Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2020/02510

 

2020 оны 9 сарын 08 өдөр                   Дугаар 102/ШШ2020/02510        Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоожийг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж.О-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У ТӨХК  холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.О, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ж.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Би 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр У ТӨХК-д Автомашин механизмын жолоочоор ажилд орсон бөгөөд, эрхэлсэн ажилдаа хариуцлагатай хандаж, үүрэг даалгаврыг биелүүлж, элдэв зөрчил гаргалгүй ажиллаж байсан. 2020 оны 2 дугаар сард цагаан сарын амралтын өдрүүдийг тохиолдуулан нутагтаа очиж аав ээжтэйгээ золгохоор чөлөө авч явсан боловч Улсын онцгой комиссын шийдвэр гарч, Дорнод аймагт хөл хорио тогтоосноос болж 7 хоног ажилдаа ирж чадаагүй. Гэтэл энэхүү хүндэтгэх шалтгааныг харгалзалгүй ажил тасалсан гэж буруутган шалтаглаж 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр жолоочийн ажлын байрнаас чөлөөлж, сантехникийн слесарь болгосон. Энэ үйлдэл нь хууль бус байсан ч хамт олон дундаа ажиллаж байхад болно доо гэж бодон гомдол гаргаагүй юм. Улмаар ээлжийн амралтаа авсан ба, ээлжийн амралттай байх хугацаанд ажлын байран дээр сургалтад суулгаж, шалгалт авах нэрээр уг ажлын байранд мэргэжил ур чадварын хувьд тэнцэхгүй гэж үзэн, 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Б/139 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалаар байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ямар нэгэн байдлаар урьдчилан мэдэгдэлгүй ажлаас халсан. Эхний шалгалтаа амжилттай өгсөн хэдий ч, дахин шалгалт авч зориуд унагааж, хөдөлмөрлөх эрхийг минь зөрчсөн. Иймд намайг Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж зөрчин ажлаас үндэслэлгүйгээр халсан тул слесарийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулан, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Би жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргаагүй. Хэдий тэр шийдвэр үндэслэлгүй гарсан ч би хүлээн зөвшөөрсөн. Тиймээс одоо слесарийн ажилдаа эгүүлэн тогтоолгохыг хүсэж байгаа. Намайг слесарийн ажилд шилжүүлэхдээ арга хэмжээ тооцож шилжүүлсэн. Тэр шалгалт аваад байсан хугацаанд нь миний ээлжийн амралт таарсан. Ажлаас чөлөөлж байгаа тухай надад мэдэгдэл бол өгөөгүй. Намайг огт үндэслэлгүйгээр ажлаас халсан. Би дулаанд 2 жил ажиллахдаа элдэв зөрчил гаргаж байгаагүй, дулааны жолооч нар ихэнх нь Завханы хүмүүс байдаг. Би ганцаараа Дорнодынх. Хэдэн залуучууд хоорондоо хэл амаа ойлголцохгүй асуудал гарч байсан. Цагаан сарын үеэр аавын бие өвдөж, би Дорнод явсан. Буцах замдаа Корона вирусын улмаас 3 хоног хөл хорионд орж, улсын онцгой комиссоос бичгээ авчирч өгч байсан, түүнээс өөрөөр ажил тасалж байгаагүй...гэв.

