Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/110

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Б.Тэгшбаяр,

хохирогч *******,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2305000001942 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “*******” ХХК-ийн мужаан ажилтай, ам бүл 1, *******,******* тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, *******. /РД: *******/.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтан төгрөг” худалдааны төвийн явган хүний гарц дээр “явган хүнд зам тавьж өгсөнгүй” гэсэн шалтгаанаар иргэн *******тэй маргалдан түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, толгойгоороо мөргөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр тээврийн  хэрэгслээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан. Явган хүний гарц өнгөрөх үед зам гарч явсан хүн миний машин руу өшиглөхөд би буугаад “хэн машин руу өшиглөсөн бэ” гэхэд энэ залуу “явган хүний зам дээр яагаад зам тавьж өгдөггүй юм бэ” гэж хэлсэн. Тухайн үед энэ залуу болон хамт явсан хүмүүс нь согтууруулах удааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд би маргалдаад байхаар нь түлхэхэд намайг цохиж, миний нүдний шил газарт унаж хагарсан. Гэмтлийн эмнэлэг ороход оёдол тавих боломжгүй гээд цус тогтоох эмчилгээ хийсэн. Улмаар өөрийн таньдаг эмч найзаараа эмчилгээ хийлгэсэн ойролцоогоор 700 орчим мянган төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Би өдөр тутамдаа шил зүүдэг бөгөөд шинээр захиалж хийлгэсэн төлбөрийн баримтыг гаргаж өгсөн. Мөн би хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан бөгөөд нүд хөхөрсөн хавдсан хугацаанд хүмүүстэй уулзалт хийж чадаагүй 2 сарын хугацаа өнгөрч ажлаа хийж чадаагүй. Одоо зүүн нүдний зовхи бага зэрэг хөхрөлттэй бөгөөд хүмүүст харагдахгүй боловч өөрт зовуурьтай байдаг. Иймд шүүгдэгчтэй тохиролцоод 2 сая төгрөг төлчих гэж хэлсэн боловч одоогоор төлөөгүй байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нэхэмжилж байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Хохирогч *******гийн:

 “...2023 оны 09 дүгээр сарын 03-ны 01 цагийн үед өөрийн “Subaru forester” маркийн 54-81 УНЛ улсын дугаартай автомашинтай хорооллын “Алтан төгрөг” дэлгүүрийн хажууд 3-р эгнээгээр явж байхад явган хүний гарц дээр 4 хүн зогсож байсан бөгөөд явган хүний гарц өнгөрөх хооронд нэг үл таних этгээд машин руу өшиглөсөн. Тэгээд би буугаад тухайн гарц дээр зогсож байсан үл таних 4 залуу дээр яваад очиход улбар шар цамцтай үл таних залуу “явган хүний замаар зам гарах гэж байхад зогсоход яадаг юм” гэж надад хэлсэн. Би түүнд “хоёр машин дараалаад гарлаа, явж байгаа машин руу яагаад өшиглөж байгаа юм” гэж асуусан. Явган хүн зам гарч байхад зам тавьж өгөхөд яадаг юм гэж хэлсэн улбар шар цамцтай залуу толгойгоо над руу наагаад дайраад байхаар нь би түлхсэн бөгөөд намайг баруун, зүүн шанаа руу 4 удаа ээлжлэн цохисон. Миний нүдний шил малгай газар унаад миний зүүн нүд рүү мөргөөд үргэлжлүүлэн 2-3 удаа нүүр хэсэгт цохисон. Миний зүүн нүд хөхөрч ягаараад хавдчихсан, хөмсөг сэтэрсэн баруун шанаа хацар зовуурьтай байна...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 10 дахь тал/,

Гэрч *******:

“...2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Бат-Амгалан болон Баднаанямбуу нарын хамт гэр лүүгээ харихаар зам гарч явахад Subaru Forester маркийн цагаан өнгийн автомашин маш хурдтайгаар хөл дээгүүр гарахаар өнгөрсөн юм. Тухайн автомашиныг өнгөрөх үед Баднаанямбуу тус машиныг өшиглөсөн бөгөөд тухайн автомашины жолооч тэр дороо зогссон. Жолооч бууж ирээд Бат-Амгаланг 2 удаа нүүр хэсэгт базаж биед нь халдсан бөгөөд манай найз тухайн автомашиныг зөрүүлээд нэг удаа мөргөчихсөн юм. ******* нь тухайн залуугийн биед 1 удаа мөргөж халдсан. Түүнээс барилцаж авсан үйлдэл байсан...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 21-22 дэх тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 08-ний өдрийн 11226 дугаартай шинжээчийн:

“...*******гийн биед зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

Шинжээч эмч Э.Эрхэмбаярын:

“...Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Тус гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 25-26 дахь тал/  болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ******* нь хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь:

2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтан төгрөг” худалдааны төвийн явган хүний гарц дээр “явган хүнд зам тавьж өгсөнгүй” гэсэн шалтгаанаар иргэн *******тэй маргалдан түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, толгойгоороо мөргөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч *******, гэрч Ц.Буяндалай нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 08-ний өдрийн 11226 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******д 280.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч ******* нь хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс 280.000 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгохоор шийдвэрлэсэн.

Шүүхээс шүүгдэгч *******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоны дараа шүүгдэгч нь “хохирол төлбөр төлөх завсарлага авах тухай” хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 11 цаг 00 минут хүртэл завсарлуулсан ба эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан эхлэхийн өмнө шүүгдэгч ******* нь хохирогч *******д 280.000 төгрөгийг нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Мөн хохирогч ******* нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдав.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 төгрөгийн торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан гаргасан.

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд шүүхээс шүүгдэгч *******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч *******гийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2305000001942 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