Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
Хэргийн индекс | 183/2020/01078/И |
Дугаар | 183/ШШ2020/01420 |
Огноо | 2020-05-22 |
Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, Ажлаас үндэслэлгүй халагдсан /захиргааны албан хаагч/, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 183/ШШ2020/01420
2020 05 22 183/ШШ2020/01420
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн шүүхийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн .............. тоотод оршин суух С овогт Ш-гийн Г /РД:............/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн ..........., өөрийн байранд байрлах М ХК /РД:2613247/-д холбогдох
ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгахыг хүссэн иргэний хэргийг 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С /ШТЭҮД:0000/, хариуцагчийн төлөөлөгч Г.Б, Э.Р, гэрч Б.М , Н.М , А.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Жавхлан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Ш.Г миний бие 2015 оны 02 дугаар сарын 24-нд М ХК-д Хангамж үйлчилгээний хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн тус компанийн Коммер эрхэлсэн дэд захирлаар дэвшин нийт 5 жил гаран ажиллаж байна. Ийнхүү ажиллах хугацаандаа албан үүргээ үнэнч шударгаар биелүүлж, Иргэний нисэхийн хууль тогтоомж, дүрэм, журмыг чанд сахин биелүүлж, ажил олгогчоос тогтоосон хөдөлмөрийн дотоод журам болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, хариуцсан ажилдаа эзний ёсоор хандан, компанийн нэр хүнд, ашиг орлогыг нэмэгдүүлэхэд чармайн ажилласаар ирсэн бөгөөд хариуцсан албан тушаалын давуу байдлаа хувийн болон бусад хэлбэрээр хууль бусаар ашиглан аливаа зөрчил дутагдал гаргаж, сахилгын болон бусад шийтгэл хүлээх алдаа зөрчилд огт холбогдож байгаагүй, нэр төртэйгээр ажилласаар өдийг хүрсэн. Гэтэл өнгөрсөн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/89 тоот тушаалаар МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б нь уг тушаалын талаар урьдчилан мэдэгдэж танилцуулалгүй ...Коммер эрхэлсэн дэд захирал Ш.Г нь 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Токто-Улаанбаатар чиглэлийн 0 дугаар аялалын нислэгт албан тушаалын байдлаа урвуулан компаний үйл ажиллагаанд хохирол учруулахуйц үүрэг даалгавар өгч хойд эгнээнд тусгаарлагдан суух ёстой сэжигтнийг зорчигчийн бүртгэлийн үеэр бизнес ангилалын суудал хадгалуулж, уг суудалд суулгаж, гүйцэтгэх захирлын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/0 дугаар тушаалаар байгуулагдсан Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан COVID-19 өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах шуурхай штабаас гаргасан 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэр, Бүхээгийн үйл ажиллагааны зааврын 2-н а, с хэсэгт заасныг зөрчин хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул... гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тушаал гаргасан байна. Миний бие дээрх хууль бус үндэслэлээр ажлаас халсан тушаалыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд гомдолтой байна. 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ-0 дугаарын нислэгийн үйл ажиллагаанд албан тушаалын давуу байдлаа урвуулан ашиглаж, тухайн нисэх багийнхан болон бүртгэлийн ажилтанд үүрэг өгч бизнес суудал хадгалуулан, уомаар сэжигтэй зорчигчийг миний бие төлөөлөгчийн газрын ажилтан, маркетингийн албаны ажилчид, нисэх багийнханд үүрэгдэн бизнес ангилалын суудалд суулгаагүй. Тухайн нислэгээр зорчсон гэх Ц.