Хариуцагч У ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Ж.О нь У ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/158 тоот тушаалаар тус компанийн Хангамж үйлчилгээний албаны Автомашин механизмын жолоочийн ажлын байранд туршилтын хугацаагаар томилогдож, улмаар мөн оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/277 тоот тушаалаар жинхлэн ажилласан билээ. Ж.О нь 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүртэл Автомашин механизмын жолоочоор ажиллах хугацаандаа албан ёсны чөлөө зөвшөөрөлгүй ажил таслах, зан харилцааны доголдол гаргах, дээд шатны удирдах ажилтны үгэнд ордоггүй, өгсөн үүрэг даалгавар хангалттай биелүүлдэггүй, хариуцсан машиндаа засвар үйлчилгээ, цэвэрлэгээ хийдэггүй зэрэг алдаа дутагдал удаа дараа гаргаж, албаны хамт олны болон захирлын зөвлөлийн хурлаар удаад араа яригдаж байсан. Түүний ажил байдлын талаар албаны дарга нь удаа дараа захиргаа хүний нөөцийн хэлтэст тодорхойлолт гаргаж, зохих ёсоор хариуцлага тооцуулах тухай саналаа уламжилж байсан байна. 2020 оны 3 дугаар сарын 23-ны Захирлын зөвлөлийн хурлын шийдвэрээр жолооч Ж.Оын ажлын байрыг өөрчилж, Дамжуулах сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээний албаны Дулааны шугам хоолойн слесариар ажиллуулахаар шийдвэрлэсэн байна. Тэрээр слесариар ажиллах хугацаанд мэргэжлийн шалгалтад удаа дараа хангалтгүй үнэлгээ авч, тухайн ажлын байранд ажиллагсдын мэдлэг ур чадварын шалгуурт тэнцээгүй тул 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Захирлын зөвлөлийн хурлын шийдвэрээр слесарь Ж.Отай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гарч, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 5.4.2.3 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 6.3.2 дахь заалтыг тус тус үндэслэн Гүйцэтгэх захирлын 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Б/139 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ж.Отай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээний зохицуулалтад нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Слесарийн шалгалт өгч тэнцсэний дараа жинхэлнэ, шалгалтад тэнцэхгүй бол хөдөлмөрийн гэрээ цуцална гэдгийг Ж.Оад танилцуулж, гарын үсэг зуруулсан. Мөн ээлжийн амралт олгож, энэ хугацаанд шалгалтдаа бэлдээрэй гээд 4 удаа шалгалт авахад тэнцээгүй. Ж.О нь слесарийн ажилд ур чадвараараа тэнцэхгүй нь удаа дараа авсан шалгалтын дүнгээр тогтоогдож байх тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ж.О нь хувийн зан чанарын хувьд дутагдалтай, хамт олонтойгоо олон удаа хэрэлдэж маргалдаж байсан. Өөрөө ч энэ байдлаа хүлээн зөвшөөрдөг. Цаашид Ж.Отай хамтарч ажиллах боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ж.О хариуцагч У ТӨХК-д холбогдуулан, тус компанийн Дулааны шугам хоолойн слесарийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бол, хариуцагч уг нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

Ж.О нь У ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Б/158 дугаар тушаалаар тус компанийн Аж ахуй, үйлчилгээний албаны жолоочоор томилогдон ажиллаж байгаад, 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Б/85 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 23 дугаар зүйлийн 23.1, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасныг үндэслэн ажил олгогч нь жолооч Ж.Отай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, түүнийг мөн өдрөөс эхлэн Дамжуулах сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээний албанд Дулааны шугам хоолойн слесариар 2 сарын хугацаатайгаар түр томилсон байна. /хх-6, 29/

Дулааны шугам хоолойн слесариар томилогдсоноос хойш ажил олгогч У ТӨХК-ийн Дамжуулах сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээний албаны шалгалтын комисс Ж.Оаас 2020 оны 4 дүгээр сарын 13, 4 дүгээр сарын 17, 4 дүгээр сарын 27 болон, 5 дугаар сарын 06-ны өдрүүдэд дараалан мэргэжлийн шалгалтууд авч, түүнийг ...дагалдан хөтөлбөрийг судлаагүй, наад захын мэдлэггүй, мэргэжлийн шалгалтад хангалтгүй дүн үзүүлсэн... гэж дүгнэсэн талаар шалгалтын протоколд тэмдэглэжээ. /хх-37, 44, 45/

Улмаар 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэн, 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн У ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын Б/139 тоот Ж.Оын хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, У ТӨХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.2.3, Захирлын зөвлөлийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 20 дугаар хурлын шийдвэрийг тус тус үндэслэн, Ж.Оыг мэргэжил, мэдлэг, ур чадварын хувьд тэнцэхгүй байгаа гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс цуцалж, түүнтэй холбогдох тооцоог ажлын 2 хоногийн дотор хийж дуусгахыг Захиргаа удирдлагын хэлтсийн дарга, Санхүү бүртгэлийн хэлтсийн дарга бөгөөд Ерөнхий нягтлан бодогчид тус тус даалгасан байна. /хх-8, 38-39/

Ажил олгогчийн дээрх шийдвэрийг Ж.О хүлээн авч, уг шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлоо 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс ...У ТӨХК-д тавигдсан шалгуурыг хангаж жолоочийн ажилд томилогдсон ба, жолоочоор ажиллах хугацаанд сахилгын шийтгэл оногдуулан шугам хоолойн слесарийн ажилд үндэслэлгүйгээр томилогдсон боловч ажил олгогчийн уг шийдвэрийг хүлээн зөвшөөрч, слесариар ажиллаж эхлэх үед ээлжийн амралтаа авч, амралтын хугацаанд ажил олгогч хэд хэдэн удаа шалгалт авсан бөгөөд, түүнийг шугам хоолойн слесарийн ажлын байранд тавигдах шаардлага хангаагүй болохыг мэдсэн ч уг албан тушаалд томилсон атлаа энэ шалтгаанаар ажлаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй... гэх агуулга бүхий тайлбар гаргаж маргасан.

