Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/99

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Б.Одонтуяа /тээврийн прокурор/,

хохирогч *******, түүний өмгөөлөгч Д.Батбаяр,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2305035270542 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2003 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******”-ийн 3-р курсийн оюутан, ам бүл 6, аав, ээж, 3 дүүгийн хамт, Х******* тоотод оршин суух хаягтай боловч одоо *******,******* тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* /РД: *******/.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 5-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 10-р хороолол, “МТ” ШТС-н баруун замд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Toyota Land” маркийн 06- 33 УЕН улсын дугаартай автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралт 4.1. Заах тэмдэг нь замын хөдөлгөөнд шаардлагатай горим тогтоох буюу тогтоосон горимыг өөрчилнө: 4.1.6 Баруун гар тийш явна.” мөн дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас “Toyota Aqua” маркийн УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж *******ын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: “...Сэтгэл санааны хохирол болон өмгөөлөгчийн хөлс нэхэмжилж байна. Эмчилгээний зардалд 1 сая төгрөг, тээврийн хэрэгсэлд учирсан хохиролтой холбоотой үнэлгээгээр тогтоосон 8 сая төгрөгийг тус тус хүлээн авсан. Одоо гомдол санал байхгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч зураглал, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 32-37 дахь тал/,

Хохирогч *******ын:

“...2023 оны 09 дүгээр сарын 10-ны өглөө 05 цагийн орчим хүргэнийхээс гараад дэнжийн 1000 зах орж мах авахаар өөрийн төрсөн охин эзэмшлийн “Тоёота акуа” маркийн цагаан өнгийн УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод ганцаараа гарсан. Байрны зогсоолоос гараад 10 дугаар хорооллын төв замын хойд талын “МТ” шатахуун түгээх станцын баруун талын гэрлэн дохиотой уулзварын хойноосоо урагш чиглэлтэй 3 эгнээ замын 3 дугаар эгнээнд зүүн эргэх хөдөлгөөнөө үргэлжлүүлж байтал ертөнцийн зүгээр баруун талаас зүүн чиглэлтэй туслах замаар цагаан өнгийн ланд маркийн тээврийн хэрэгсэл хурдтай орж ирээд миний машины баруун урд талын хаалга талаас мөргөсөн. Миний унаж явсан тээврийн хэрэгслийн урд талын 2 аваарын дэр задарч машин нэг эргээд зогссон. Миний машиныг мөргөсөн машины жолооч намайг машинд байж байхад бууж ирээд “ахаа уучлаарай тохирчихъё, миний буруу” гээд уйлаад байсан. Миний цээжээр өвдөж амьсгаа авч болохгүй байсан. Тэр хавьд байсан хүмүүс түргэн тусламж, цагдаад дуудлага өгсөн юм шиг байна лээ. Түргэн тусламж ирж үзээд намайг гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Гэмтлийн эмнэлэг дээр очоод цээжний зураг авхуулсан, бас “Мөнгөн гүүр” эмнэлэг дээр очиж бас зураг авхуулахад “хавирга хугарсан байна, нуруу гэмтсэн байна” гэж байсан. Осол болсноос хойш 3 орчим хоногийн дараа гэмтлийн эмнэлэг дээр хүзүү нугасны хагалгаанд орсон. Тэрнээс эмнэлэгт хойш эмнэлэгт 7 орчим хоноод гэртээ гарч эмчилгээ хийлгэж байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дахь тал/,

Иргэний нэхэмжлэгч :

“...2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр манай аав Эрдэнэбат нь манай эгчийнд ирж хоночхоод маргааш өглөө нь 05 цагийн үед миний эзэмшлийн “тоёота акуа” маркийн УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээр “юманд явчхаад ирье” гээд машины түлхүүр аваад явсан. Миний машин 426 байрны доод гарааш байсан. Тэр өдрийн 13 цагийн орчим манай аав над руу танихгүй хүний дугаараас залгаад миний охин регистрийн дугаараа хэлээдэх гэхээр нь “яах гэж байгаа юм” гэхэд “үнэлгээнд орох гэж байгаа” гээд нэг ойлгомжгүй юм ярьж байгаад утас нь тасарчихсан. Би эргээд нөгөө дугаар луу нь залгахад эрэгтэй хүн аваад “энэ ах осолд ороод их сонин байна, чи өөрөө ирсэн нь дээр байхаа” гэж хэлэхээр нь хаана байгаа талаар асуухад 10-р хорооллын “МТ” шатахуун түгээх станцын хойд талын журмын хашаа гэж хэлсэн. Би эгч Золзаяагийн хамт журмын хашаанд яваад очиход манай аав журмын хашааны дотор талд шоконд орсон байдалтай зогсож байсан, юу болсон талаар асуухад “машин мөргөчихлөө” гээд байсан. Журмын хашаанд байсан машинаа харахад миний машины урд талын хэсэг нь тэр чигтээ чихэгдээд байхгүй болсон байсан. Эгч бид хоёр аавыгаа аваад “Мөнгөн гүүр” эмнэлэг рүү авч явсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дахь тал/,

