Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2024/ШЦТ/91

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Д.Батзаяа,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2305000002006 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 1-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураглаач мэргэжилтэй, “*******”-д зураглаач ажилтай, ам бүл 1, Баянгол дүүргийн -р хороо, -р байрны тоотод оршин суух, урьд

- Багануур дүүргийн сум дундын шүүхийн 200 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 94 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 11.2.5 дахь заалтад зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, яг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

- Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 155 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан, *******, /РД: *******/.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр Баянгол дүүргийн -р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ВТS” караоке баарны гадна хохирогч ийг “хэл амаар доромжилсон” гэх шалтгаанаар түлхэж унаган эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Хохирогч *******:

“...2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн -р хороо “ВТS” караокед найз Уранбайгалийн хамт 20 цагийн үед орсон. Бид 2 караокед ороод нийтийн заалны үүд хэсгийн 3 дахь ширээнд суугаад “Эден” гэх нэртэй 0,75 литрийн хэмжээтэй архинаас 1 шилийг захиалаад сууж үйлчлүүлсэн. Тэгээд 22 цагийн үед бид хоёр тамхи татахаар гараад үүд хэсэгт нь зогсож байтал үл таних эрэгтэй хүн ирснээ “танилцъя” гэхээр нь бид 2 “үгүй” гэж хэлээд буцаад ороод ширээн дээрээ ирэхэд үл таних 4 хүн сууж байсан. Би зөөгчийг дуудаад “ямар учиртай хүмүүс энд сууж байгаа юм бэ” гэхэд зөөгч “ширээ байхгүй тул шахаж суух ёстой” гэж хэлсэн. Тэгэхээр нь бид 2 уг үл таних 4 залуугийн хамт 1 ширээнд суухаар болсон. Тэр 4 залуугийн нэг нь “танилцъя” гэхээр нь бид 2 “үгүй” гэхэд казах шиг залуу нь бид хоёрыг “янхан, гичий” гэх мэтээр доромжилж эхэлсэн. Бид 2 нөгөө 4 залуутай маргалдаж эхэлсэн. Энэ үед караоке баарны зөөгч, захирал нь манай найзыг караоке баарнаас гаргасан. Дараа нь юу болсон талаар санахгүй байна. Гэмтлийн эмнэлэг дээр нэг хүн миний толгойноос татах шиг болох үед би ухаан орсон. Би тэр 4 залуутай маргалдаж байснаа л санаж байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 6-9 дэх тал/,

Гэрч *******:

“...2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн -р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ВТS” караокед 21 цагийн үед найз Отгонцэцэгийн хамт орж үйлчлүүлсэн. Тэр караоке нь нийтийн учраас манай ширээн дээр 4 залуу шахаж суусан. Уг залуучууд бид хоёртой “танилцана” гэхээр нь бид 2 “үгүй” гэж хэлсэн. Тэгээд уг залуучуудтай маргалдаж эхэлсэн. Тэгтэл караоке баарны хүмүүс би хоёрыг гаргасан. Отгонцэцэг намайг өмөөрч тэр залуучуудтай маргалдсан. Би тэр хүмүүстэй маргалдаж байгаад эргээд хартал Отгонцэцэг газар хэвтэж байхаар нь яваад очтол толгой нь хагарсан байдалтай хэвтэж байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-1 дахь тал/,

Гэрч *******:

“...2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн -р хорооны хороо, “ВТS” караокед зөөгчөөр ажиллаж байхад 22 цагийн үед 40 орчим насны 2 эмэгтэй заалны 1 номерын ширээн дээр суугаад “Эден” гэх нэртэй 0,5 литрийн архи 1 шил 2 сав ус захиалж авсан. Манайх нийтийн караоке учраас уг 2 эмэгтэй архиа ууж байгаад гадаа гарч тамхи татах гээд ширээнээсээ босоод гадаа гарсан. Тэр хооронд 30-40 насны 4 эрэгтэй хүн орж ирэхээр нь 1 номерын ширээн дээр суулгахад “Эден” архи 1 шил, 4 ус, ундаа захиалаад сууж үйлчлүүлсэн. Гаднаас нөгөө 2 эмэгтэй орж ирэн ширээндээ суугаад удалгүй нэг эмэгтэй нь нөгөө 4 залуугийн хар футболктой эрэгтэй хүнтэй маргалдаж эхэлсэн. Тэгтэл хар улаан өнгийн эрээн цамцтай эмэгтэй хар өнгийн футболктой эрэгтэй рүү архины хундага авч шидсэн, нөгөө эрэгтэй зөрүүлээд ундааны лааз аваад нэгээ эмэгтэй рүү шидээд маргалдаад байхаар нь тэр 6 хүнийг караоке баарнаас гаргасан. Тэгтэл хар улаан өнгийн эрээн цамцтай эмэгтэй хүнтэй хамт явж байсан эмэгтэй хар өнгийн малгай, бор өнгийн савхи, хар өнгийн өмдтэй, цагаан өнгийн пүүзтэй эрэгтэйг түлхээд газар унагаагаад дээрээс нь нэг өшиглөсөн. Тэгээд цаашаа авто машины зам руу явж байхад газарт унасан эрэгтэй босож ирээд зам руу явж байсан эмэгтэйг араас нь очоод нэг удаа түлхтэл уг эмэгтэй унахдаа зам дээр зогсож байсан автомашиныг толгойгоороо мөргөөд газарт унаад ухаан алдсан. Манай зөөгч 103 дуудсан боловч ирэхгүй удаа байхаар нь тэр эмэгтэйтэй хамт явж байсан хар улаан өнгийн эрээн цамцтай эмэгтэй такси бариад нөгөө ухаан алдсан эмэгтэй аваад явсан...” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 11-14 дэх тал/,  

Гэрч *******:

“...Би ажлын ах Тулгаа, Өлзий, Оожоо бид дөрөв орж үйлчлүүлсэн. Тэр караокед суудал байхгүй гээд 2 хөгшин эмэгтэйн хамт 1 ширээнд суулгасан. Удалгүй уг 2 эмэгтэй бид нарын ууж байсан архинаас уух гэж уурлаад дараа нь ширээн дээр байсан архи, ус, шот зэргийг шидэж хагалаад байсан. Тэгтэл караоке баарны зөөгч нар “за одоо та нар ингээд гарцгаа” гэж хэлэхээр нь бид нар уг 2 эмэгтэйгээс түрүүлээд караоке баарнаас гараад явсан. Би хар өнгийн футболк, цэнхэр жинсэн өмдтэй байсан. Тулгаа ах цэнхэр хослол нүдний шилтэй байсан. Оожоо ахын хувцсыг санахгүй байна. Харин Өлзий ах хар өнгийн малгайтай, бор савхин куртиктэй, бараан өнгийн өмдтэй, цагаан өнгийн пүүзтэй байсан...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1220 дугаартай шинжээчийн:

“...******* биед зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, хэвлий, умдаг, хоёр гуянд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Энэ гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 46-47 дахь тал/,

2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “ВТS” караоке баарны хяналтын камерын бичлэг, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 32-37 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ******* нь хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.

Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******н холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь:

2023 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр Баянгол дүүргийн -р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ВТS” караоке баарны гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ийг “хэл амаар доромжилсон” гэх шалтгаанаар түлхэж унаган эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч , гэрч , *******, нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1220 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч  ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд нь хохирогчийн зүгээс хохирол төлбөрт 140.000 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн, шүүгдэгч ******* нь дээрх хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 950 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 950.000 төгрөгийн торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгахад Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 2 удаагийн бүртгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд шүүхээс шүүгдэгч *******г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 950 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 950.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч *******н цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2305000002006 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36. дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 950 /есөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 950.000 /есөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