Харин хариуцагч У ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, ...Ж.Оыг слесариар томилж, ээлжийн амралтын хугацаанд уг ажил албан тушаалд нь сургахаар сургалтад хамруулан, улмаар мэргэжлийн шалгалт авахад, удаа дараа хангалтгүй үнэлгээ авч, тухайн ажлын байранд ажиллагсдын мэдлэг ур чадварын шалгуурт тэнцээгүй учир ажлаас чөлөөлсөн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт нийцсэн... хэмээн тайлбарлаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно.

Хэрэв ажил олгогчийн зүгээс ажилтныг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа бол салбарын буюу байгууллагын мэргэжил ур чадварын түвшин тогтоох комиссын албан ёсны дүгнэлт шийдвэр, эсхүл ажилтан ажил албан тушаалаа гүйцэтгэх явцдаа алдаа зөрчил гаргасан талаарх баримт зэргийг үндэслэн чөлөөлөх шаардлагатай.

Мөн ажил олгогч дээрх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцалж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу энэ тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй юм.

Гэтэл хариуцагч байгууллагаас ажилтныг мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж буй ажилдаа тэнцэхгүй гэх шийдвэрийг гаргаж, хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа түүний мэргэжил, ур чадвар, ажлын үзүүлэлтийн түвшин тогтоох албан ёсны комиссын дүгнэлт гаргаагүй байх бөгөөд, ДСАЗҮА-ны дахин шалгалт авсан шалгалтын протокол буюу шалгалтын комиссын хурлын тэмдэглэл, шалгалтын хуудас гэх 2 баримт зэргийг үндэслэсэн, мөн ажилтан албан тушаалаа гүйцэтгэх явцдаа алдаа зөрчил гаргасан талаарх баримт байхгүй байна.

Түүнчлэн, У ТӨХК-ийн Дамжуулах сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээний албаны Дулааны шугам хоолойн слесарийн ажлын байрны тодорхойлолтод заагдсанаар тус албан тушаалд ...шугам хоолой, хаалт арматурчны засварчин мэргэжилтэй байх чухал шаардлагатай байхад уг шаардлагыг хангаагүй, жолоочоор ажиллаж байсан гэдгийг ажил олгогч мэдсээр байж тухайн албан тушаалд томилсон гэж дүгнэхээр байна.

Учир нь Ж.Оыг хариуцагч байгууллагад жолоочоор ажиллаж байхад нь сахилгын шийтгэл ногдуулах зорилгоор албан тушаалыг нь өөрчилсөн талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарлах бөгөөд, У ТӨХК-ийн захирлын зөвлөлийн хурлын 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 14 дугаар тэмдэглэл, гүйцэтгэх захирлын 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Б/85 дугаар тушаал зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Ж.Оыг шугам хоолойн слесарийн ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг зөрчиж гаргасан гэж дүгнэх үндэслэлтэй.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар ...ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэх... үүрэгтэй ба, энэ үүргээ биелүүлэлгүй, ажилтанд хуульд заасан хугацаанд мэдэгдээгүй бөгөөд, тушаал 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гарч, мөн өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлын 2 хоногийн дотор тооцоо хийж дуусгахыг холбогдох албан тушаалтнуудад даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч У ТӨХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.5 дахь хэсэгт заасныг зөрчиж нэхэмжлэгч Ж.Отай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлан, түүнийг шугам хоолойн слесарийн ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн байх тул дээрх үндэслэлээр Ж.Оын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, түүнийг У ТӨХК-ийн Дамжуулах сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээний албаны Шугам хоолойн слесарийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

Шүүх Ж.Оыг ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар түүний ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7 дугаар зүйлийн А-д заасны дагуу нэг сарын дундаж цалин хөлсний хэмжээ 1,320,304 төгрөг, нэг өдрийн дундаж цалин 61,409 төгрөг /1,320,304:21,5=61,409 төгрөг/ болж байх тул 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан 76 хоногийн хугацааны цалинтай тэнцэх олговрыг нийт 4,667,084 төгрөгөөр тогтоож, Ж.Оын ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлүүлж, энэ тухай ажилтны дэвтэрт бичилт хийх үүргийг У ТӨХК-д даалгах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Оыг У ТӨХК-ийн Дамжуулах сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээний албаны Дулааны шугам хоолойн слесарийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч У ТӨХК-иас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4,667,084 /дөрвөн сая зургаан зуун жаран долоон мянга наян дөрвөн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Оад олгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ж.Оын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч У ТӨХК-д үүрэг болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч У ТӨХК-иас 89,623 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     А.САРАНТУЯА