Бнь 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сеоул-Нарита-Улаанбаатар чиглэлийн МИАТ компаний нислэгийн 00000000000 дугаар бүхий бизнес зэрэглэлийн билетийг өөрөө захиалан, эхний аялалаар Солонгосоос Японд очсон бөгөөд нислэг саатсанаас тэндээ нэг хоноод 2020 оны 02 дугаар сарын 27-нд буюу маргааш өдөр нь Нарита-Улаанбаатарын нислэгт бүртгүүлэхэд уг суудал нь энгийн аялалаар системд бүртгэгдсэн байсан. Нислэг эхлэх үед зорчигч Ц.Б-ийг нисэх багийнхан тусгаалах арын суудалд суулгана гэснээс үүдэн үл ойлголцол үүсч, энэ талаар над руу Ц.Бнь ярьж, захиалсан бизнес ангилалдаа суумаар байна гэсэн. Түүнд би COVID-19-тай холбоотой шинэ журам гарсан талаар хэлж, журмын дагуу энгийн ангилалын суудалд сууж ирээд ирснийхээ дараа билетийн зөрүүг тооцож олгох талаар мэдэгдсэн бөгөөд тэр даруй төлөөлөгчийн газрынханд ч мөн шинэ журмаа мөрдөж ажиллах талаар чиглэл өгсөн. Ц.Б нь дахиж надруу яриагүй, харин Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Б-той холбогдож ярьсан талаар төрийн нарийн бичгийн дарга өөрийн утаснаас надруу мессеж бичихэд би дахин Ц.Б-рүү залгаж гарсан журмыг мөрдөж энгийн суудалд суух ёстойг хэлсэн. Дахиж энэ талаар хэн нэгэнтэй ямар нэгэн яриа огт болоогүй. Харин энэ талаар би гүйцэтгэх захиралд утсаар танилцуулж, бид хоёр болсон асуудлын талаар ярилцаж байсан бөгөөд миний бие онцгой байдлын дагуу гаргасан журмыг ямар нэг хэлбэрээр зөрчсөн үйлдэл хийгээгүй болно. Маргааш нь буюу 2020 оны 02 дугаар сарын 28-нд намайг албан ажлаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт ажиллаж байхад олон нийтийн мэдээллийн Зөв.мн /zuv.mn/ сайт дээр намайг ажлаас халсан тухай мэдээлэл гарсан. Би энэ мэдээлэлд итгээгүй бөгөөд гүйцэтгэх захирал Д.Б-өөс асуухад мэдэхгүй гэж байсан. Би ч худлаа мэдээлэл байх гээд ач холбогдол өгөөгүй, үдээс хойш 16.30 цагт ажил дээрээ очоод гүйцэтгэх захирлын өрөөнд ороход дэд захирал М, мөн хэлтсийн дарга М нар хамт байсан бөгөөд намайг ажлаас халсан тушаалыг өгсөн. Би гайхаад асуухад засаг дээр ярьсан, яамнаас ингэ гэсэн гэж бүрхэг ойлгомжгүй хариулт өгсөн. Гэвч бодит байдал нь Ц.Б нь Наритагаас онгоцны бүхээгт суухдаа Токиогийн төлөөлөгчийн газраас тавьсан шаардлагыг эсэргүүцэж, танай дарга нартай ярьсан гэх мэтээр худал хэлж, үгэнд нь оролгүй захиалсан суудалдаа сууна гэж зүтгэсээр байгаад суусан талаар Токио дахь төлөөлөгч Бат-Эрдэнэ надад хэлж байсан бөгөөд Улаанбаатарт ирээд Ц.Б нь тусгаарлагдахгүй гэж Онцгой байдлын штабынхантай маргалдаж асуудал үүсгэсэн талаар цахим орчинд мэдээлэл гарч байсан. Ер нь бол нисэх багийн бүхээгийн үйл ажиллагаанд мөрдөх тусгай журам, зааврын дагуу зөвхөн экипажийн дарга, гишүүд хэрэгжүүлж, хяналт тавьдаг ба хэн нэгэн даргын үгээр үйл ажиллагаагаа зөрчиж суудал хуваариладаггүй, онцгой дүрэм мөрдөгддөг журамтай утл би албан тушаал, эрхэлсэн ажлын давуу байдлаа урвуулан ашиглан үүрэг өгч, хувийн ашиг сонирхол, бусдад давуу байдал олгох боломж бүрдүүлэх ямар ч үндэслэлгүй юм. Иймд намайг алжаас халсан тушаал хууль бус байсан бөгөөд уг тушаалыг гаргахдаа энэ асуудлыг захирлуудын зөвлөлөөр оруулж хэлэлцүүлэлгүй дур мэдэн зөвхөн шалтаг гаргаж ажлаас халах тушаал гаргасанд гомдолтой байгаа тул гүйцэтгэх захирлын 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/89 тоот тушаалыг хүчингүй болгож, эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч М ХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Нэхэмжлэгч Ш.