Гэрч :

“...2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 23 цагийн орчим би өөрийн ажилдаг хорооллын “Лояалти” нэртэй лаоунжид ажлаа хийгээд байж байхад найз Гүндалай над руу залгаад “хаана байна, уулзах уу” гэхээр нь “тэгье” гэхэд Гүндалай манай ажлын гадаа цагаан ланд 200 машин унаж ирээд хажууд нь найз Мөнх-Оргил суучихсан байсан. Бид гурав тэндээсээ “UB палас”-ын хойд талын зогсоол дээр машинтай нь ирээд бид гурав юм ярьж сууж байгаад 2 шил сөжү машин дотор нь хувааж ууж дуусаад шөнийн 04 цаг хүртэл юм ярьж сууж байгаад 25-р эмийн сангийн “СU” дэлгүүр орж ундаа авахаар 10-р хорооллын туслах замаар Гүндалай машинаа бариад, хажууд нь Мөнх-Оргил суугаад хойд талын сандлын голд нь би суугаад явсан. Туслах зам нь нарийнхан зам байсан болохоор нэг их хурдан яваагүй, 30 километр цагийн хурдтай явсан байх гэж бодож байна. “МТ” шатахуун түгээх станцаас хойш эргэдэг урсгал руу орох үед хар өнгийн машин үзэгдэх орчин хааж тавьсан байсан. Альфард машины урдуур гараад хойш чиглэлтэй эргэх үед гэнэт нэг машин гарч ирээд Гүндалай нөгөө машинтай мөргөлдчихсөн. Машинаас Гүндалай, Мөнх-Оргил бид гурав машинаас буугаад мөргүүлсэн машин дээр очиход машины жолооч нэг өвөө сууж байсан. Түргэн тусламж дуудсаны дараа Мөнх-Оргил бид хоёр гэр лүүгээ явсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 53-54 дэх тал/,

Гэрч :

“...2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 23 цагийн орчим би гэртээ байж байсан чинь Гүндалай над руу залгаад “уулзах уу” гэхээр нь “уулзъя” гээд манай гэрийн гадаа Гүндалай “Ланд крузер” маркийн цагаан өнгийн машинтай ирсэн. Бид хоёр манай байрны гадаа юм ярьж сууж байгаад Галбадрах найз руугаа яриад уулзахаар болоод машинтай нь хороололд байдаг ажил дээр нь очсон. Галбадрах бид гурав машинтайгаа буцаж яваад “UВ палас”-ын хойд талд байрны дунд ирж зогссон. Бид гурав “Cu” дэлгүүр орж 2 шил cөжү нэртэй архи аваад эргээд машиндаа ирсэн. Машиндаа 2 шил сөжү архиа хувааж уугаад шөнийн 04 цаг болтол юм ярьж сууж байгаад 25-р эмийн сангийн “Cu” дэлгүүр орж ундаа авахаар 10-р хорооллын туслах замаар Гүндалай машинаа бариад, хажууд нь би суугаад хойд талын сандлын голд Галбадрах суугаад явсан. Туслах зам нь нарийнхан зам байсан болохоор нэг их хурдан яваагүй, 30 километр цагийн хурдтай явсан байх гэж бодож байна. “МТ” шатахуун түгээх станцаас хойш эргэдэг урсгал руу орох үед хар өнгийн том машин үзэгдэх орчин хааж тавьсан байсан. Хар том машины урдуур гараад хойш чиглэлтэй эргэх үед гэнэт нэг машин гарч ирээд Гүндалай нөгөө машинтай мөргөлдчихсөн. Машинаас Гүндалай, Галбадрах бид гурав буугаад мөргүүлсэн машин дээр очиход машины жолооч нэг хөгшин настай ах сууж байсан. Түргэн тусламж дуудсаны дараа Галбадрах бид хоёр гэр лүүгээ явсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 56-57 дахь тал/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Даваасүрэнгийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 11783 дугаартай шинжээчийн:

“...*******ын биед хүзүүний 5, 6-р нугалмын нугалам хоорондын жийргэвч мөгөөрсний цүлхийлт, мэдрэлийн ёзоор дарагдал, нугасны сувгийн нарийсал, сээрний 2 болон 4 нугалмын шахагдсан хугарал, зүүн талын 6-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 104-108 дахь тал/,

