгдсэн гэдэг /урьдчилсан хэлэлцүүлгийн тов мессежээр ирсэн боловч бусад хуралдааных ирээгүй/ ба нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүргийн дагуу хандахад, шүүх хуралдаанд цахимаар оролцох zoom хаяг, ID:2, password: 2 гэсэн нууц дугаарыг өгсөн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй хэмээн нэхэмжлэгчийн эзгүйд гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хийсэн.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 51 тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал"-ын 6.2.1. Шүүх хуралдааныг товлон зарласны дараа шүүгчийн туслах хэргийн болон бусад оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид “Шүүх хуралдаанд ирүүлэх тухай мэдэгдэх хуудас" Баримт №12-ыг үйлдэн, бичиг хүргэгчид хүлээлгэн өгч, хүргүүлнэ. 6.2.2. Бичиг хүргэгч энэ аргачлалын 5.1.2- заасны дагуу мэдэгдэх хуудсыг хэргийн болон бусад оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид хүргэнэ. 6.2.3. Хэргийн болон бусад оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг утас (албаны мессеж), факс, шүүгчийн туслах шүүхийн болон албаны цахим шуудангийн хаяг ашиглан цахим шуудангаар мэдэгдсэн бол Баримт №13, №25-г тус тус үйлдэн хэрэгт хавсаргана. гэсэн нарийвчилсан зохицуулалттай байна.

Мөн бидний зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг Монгол Улсад үүссэн шатахууны хомсдолоос болж биечлэн гардаж авах боломжгүйгээ учирлаж шүүхийн шийдвэрийг шуудангаар гардаж авах хүсэлттэй талаар учирлахад заавал хүсэлтээ бичгээр гаргаж ямар шалтгааны улмаас биечлэн гардаж авч чадахгүй байгаагаа тайлбарласны эцэст шүүхийн шийдвэрээ шуудангаар гардаж авсан. Иймд Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 158/ШШ2026/0034 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг хянаад, дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

2. “М н о” ХХК-иас Булган аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Ц.А, Б.С нарт холбогдуулан “2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-04250000023 дугаартай “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

3. Маргаан бүхий актаар “М н о” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, 2022 онд 19,521.30 грамм алт тушаасан боловч Туул голын сав газартай хийсэн ус ашиглах зөвшөөрлийн гэрээ байгуулаагүй, Усны газраас ус ашиглуулах дүгнэлт гаргуулаагүй, ус ашигласан төлбөр төлөхөөр тайлагнаж төсөвт мөнгө төлөөгүй гэх үндэслэлээр 158,009,501.67 төгрөгийн нөхөн татвар, 63,203,800.66 төгрөгийн торгууль,  79,549,883.67 төгрөгийн алданги, нийт 300,763,186 төгрөгийн төлбөр төлүүлэхээр” шийдвэрлэсэн байна.  

4. Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “... бидний зүгээс 2023 он, 2024 оны ус ашигласны төлбөрийг Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 416 дугаар тогтоолоор өөрчилсөн хувиар төлж, тайлагнасан. Гэтэл хариуцагч нар газар хөлдөж огт үйл ажиллагаа явуулаагүй үед батлагдсан 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 416 дугаар тогтоолын үйлчлэлийг 2022 оны зуны урин дулаан цагт ашигласан усны төлбөрийг бодоход ашиглаж, буцаан үйлчлүүлж буйд гомдолтой байна” гэж, хариуцагчаас “... хуулийн этгээдийн ойролцоо алт тушаасан онтой нь харьцуулан жишиг үнийг тооцсон. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.11, 28 дугаар зүйлийг баримтлан акт гаргасан” гэж тайлбарлан маргаж байна.   

5. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Татварын хууль тогтоомжид хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно”, 6.1.11-т "жишиг үнийн арга" гэж татвар төлөгчтэй ойролцоо хүчин чадал, нөхцөл бүхий адилтгах үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдийн үйл ажиллагаа, орлого, зарлагын болон бусад бодит тооцоонд үндэслэн татварын ногдлыг тодорхойлохыг, тийм татвар төлөгч байхгүй бол татварын алба өөрт байгаа мэдээллийг үндэслэн татварын ногдлыг тодорхойлохыг”, 28 дугаар зүйлийн 28.3-т “Татвар төлөгч анхан шатны баримт бүрдүүлээгүй болон нягтлан бодох бүртгэл хөтлөөгүй, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн системд холбогдоогүйгээс орлого, зарлагыг нь тодорхойлох боломжгүй, эсхүл татвар ногдуулах орлого, татвар ногдох орлогоос хасагдах зардлыг тодорхойлохдоо бодит бус үнэ хэрэглэсэн тохиолдолд татварын албан татварын ногдлыг жишиг үнийн, эсхүл үнэ шилжилтийн тохируулга хийх аргаар тодорхойлж, холбогдох татварыг ногдуулна”, 36 дугаар зүйлийн 36.1-т “Татвар төлөгчийн татварын ногдлыг үнэн зөв тодорхойлох боломжгүй тохиолдолд татварын алба татвар төлөгчийн татварын ногдлыг жишиг үнийн аргаар тооцоолж, нөхөн ногдуулалтын акт үйлдэнэ” гэж заасан.

6. Татварын ерөнхий хуульд зааснаар татварын алба нь татвар төлөгчийн татварын ногдлыг үнэн зөв тодорхойлох боломжгүй тохиолдолд жишиг үнийн арга буюу татвар төлөгчтэй ойролцоо хүчин чадал, нөхцөл бүхий адилтгах үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдийн үйл ажиллагаа, орлого, зарлагын болон бусад бодит тооцоонд үндэслэн тодорхойлохоор байхад хариуцагч нар нь жишиг үнийн аргыг хэрэглэхдээ нэхэмжлэгчийн 2023 он, 2024 оны тооцоололтой харьцуулан 2022 оны ус ашигласны төлбөрийг  тодорхойлсон нь дээрх хуулийн зохицуулалтад нийцээгүй гэж үзэхээр байна.  

7. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Дор дурдсан зориулалтаар ашигласан ус, рашаан тэдгээрийн орчинд төлбөр ногдуулна”, 6.1.2-т “Уул уурхайн үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан ус”, 15 дугаар зүйлийн 15.З-т “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг энэ хуулийн 15.1-д заасан хязгаарт багтаан Засгийн газар, рашаан ашигласны төлбөрийн хэмжээг энэ хуулийн 15.2-т заасан хязгаарт багтаан бүс нутгийн хөгжлийн онцлогийг харгалзан аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл тус тус тогтооно” гэж заасан.

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 326 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг” тогтоосон бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 416 дугаар тогтоолын хавсралтад “... а/ Ашигт малтмал олборлох, баяжуулах гэсэн дэд заалтын “гадаргын усанд” баганын “10” гэснийг “25” гэж, “газрын доорх усанд” баганын “20” гэснийг “35”... ” гэсэн өөрчлөлтийг оруулжээ.   

8. Тодруулбал, “М н о” ХХК нь 2023 он, 2024 онд усны нөөц ашигласны төлбөрийг төлөхдөө Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 416 дугаар тогтоолоор батлагдсан нэмэгдүүлсэн хувь, хэмжээгээр төлсөн байхад хариуцагч нараас 2022 оны усны нөөц ашигласны төлбөрийг нэхэмжлэгч хуулийн этгээдийн өөрийнх нь 2023 он, 2024 онд усны нөөц ашигласны төлбөртэй харьцуулах байдлаар тогтоосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, маргаан бүхий акт нь Захиргаан ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “Хуульд үндэслэх”, 4.2.5-т “Зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимтай нийцэхгүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.

9. Хариуцагч нар нь нөхөн ногдуулалтын актыг гаргахдаа хууль болон журамд заасан жишиг үнийн аргаар татвар ногдуулалтыг зөв тодорхойлоогүй байх бөгөөд энэхүү алдааг шүүхээс зөвтгөж маргааныг нэг мөр шийдвэрлэх боломжгүй байна. Тодруулбал, шүүхээс актын төлбөрийг багасгаж тооцоолохын тулд татвар төлөгчтэй ойролцоо хүчин чадал, нөхцөл бүхий адилтгах үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдийн үйл ажиллагаа, орлого, зарлагын болон бусад бодит тооцоотой холбоотой баримт хэрэгт авагдаагүй энэ тохиолдолд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий НА-04250000023 дугаартай актын холбогдох  буюу ““М н о” ХХК-ийн  2022 оны усны нөөц ашигласны төлбөрт хамаарах хэсгийг 3 сарын хугацаагаар   түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй.  

10. “М н о” ХХК-иас маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар Булган аймгийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд болон шүүх хуралдаанд гаргасан гомдолдоо “... Манай компани нь 2023-2024 онд ашиглалтын төлбөрт нийт 159,075,705.60 төгрөгийг төлсөн бөгөөд илүү төлсөн 88,104,674.60 төгрөгийг 2022 оны ус ашигласны төлбөрт нөхөн тооцуулах хүсэлттэй байгаа” гэж тайлбарласан боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс 2023, 2024 оны татварын тооцоололтой холбоотой маргаан байхгүй”  гэх нэмэлт тайлбар хийснийг тэмдэглэх нь зүйтэй. 

11. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь ... хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д "нэхэмжлэл" гэж .., хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг”, 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, ... хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчээс хүчингүй болгуулахаар маргаж буй захиргааны акт нь хууль зөрчсөн байхын зэрэгцээ тэдгээрийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд халдсан бол шүүх тухайн захиргааны актыг хүчингүй болгох учиртай.  

12. Нэхэмжлэгчийн зүгээс 2023 он, 2024 оны тооцоололтой маргахгүй гэдгээ шүүх хуралдаан дээр илэрхийлсэн, мөн  “М н о” ХХК-иас 2021 онд үйл ажиллагаа явуулаагүй гэдэгтээ хэргийн оролцогчид маргаагүй энэ тохиолдолд Булган аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч нарын НА-04250000023 дугаартай актын холбогдох хэсэг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзэх үндэслэлтэй тул нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.   

13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т “Төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулна”, 71 дүгээр зүйлийн 71.2-д “Хэргийн оролцогч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчээс “... нэхэмжлэгчийн эзгүйд шүүх хуралдааныг хийсэн” гэх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

14. Учир нь 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдөр “М н о” ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд П.Э нь Х.Ц итгэмжлэл олгосон, түүнд анхан шатны шүүхээс 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдөр шүүх хуралдааны тов мэдэгдэж, баримт №13 үйлдсэн нь хэрэгт авагдсан байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

15. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Э-гын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 158/ШШ2026/0034 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11, Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.11, 28 дугаар зүйлийн 28.3, 36 дугаар зүйлийн 36.1, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийг тус тус баримтлан “М н о” ХХК-ийн Булган аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан “2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-04250000023 дугаартай “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” нөхөн ногдуулалтын актын 2022 онд холбогдох хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, мөн хэсэгт “2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй бол 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-04250000023 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болохыг дурдсугай” гэсэн 2 дахь заалтыг нэмж, 2 дахь заалтын дугаарыг “3” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

      ШҮҮГЧ                                                    Ц.ОДМАА  

        ШҮҮГЧ                                                      Г.МӨНХТУЛГА  

        ШҮҮГЧ                                                     Н.ДОЛГОРСҮРЭН