Г нь МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/102 дугаартай тушаалаар Хангамж, үйлчилгээний хэлтсийн даргаар томилогдож, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/0 дугаартай тушаалаар Коммер эрхэлсэн дэд захирлаар дэвшин томилогдон ажиллаж байсан. Дэлхий нийтэд шинэ төрлийн Коронавирусийн халдварт өвчин гарч Монгол Улсын хэмжээнд төдийгүй олон улсын хэмжээнд онцгой байдал зарлаж, хөл хорио тогтоохоос эхлээд шаардлагатай бүхий л арга хэмжээнүүдийг төрийн байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэдийн дунд цаг алдалгүй, шуурхай авч хэрэгжүүлж ажиллаж байна. Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн хувьд гадаад оронд байгаа иргэдээ төрийн засгийн шийдвэрийн дагуу нислэгийн аюулгүй байдлыг хангаж, цар тахлын халдвар тархахаас урьдчилан сэргийлж, ямар нэг эрсдэл гаргахгүй байх бүхий л арга хэмжээг авч, эх оронд нь тээвэрлэж ирэх үүргийг хүлээж, Улсын онцгой комисс, ОБЕГ, ЗТХЯ зэрэг төрийн захиргааны байгуулагуудтай хамтран тээвэрлэлтийг зохион байгуулж байна. Гүйцэтгэх захирлын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/0 дугаар тушаалаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан СОVID-9 өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах шуурхай штаб байгуулагдсан ба 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэрээр Бүхээгийн үйл ажиллагааны зааврын 6.1.7.2 дахь хэсэгт заасны дагуу цар тахлын голомт болон дэгдэлт ихтэй орноос ирж байгаа бүх зорчигчийг хамгийн арын эгнээнд тусгаарлаж, нэг ариун цэврийн өрөө ашиглуулж, тээвэрлэж ирэхээр шийдвэрлэсэн. Тухайн цаг үед БНСУ-ын Тэгү хотод халдварын тархац ихэсч, БНСУ-ын халдвартай иргэдийн тоо огцом нэмэгдсэн. Улсын онцгой комисс 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хэлэлцээд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор БНСУ-ын Сөүл, Бусан хот руу үйлддэг хоёр талын нислэгийг шууд зогсоох хүнд нөхцөл байдал үүссэн. 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн УБ-Токио-УБ чиглэлийн нислэг цаг агаарын улмаас саатаж, 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр нислэг үйлдсэн ба нийт 260 зорчигчийг тээвэрлэсэн бөгөөд Улсын онцгой комисс, компанийн шуурхай штабын шийдвэрээр бүхээгийн үйл ажиллагааны зааврын 6.1.7.2 дахь хэсэгт заасны дагуу халдварт өвчний дэгдэлт өндөр байгаа БНСУ болон тус улсад дамжин зорчсон зорчигчдыг сэжигтэйд тооцон тусгаарлаж, агаарын хөлгийн хамгийн арын эгнээнд буюу 33 дугаар эгнээнээс хойш суудалд суулгах хуваарилалтыг хийсэн. Уг нислэгт БНСУ-ын нисэх буудлуудаас ирсэн 62 зорчигч, бусад улсын нисэх буудлуудаас ирсэн 21 зорчигчийг хүлээн авч Токио-Улаанбаатар чиглэлд тээвэрлэсэн. Коронавирусын халдвартай холбогдуулан бүх зорчигчдын биеийн халууныг хэмжиж, ямар нэгэн өөрчлөлт байгаа эсэх талаар лавлан, ялангуяа БНСУ-аас болон тус улсаар дамжин ирсэн зорчигчдоос асуулгын хуудас бөглүүлэн зорчигчдод уг халдварын талаар баримталж буй заавар журмыг танилцуулан дамжин зорчиж буй зорчигчдыг арын эгнээнд тусгаарлаж байгааг тайлбарлан зорчигч бүртгэлийн үйл ажиллагааг явуулсан. Зорчигч бүртгэлийн үеэр зорчигч Ц.