2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1210 дугаартай мөрдөгчийн:

“...жолооч ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна. Жолооч ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) , эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралт 4.1. Заах тэмдэг нь замын хөдөлгөөнд шаардлагатай горим тогтоох буюу тогтоосон горимыг өөрчилнө: 4.1.6 Баруун гар тийш явна, гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна...” гэсэн магадалгаа /хавтаст хэргийн 69 дахь тал/,

Жолоочийн нэгдсэн сан, авто тээврийн хэрэгслийн нэгдсэн сангийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 70-72 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч ******* нь “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу согтуурсан үедээ” хохирогч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож, шүүгдэгчээс сэтгэцэд учирсан хохирол төлбөрт 7.150.000 төгрөгийг гаргуулж, хохирогч *******ад олгож, 1.520.000 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлэх” гэсэн дүгнэлтийг,

            Хохирогчийн өмгөөлөгч “...Миний үйлчлүүлэгч сэтгэцэд учирсан хохирол болон өмгөөллийн хөлс болох 2 сая төгрөгийг тус тус нэхэмжилж байгаа. Мөн цаашид гарах зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Миний үйлчлүүлэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчид эмчилгээний төлбөр болон шаардлагатай эрүүл мэндийн бүтээгдэхүүн, нурууны бүс зэргийг худалдан авч өгсөн байдаг. Сэтгэцэд учирсан хохирол болон эрүүл мэндийн даатгалын төлбөрийг шүүхийн шийдвэрийн дагуу төлнө гэдгээ илэрхийлж байгаа...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******н холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь:

******* нь 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 5-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 10-р хороолол, “МТ” ШТС-н баруун замд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Toyota Land” маркийн УЕН улсын дугаартай автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралт 4.1. Заах тэмдэг нь замын хөдөлгөөнд шаардлагатай горим тогтоох буюу тогтоосон горимыг өөрчилнө: 4.1.6 Баруун гар тийш явна.” мөн дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас “Toyota Aqua” маркийн УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж *******ын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, хохирогч Э.Эрдэнэбат, иргэний нэхэмжлэгч Э.Аззаяа, гэрч Г.Галбадрах, Б.Мөнх-Оргил нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 11783 дугаартай шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадалгаа зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтлийг учруулсан үйлдэл байдаг бөгөөд гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна.

Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Мөн дээрх гэмт хэргийг “согтуурсан үедээ” үйлдсэн бол хүндрүүлэх шинжид тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заажээ. Хэрэгт авагдсан жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан: “ УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан *******г драйгер багаж ашиглан шалгахад 1,31% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэсэн тэмдэглэлээр шүүгдэгч ******* нь согтуурсан болох нь тогтоогдож байна.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч *******н үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.   

Гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн “урьдчилан мэдэх ёстой” гэсэн ойлголт нь агуулгаараа субъект үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирч болохыг мэдэх үүрэгтэй, урьдаас ухамсарлан бодож болгоомжлох ёстой, нөгөө талаас мэдэх боломж бүрэн байсан боловч хэнэггүй, хайхрамжгүй, анхаарал болгоомжгүй, үл тоомсорлон хандсан зэрэг нөхцөл байдалтай шууд холбоотой байдаг.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******г “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу согтуурсан үедээ” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан бөгөөд “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан.

Дээрх зам тээврийн осол хэргийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол болох бөгөөд учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ үйлчилгээ, асаргаатай холбоотойгоор хохирогчоос гарч буй болон гарах зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршиг юм.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд эмчилгээ хийлгэсэн зардал, бусад хохирол төлбөрт 1.005.000 төгрөгийг хохирогч *******ад, иргэний нэхэмжлэгч Э.Аззаяад 8.755.000 төгрөгийг шүүгдэгч ******* нь тус тус төлж барагдуулсан байна.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Нийслэлийн Хан-Уул, Баянгол дүүргээс явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч гэм хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа. Хохирол төлбөр төлсөн, цаашид төлж барагдуулахаа илэрхийлж байгаа зэрэг байдлыг харгалзан Улаанбаатар хот, Хөвсгөл аймгийн хооронд зорчих, бусад газарт зорих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ял шийтгэлийн төрөл юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж тус тус заасан байна.

Шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2305035270542 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “согтуурсан үедээ” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******д тэнссэн хугацаанд “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг авч, хэрэгжилтэд нь хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч *******д анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******гаас нийт 7.150.000 /долоон сая зургаан зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч *******ад олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч *******ын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******гаас 1.520.000 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