Б нь БНСУ-ын Сөүл хотоос Токио хот руу ирсэн ба Улаанбаатар хот руу зорчихоор бизнес ангилалын билет худалдан авсан байсан. Гэвч МИАТ ТӨХК-ийн шуурхай штаб компанийн Бүхээгийн үйл ажиллагааны зааврын 6.1.7.2 дахь хэсгийг үндэслэн энгийн ангилал /economy class/ болгон өөрчилсөн. Үүнд БНСУ-аас дамжин ирсэн бүх бизнес ангилалтын зорчигчдыг хамруулсан болно. Энэ нь коронавирусын халдварыг хязгаарлах, тусгаарлах болон урьдчилан сэргийлэх үүднээс энгийн ба бизнес ангилал харгалзахгүй тусад нь суулгах тухай чиглэлийг Улсын онцгой комисс болон компанийн шуурхай штабаас гаргасан шийдвэртэй холбоотой БНСУ-аас ирсэн зорчигчдыг бүгдийг нь энгийн ангилалд 33 дугаар эгнээнээс хойш тусгаарлан суулгасан. Зорчигч Ц.Бат-Энхэд 38А суудалд энгийн ангилалд бүртгэл хийсэн. Тухайн нислэгт БНСУ-аас ирсэн АНУ, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нэр бүхий зорчигчид байсан бөгөөд бизнес ангиллын тийзийг заавар, журмын дагуу энгийн ангилалд шилжүүлж, зорчуулсан. Зорчигч Ц.Бат-Энхэд Улсын онцгой комиссын журмын дагуу БНСУ-аас ирсэн бүх зорчигчийг тусгаарлан нэг доор хамгийн арын эгнээнд тусгаарлаж байгаа тухай тайлбарласан боловч хүлээж аваагүй ба заавар өөрийн бизнес ангилалд сууна гэж хэлсэн байсан. Зорчигч бүртгэлийн үйл ажиллагааг тайлбарласан боловч удаа дараа бизнес ангилал дээр суудал бичиж өгөхийг шаардаж байсан нь холбогдох хүмүүсийн тайлбар, цахим шуудангаар тогтоогдож байсан. Зорчигч Ц.Бнь М ТӨХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд руу утсаар ярьж бизнес ангилалд заавал сууна.Нарита нисэх буудлын бүртгэл дээр бизнес ангилалд суулгахгүй байна гэж гомдол гаргасан боловч хүлээж авах боломжгүй талаар мэдэгдсэн. Гэвч нэхэмжлэгч буюу МИАТ ТӨХК-ийн Коммер эрхэлсэн дэд захирал Ш.Г Токио хотын төлөөлөгчийн газрын Ерөнхий менежер болон Аэропорт менежер нар руу утсаар ярьж, бизнес ангилалд суулга гэсэн үүргийг өгсөн байсан нь холбогдох баримтаар тогтоогдсон. Мөн маркетингийн хэлтсийн суудал хуваарилалт, хяналт тавих эрх бүхий хэлтсийн ажилчдын тайлбараар нэхэмжлэгч Ш.Г нь зорчигч Ц.Бат-Энхийн суудлыг бизнес ангилалд оруулах үүрэг даалгавар өгсөн нь тогтоогдсон ба Ц.Б нь бизнес ангилалын 1А суудалд зорчиж ирсэн нь тогтоогдсон. Нэхэмжлэгч нь цар тахлын дэгдэлт хамгийн өндөр байсан БНСУ-ын Сөүл хотоос дамжин ирж байгаа сэжигтэй зорчигчийг Коммер эрхэлсэн дэд захирлын хувьд үүрэг даалгавар өгч, бүртгэлийн үеэр бизнес ангилалын суудал хадгалуулж, улмаар уг суудалд суулгаж ирүүлсэн ноцтой зөрчил гаргасан. Хэрэв бизнес ангилалд суусан зорчигч халдвартай байсан бол учирч болох эрсдэл маш өндөр байсан бөгөөд ийм нөхцлийг бүрдүүлж өгсөн нь туйлын эрсдэлтэй байдлыг бий болгосон. Коммер эрхэлсэн дэд захирал нь бүтэц, зохион байгуулалт болон ажлын байрны тодорхойлолтод зааснаар түүний шууд харьяанд Маркетингийн хэлтэс болон гадаад улс дахь төлөөлөгчийн газрууд байдаг бөгөөд ажлын байрны тодорхойлолтын 4.1 дэх хэсэгт компанийн маркетинг, борлуулалт, суудал захиалгын үйл ажиллагааг идэвхжүүлэх, орлогыг нэмэгдүүлэх, тээвэрлэлийн үйл ажиллагааг өргөжүүлэх, түүнд хяналт тавьж ажиллах нь үндсэн үүргийн хүрээнд хийж гүйцэтгэх ажил бөгөөд үр дүнг гүйцэтгэх захирлын өмнө шууд хариуцаж, тайлагнах ёстой. Нэхэмжлэгч нь онцгой байдлын үед ажиллах тушаал, шийдвэр, зааврыг зөрчиж албан тушаалын байдлаа урвуулан ашиглан компанийн үйл ажиллагаанд хохирол учруулахуйц үүрэг, даалгавар өгсөн үйлдэл нь ажил олгогчийн зүгээс түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил ...9.4.2. Албан тушаалын эрх мэдэл, эрхэлсэн ажлынхаа аливаа давуу тал, хангамж, хүлээлгэсэн итгэлийг хувийн ашиг сонирхолд ашиглах буюу урвуулан ашигласан, бусдад ашиглуулах боломжийг бүрдүүлж өгсөн, 9.4.4. ажил олгогч болон түүний эрх олгосон албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр дур мэдэн компанийн бизнест хор хохирол учруулах үйл ажиллагаа явуулсан, 9.4.12. Иргэний нисэхийн хууль, дүрэм, заавар, компанийн үндсэн заавар тусгагдсан үйл ажиллагаа, заавар, дүрэм, журмын холбогдох заалтыг зөрчсөн тул түүнд гүйцэтгэх захирлын 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/89 тоот тушаалаар хариуцлага ногдуулж, ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн хувьд үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, гэрч Б.М, Н.М, А.Ц нарын мэдүүлгийг сонсож, М ТӨХК-ийн Нисэхийн аюулгүй байдал, онцгой байдлын байцаагч Н.М-ын гар утсанд буй шуурхай штабын Вайбер онлайн чатад үзлэг хийж, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Г нь хариуцагч М ТӨХК-д холбогдуулан ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгахаар шаардаж байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэсгүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ш.Г-гын үндэслэлгүйгээр ажлаас халсан гомдол нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор гаргана гэсэн заалтад нийцжээ.
Ш.Г нь М ТӨХК-д Коммер эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байхад нь М ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 02 дугаар сарын 28-ны өлрийн Б/89 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, компанийн дүрмийн 8.8.9, 8.8.11 дэх заалт, хөдөлмөрийн гэрээний 8.1, 8.2 дахь хэсэг, 9.4.2, 9.4.4, 9.4.12 дахь заалт, хөдөлмөрийн дотоод журмын 10.1.1в дэх заалтыг тус тус баримтлан ажлаас нь халжээ.
Хөдөлмөрийн хуулийн дээрх заалт болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар Ш.Г-гыг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ502 дугаар аялалын нислэгт албан тушаалын давуу талаа урвуулан ашиглан компанийн үйл ажиллагаанд хохирол учруулахуйц үүрэг, даалгавар өгч хойд эгнээнд тусгаарлагдан суух ёстой сэжигтэй зорчигчийг бүртгэлийн үеэр бизнес ангилалын суудал хадгалуулж, уг суудалд суулгаж Гүйцэтгэх захирлын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/0 тоот тушаалаар батлагдсан Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан COVID-19 өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах шуурхай штаб-аас гаргасан 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэр, Бүхээгийн үйл ажиллагааны зааврын 2-н а, с хэсэгт заасныг зөрчин хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй байна.
Учир нь дэлхий дахинд шинэ төрлийн коронавирус /COVID-19/ халдварт өвчин гарч, Монгол Улсын Засгийн газраас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан М ТӨХК-ийн COVID-2019 өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах шуурхай штабаас 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр шийдвэр гаргаж Улаанбаатар чиглэлд ирэх нислэгт халуунтай буюу сэжигтэй зорчигчийг арын эгнээнүүдийн суудлыг тусгаарлан суулгах, нэг ариун цэврийн өрөө тусгаарлан зөвхөн сэжигтэй зорчигчдод ашиглуулах, нэг үйлчлэгч тусгайлан үйлчлэх, шаардлагатай бол сэжигтэй зорчигчид хамгаалах хувцас хэрэгслийг бүрэн өмсгөх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.
БНСУ-д коронавируст халдварын тархалт эрчимтэй нэмэгдсэн тул 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Улсын онцгой комиссоос Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай 02 тоот тогтоол гарч Монгол Улс, БНСУ хоорондын 2 талын хуваарьт нислэгийг түр зогсоосон хугацааг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 3 дугаар сарын 11-ний өдрийг дуустал сунгаж, Монгол Улс, Япон улс хоорондын 2 талын хуваарьт нислэгийг 2 дугаар сарын 28-ны өдрөөр 3 дугаар сарын 11-ний өдрийг дуустал түр зогсоосон тул тухайн цаг хугацаанд БНСУ-д зорчсон иргэд нь БНСУ-ын Сөүл, Бусан хот руу үйлддэг нислэгээр ирэх боломжгүй болж, Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр дамжин ирсэн байна.
М ТӨХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн УБ-Токио-УБ чиглэлийн нислэг цаг агаарын улмаас саатаж, 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр нислэг үйлдэж, 260 зорчигчийг тээвэрлэхдээ М ТӨХК-ийн COVID-2019 өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах шуурхай штабын шийдвэр болон Бүхээгийн үйл ажиллагааны зааврын 6.1.7.2 дахь хэсэгт заасны дагуу халдварт өвчний дэгдэлт өндөр байгаа БНСУ болон тус улсад дамжин зорчсон зорчигчдыг сэжигтэйд тооцон тусгаарлаж, агаарын хөлгийн хамгийн арын эгнээнд буюу 33 дугаар эгнээнээс хойш суудалд суулгах хуваарилалтыг хийж, зорчигч бүртгэлийн үйл ажиллагааг явуулсан тул зорчигч Ш.Бат-Энхийн бизнес ангиллын суудал нь энгийн ангилал болон өөрчлөгдсөн байна.
Гэтэл зорчигч Ц.Б нь М ТӨХК-ийн Коммер эрхэлсэн дэд захирал Ш.Г руу утсаар ярьж, бизнес ангилалын билеттэй хүнийг Нарита нисэх буудлын бүртгэл дээр бизнес ангилалд суулгахгүй байна, захиалсан бизнес ангилалдаа суумаар байна гэж гэсний дагуу Коммер эрхэлсэн дэд захирал Ш.Г-ас тус компанийн Маркетингийн хэлтсийн мэргэжилтэн Б.М, А.Цэрэндэлгэр нарт үүрэг даалгавар өгч Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ-502 нислэгийн зорчигч Ц.Бат-Энхийн энгийн ангилалд шилжсэн суудлыг бизнес ангилал болгон өөрчлүүлсэн болох нь зохигчийн тайлбар, гэрч Б.М, А.Ц нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Харин Коммер эрхэлсэн дэд захирал Ш.Г нь зорчигч Ц.Б-ийг тухайн бизнес ангилалын суудалд суулгаж зорчуулсан болох нь холбогдох баримтаар тогтоогдохгүй, М ТӨХК-ийн Токио хот дахь төлөөлөгчийн газрын ерөнхий менежер Э.Б, Аэропорт менежер Д.А нарын шүүхэд ирүүлсэн тодорхойлолтод энэ тухай дурдагдсан боловч Токиогийн Элчин сайдын яамны Консулын хэлтсийн нотариатын үүрэг гүйцэтгэгчээс тодорхойлолт гаргаж буй этгээдийн гарын үсгийн үнэн зөвийг гэрчилсэн болохоос тодорхойлолтод дурдагдсан асуудлыг үнэн зөв болохыг гэрчлээгүй тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм.
Тухайн нислэгийн зорчигч Ц.Б нь нисэх багийнханы түүний нэр дээр бүртгэгдсэн энгийн ангилалын 38А гэх суудалд суун бусад зорчигчдоос тусгаарлагдах шаардлагыг биелүүлэлгүй, сэргээн бүртгэгдсэн бизнес ангилалын 1А суудалд зорчиж ирсэн тул Тээврийн цагдаагийн албаны Иргэний агаарын тээвэр дэх Цагдаагийн хэлтсийн хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахмад Б.М-гөөс Ц.Б-ийг Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 150.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 597 дугаар шийтгэврээр хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Зөрчил гаргагч Ц.Б-д холбогдох шийтгэлийн хуудас хүчингүй болсон нь тухайн зөрчлийг гаргах нөхцлийг бүрдүүлж, Коронавирусын халдвар тархсан орноор дамжин ирсэн сэжигтэй зорчигчийн энгийн ангилалд шилжүүлсэн билетийг бизнес ангилалд шилжүүлсэн зөрчил гаргасан ажилтныг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Хариуцагч М ТӨХК-ийн COVID-2019 өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах шуурхай штабаас гаргасан шийдвэрийг түргэн, шуурхай хэрэгжүүлэх, ажилтан албан хаагчдад танилцуулахын тулд Вайбер /Viber/ сүлжээнд МИАТ-Шуурхай штаб нэртэй групп үүсгэн онлайн чат ажиллуулж байсан байх ба шүүхээс уг М ТӨХК-ийн Нисэхийн аюулгүй байдал, онцгой байдлын байцаагч Н.М-ын гар утсанд буй шуурхай штабын Вайбер онлайн чатад үзлэг хийхэд нэхэмжлэгч Ш.Г нь тухайн группийн гишүүнээр 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 19.12 цагт элссэн, тухайн МИАТ-Шуурхай штаб нэртэй групп чатад Улсын онцгой комиссын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 02 тоот Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай тогтоолыг байршуулж, Ц гэх гишүүн 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 20 цаг 32 минутын Онцгой байдлын ерөнхий газраас утасдаад маргааш Токиогийн нислэгээр Сөүлээс ирж байгаа хүмүүсийн нэрсийн жагсаалтыг өг. Онгоцонд тусад нь суулга гэж байна. Хэдэн хүн байгаа вэ гэсэн мессеж бичсэн байдал тогтоогдсоноос үзэхэд нэхэмжлэгч Ш.Г нь БНСУ болон тус улсад дамжин зорчсон зорчигчдыг сэжигтэйд тооцон тусгаарлаж, агаарын хөлгийн арын эгнээний суудалд суулган зорчуулахаар шийдвэрлэсэн болохыг мэдэж байсан атлаа тухайн зорчигч Ц.Б-ийн цуцлагдсан бизнес ангилалын билетийн захиалгыг сэргээж, билетийн системд холбуулсан буруутай байна.
Тухайн буруутай үйлдлийн улмаас зорчигч Ц.Б-д энгийн ангилалд 0 дугаартай, бизнес ангилалд 1А дугаартай суудал захиалга тус тус үүссэн тул тэрээр анх захиалсан бизнес ангилалын 1А суудал буюу онгоцны урд хэсэгт суун зорчсоноос коронавирус өвчний халдвар тархахаас урьдчилсан сэргийлэх арга хэмжээ авсан Улсын онцгой комиссын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 02 тоот тогтоол болон М ТӨХК-ийн COVID-2019 өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах шуурхай штабын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн сэжигтэй зорчигчийг арын эгнээнүүдийн суудлыг тусгаарлан суулгаж зорчуулах шийдвэр, МИАТ ТӨХК-ийн бүхээгийн үйл ажиллагааны зааврын 2а хэсэгт заасан халдварт өвчний сэжиг бүхий зорчигчийг боломжтой нөхцөлд хол тусгаарлана гэсэн заавар тус тус зөрчигдөж, коронавирус өвчний халдвар тархах аюултай нөхцлийг бий болгосон байна.
Энэ нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 9.4.2, 9.4.4, 9.4.12-т заасан албан тушаалын эрх мэдэл, эрхэлсэн ажлынхаа аливаа давуу тал, хангамж, хүлээлгэсэн итгэлийг хувийн ашиг сонирхолд ашиглах буюу урвуулан ашигласан, ажил олгогч болон түүний эрх олгосон албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр дур мэдэн компаний бизнест хор хохирол учруулах үйл ажиллагааг явуулсан, Иргэний нисэхийн хууль, дүрэм, заавар, компанийн үндсэн заавар тусгагдсан үйл ажиллагаа, заавар, дүрэм, журмын холбогдох заалтыг зөрчсөн хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчилд хамаарч байх тул ажил олгогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар Коммер эрхэлсэн дэд захирал Ш.Г-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгч Ш.Г-гын хариуцагч М ТӨХК-нд холбогдох ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Г.Г-гын хариуцагч М ТӨХК-д холбогдох ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Ш.Гд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсуг
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР