Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/21

 

                                                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга П.Энхбат,

улсын яллагч Т.Н,

хохирогч Г.Бын өмгөөлөгч Л.Батаа, Б.Энхтүвшин,

шүүгдэгч О.О түүний өмгөөлөгч Г.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Агаа овогт О Од холбогдох эрүүгийн 2117000220104  дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

 Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 26-нд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эх барих эмэгтэйчүүдийн эмч мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Говьсүмбэр аймаг, Сүмбэр сумын ........... дугаар баг, .......... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй гэх, А овогт О О /РД:................./

                                                                                                 Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч О.О нь аймгийн нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн их эмчээр ажиллаж байх явцдаа 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр кесар хагалгаагаар төрсөн иргэн Г.Бт эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс буюу эмнэлгийн нөхцөлд үүссэн хоруу чанар өндөртэй грамм эерэг нянгийн улмаас хагалгааны 2 дахь өдрөөс эхлэн Г.Бын бие ядрах, халуурах, сульдах зэргээр зовиурласан байхад зохих тусламж үзүүлээгүй, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр эмнэлгээс гарах үед үзлэгийг зохих ёсоор хийгээгүй, хагалгааны шархыг үзэж боолт хийгээгүй эмнэлгээс гаргасан зэргээс шалтгаалан иргэн Г.Бын биед кесар мэс заслын дараах умайн салстын идээт үрэвсэл, хэвлийн цочмог идээд гялтантаас, хэвлийн өмнөд хана, хажуу хана, цээжний урд доод хэсгийн хийт үжил, булчингийн хальст үхжилт үрэвслийн улмаас умай үрийн хоолойн хамт мэс заслаар тайрагдаж, эрүүл мэндэд нь амь биед аюултай хүнд гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Од холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 217000220104 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч О.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Тухайн үед Б 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр бөөр шээсний замын үрэвсэл, бөөр шээсний замын архаг үрэвсэл сэдрэлийн үетэй, анхны жирэмслэлт, 39 долоо хоног 5 өдөр буюу 9 сар 7 хоногтой үрэвсэлтэй хэвтсэн. Энэ үед шээсэнд  маш их уураг алдсан, цагаан эсүүд олширсон үрэвсэлтэй байсан. Үүний дагуу үрэвслийн эсрэг эмчилгээ болон шинж тэмдгийн уураг дэмжих эмчилгээнүүд хийгдэж эхэлсэн. 01 дүгээр сарын 13-ны өдөр бол тухайн ээжийн төрөх хугацаа 40 долоо хоног буюу 280 хоног болсон байсан. Тэр үед төрөх үйл ажиллагаа эхлэх болоогүй, умайн хүзүү төрөлтөд бэлтгэгдээгүй байсан. Энэ хугацаанд нь умайн хүзүү төрөлтөд бэлтгэх зүү эмчилгээг хийж эхэлсэн. Үүний дагуу эмчилгээ үр дүн өгөөд 01 дүгээр сарын 21-ний өдөр тухайн ээж өвдөж эхлээд умайн хүзүү базлаад, умайн хүзүү төрөлтөд бэлтгэгдээд 3.5 сантиметр нээлттэй болоод ер нь дуншилтын үе эхэлж байна. Энэ шөнөдөө өвдөж магадгүй шүү гээд ээжийгээ эх баригч, сувилагч, жижүүр эмч нарт хүлээлгэж өгсөн. Үүний дагуу 1 дүгээр сарын 21-ний өдрөөс 01 дүгээр сарын 22-нд шилжих шөнө нэг цагийн үед ус гараад өвдөлт эхэлсэн. Өвдөж эхэлсэн боловч тухайн үед олигтой сайн өвдөөгүй. Шөнийн нэг цагт ус гараад төрөх үйл ажиллагаа эхэлсэн гэж үзээд төрөлтийн 1 дүгээр үеийг авсан байгаа. Төрөлтийн 1 дүгээр үе эхэлсэн цагт бид нар хугацаагаараа үздэг. 4 цаг тутамдаа дотуур үзлэг, 2 цаг тутамдаа гадуур үзлэгээ хийгээд хянадаг. Өглөө 5 цагийн үед тухайн ээжийг үзсэн байгаа. Эх баригч маань өвдөлт сайн нэмэгдэхгүй байна. Умайн хүзүү сайн нээгдэхгүй байна. Төрөх үйл ажиллагаанд жоохон сулрал явагдаад байна гээд 5 цагийн үед надтай ярьсан. Тухайн ээжийн байгаа байдлыг нь ажиглаад сулрал явагдаж байгаа юм байна, эрчимжүүлэх тариа залгаж үзье гэж хэлээд 2.5 саксины эрчимжүүлэлтийг хийж эхэлсэн. 2.5 саксины эрчимжүүлэлт бол 30, 30 минутын зайтай, 500 грамтай уусмалд тариагаа хийж найруулаад шингэлээд тэрийгээ дуслаар хийж эхэлдэг. Үүний дагуу 30, 30 минутын зайтай 10 дуслаар нэмэгдүүлж 60 дусал хүртэл явдаг. Энэ хугацаа бол 2 цаг 30 минут орчим болдог.  Тэгээд тухайн ээж тариагаа эхлүүлсэн. Би өглөө 8 цаг 30 минутад ирэхэд тухайн ээж дуслаа эхлүүлчихсэн төрөлтийн үйл ажиллагаа сайн мэдэрч өгөхгүй байсан. 8 цаг 30 минутад үзэхэд 60 дусал эхэлчихсэн явсан. 9 цагийн үед 60 дусал нь дуусаад бид нар дотуур үзлэг хийх заалттай байдаг. Тэрнийхээ дагуу 9 цагт тухайн ээжийгээ үзсэн. Үзэхэд бол төрөх үйл ажиллагаа жоохон сулралтай явагдаж байсан. Төрөх үйл ажиллагааны сулрал үргэлжилж байсан учраас 2 дахь дуслыг хийж эхэлсэн. Энэ дусал нь бол 1 цаг 30 минут үргэлжилдэг. Үүнийг яагаад яриад байна гэхээр манай хохирогч маань намайг огт үзээгүй, дусал ингэж хийсэн, тэгж хийсэн гэсэн байдлаар танилцуулсан учраас тайлбарлаж байгаа. Дуслаа 9 цаг 30 минутад үзээд дахин эрчимжүүлэх тариагаа үргэлжлүүлье гэж хэлээд тухайн өдөр би 2 хагалгаатай байсан. Тэгээд эхнийхээ хагалгаанд орчихоод 10 өнгөрөөгөөд гарч ирсэн. Тэгэхэд бол Бын дусал дуусах хугацаа болж байсан. За ямар ч байсан 2 дахь хагалгаанаас өмнө хугацаа гарч байгаа юм чинь нэг үзье гээд үзсэн чинь тухайн ээжид эмнэл зүйн хувьд урьтал үүсчихсэн, ургийн толгой хазгай тавигдаж байгаа, умайн суман 2 мм зөрчихсөн байсан. Ургийн ус ерөнхийдөө шаргал ногоондуу болж байгаа. Эрчимжүүлэх тарианд умайн хүзүү сайн нээгдэж өгөхгүй байсан. Хэрвээ удаан үргэлжлүүлэх юм бол тухайн ээж болон тухайн урагт эрсдэлтэй байх ёстой. Удаан хугацаагаар ингээд базлуулах юм бол эхэд умай урагдах эрсдэлтэй, умай урагдах юм бол дотуур цус алддаг. Ургийн талаас болохоор ургийн толгой хазгай  тавигдчихсан байгаа юм чинь бид нар хэдий мянга умай базлуулах тариа хийгээд байхад хазгай тавигдсан, бүрэн хэмжээгээрээ сууж чадахгүй байгаа юм чинь ураг бүтэх эрсдэлтэй гэх мэт эмнэл зүйн эрсдлүүдээ тооцоод Эрүүл мэндийн сайдын 528 тоот тушаалын дагуу эмнэл зүйн заалтаа гаргаад, тухайн ээждээ тайлбарлаж хэлж өгсөн. Түүний нөхрөөс давхар зөвшөөрөл авах гээд нөхөр чинь байна уу гэхэд байхгүй гэсэн учраас утсаар нь зөвшөөрөл аваад яаралтай хагалгаанд орохоор болсон. Хагалгаа 11 цаг өнгөрөөгөөд орсон санагдаж байна. Хагалгаа эхлээд 3,7 килограмм хөнгөн зэргийн бүтэлттэй хүүхэд авсан. Нярайгаа нярайн эмчдээ өгөөд хагалгаагаа үргэлжлүүлсэн.  Эхийн умай агшаад цус алдсан. Бага хэмжээний цус алдалт эхэлсэн учраас умай агшаах эмийн эмчилгээг хийсэн. Эмийн эмчилгээ үр дүн өгсөн. Хагалгаан дээр цус алдаад, цус алдалт нь үргэлжлээд л байх юм бол бид нар цус тогтоож байх эмчилгээ авна. Умайн том том судаснуудаа боож үздэг. Боож үзээд ч үр дүнд хүрэхгүй умай агшаад байх юм бол аргагүйн эрхэнд бас умай тайрах хагалгаанд ч хүрч болдог. Ямар ч байсан умай агшаах эмийн эмчилгээндээ үр дүн өгөөд хагалгаа дууссан. За хагалгаагаа дуусгаад ээжийн өрөөнд буюу доод хойд талын өрөөндөө оруулсан. Уг өрөө нь 2-3 ортой байдаг. Гэхдээ 2 ортой өрөөнд эхийг оруулсан. Өрөөнд оруулаад эх баригч болон сувилагчид хянуулаад би дараагийн хагалгаанд орсон. Хагалгааныхаа дараа тухайн ээжийг 2 цагийнхаа хяналтыг хийж үзсэн. 2 цагийн хяналт хийх үед зовиур гайгүй байгаа гэсэн өгүүлэмжтэй хянагдсан. Тухайн үед амин үзүүлэлтүүд хэвийн байсан. Маргааш өглөө нь буюу би 23-ны өдөр би өөрөө жижүүртэй байсан. Тэр хугацаанд төрөх тасаг болон хүүхдийн тасгаа би өөрөө хяналт тавьж хариуцаж ажилладаг. Түүнийхээ дагуу тасгууддаа тойргийн эргэлт хийж, бүх хүмүүсээ үзсэн. Бүх хүмүүсээ үзэхэд бол ямар нэгэн зовиурилсан ээжүүд байгаагүй. Быг үзэхэд өөрөө хэвийн босож явж байсан. Хагалгааны дараах байдалтай байсан. Хагалгааны дараах байдалтай гэдэг нь бага зэргийн шархандаа жоохон эмзэглэсэн байдалтай, босож явахад жоохон удаавтар явж байсан. Тийм зовуурьтай, халуун байхгүй байсан. За тэр оройгоо би 24 цагийн хугацаанд тасгыг хянаж хоносон. Тухайн ээж бол ямар ч зовиур хэлээгүй. Маргааш нь 24-ний өдөр Болдбаатар буюу эх барихын эмчид хүлээлгэж өгсөн. Эх барихын эмч болон сувилагч нартаа бүгдэд нь хүлээлгэж өгөөд жижүүрээс буугаад явсан. Тэгээд маргааш нь буюу 25-ны өдөр ажилдаа ирсэн. 2 давхарт манай төрөх тасаг байдаг юм. Ээжүүдээ үзэхэд 10 гаруй ээж байсан. Хагалгаатай 5 ээж байсан. 3 нь бол эмнэлгээс гарах боломжтой гээд бүх хүмүүсийг эходоо хараад, амин үзүүлэлтийг нь үзээд, халууныг нь үзсэн. Баас өөрөөс нь асуухад зовиур гайгүй, ямар ч байсан босож явж байсан. Тэгээд манай хэдэн ээж нар бүгдээрээ босож яваад төрөхийнхөө өмнөх өрөөнд бүгд эход харуулаад, бүх ээжүүдээ үзсэн. Хэвийн төрсөн 2 ээж, хагалгаагаар төрсөн 3 ээжийг эмнэлгээс гаргасан. Хагалгаагаар төрсөн ээжүүд дунд Б байсан. Бын умайн шарх гайгүй, гадна шарх ч гэсэн цэвэр байсан. Тухайн ээждээ хагалгааны дараа бага хэмжээний цус алдсан, умай агшчихсан, шарх цэвэр байна, боолтоо хийлгээд өглөө авсан шинжилгээний хариуг харж байгаад гарч болно гэж хэлсэн. Хагалгаанд орсон ээж нартаа би амьсгалын дасгал сайн хий, бага зэрэг босож яв гэж хэлдэг. Энэ нь наалдац үүсэхээс сэргийлдэг. Би ганцхан Бт ч хэлээгүй бүх ээж нартаа хэлдэг. Б надад зовиурлаад байна гэж нэг ч удаа хэлээгүй. 2 дахь өдрөөсөө халуурсан бол эх баригч болон жижүүр эмч хүртэл надад хэлэх ёстой байсан. Тэр өгүүлэмжүүд бүгд байхгүй, ерөнхийдөө хэвийн байсан. Тухайн үед би төрсөн ээжүүдээ үзээд гаргасан. Гарахад өрхийн эмч нар ирж хүүхдүүдээ хүлээж аваад гардаг. Өрхийн эмч З эмч ирсэн. Тэр эмч бол эхийгээ ч үздэг, нярайгаа ч үздэг. Нярайн даралт, шарлалт зэргийг нь үздэг. Боолт хийлгэх ийм, ийм хүмүүс байгаа гэдгээр нь хүлээлгэж өгдөг. За үүнийхээ дагуу хүлээлгэж өгчихөөд 25-ны өдрийн 3 цагт манай эмч нарын яриа болдог. 2 цаг өнгөрөөгөөд урагшаагаа эмнэлэг явсан. Тэгэхэд Б гараагүй байсан. 3-аас 4 цагийн үед гарсан гэж хэлсэн. 26-ны өдрийн өглөө Ч буюу боолтын сувилагчаас боолт хийлгэх ээж маань ирсэн үү гээд асуухад ирээгүй. Б ирээд боолт хийгээд өгөөч гээд утасдаад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би яагаад тэгж байгаа юм бол уг нь эмнэлгээс гайгүй гарсан юм. Ямар ч байсан очиж үзээд боолтыг нь хийгээд надад мэдэгдээрэй гэж хэлсэн.  26-ны өдрийн орой 18 цагийн гэрт нь очсон. Гэрт нь очихоос нь өмнө 16 цагийн үед нагац эгч гээд байгаа Н гэх хүн нь над руу ярьсан. Би Бын биеийн байдлыг ерөнхийд нь танилцуулсан. Би тухайн үед ийм зүйл болсон гэж мэдээгүй учраас эмнэлгээс гарах үеийнх нь ерөнхий байдлыг хэлсэн. Бага хэмжээний цус алдсан, цус тогтворжуулах эмчилгээнүүдийг зөвлөөд гаргасан. Өнөөдөр уг нь боолтод ирэх ёстой байсан чинь ирээгүй боолтын сувилагчийг ирээд боогоод өгөөч гэж гуйсан байна. Одоо сувилагч явуулах гэж байна гэдэг байдлаар ярьсан. Ч сувилагч гэрт нь очиход тухайн гэр маш бүгчим, өөрөө маш зузаан өмд өмсчихсөн, ер нь нилээн агааргүй орчинд гэр нь нилээн эхүүн үнэртэй байсан гэсэн. Боолт хийх гэхэд шархнаас муухай үнэртэй идээ гарч байна гээд над руу ярьсан. Тэгэхээр нь би наад хүнээ орхиж болохгүй шууд авчирна шүү. Ирэхээр нь шуурхай арга хэмжээ авч эрчимт эмчилгээг эхлүүлье гээд эмч нартаа ийм хүн ирнэ шүү шинжилгээ юмнуудаа бүрдүүлээрэй гээд би явсан. Гэртээ хариад 20 цагийн үед эргэж хүнийхээ биеийн байдлыг асуухад хэвлийн урд хэсэг идээлээд, арьсан доор идээт үрэвсэл үүссэн байна гэж хэлсэн. Тэгээд би өөрөө хүрч ирээд тухайн ээжийг үзэхэд хэвлийн шарх их байсан. Хэвлийн урд шарх хүйснээс доошоо умдагнаас дээш 4 сантиметр хэртэй, баруун талаа дагаад хавирганы нум хүртэл шажигнасан чимээтэй, дарахад эмзэглэл ихтэй шарх үүссэн байсан. Хэвлийд шингэн үүссэн, нилээн тархмал байдалтай байсан. Тэгээд эрчимт эмчилгээнийхээ эмчийг дуудъя, мэс заслын эмчийг дуудъя, эмчилгээ эрхэлсэн орлогч болон даргаа дуудаад хамтарсан үзлэг хийгээд энэ хүнийг тээвэрлэх боломжгүй учраас алсын дуудлага дуудаж, нарийвчилсан үзлэгийг газар дээр нь авъя гэдэг байдлаар алсын дуудлага дуудсан. Тэр хугацаанд нөхөр болон ээж нь ирсэн. Тэр хүмүүст ийм зүйл болсон байна гээд нөхцөл байдлаа танилцуулсан. Ээж нь огцом хүлээж авсан учраас ийм арга хэмжээ авч байгаа гэдгээ танилцуулж, тайвшруулах арга хэмжээг авсан. Манай эрчимт эмчилгээ урагшаа 2 давхарт тусдаа байдаг учраас тэндээ шилжүүлээд эрчимт эмчилгээг цаг алдалгүй эхлүүлсэн. Тэр хугацаанд нэгдүгээр эмнэлгийн эрчимт эмчилгээний эмч И, эх барихын эмч нартайгаа холбогдоод ийм эмчилгээ хийж байгаа, одоо алсын дуудлагаа хүлээж байна гэдгээ танилцуулсан. Тэгэхэд И эмч идээлсэн шархыг сөрөг зүслэг хийж нээдэг. Шууд зүслэг хийх юм бол хүндрэх эрсдэлтэй. Тийм учраас та хэд тогтворжуулах арга хэмжээг аваад байж бай. Шархныхаа хүрээ заагийг цаг тутам хэмжээд зураад тэмдэглэж бай гэсэн. Цаг тутам тэмдэглэхэд шарх хурдтай явж байсан. Орой 20 цагийн үед хэвлийн өмнө хэсэг буюу умдагнаас дээш 5 сантиметр хүйс хүртэл явсан байсан. Баруун хавирганы нуман доогуур байсан шарх хөхний доод ирмэг хүртэл явсан. Маш хурдацтай тархаж улайж үрэвсээд маш их хүндрэлтэй байсан. Өглөө 4-5 цагийн үед алсын дуудлага ирсэн. Алсын дуудлага ирээд бид нар явцаа танилцуулаад төлөвлөгөө боловсруулаад ямар ч байсан голомтоо авъя арьсан доогуур зүслэг хийе гэсэн. Өглөө 7 цагийн үед хагалгаа эхэлсэн. Хагалгаа эхлээд голомттой умай, үрийн сувгийн хамт авсан. Дараа нь мэсийн эмч зүслэг хийж идээг гадагшлуулсан. Тэгэхэд маш их хөөсөрсөн, эвгүй үнэртэй идээ гадагшилсан. Угааж цэвэрлээд хагалгаанаас гарсан. Хагалгааны дараа биеийн байдлыг нь тогтворжуулж, 29-ний өглөө Эх нялхаст хүлээлгэж өгөөд ирсэн. Энэ халдвар бол маш их хоруу явцтай, маш их хурдацтай, цаг тутмаар хэмжигдэж байсан. Тухайн ээж эмнэлгээс гарахад ямар ч халдварын шинж байдал илрээгүй, харагдаагүй, мэдэгдээгүй. Халдвар хаанаас авсан нь тодорхойгүй байсан. Би өөрийнхөө хэмжээнд зохих тусламжийг үзүүлж, цаг алдалгүй эх нярайг аварсан гэж үзэж байгаа. Уйгагүй эмчилгээний үр дүнд амь насыг нь аварсан.  Эх нялхас, нэгдүгээр эмнэлгийн эмч гээд маш олон эмч нарын уйгагүй эмчилгээний үр дүнд эхийн амь нас аврагдсан. 25-ны өдөр намайг үзээгүй эмнэлгээс гаргасан гэдэг зүйлийг хэлээд байгаа. Би бол үзсэн. Тухайн үед нэг ээж маань шархнаас нь шүүс гарч байсан учраас тэр ээжийг үзсэн. Тэр ээжийн хувьд маш их жин ихтэй, хаван ихтэй учраас шүүс гарч байна энэ ээжийг авч үлд гээд үлдсэн ээжүүдийг гаргасан. Эмнэлгийн нөхцөлд тухайн халдвар гарсан гэж үзэж байгаа бол тухайн үед байсан кесар хагалгаатай, умайн хүзүү хөндий цэвэрлэгдсэн, шархтай хүмүүс энэ халдварыг авах магадлалтай байсан байх гэж бодож байна. Гэтэл огт тийм халдвар гараагүй. Баас өмнө болон хойно, одоо ч гэсэн ийм халдвар гараагүй. Би 16 жил ажиллахад анх удаа ийм халдвартай нүүр тулж байна гэв.

2. Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...Тэгээд 2021 оны 01 дүгээр сарын 12-ны үед шиг санаж байна би төрөх нилээн дөхсөн байсан болохоор эмнэлэгт Г эмч дээр очиж үзүүлэхэд бөөр үрэвсэлтэй бага зэргийн уураг хаяад байгаа юм байна гээд хэд хоног эмнэлэгт хэвтчих тэгээд чи төрөх болох байх, энэ хугацаандаа бөөрөө ч эмчлүүлээд ав гэхээр нь би эмнэлэгт хэвтсэн. Намайг эмнэлэгт хэвтэж байх хугацаанд бөөрөнд эмчилгээ хийсэн, савны амсар нээгдүүлэх зорилгоо 10 өдөр, өдөрт 20 ширхэг зүү тавьсан. Энэ нь 10 өдөр гэхээр 200 ширхэг гэсэн үг юм. Би тухайн үед зүү тавьснаас болж нилээн их ядарч байсан. Мөн дээр нь Ношпа гэдэг тариа дуслаар 3 удаа хийж байсан. Тэгээд орой 22-23 цагийн үед Х гэдэг эмч ургийн зүрхний цохилт болон бусад зүйлийг үзэж байгаад давтамжтай базлалт өгсөн байна гээд дотуур үзлэг хийсэн. Тэгээд би өрөөндөө байж байтал Х эмч тарианы өрөөнд дуудахаар нь яваад ортол чи өнөөдөр төрөөд яах юм бэ, маргааш төр, өнөөдөр жоохон унтаад амарчих гэж хэлээд 2 ширхэг тариа тарьсан. Тухайн эмч надад ямар тариа хийх гэж байгаагаа ч хэлээгүй. Би тариа хийлгэхээс өмнө миний биеэс цустай салиа гарсан бөгөөд надтай хамт хэвтэж байсан ээжүүд чи удахгүй төрөх юм байна, цустай салиа гарахаар удахгүй төрдөг гэж байсан. Би тэгээд тэр эмчийн хийсэн тарианаас хойш 24 цаг өөрийн мэдрэлгүй унтаад байсан. Базлалт өгөөд байсан нь байхгүй болоод ямар нэгэн өвчин зовиургүй болсон. Тэгээд 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 12 цагийн орчим О.О эмч орж ирж дотуур үзлэг хийгээд чи өөрөөрөө төрж чадахгүй юм байна, толгой нь хазгай тавигдсан байна гээд удаагүй намайг кесар хагалгаанд оруулсан. Хагалгаанд орохдоо надад нугасаар мэдээ алдуулсан ба О эмч Б эмч мөн норкозны эмч, 3 сувиалагч нийт 6  хүн хагалгаанд орсон. О эмч Б эмч нар надад кесар хагалгаа хийх явцдаа гар утас дээрээ дуу тавиад өөрсдөө тас тас хийтэл хөхрөлдөж инээлдээд байсан ба хоорондоо за гялалзуулчихья гэж ярилцаад байсан. Тэгээд төрөөд төрсний дараа өрөөнд оруулахад 2 ээж байсан. Эхний өдөр миний норкоз гараагүй байсан учраас өвдөлт мэдрэгдээгүй бөгөөд 2 дахь өдрөөс ерөнхийдөө бие өвдөөд байсан. Тэгээд 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өглөө О эмч надаас шээсний шинжилгээ авсан шиг санагдаж байна, мөн эход хараад чи өнөөдөр эмнэлгээс гарна кесар хагалгааны явцад бага зэрэг хүндрэл гарч цус алдсан, одоо цусаа нөхчихөд л болно гээд шарх үзээд зүгээр байна гэж хэлээд намайг эмнэлгээс гаргахаар болсон. Тэгээд би эмнэлгээс гарахдаа боолт хийлгэх гэтэл боолтны сувилагч байхгүй байсан учраас маргааш амбулториор ирж боолт хийлгээрэй гэж О эмч хэлсэн. Тэгээд гэртээ 13 цаг 30 минутын үед ирээд байж байхад миний бие маш их өвдөж байсан бөгөөд 15-16 цагийн орчим миний хэвлийн урд хэсэг хөхний доод хэсгээр цэлцэгнэсэн, хөөсөрсөн юм шиг зүйл үүссэн байсан бөгөөд түүнийг нь дарж үзэхэд шажигнасан чимээтэй байсан бөгөөд тэр зүйл нь ийшээ тийшээ /арьсан дотор/ гүйгээд байсан. Би тухайн үед ингэж өвддөг юм байх гэж бодоод өвчин намдаах лаа хийгээд хоносон боловч тэр шөнөжингөө бие маш их өвдөөд унтаж чадаагүй. Тэгээд маргааш нь хүүхэд уйлаад байсан болохоор түргэн дуудаад үзүүлтэл хүүхэд үзчихээд зүгээр байна гэж хэлээд миний биеийг үзүүлтэл миний биений хөхний доогуур байсан цэлцэгнэсэн зүйлийг дарж үзчихээд төрөх явцад дарагдсан байх, одоо эхо хаачихсан байх, маргааш өглөө эход харуулаарай гэж хэлчихээд явсан. Түүнээс хойш миний бие өвдөөд байх эцэсгүй байсан. Тэгээд манай нөхөр П болон манай нагац эгч Улаанбаатар хотоос О эмч рүү ярьж байж 17 цагийн үед боолтны сувиалагч Ч гэх хүн ирээд миний шархыг үзээд болохоо больсон байна гээд эмнэлэг рүү авч явсан. Тэгээд эмнэлэгт ирэхэд О эмч өөрөө ирсэн байсан бөгөөд миний гэдэснээс маш эвгүй үнэртэй зүйл гарч байна гээд намайг үзэж байсан эмч сувилагч нар нь огиж гүйгээд байхаар нь миний сэтгэл маш хүнд байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/

3. Гэрч Ч.Ч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:...Би яг хэдний өдөр байсныг санахгүй байна ажил дээрээ байж байтал манай найз Б гээд цагдаагийн байгууллагад ажилладаг хүн надруу утсаар яриад Бын шархыг нь боогоод өгөөч гэхээр нь би хамаагүй очиж болохгүй гээд байж байтал манай эх барих эмэгтэйчүүдийн өрөөнд О эмч орж ирээд ажлаасаа буухаас өмнө Бын шархыг гэрт нь очоод боогоод өгчих гэж хэлэхээр нь  би боолт хийх материалаа аваад Бын гэрт очсон. Намайг очих үед Б ганцаараа байсан бөгөөд тэдний гэрт ороход нилээн эвгүй /өмхий/ үнэр үнэртэж байсан. Тэгээд Бын байгаа өрөөнд нь яваад ортол Б өрөөнийхөө хаалганы өмнүүр зузаан бүтээлэг унжуулчихсан, өрөө нь ямар ч агаар салхигүй, маш эвгүй үнэртэй байсан. Тэгэхээр нь би Бт ямар зузаан өмд өмсдөг юм бэ, наад шарх чинь халуудлаа, гэртээ агаар салхи оруулаач гэтэл Б хүүхэд даарах гээд байгаа юм, би өөрөө бас халуураад байгаа гэж хэлж байсан. Тэгээд би Бын шархыг нь боох гээд түүний шархны наалтыг авч үзтэл түүний шарх ямар нэгэн өөрчлөлтгүй хэвийн байсан тул тэлэгч багажаар тэлж үзтэл шархнаас маш их хэмжээний маш муухай үнэртэй идээ гоожиж эхэлсэн. Тэгэхээр нь би тухайн идээг гоожуулаад байж байтал гаднаас Бын ээж болон нөхөр нь орж ирсэн. Тэгээд би шууд О эмч рүү Бын нөхрийн утсаар залгаад Бын шархнаас идээ гарч байна гэж хэлтэл аваад ир гэхээр нь би Быг өөрийнхөө машинаар эмнэлэгт рүү авч явсан... гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 212-213 дугаар хуудас/

4. Гэрч Д.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:..Тэгээд төрсний дараа Бтай утсаар ярихад дуу нь их сул байхаар нь эмчдээ хэлсэн үү гэтэл кесар хагалгаанд орохоор ингэдэг юм байлгүй гэж хэлж байсан. Тэгээд Бын бие нь сайжрахгүй төрснийхөө маргаашаас эхлээд бие нь өвдсөөр байгаад эмнэлгээс гарсан. Түүнээс хойш Бруу залгахад утсаа ердөөсөө аваагүй, тэгэхээр нь Д эгчтэй ярьтал Бын бие нь өвдөөд байна гээд уйлаад байна гэж ярьсан.  Тэгэхээр нь би Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэг рүү утсаар яриад О эмчийн утасны дугаарыг аваад ярьтал кесар хагалгаанд орсон хүн угаасаа өвдөнө шүү дээ гээд байсан тэгэхээр нь би танд итгэж байна Б зүгээр үү гэж дахин дахин лавлаж асуутал би боолтны сувилагч явуулъя гэж хэлсэн. Тэгээд боолтны сувилагч Быг үзээд болохгүй болсон байна гээд эмнэлэг авч явсан байсан. Тэгэхээр нь би Д эгчийн гар утасруу залгахад надтай ямар ч зүйл ярихгүй уйлаад байсан, тэгэхээр нь би О эмчтэй утсаар ярьтал Бын биеэр идээт үрэвсэл тархсан байна, яралтай хагалгаанд орох шаардлагатай байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би наад хүн чинь хүндэрлээ ш дээ тээвэрлэх боломжтой бол Улаанбаатар хот руу авч ирээчээ, тээвэрлэх боломжгүй бол Улаанбаатар хотоос эмч дуудаач гэж хэлэхэд О эмч би ярьж байна гэсэн. Тэгэхээр нь би эрүүл мэндийн сайд М-тай утсаар яриад болсон зүйлийн талаар хэлэхэд хэсэг хугацааны дараа би нэг хүнд даалгасан байгаа гэсэн. Тэгээд би тэвчээр алдаад дахин М сайдтай яриад асуухад надад хариуцсан хүнийхээ утасны дугаарыг өгсөн. Тэгээд би тухайн хүнтэй ярихад Эх нялхас, Улсын 1 дүгээр эмнэлгээс 2 баг гарах гэж байна гэж хэлсэн бөгөөд тухайн багууд нь Говьсүмбэр аймагт ирж Бт хагалгаа хийсэн байсан гэх мэдүүлэг. /3-р хх-ийн 35-36 дугаар хуудас/

5. Гэрч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр миний төрсөн охин Г.Быг  Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гээд 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хэвтүүлсэн байсан. Тэр үед эмнэлгийн эмч нар эмнэлэгт 10 хоногийн хугацаанд 1 өдөрт 20 ширхэг зүү тавьж байсан. 2021 оны 01 дүгээр сарын 22-ны шөнө 01 цагийн орчимд цус гарсан байсан. Би цус гарсаныг нь өглөө 09 цагт мэдэж 10 цагийн үед эмнэлэгт очиж уулзахад яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэж хагалгаанд ороод 12 цагийн орчимд төрж охинтой болсон. Төрсний дараа 2 хоноод эмнэлгээс гарч гэртээ 1 хоноод буцаад  эмнэлэгт хэвтсэн. Энэ хугацаанд миний охин маш их өвдөж зовиурлаж байсан. Нярай охиноо тэвэрч, хөхүүлж ч чадахгүй байсан. Бид гэртээ байхдаа 103 дуудаж нярай хүүхдээ үзүүлэхдээ бас охиноо үзүүлтэл эход харуулаарай гэж хэлээд яваад өгсөн. Дараа нь боолт хийлгэх гээд боолтны сувилагч дуудахад болохоо больсон байна гээд миний охиныг эмнэлэг рүү аваад явсан гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 181-183 дугаар хуудас/

6. Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...Г.Бын шархны бактериологи шинжилгээнд грам эерэг нян ургасан. Энэ нь эмнэлгийн нөхцөлд үүссэн хоруу чанар өндөртэй нян мөн. /байж болно гэж үзэж байна/ Учир нь эмнэлгийн дотоод халдвар үүсгэгч олон төрлийн бактерийн нэг нь юм. Бын 2021 оны 01 дүгээр сарын 29-нд хийсэн баруун ташааны толгойн сөрөг зүсэлт, баруун суганы доор сөрөг зүсэлт, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 2 ширхэг сөрөг зүсэлт, ар ханын зүсэлт зэргээс enterococcus faccalis /грам эерэг/ бактери ургасан. Энэ нь грам эерэг нянгийн халдвараар үүсгэгдсэн Тухайн бактери нь 15 антибиотикийн диск тавигдсан. Үүнээс 2 нь мэдрэг, 1 нь дунд мэдрэг, үлдсэн 12 нь тэсвэртэй гарсан. Энэ нь нян нь эмнэлгээс халдварласан байж болно. Мөн тухайн хүний онцлогоос шалтгаална. Тухайн хүний эмийн хэрэглээ, бие махбодийн онцлог, дархлаа зэргээс нь шалтгаална...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 2-4 дугаар хуудас/

7. Гэрч Д.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Тухайн тохиолдолд кесар хагалгаа хийх нь зөв байсан. Тухайн үед хүүхдийн толгой буруу тавигдсан байсан учраас яаралтай кесар хагалгаа хийсэн. Яаралтай кесар хагалгаа гэдэг нь төрөх үйл ажиллагааны явцад төрөх замаар төрөхөд эх, ургийн эрүүл мэнд амь насанд эрсдэл үүссэн үед хийгддэг. Ургийн толгой хазгай тавигдах нь төрөлтийн саатал үүсдэг, умай урагдах эрсдэлтэй тул яаралтай кесар мэс засал хийнэ. Г.Бын энэ халдвар нь ихэвчлэн хөрсөнд байдаг, бохир гар, бохир зүйлээс шархаар дамжин халдварладаг маш богино хугацаанд /хэдхэн цагийн дотор/ хүний биед орж үрэвсээд маш хүчтэй хор ялгаруулж эд, эсийг үхжүүлж, үхэлд хүргэдэг халдвар юм. Энэ нь маш ховор тохиолддог халдвар юм. Энэ халдвар маш богино хугацаанд хүндэрдэг халдвар авсанаас хойш 5-6 цагийн дараа эмнэл зүйн шинж илэрч хүндэрч эхэлдэг. Үүнээс эрт оношлох боломжгүй. Нэгэнт халдвартай голомт байгаа учраас /шархтай умай голомт болдог/ умайг авах шаардлагатай болдог. Хэрэв умайг авахгүй бол халдвар улам даамжирч хүндрэх эрсдэлтэй байсан ураас эх барихын удирдамжинд голомтыг авна гэж заасан байдаг...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 6-8 дугаар хуудас/

8. Гэрч Ц.И мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч Д.Ө, Д.Н нар надтай утсаар яриад эхийн талаар зөвлөгөө авч биеийн байдлыг танилцуулсан бөгөөд тухайн эх кесар хагалгааны дараах байдалтай шархны халдвартай некротик фасцимт-тай байж болохоор таамаглал авсан учир яаралтай алсын дуудлагыг Улсын 1 дүгээр төв эмнэлгийн тасгаас эмч, Эх нялхасын төвийн эмэгтэйчүүдийн эмч, мэдээгүйжүүлэлтийн хамт дуудах чиглэлийг утсаар зөвөлсөн. Ингээд 2 баг Улаанбаатараас Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт очоод өвчтөнийг яаралтай мэс засал хийх шийдвэр гаргасан. Яаралтай мэс заслыг Эх нялхасын төвийн эмэгтэйчүүдийн эмч Д, эмч О.О, миний бие хамтран хийсэн. Эмч нар идээт голомтыг арилгахын тулд умай авах мэс заслыг, хэвлийн өмнөд ханаар тархсан идээт процессийг арилгах зорилгоор хэвлийн хажуу хананд 10 орчим зүслэг, нээлт хийсэн бөгөөд хэвлийг угааж цэвэрлэсэн болно. Тухайн эхийн эс судлалын шинжилгээний хариу нь №72 тоот дүгнэлтэнд:

Кесорва мэс заслын дараах шархны грам эерэг нянгийн шалтгаант идээт үрэвсэл, цочмог идээт эндомиометрит, тромбофлебит /өвчний олон улсын ангилал 1-085/ эмэгтэй аарцагны цочмог перитонит, умайн хүзүү, архаг идэвхжилт цервицит, 2 талын үрийн хоолойн хоёрдогч сальпингит орчмын идээт үрэвсэл гэсэн дүгнэлт гарсан байна. Энэ дүгнэлт юуг илэрхийлж байна вэ гэхээр уг эмэгтэй үтрээ, умайн хүзүү, умайн архаг идээт үрэвсэлтэй жирэмсэн байсныг нотолж байна. Ийм учраас мэс заслын дараа халдвар тархсан шалтгаан  нь гадаад бус дотоод шалтгаантай гэж үзэх үндэстэй...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 10-12 дугаар хуудас/

9. Гэрч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Тухайн үед манай эмнэлэгт надаас өөр мэс заслын сувилагч байхгүй би ганцаараа ажиллаж байсан. Мэс заслын сувилагчийн ажил үүргийн хуваарьт хагалгааны  дараах боолт хийх үүрэг байхгүй, тусдаа мэс заслын боолтын сувилагч байх ёстой байдаг. Гэсэн хэдий ч мэс заслын боолтны сувилагч байхгүй байсан учраас би тухайн ажлыг хавсарч хийдэг. Тухайн өдөр би хагалгаанд орж байхад Г.Б эмнэлгээс гарсан байсан. Би Бын хагалгааны шархыг 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр боолт хийсэн. Тухайн үед боолт хийхэд шарх цэвэр, ямар нэгэн өөрчлөлт байгаагүй. Түүнээс хойш боолт хийгээгүй байж байтал 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Б эмнэлгээс гарсан байсан...гэх мэдүүлэг. /3-р хх-ийн 14-15 дугаар хуудас/

10. Гэрч Б.П мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...2021 оны 01 дүгээр сарын 25-ны өглөө Быг хүүхдийн хамт эмнэлгээс гаргаад гэртээ авч очсон. Гэртээ орох үед Бын биеийн байдал муу арай хийж 5 давхарт гарч гэртээ орсон. Ингээд Б эмнэлгээс гарснаас хойш биеийн байдал нь дээрдэхгүй өвдөөд байна гээд орноосоо ч босож чадахгүй, хүүхдээ ч хөхүүлж чадахгүй байсан. Тэгээд өдрийн 15-16 цагийн үед манай эхнэрийн хэвлийн урд хэсэг, хөхнийх нь доод хэсгээр арьсны цаагуур цэлцэгнэсэн зүйл гарсан гэж хэлсэн ба тухайн шөнө Б маш их халуурч бие нь өвдөж хоносон. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Бын бие нь өвдөөд, манай нярай хүүхэд уйлаад байсан болохоор манай эхнэрийн ээж Д аймгийн нэгдсэн эмнэлэгт дуудлага өгсөн боловч 14 цагийн үед дуудлагын эмч ирээд нярайг үзээд зүгээр байна гэж хэлээд, Бын биеийн үзүүлж түүний хөхний доогуур гарсан зүйлийг үзүүлэхэд наадах чинь төрөх үед дарагдсанаас болсон байх, өнөөдөр эхо хаасан байгаа, маргааш эмнэлэгт очиж эход харуулаарай гэж хэлээд явчихсан. Тухайн өдөр Бын хагалгааны шархыг амбулториор очиж боолгуулах ёстой байсан болохоор би өөрийнхөө нөхдөөр дамжуулан ярьж байгаад нэгдсэн эмнэлгийн боолтны сувилагч Ч гэх эмэгтэйг гуйгаад гэрээр боолт хийлгэхээр болсон. Ингээд оройн 17 цагийн орчим нөгөө боолтны сувилагч гэх эмэгтэй хүрч ирээд Ба-ын хагалгааны шархны боолтыг нээж үзээд хагалгааны шарх болохоо больсон байна, яаралтай эмнэлэг авч явах шаардлагатай байна гээд аймгийн нэгдсэн эмнэлэг рүү аваад явсан. 2021 оны 01 дүгээр сарын 22-ноос 26-ны орой эмнэлэг орох хүртлээ байнга өвчин намдах, халуун буулгах лаа шулуун гэдсээрээ хийж байсан. Тэгээд аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар дахин хагалгаанд орох шаардлагатай гэсэн ба Улаанбаатар хотоос эмч нар 2021 оны 01 дүгээр сарын 27-ны үүрээр 05-06 цагийн үед ирж дахин хагалгаанд орсон. 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хот Эх хүүхийн эрүүл мэндийн үндэсний төвд шилжин эмчилгээ хийлгэсэн...гэх мэдүүлэг. /3-р хх-ийн 32-33 дугаар хуудас/

11. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 111 дугаартай дүгнэлтэд:

-Г.Бын биед кесар мэс заслын дараах умайн салстын идээт үрэвсэл, хэвлийн цочмог идээт гялтантас, хэвлийн өмнөд хана хажуу хана, цээжний урд доод хэсгийн хийт үхжил, булчингийн хальсан үхжилт үрэвслийн улмаас умай үрийн хоолойн хамт мэс заслаар тайрагджээ.

-Уг өвчин нь грамм эерэг нянгийн халдварын улмаас 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр кесар мэс заслын дараа үүсчээ.

-Дээрх гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.8-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэг, 3.5.2-д зааснаар үлдэж уршигт хүнд гэмтэлд хамаарна.

-Г.Б нь цаашид жирэмслэх боломжгүй болсон байна.

Дүгнэлт гаргасан: тэргүүлэх зэргийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Л.Жаргалтогтох гэжээ. (3-р хх-ийн 50-55 дугаар хуудас),

12. Шинжээчээс 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр авсан мэдүүлэгт:...Г.Бын биеэс илэрсэн грамм эерэг нян нь enterococcus faеcalis /энтерококкус фекалис/ юм. Грамын будалт бол Грам-эерэг /gram-positive/, Грам-сөрөг /gram-negative/ хэмээх 2 том бүлэгт ангилдаг оношлогооны техник юм. Г.Б нь Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хэвтээд төрүүлэх төлөвлөгөөтэй байсан ч ургийн толгой хазгай тавилтын улмаас клиникийн уйтан аарцаг үүсч 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр яаралтайгаар кесар мэс засалд орсон. 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр мэс заслын дараах 3 хоногтойд эмнэлгээс гарсан байдаг. Тухайн өдөр эмчлэгч эмч шарх болон умайг эход харсан нь өвчний түүхэнд бичигдсэн ба шарханд боолт хийгдсэн тухай тэмдэглэл байдаггүй. Г.Б 2021 оны 01 дүгээр сарын 25-ны үдээс хойш эмнэлгээс гараад оройдоо гэртээ халуурч  эхэлсэн, 2021 оны 01 дүгээр сарны 26-ны орой 19 цагийн үед 103 дуудаж биеийн байдал хүнд, шархнаас идээ гарсан, баруун шатаан толгойноос, баруун хавирганы нум хүртэл арьсан дор эмфизем тэмтрэгдсэн улайсан байдалтайгаар эмнэлэгт эргэж хэвтсэн. Нянгийн халдварын үед шархнаас идээ, үрэвслийн шингэн гарах, шарх өвдөж эмзэглэлтэй болох, зүслэг орчим хавдах, улайх, халуу оргих, биеийн ерөнхий хордлогод орох, халуурах гэх шинж тэмдгүүд илэрнэ. Тухайн үед Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт кесар хагалгааны шархнаас болон гарч байгаа идээт ялгадаснаас бактериологийн шинжилгээнд зориулан дээж аваагүй байсан. Тэгэхээр тухайн үед  яг ямар нянгаар үүсгэгдсэн үрэвсэл вэ гэдгийг эмч нар тогтоогоогүй. Харин кесар хагалгааны  дараа идээт үрэвсэл үүсчээ гэдгийг зөв оношилсон байсан. Эрүүл мэндийн сайдын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/539 тоот тушаал “эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар илрүүлэх тандалтын заавар”-т мэс заслын тусламж үйлчилгээ авсан бол 30 болон 90 хоногийн дотор, давтан мэс засалд орсон бол хамгийн сүүлд орсон хугацаанаас тооцно, мөн эх нярайг төрснөөс хойш 30 хоногийн дотор халдвар илрүүлэх тандалтыг хийнэ гэж заасан байгаа. Г.Бын хувьд хагалгаа хийлгэснээс хойш 4 дэх хоног дээрээ шархын халдварын зовиур, шинж тэмдгүүд илэрсэн мөн оолн антибиотикт тэсвэртэй байсан учир үүнийг эмнэлгийн орчинд авсан нянгийн халдвар гэж үзэх боломжтой. Өвчний түүхэнд бичигдсэн шинжилгээний дүгнэлтэнд Г.Б нь ХДХВ, тэвбүү өвчингүй байсан нь харагддаг. Бөөрний тэвшинцэрийн архаг үрэвсэлтэй, төрөхөөс 11 хоногийн өмнө тэр оношоороо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад кесар хагалгаагаар төрсөн. Харин үтрээний үрэвсэлтэй байсан эсэх нь өвчний түүхэнд тодорхой бичигдээгүй. Эмнэлэгт хэвтэж байх хугацаанд мазокийн шинжилгээ авагдаагүй. Төрөхөөс өмнө 10 хоногийн турш эмчилгээ хийгдэж байгаад төрж байгаа учраас бөөрний үрэвслийн хурц үед намдаж идээт хүндрэл үүсгэх нь харьцангуй багассан байдаг. Мөн шээсээр ялгарч байгаа нянд ямар төрлийн нян байсныг тодорхойлох бактериологийн шинжилгээ хийгдээгүй учраас Г.Бын биед кесарын дараах идээт хүндрэл нь бөөрний архаг үрэвслээс үүссэн эсэхийг тогтоох боломжгүй... гэх мэдүүлэг. /3-р хх-ийн 61-62 дугаар хуудас/

13. Шүүхийн шинжилгээний үндсэний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 120 дугаартай дүгнэлтэд:

-Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн №31, №64 тоот өвчний түүх болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн №1067 тоот  өвчний түүхэнд Г.Бд тавьсан онош зөв тавигдсан байна.

- Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн №31 тоот өвчний түүхэнд Төрөлт 1-1, 39-40 долоо хоногтой жирэмсэн, бөөрний тэвшинэцэрийн архаг үрэвсэл гэсэн онош тавьж төрөлтийг төрөх замаар төрүүлье гэж төлөвлөж, шаардлагатай шинж тэмдгийн эмчилгээг хийсэн байна.

- Эмч, эмнэлгийн ажилтнууд үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэх талаар шинжээч эмч нар тогтоохгүй.

- Эхийг төрөлтөнд бэлтгэх зорилгоор зүү эмчилгээ хийх заалт байхгүй, Эрүүл мэндийн сайдын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/486 тоот тушаалаар зүү эмчилгээний зааврыг баталсан байна. Тус баталсан зааварт тусгагдсанаар тамир доройтсон, өндөр настай, шалтгаан тодорхойгүй халууралт, хорт хавдар, элэг бөөрний дутагдал, цусны даралт ихдэх өвчний 2, 3 дугаар үе, халдварт өвчний хурц үед, жирэмсэн эмэгтэй, нярай, сэтгэцийн эмгэгтэй болон биеийн хүчний хүнд ажлын дараа хийх эсрэг заалттай байна.

- Өвчний түүхэнд анальгин, димедрол хийсэн тэмдэглэл байхгүй байна.

- Төрөх үйл ажиллагааг зохих журмын дагуу зөв удирдсан байна.

- Г.Б нь 41-42 долоо хоногтой жирэмсэн, төрөх хүчний сулрал, ургийн архаг бүтэлт, төрөлтийн 1-р үе эхэлсэн тул төрөлтийг эрчимжүүлэх зорилгоор окситоцины сэдээлт хийсэн боловч үр дүн өгөөгүй учир кесар мэс засал хийх болсон байна. Төрөлтийг цаг алдалгүй зөв удирдаагүй тохиолдолд эх хүүхдийн амь насанд аюултай хүндрэл үүснэ.

- Кесар хагалгааны дараа өвчтөнд шаардлагатай эмчилгээг хийсэн байна.

- өвчний түүхэнд бичигдсэнээр кесар мэс заслыг стандартанд заасны дагуу хийсэн байна.

- Кесар мэс заслын дараах этерококкусфекалисаар үүсгэгдсэн умайн идээт үрэвсэл, цочмог идээт эндомиомеорит тромбофлебит, аарцгийн цочмог перитонит, умайн хүзүүн архаг идэвхжилт ервицит, 2 талын үрийн хоолой хоёрдогч сальпингит, орчмын эдийн үрэвсэл, хэвлийн өмнөд хажуу хана, ээжний урд доод хэсгийн хийт үхжил, булчингийн хальсны үхжилт үрэвсэлээр хүндэрчээ.

- Грамын будгийн аргаар будагддаг бүлэг бактерийг грам эерэг бактери гэж нэршдэг, тухайн грам эерэг бактери нь агаартай болон агааргүй орчинд аль алинд нь үржих чадвартай. Этерококкус фекалисын хувьд нөхцөлт эмгэг төрөгч болох гэдэсний савханцар энтерококк ба эмнэлгийн дотоод халдварын голлох үүсгэгч болдог. Нянгийн халдвар, үжлийн үед халдвар хордлогын ерөнхий шинжүүд илрэх ба үүсгэгчийн тодорхойлж, үүсгэгчийн эсрэг эмчилгээг хийх шаардлагатай.

- тухайн тохиолдолд умайг мэс заслын аргаар бүхэлд нь авах шаардлагатай, мэс засал эмчилгээний төлөвлөгөө зөв байжээ. Мэс ажлын дараах шархны халдварыг шинж тэмдгээр тандах хуудсанд 1/25-нд шарханд боолт сольсон тухай тэмдэглэл байхгүй 2021.01.25-ны өдөр мэс заслын шарханд цэгцлэлт хийсэн тохиолдолд халдварыг эрт илрүүлэх боломжтой байсан эсэхийг үгүйсгэхгүй.

- Амаржих газрын бүтэц зохион байгуулалтын тухай стандартад мэс заслын өрөөг 2 цаг тутамд тогтмол ариутгах, мэс засал /кесар/ явагдсаны дараа 15-20 минутын турш халдваргүйжүүлэх уусмалаар халдваргүйжүүлэх шаардлагатай гэж заасан байна.

- Г.Б нь бөөрний тэвшинцэрийн архаг үрэвсэл, үтрээний үрэвсэлт өвчтэй байсан ба энэ халдварын шалтгаан болсон гэж үзэхгүй.

- Г.Бд тавьсан онош, өвчний үе шатанд тохирсон шаардлагатай шинжилгээ, оношилгоо, эмийн болон мэс заслын эмчилгээг хийсэн байна.

- Бэлгийн замаар дамжих халдварт өвчингүй байжээ.

Дүгнэлт гаргасан: мэргэшсэн шинжээч эмч Т.Амартүвшин, ахлах шинжээч эмч Ө.Сарангэрэл, шинжээч эмч Н.Энхцолмон гэжээ. (3-р хх-ийн 84-94 дугаар хуудас),

14. Шүүгдэгч О.Оы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (3-р хх-ийн 237 дугаар хуудас)

15. Хохирогч Г.Бын Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт 2021 оны 01 дүгэр сарын 11-ний өдрөөс 27-ны өдөр хүртэл хэвтэн эмчлүүлэсн өвчний түүх, 2021 оны 01- дүгээр сарын 22-ны өпөр кесар хагалгаанд, 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр дахин мэс заслын хагалгаанд орсон талаарх баримтууд, жирэмсэн эмэгтэйн хяналтын карт. /1-р хх-ийн 176-250, 2-р хх-ийн 01-84 дүгээр хуудас/

16. Хохирогч Г.Бын Улсын 1-р төв эмнэлгийн мэс заслын тасагт 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар. /1-р хх-ийн 126-175 дугаар хуудас/,

 17. Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн Эх барих эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч О.Оы ажлын байрны тодорхойлолт /4-р хх-ийн 2-4 дүгээр хуудас/,

18. Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт хохирогч Г.Бын хэвтэн эмчлүүлсэн өвчтний түүх /4-р хх-ийн 197-223 дугаар хуудас/,

19. Аймгийн нэгдсэн эмнэлгийн халдварын сэргийлэлт хяналтын журам, халдвар хяналтын  албаны хурлын тэмдэглэлүүд /1-р хх-ийн 22- дугаар хуудас/ зэрэг болно.

НЭГ. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “Яллагдагч О.О аймгийн Нэгдсэн эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн их эмчээр ажиллаж байх явцдаа 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хийсвэр хагалгаагаар төрсөн 26 настай Бт эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс эмнэлгийн нөхцөлд үүссэн хоруу чанар өндөртэй, грамм эрэг нянгийн улмаас хагалгааны 2 дахь өдрөөс эхлэн Бын бие ядрах, халуурах, сульдах зэргээр зовиурилсан байхад зохих тусламж үзүүлээгүй. 2021 оны 01 сарын 25-ны өдөр эмнэлгээс гарах үед үзлэгийг зохих ёсоор хийгээгүй, хагалгааны шархыг үзэж боолт хийгээгүй эмнэлгээс гаргасан зэргээс шалтгаалан иргэн Бын биед хийсвэр мэс заслын дараах умайн салстын идээт үрэвсэл, хэвлийн цочмог идээт гялтантас, хэвлийн өмнөд хана, хажуу хана, цээжний урд, доод хэсгийн хийт үжил, булчингийн хальсны үхжилт үрэвслийн улмаас умай, үрийн хоолойн хамт мэс заслаар тайрагдаж эрүүл мэндэд нь амь биед аюултай хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт болсон байна. Дээрх үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болох хохирогч Бын мэдүүлгээр нотлогдож байна. Бын мэдүүлгээр тухайн үед бол би маш их өвдөж байсан. Өвчин намдаах лаа хийж байсан. Эмч О.О нь шархыг үзээгүй, эмнэлгээс гаргасан, маш их гомдолтой гэх мэдүүлгийг өгсөн. Мөн гэрч Ө, гэрч  Б, гэрч Х, гэрч Д, гэрч Гэрэлмаа, гэрч О, гэрч Б, гэрч Ч, гэрч А, гэрч У, гэрч Б, гэрч А, гэрч Д, гэрч М, гэрч М, гэрч И, гэрч З, гэрч Э, гэрч Ө, гэрч Д, гэрч Б, гэрч Ж, гэрч С нарын мэдүүлгүүд болон өнөөдрийн шүүх хуралдаанд гэрчээр оролцсон гэрч Д, гэрч Н, гэрч П нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна. Мөн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 02 сарын 23-ны өдрийн 12 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 14-д мэс ажилбарын дараах шархны халдварыг шинж тэмдгээр нь тандах хуудсанд 01 сарын 25-нд шарханд боолт сольсон тухай тэмдэглэл байхгүй. 2021 оны 01 сарын 25-ны өдөр мэс заслын шарханд цэгцлэлт хийсэн тохиолдолд халдварыг эрт илрүүлэх боломжтой байсан эсэхийг үгүйсгэхгүй гэсэн дүгнэлт,  Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн эмч нарын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 878 дугаартай шинжээчийн дүгнэлтэд эмнэлгээс гарах өдөр эмч хэт авиан шинжилгээ хийх үед шархыг үзсэн, үзлэгийн дараа эмнэлгээс гарахаас өмнө хийх шархны боолт хийгдээгүй байх магадлалтай бөгөөд хэрэв боолт хийгдсэн бол шархны өөрчлөлтийг эрт харуулдан тандах боломжтой байсан гэх дүгнэлт, Шүүх шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 111 дугаартай дүгнэлтээр Бын биед хийсвэр мэс заслыг дараах умайн салстын идээт үрэвсэл, хэвлийн цочмог идээт гялтан, хэвлийн өмнөд хана, хажуу хана, цээжний урд, доод хэсгийн хэт үжил, булчингийн хальсны үхжилт үрэвслийн улмаас умай, үрийн хоолойн хамт мэс заслаар тайрагдсан. Грамм эерэг нянгийн халдварын улмаас 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хийсвэр мэс заслын дараа үүсжээ гэсэн дүгнэлт, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн дүгнэлт зэрэг бусад бичгийн нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Дээрх нотлох баримтуудаар яллагдагч, шүүгдэгч О.Оы үйлдсэн гэмт хэрэг хангалттай тогтоогдсон гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, эрүүгийн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтооход хангалттай нотлох баримтууд байна гэж улсын яллагчийн зүгээс дүгнэж байна. Дээрх гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч О.О нь эмнэлгийн тусламж үйлчилгээ хийхдээ ажилдаа хайнга, хайхрамжгүй хандсан, өвчтөний биеийн байдлыг үнэлээгүй нөхцөл байдлаас болж дээрх гэмт хэрэг гарчээ. Дээрх гэмт хэрэг гарахын хууль зүйн үндэслэлийн хувьд Монгол Улсын Үндсэн хуулийн 16.6-д Монгол Улсын иргэн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй иргэдэд эмнэлгийн төлбөргүй тусламж үзүүлэх болзол, журмыг хуулиар тогтооно гэж Үндсэн хуульд заасан. Шүүгдэгч О.Од холбогдох гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 15 дугаар бүлэгт заасан эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт хамаарагдаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд заасан эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх гэмт хэрэг гэж эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч Бын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл байна гэж үзэж байгаа. Эмнэлгийн мэргэжилтэн гэж анагаах ухааны боловсрол олгох, их дээд сургууль төгссөн мэргэжлийн үйл ажиллагаа, эрх зөвшөөрөл бүхий хүний их эмчийг ойлгоно. Шүүгдэгч О.О АУДС-ийг төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан субъект байна. Энэ гэмт хэрэгт эмнэлгийн тусламж авч чадаагүй өвчтөн Б нь хохирогч юм. Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, идэвхитэй үйлдлээр дээрх гэмт хэрэг гарсан байна. Дээрх үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд амь биед аюултай хүнд гэмтэл буюу умай, үрийн хоолойн хамт мэс заслаар тайрагдсан хүнд хохирол учруулсан. О.Оы буруутай үйлдлийн улмаас хохирогч Б саваа авхуулсан нь О.Оы гэмт хэргийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна гэж үзэж байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлнэ гэж хүний биеийн үйл ажиллагааны алдагдлыг орчин үеийн болон уламжлалт анагаах ухаанд тулгуурлан оношлох, эмчлэх үйл ажиллагаа байдаг. Шүүгдэгч О.Оы хувьд зохих ёсоор биелүүлээгүй ажиллагаа нь Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.2, 28.4.3-д заасан үүргээ гүйцэтгээгүй байна. Энэ хуулиар эмнэлгийн ажилтан буюу эмч О.О нь төрөх гэж байгаа эхэд эмнэлгийн тусламжийг ямар ч нөхцөлд үзүүлэх үйл ажиллагаандаа Эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах үүргийг хүлээсэн. Энэ үүргээ биелүүлж ажиллаагүй байна гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Шүүгдэгч О.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3.3-т зааснаар эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байх, эс үйлдэхүй, үйлдэхүй нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой. Мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үлдсэний улмаас хохирол, хор уршигт хүргэсэн байна. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2-т зааснаар энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсныг дахин давтан хэлмээр байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг заасан. Иймд шүүгдэгч О.Оы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эмнэлгийн ажилтан нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүрэг үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна.  Шүүгдэгч О.Од гаргах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй. Харин хохирогч Б мөрдөн шалгах ажиллагааны явцад дараах төлбөрийг нэхэмжилсэн. Үүнд сэтгэл санааны хохиролд 150 000 000 төгрөг, гэмт хэргийн улмаас үрийн хоолойгоо мэс засал ажилбараар авхуулсан, цаашид төрөх боломжгүй болсон, саваа авхуулсан учраас үр тээх ийм боломжгүй учраас 3 хүүхэдтэй болохыг төлөвлөж байсан. Үүнийг судалж 3 хүүхэдтэй болоход 210 000 000 төгрөг, эмчилгээний зардалд 100 000 000 төгрөг, нийт 460 000 000 төгрөгийг хохирогч нэхэмжилсэн байгааг дурдах нь зүйтэй байна. Дээрх төлбөрийг шүүгдэгч О.Оаас гаргуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг шүүхэд гаргаж байна гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхжаргал “Прокуророос миний үйлчлүүлэгч О.Оыг аймгийн Нэгдсэн эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн их эмчээр ажиллаж байхдаа 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хийсвэр хагалгаагаар төрсөн иргэн Бд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу эмнэлгийн нөхцөлд үүссэн хоруу чанар өндөртэй, эерэг нянгийн улмаас хагалгааны 2 дахь өдрөөс эхлэн Бын биед ядрах, халуурах, сульдах зэргээр зовиурлагдсан байхад зохих тусламж үзүүлээгүй. Мөн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр эмнэлгээс гарах үед нь үзлэгийг албан ёсоор хийгээгүй, хагалгааны шархыг үзэж, боолт хийгээгүй, эмнэлгээс гаргасан зэргээс шалтгаалан иргэн Бын биед хийсвэр мэс заслын дараах умайн салстын идээт үрэвсэл, хэвлийн цочимог идээт гялтантас, хэвлийн өмнөд хана, хажуу хана, цээжний урд ар хэсгийн хийт үжил, булчингийн хальст үхжилт үрэвслийн улмаас умай үрийн хоолойн хамт мэс заслаар тайрагдаж амь биед аюултай хүнд гэмтэл учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1-д заасан тухайн гэмт хэргийн объектив талын шинжид хамаарах эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, өөрөөр хэлбэл эрхэлсэн ажилдаа хайхрамжгүй хандаж, өвчтөний амь нас, эрүүл мэндийг аврах, түүнийг эмчлэх, өвчин шаналал зовиурийг хөнгөвчлөх талаар шаардлагатай арга хэмжээ аваагүй, эсвэл өвчтөнд тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн амь биед аюултай хүнд гэмтэл учруулсан гэж үзэх нөхцөл байдалд мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй байхад миний үйлчлүүлэгчийг хохирогч Бд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээр зохих ёсоор биелүүлээгүйгээс буюу эмнэлгийн нөхцөлд үүссэн хоруу чанар өндөртэй грамм эерэг нянгийн улмаас хагалгааны 2 дахь өдрөөс эхлэн түүний биед ядрах, халуурах, сульдсан зэргээр зохих тусламж үзүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Учир нь хохирогчийн биед үүссэн гэх хоруу өндөр чанартай грамм эерэг нян нь эмнэлгийн нөхцөлд үүсээгүй, харин уг нян нь маш ховор тохиолддог халдвар учраас хаанаас яаж дамжиж халдварласныг тогтоох боломжгүй болох нь гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогддог. Тухайлбал 3 дугаар хавтаст хэргийн 24 дүгээр хуудсанд байгаа гэрч Мын эмнэлгийн дотоод халдварын олон бактери байдаг бөгөөд тухайн эмнэлгийн дотоод орчны арчдасын  шинжилгээгээр тухайн эмнэлгийн дотоод халдвар илэрдэг. Тийм болохоор Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотоод халдварын үүсгэгчийг мэдэхгүй болохоор тухайн эмнэлгийн халдварын шалтгаан гэж хэлж чадахгүй. Энэ бактери нь ахуй орчинд байх боломжтой, хоруу чанар өндөртэй байгаа нь хувь хүний дархлаа, бие махбодын онцлог зэргээс хамаарна. Говьсүмбэр аймгийн эмнэлгийн дотоод халдвар гэж хэлэх боломжгүй гэсэн мэдүүлэг. 3 дугаар хавтаст хэргийн 2-оос 8 дугаар хуудсанд байгаа гэрч Мөнхцэцэгийн мэдүүлэгт энэ халдвар бол ихэвчлэн хөрсөнд байдаг бохир гар, бохир зүйлээр шархаар дамжин халдварладаг. Маш богино хугацаанд хүний биед орж үржээд маш хүчтэй хор ялгаруулж эд эсийг үхэлд хүргэдэг халдвар юм. Энэ маш ховор тохиолддог халдвар учраас хаанаас яаж дамжин халдварласныг тогтоох боломжгүй гэсэн мэдүүлэг. 3 дугаар хавтаст хэргийн 12-19 дүгээр хуудсанд байгаа гэрч Иийн мэдүүлэг эмнэлгийн үйл ажиллагаанаас болж халдварлагдсан, эмнэлгээс авсан  гэж үзэх үндэслэлтэй. Учир нь тухайн үед хийгдсэн бусад бүх мэс засал ийм халдвараар халдварлагдаагүй. Иймд тухайн эмнэлгийн ариутгал, мэс заслын үйл ажиллагаа хэвийн явагдаж байсныг илэрхийлж байна. Эмнэлгээс шалтгаалсан бол тухайн үед хийгдсэн бүх мэс засалд шархны халдвар үүсэх байсан гэсэн мэдүүлэг. 3 дугаар хавтаст хэргийн 60-62 дугаар хуудсанд байгаа шинжээч Жаргалтогтохын 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн умайг бүхэлд нь авах мэс заслын тэмдэглэлд хэвлийн хуучин шарх, идээт өнгөөр хучигдсан, гэдэс сэмж, идээт өнгөртэй, умайн ар өврөөр идээт шингэнтэй, умайн шархны оёдол баруун булангаасаа задарсан гэж бичигдсэн. Энэ тохиолдолд хэвлийн хананы мэс заслын шарх, умайн шарх хоёулаа идээлсэн оёдол задарсан, идээт өнгөртэй байсан тул халдварт чухам хаанаас эхэлснийг тодорхойлох боломжгүй гэсэн тэмдэглэл. ЭМЯ-ны дэргэдэх Эх барих эмэгтэйчүүдийн судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн Д.М-ийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр гаргасан дүгнэлтийн 16-д шархны үхжилт халдвар нь цахилгаан хэлбэрээр явагддаг, эрхтэн тогтолцоог богино хугацаанд хордуулдаг үхэл өндөртэй халдвар юм. Мэс заслын зөвлөх эмчийн тавьсан оношоор үржил, халдварын эх үүсвэрийн шалтгаан тодорхойгүй гэж үзсэн байна. Үхжилт халдвар нь ихэвчлэн арьс, арьсан доорх эд хальс, булчинг хамардаг, ховор тохиолдолд 100 мянгад 1 тохиолддог халдвар юм гэсэн дүгнэлт. 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 878 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 12-т хийсвэр хагалгааны дараах умайн салст үрэвсэл нь эхийн дархлааны тогтолцооны байдал, бие махбодын архаг үрэвсэлт өвчин, өгсөх замын үрэвсэлт болон үүсэж буй бусад халдвар, төрөлтийн үеийн болон мэс заслын үеийн үрэвсэл, ураг орчмын шингэний бүрхүүлийн үрэвсэл, умайн архаг үрэвсэл, төрөх үеийн цус алдалтын улмаас цус алдалтын суурин дээр дархлаа суларч үрэвссэн нь дамжих, төрөлтийн саатал зэрэг олон төрлийн шалтгаанаас үүсэж болдог. Уг дүгнэлтийн 16-д эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой эмнэлгийн дотоод халдвар гэдэг нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа үйлчлүүлэгч анх эмнэлэгт хандсан шалтгаанаас өөр шинээр туссан халдварт өвчин, эрүүл мэндийн ажилтан, эмнэлгийн орчинд авсан халдварыг хэлнэ. Тухайн төрлийн үүсгэгч нянгаар үүсгэсэн халдварт хэсэг бүлгийн үйлчлүүлэгчид өртөж болдог. Энэ хийсвэр мэс заслын эмнэлэг болон дараа нь ойрхон хугацаанд үйлчилгээ авсан үйлчлүүлэгч нараас халдвар илрээгүй тул эмнэлгийн дотоод халдварын тархлалгүй гэж үзэж байна гэсэн дүгнэлт. 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 34/1620 дугаартай шинжээчийн дүгнэлтэд хохирогч эмнэлэгт хэвтэх болон мэс засал хийлгэхээс өмнө нян судлалын шинжилгээ хийлгээгүй тул Интерах фокус Фоталис эмнэлгийн орчноос авсан эсвэл өөрт нь байсан уу гэдгийг тогтоох боломжгүй байна.  Мөн дүгнэлтийн 5-д эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар илэрсэн нь ижил тусламж үйлчилгээг ойролцоо цаг хугацаанд авсан үйлчлүүлэгчийн дунд нэг ижил үүсгэгчээр үүсгэгдсэн халдварын хэд хэдэн тохиолдол зэрэг бүртгэгддэг. 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хохирогчтой хамт хийсвэр мэс засалд орсон 2 эхэд халдварын шинж тэмдэг илрээгүй байна гэсэн шинжээчийн дүгнэлтүүд болон гэрч нарын мэдүүлгээр хохирогчийн биед үүссэн хоруу чанар өндөртэй, грамм эерэг нян нь тухайн үед эмнэлгийн орчинд халдварлагдсан уу, ахуйн орчноос халдварласан уу, хохирогчийн дархлаа суларсанаас үүссэн үү гэдгийг мөн чухам хаанаас яаж дамжиж халдварласан эсэхийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй байхад прокуророос тухайн нянг эмнэлгийн нөхцөлд үүссэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байна. Мөн прокуророос нянгийн улмаас хагалгааны 2 дахь өдрөөс эхлэн Бын биед ядрах, халуурах, сульдах зэргээр зовиурлагдсан байхад зохих тусламж үйлчилгээг үзүүлээгүй гэдэг нь үндэслэлгүй байна. Учир нь хохирогч Г.Б нь 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хийсвэр хагалгаанд орсноос хойш буюу 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр эмнэлгээс гарах хүртэлх хугацаанд түүний биед ядрах, халуурах, сульдах зэрэг ямар нэгэн зовуурь эмгэг байдал илрээгүй байна. Жишээлбэл 2 дугаар хавтаст хэргийн 209-215 дугаар хуудсанд байгаа гэрч Б-ын мэдүүлэгт би 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төрөх хүүхдийн тасгийг хариуцсан жижүүр эмчийн үүргийг О эмчээс хүлээн авсан. Тухайн өдөр тасгийн хүмүүстээ үзлэг хийж явж байгаад Бын биеийг үзэхэд түүний биеийн бие байдал гайгүй, тогтвортой, хагалгааны дараах өвдөлт гайгүй байсан ч гэсэн жаахан өвдөлттэй байсан гээд өвчин намдаах лаа хэрэглэж байсан. Мөн Б өөрөө босож байгаа хүүхдээ хөхүүлээд асаргаа сувилгаагүй, биеийн байдал, хагалгааны дараах байдалтай байсан. Харин би жижүүрт гарч байх хугацаандаа Бын биеийг 2 удаа буюу өглөө орой орой 2 үзсэн. Тэгээд намайг жижүүрээс буусан өдөр буюу 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Б эмнэлгээс гарсан гэж байсан гэх мэдүүлэг. 2 дугаар хавтас хэргийн 204-205 дугаар хуудсанд байгаа гэрч Оцэцэгийн мэдүүлэгт 2021 оны 01 дүгээр сарын 24-ний орой 16 цаг 30 минутад ээлжид байхдаа Б болон бусад хүмүүсийн биеийг хянаж үзэхэд Бын бие хэвийн байсан бөгөөд түүнээс зовиур байна уу гэж асуухад зүгээр гэж хариулж байсан. Тухайн үед Б хүүхэд шөнө уйлаад нойр муутай хоносон нөхрийгөө оруулаад хүүхдээ харуулаад нэг хоноё гэж гуйхаар нь би зөвшөөрөөд нөхрийг нь оруулаад нэг хонуулаад 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өглөө нөхөр нь гарсан. Намайг 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ээлжтэй буухад Б эмнэлгээс гараагүй байсан гэх мэдүүлэг. 3 дугаар хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудсанд байгаа гэрч Э-ийн мэдүүлэгт би сувилагчаар ажиллаж байхдаа Бын артерийн даралтыг 2-4 цаг тутамд нэг удаа үзэж байсан. Тухайн үед Бын даралт хэвийн байсан бөгөөд ядарч сульдаж байна, халуурч байна гэж хэлж байгаагүй, ерөнхийдөө зүгээр байна гээд байдаг байсан гэсэн мэдүүлэг. Гэрч Д-гийн мэдүүлэгт намайг сувилагчаар ажиллаж байх хугацаанд Б нь тэгтлээ их ядарсан зүйл анзаарагдаагүй. Хэрвээ тийм их зовиуртай байсан бол түүнийг сайн санах ёстой. Мөн бид нар өглөө, орой ээлж хүлээлцэхдээ өвчтөн бүрийг хүлээн авч өвчтөн нарынхаа биед үзлэг хийж байнга эргэж тойрч байдаг юм. Жижүүр эмч орой ээлж авахдаа өрөө болгоноор явж, өвчтөн болгоны биеийн байдлыг үзэж хардаг. Өглөө болгон эмчлэгч эмч нь өвчтөн нараа үзэж эмнэлгээс гарах үед нь өрхийн эмч хүлээж авдаг. Б эмнэлгээс гарах үед биеийн байдал нь гайгүй, зүгээр л гарч байгаа харагдсан гэсэн мэдүүлэг. 2 дугаар хавтаст хэргийн 249-250 дугаар хуудсанд байгаа гэрч З-ын мэдүүлэгт намайг 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өрхийн эмнэлэг дээрээ байж байхад АНЭ-ийн төрөх тасгийн эх баригч нэрийг нь санахгүй байна. Над руу яриад өнөөдрөөс эмнэлгээс нярай гарна гэж хэлж байсан. Тэгээд би тухайн өдрийн 13 цаг 30 минутаас 40 минутын орчим нэгдсэн эмнэлэг дээр ирж эмнэлгээс гарах эх, нярай нарыг хүлээн авсан. Тухайн үед Б гэх эмэгтэй баруун талын хамгийн хойд талын өрөөнд байсан бөгөөд өрөөнд өөрөөсөө гадна нэг эмэгтэй хамт байж байсан. Б биеийг үзэхэд ямар нэгэн зовиургүй гэж байсан. Түүний артерийн даралт хэвийн байсан гэсэн байна. Мөн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 878 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 19-т хохирогч Бд эмнэлгээс гаргахаас өмнө хийсэн төрөлтийн түүх, үзлэг шинжилгээний түүхүүдийг үзэхэд тийм зовиур, эмгэг байдал өөрчлөлт илрээгүй тул эмнэлгээс гаргасан байсан гэсэн дүгнэлт. Ингээд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хийсвэр хагалгаанд орсноос хойш буюу 01 дүгээр сарын 25-ны өдөр эмнэлгээс гарах хүртэлх хугацаанд хохирогчийн биед ямар нэгэн зовиур эмгэг байдал илрээгүй болох нь нотлогдож байна. Миний үйлчлүүлэгч О.О нь эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхтэй холбогдох хууль, дүрэм, заавар, удирдамжийн заалтыг зөрчөөгүй болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. ЭМЯ-ны дэргэдэх эх, барих эмэгтэйчүүдийн 16 дугаартай дүгнэлтийн 2-т төрөлтийн хүндрэл буюу онош журмын дагуу тавигдсан, яаралтай тусламж үзүүлэх болон эхийн умай урагдаж, эх ургийн амь насанд эрсдэл учрах, эх барихын ноцтой хүндрэл, мөн дүгнэлтийн 5-д төрөлтийн явцын эмчийн эмчилгээний заавар, эмийн тэмдэг, тэмдэглэгээ зэргээс үзэхэд шаардлагатай эмчилгээг төрсний дараа хийж байсан байна.

 Эхийн хийсвэр мэс заслаар яаралтай төрөлт, төрсний дараа халдвараас  сэргийлэхийн тулд хавсарсан антибиотик, умай агшаах эмчилгээг авсан нь зөв байна. Мөн дүгнэлтийн 6-д төрөх тусламжийн үйл ажиллагаа журмын дагуу үзүүлсэн байна. Эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх арга зүй, зонхилон тохиолдох арга зүйн удирдамж 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/518 тоот хийсвэр хагалгаагаар төрүүлэх заавар, эмчилгээ оношилгоо үйлчилгээний стандарт зэрэг болон журам зааврыг дагаж мөрджээ. Тухайн эхэд аарцагын хэмжээ хэвийн бус, ургийн тавилт үүссэн, төрөлтийн хийсвэр мэс засал хийх шалтгаан болсон байна. Мөн дүгнэлтийн 11-д тухайн эхэд хийсвэр мэс заслын дараа цифозаолин,  фентамацин 2 антибиотикийг хавсарч авсан нь халдвар эсэргүүцэх зорилгоор хийсэн нь зөв байна. Эмчийн тавьсан онош, төрөлтийг удирдсан байдал, мэс заслын дараа хийгдсэн эмчилгээ зэрэг нь журмын дагуу хийгдсэн байна гэсэн дүгнэлт. Эх барих эмэгтэйчүүдийн салбарын 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 220320 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 2-т Быг хэвтэх үед  бөөрний архаг үрэвсэл сэдэрсэн оношоор үрэвслийн эсрэг, антибиотик үрэвсэл  дэмжих зэрэг шалтгааны эсрэг болон шинж тэмдгийн эмийн эмчилгээнүүдийг эмнэлэгт хэвтсэн өдрөөс эхлэн эмч хийсний дагуу эмнэлгийн үзлэгүүд хийгдсэн байна. Хэвтэх үеийн онош зөв хийгдсэн байна. Мөн дүгнэлтийн 20 өвчтөнд тавигдсан онош өвчний үе шатанд тохирсон шаардлагатай эмчилгээг зөв хийсэн байна. Дээрх байдлуудаас дүгнэлт хийхэд миний үйлчлүүлэгч О.Оыг хохирогч Бт эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхдээ холбогдох дүрэм журам, заавар, удирдамжийн заалтыг зөрчөөгүй байхад прокуророос хохирогчид зохих эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Хохирогч Быг 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр эмнэлгээс гарах үед үзлэгийг албан ёсоор хийгээгүй, хагалгаанд шарх үзэж боолтыг хийгээгүй эмнэлгээс гаргасан гэж үзэх үндэслэлгүй юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъектив тал нь эмнэлгийн мэргэжилтэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өвчнийг эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлээгүй, эсвэл зохих ёсоор үзүүлээгүй үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэр, харин учирсан хохирол, хор уршигт нь болгоомжгүй хандсан хандлагыг агуулсан байдаг. Гэтэл миний үйлчлүүлэгч О.О нь Эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, 2019 оны Эрүүл мэндийн сайдын А/518 тушаал, А/537, А/538 дугаар тушаал зэрэг бусад холбогдох заавар, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамж зэрэг дээрх хууль тогтоомжийн аль заалтыг санаатай зөрчсөн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрвээ шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасны дагуу миний үйлчлүүлэгч О.Од холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна.” гэх дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин “Өнөөдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч О.Од холбогдох хэргийг хянан хэлэлцэж дуусаж байна. Шүүгдэгчийн зүгээс аймгийн Нэгдсэн эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн эмчээр ажиллах тухай гэрээ байгуулсны дагуу 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Бын эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс нянгаар үүсгэгдсэн хоруу чанар өндөртэй эерэг нянгаар халдварлагдаж хагалгааны 2 дахь өдрөөс эхлэн иргэн Б нь ядрах, халуурах, сульдах шинж тэмдэг илэрсэн байхад зохих тусламж үзүүлээгүй. Мөн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр эмнэлгээс гарах үед нь үзлэгийг зохих ёсоор хийгээгүй, хагалгааны шархыг зохих ёсоор үзэж, боолт хийгээгүй эмнэлгээс гаргасан зэргээс шалтгаалан иргэн Бын биед хүнд хохирол учирсан. Энэ гэмт хэргийг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байна. Нэгдүгээрт хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг бол маш тогтвортой бөгөөд үнэн бодит мэдүүлэг өгсөн. Юу гэж мэдүүлэг өгөн бэ гэхээр тухайн өдөр эмнэлгээс гарахдаа бол шархандаа боолт хийлгэх гэтэл боолтын сувилагч байхгүй учраас маргааш нь амбулаториор ирж өөрсдөө боолгоорой гэж О эмч хэлсэн. Ингээд гэртээ 13 цаг 30 минутын орчим ирээд байж байтал миний бие маш их өвдөж байсан бөгөөд 15-аас 16 цагийн орчим миний биеийн урд хэсэг хөхний доод хэсэгт цэлцэгнэсэн хөөс шиг зүйл үүссэн байсан бөгөөд түүнийг дарж үзэхэд шажигнасан чимээтэй байсан бөгөөд тэр зүйл нь ийш тийшээ гүйгээд байсан. Тухайн үед ингэж өвддөг байх юм гэж бодоод өвчин намдаах лаа хийж хоносон боловч тэр шөнөжингөө унтаж чадаагүй. Ингээд маргааш өглөө нь хүүхэд уйлаад байсан болохоор манай ээж түргэн дуудсан. Эмнэлгээс эмч ирсэн гэсэн мэдүүлэг өгсөн. Эндээс юу харагдаж байна вэ гэхээр хохирогч тухайн үед төрөх зорилгоор эмнэлэгт хэвтсэн. Эмнэлгийн явцад кесар хагалгаанд орох зайлшгүй шаардлага үүссэн гэдэг дүгнэлтийг О.О эмчийн зүгээс хийгээд хагалгаанд орсон. Хагалгааны дараа зайлшгүй шаардлагатай тусламж үйлчилгээ буюу дүрэм журам, зааварт заасан тэр үйлчилгээг зохих ёсоор гүйцэтгээгүй гэдэг нь ингээд нотлогдож байгаа. Нэгдүгээрт нянгийн шинжилгээ хийгдээгүй. Эндээс юу харагдаж байгаа вэ гэхээр нянгийн шинжилгээ бол хагалгаа хийгдэж байгаа гэдэг утгаараа бол маш чухал ач холбогдолтой буюу бүүр зайлшгүй хийх ёстой шинжилгээ байдаг. Гэтэл энэ шинжилгээг хийгээгүй. Шалтгааныг нь юу гэж тайлбарлаж байгаа вэ гэхээр тухайн үед бактерологийн эмч нар сургалтанд явчихсан байсан, ковидын үед дайчилгаанд явсан байсан гэсэн тайлбарыг хэлдэг. Зөвхөн эмнэл зүйн шинж байдлыг нь хараад жирэмсэн эхчүүдэд эмнэлгийн үйлчилгээг үзүүлэх боломжтой гэдэг байдлаар хайнга хандсан шинжтэй үйлдэл бол гаргасан. Үүнтэй холбоотойгоор энэ нян бол эмнэлгийн орчноос халдварласан байна гэдэг асуудал яригдсан. Энэ нь шинжээч эмч нарын дүгнэлт болон  шинжээч эмч Жаргалтогтохын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл энэ нянг эмнэлгийн орчноос авах боломжтой байна гэдэг асуудал яригдсан. Шүүгдэгчийн хувьд бол гэм буруутай эсэх дээрээ маргаж байгаа нь нэг зүйл дээр эргэлзээд байх шиг байна. Өөрөөр хэлбэл хамт эмнэлэгт хэвтэж байсан эхчүүд энэ нянгаар халдварлаагүй байгаа учраас эмнэлгээс үүсээгүй. Гэртээ ариун цэврийн шаардлага хангаагүйгээс үүссэн байх боломжтой. Энэ асуудлыг мэдэхгүй байна, би бол гайхаж байна, хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг байдлаар бол асуудалд хандаж байна. Гэтэл шинжээч эмч  Жаргалтогтохын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдээр бол эмнэлгийн орчноос авсан байх магадлалтай байна гэдэг байдлаар дүгнэлтүүд гарсан. Мөн Эх барих эмэгтэйчүүдийн салбар зөвлөлийн дүгнэлт байгаа. Уг дүгнэлтээр хоруу чанарын зэргээс шалтгаалаад нянгийн шинж тэмдэг илрэхгүй байх бас магадлалтай гэсэн дүгнэлт гаргасан. Үүнийг шүүгдэгч юу гэж тайлбарлаж байгаа вэ гэхээр энэ нян гарсан даруйдаа маш хурдан хугацаанд тархаад зовиур бол илрэх ёстой. Тодорхой цаг хугацаа өнгөрсний дараа зовиур илэрч байгаа асуудал маань ахуйн орчинтой холбоотой, эмнэлгийн орчноос бол шалтгаалаагүй. Энэ асуудал дээр би хүлээн зөвшөөрөхгүй гэдэг байдлаар асуудалд хандаж байна. Энэ нь бол шинжээч эмчийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байгаа. Мөн нянтай холбоотой шинжилгээ ариутгалыг хамгийн сүүлд хэзээ хийсэн бэ гэхээр хамгийн сүүлд 12 дугаар сард хийсэн, тэрнээс хойш хийгдээгүй гэдэг асуудал яригддаг.  Энэ нөхцөл байдал орчин дээрээс нь хохирогчийн өөрийнх нь бас нэг бие махбодын нөхцөл байдалтай зайлшгүй холбогдож байгаа. Өөрөөр хэлбэл хийсвэр хагалгаанд орчихсон, бие нь сульдсан, ядарсан ийм нөхцөл байдалтай байхад боолт хийгээгүй асуудал яригдсан. Энэ боолтыг 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хийгээгүй гэдэг нь Д сувилагчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрчийн мэдүүлэг, өөрийнх нь гараар бичсэн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна. Гэтэл хагас сайн, бүтэн сайн дамначихсан энэ нөхцөлд боолт хийх үүрэг бүхий сувилагч маань хагалгаанд орчихсон, боловсон хүчний дутагдалтай ийм нөхцөл байдалд ямар арга хэмжээ авах юм бэ? Удирдлага зохион байгуулалтаар хангах, мөн эрсдэлт нөхцөлийг үнэлээд тодорхой шуурхай арга хэмжээ авах үүргийг албан тушаалын тодорхойлолтод тодорхойлчихсон байгаа. Энэ утгаараа О.О эмчийн зүгээс яаралтай боолтын асуудлыг дотооддоо албан хаагчдадаа үүрэг болгоод, чиглэл өгөөд, өөрөө хянах ёстой байсан. Дээрээс нь эмчийн хувьд, эх барих эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгчийн хувьд хариуцлагагүй хандсан, үл хайхарсан, хөнгөмсөгөөр найдсан, ийм шинжтэй үйлдлүүд бол гаргасан гэдэг нь бол дараа дараагийн үйлдэл, үйл баримтаас илүү нотлгдон тогтоогдож байгаа. Өөрөөр хэлбэл гэртээ очсоны дараа боолтыг хийх юм уу, хийхгүй юм уу гэдэг асуудал бол яригдана. Хийлгэх гэхээр нөгөө эмч нар нь одоо завгүй байна гэдэг асуудал яригдана. Тэгэхээр энэ асуудлыг түргэн шуурхай, ямар нэгэн байдлаар эсвэл өөрөө эмч хүнийхээ хувьд жижүүр эмчдээ чиглэл болгоод, удирдлага зохион байгуулалтаар шуурхай хангаад, эмнэлгийн зохих үйлчилгээг зохих ёсоор нь гүйцэтгэсэн бол энэ хор уршиг учрахгүй байсан гэдэг нь нотлогдон тогтоогдож байгаа юм. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн эс үйлдэл болон хор уршгийн хооронд шалтгаант холбоотой болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдож байгаа нөхцөл байдал байгаа. Мөн тухайн үед Н гэдэг хүн Улаанбаатар хотоос утсаар холбогдож байсан. Тухайн өдөр утсаар ярихад дуу нь цаашаа орчихсон бие нь бол нэлээн сульдчихсан, болохоо байчихсан, ийм нөхцөл байдалтай байсан. Б бол өөрөө их цовоо сэргэлэн ийм хүүхэд байдаг байсан. Ээж нь Нтай утсаар байнга холбогдоод нөхцөл байдлыг тайлбарлаж байсан. О гэдэг эмчтэй утсаар холбогдох гэсэн боловч дугаар нь байхгүй байсан учраас аргаа ядаад Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгтэй холбогдсон гэдэг зүйлийг хэлдэг. Мөн Нгийн зүгээс Эрүүл мэндийн сайдтай утсаар холбогдож, хамтарсан баг гаруулж яаралтай арга хэмжээнд авахуулсны үндсэн дээр амь наснаас нь холуур өнгөрсөн. Хор уршгийн хувьд бол мэдээж нөхөж болошгүй хор уршиг учирсан. Дахин хүүхэдтэй болох асуудал яригдахааргүй нөхцөл байдал үүссэн. Сэтгэл санааны хувьд бол маш их дарамттай, гутралтай байгаа. 2021 оноос хойш хэргийг шийдвэрлэх талаар маш удаашралтай байгаа. Хурдан шийдвэрлэж өгөөч гэдэг асуудлыг удаа дараа тавьж байсан. Шүүгдэгч О.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар дэлгэрэнгүй нотлогдон тогтоогдож байгаа учраас мөн мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэсний дараа ч гэсэн цугларсан нотлох баримтуудаар энэ гэмт хэргийг субъектийн хувьд үйлдсэн байна гэдэг нь тогтоогдож байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү гэсэн саналыг шүүхэд гаргаж байна. Хор уршгийн хувьд бол дахин ярих шаардлага байхгүй. Материаллаг хор хохирлын хувьд бол мөн улсын яллагчийн зүгээс хэлсэн. Нийт 460 000 000 төгрөг нэхэмжилсэн нөхцөл байдалтай байгаа. Баримтуудаа гаргаж өгсөн байгаа. Шүүх шинжилгээний тухай хуульд заасны дагуу сэтгэцийн хор уршиг мэдээж хэрэг учирсан. Яагаад гэвэл анхны төрөлт байсан, цаашид жирэмслэх боломж байхгүй ийм нөхцөл байдалтай байгаа. Тэгээд шүүх хуралдаанд ирэхэд хүнд байна. Үнэхээр сэтгэл шимширч байна гэдэг зүйлийг удаа дараа хэлж байгаа. Иймд нэхэмжилсэн мөнгийг гаргуулж өгнө үү гэсэн ийм саналыг гаргаж байна. Яагаад гэвэл энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, үр дагаврыг түүний хор уршигт тооцно. Хор уршгийг бол мөнгөн хэлбэрээр шүүх тодорхойлно гэсэн эрүүгийн хуулийн заалт байгаа учраас энэ заалтын хүрээнд шийдвэрлэж хохирлыг гаргуулж гаргаж өгнө үү гэсэн саналтай байна” гэх дүгнэлтийг,

 Хохирогчийн өмгөөлөгч Л.Батаа “Н.Энхтүвшин өмгөөлөгчийн тайлбар дээр нэмээд товчхон хэлье. О.Оы хувьд эх барих, эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч эмч гэдэг албан тушаал дээр байсан. Ажлын байрны тодорхойлолт дээр гол үйл ажиллагаа нь иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэх, эмч, сувилагч, асрагчийн үйл ажиллагаанд байнгын хяналт тавих, удирдлагаар хангах гэж байгаа. Энэ утгаараа утсаар спикер дээр тавьж ярьсан хүн хэн байх нь хамаагүй, ерөөсөө энэ хүний боолтыг бол хийх ёстой юм байна аа гэдэг шаардлагыг О.О эмчийн зүгээс шаардлагагыг тавиад боолтыг хийлгэсэн бол өнөөдрийн хувьд Бын хувьд ийм эрсдэлтэй, ийм нөхцөл байдал үүсэхгүй байсан. Сая шүүхийн хэлэлцүүлгийн шатанд яриад байна. Быг эх барьж аваад хүүхэд нь одоо хэвийн эрүүл саруул байгаад баярлаж байгаа. Нөгөө талаас 01 дүгээр сарын 23-ны өдөр боолт хийгээд 01 дүгээр сарын 24-ний өдөр боолт хийгээгүй гаргаснаас болоод нянгийн халдвар авч идээт үрэвсэл үүссэн. Хохирогч Бын амийг хэн аварсан юм бэ. Эх нялхасын эрүүл мэндийн төвийн гавьяат эмч И эмч аварсан гэж манай үйлчлүүлэгч ярьдаг. Би Эх нялхасын эмч нарт маш их баярладаг. Намайг яаж ийж байгаад амьд үлдээхийн төлөө бүхий л арга хэмжээг авсан гэж хэлдэг. Хэдийгээр амьд үлдсэн боловч хор уршиг нь бол арилаагүй. Энэ хор уршиг хэзээ ч арилахгүй. Б бол залуу эмэгтэй хүн. Нөхөн үржихүйн ид үе дээрээ явж байгаа.  Цаашдаа хүүхэд төрүүлэх үр удмаа үргэлжлүүлэх асуудал энэ хүн дээр яригдахгүй. Түрүүн  прокурор энэ хүн 3 хүүхэдтэй болох мөрөөдөлтэй байсан гэж ярьсан. Гэхдээ одоо энэ мөрөөдлөө биелүүлэх боломжгүй. Энэ хэрэг 2021 онд болсон. Өнөөдөр 2024 оны 02 дугаар сар гарчихсан байна. Хохирогч өнөөдөр ирээгүй шалтгаан нь намайг бүгд таньдаг болсон. Маш их сэтгэл санааны үр дарамттай байсан. Аргаа бараад хотод шилжиж ирээд энд ажил хийгээд өнөөдрийг хүртэл амьдарч байгаа гэж хэлсэн. Ийм учраас эдгээр нөхцөл байдлыг шүүх харгалзан үзэж, дүгнэлт хийж О.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож өгнө үү гэж хүсэж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч О.О нь аймгийн нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн их эмчээр ажиллаж байх явцдаа 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр кесар хагалгаагаар төрсөн иргэн Г.Бт эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс буюу эмнэлгийн нөхцөлд үүссэн хоруу чанар өндөртэй грамм эерэг нянгийн улмаас хагалгааны 2 дахь өдрөөс эхлэн Г.Бын бие ядрах, халуурах, сульдах зэргээр зовиурласан байхад зохих тусламж үзүүлээгүй, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр эмнэлгээс гарах үед үзлэгийг зохих ёсоор хийгээгүй, хагалгааны шархыг үзэж боолт хийгээгүй эмнэлгээс гаргасан зэргээс шалтгаалан иргэн Г.Бын биед кесар мэс заслын дараах умайн салстын идээт үрэвсэл, хэвлийн цочмог идээд гялтантаас, хэвлийн өмнөд хана, хажуу хана, цээжний урд доод хэсгийн хийт үжил, булчингийн хальст үхжилт үрэвслийн улмаас умай үрийн хоолойн хамт мэс заслаар тайрагдаж, эрүүл мэндэд нь амь биед аюултай хүнд гэмтэл учруулсан үйл баримт болсон байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд заасан “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй” гэж тодорхойлсон гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна.         

Шүүгдэгч О.О нь Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эх барих, эмэгтэйчүүдийн тасгийн их эмч, тасгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хийсвэр хагалгаагаар төрсөн Г.Бд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс буюу Эрүүл мэндийн сайдын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний А/539 дүгээр тушаалд заасан эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар илрүүлэх тандалт зааварт заасан мэс заслын тусламж үйлчилгээ авсан бол 30 болон 90 хоногийн дотор халдвар илрүүлэх тандалт хийнэ гэснийг зөрчсөн. Эмнэлгийн орчинд авсан нянгийн халдварын улмаас иргэн Г.Бын амь биед аюултай хүнд гэмтэл учруулсан гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан хохирогч Г.Б, гэрч Д.Н, Б.М, Д, П, Д нарын өгсөн мэдүүлэг, мөн шүүх эмнэлгийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 111 дугаартай дүгнэлт, ЭМЯ-ны Эх барих эмэгтэйчүүдийн зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 16 дугаартай дүгнэлтийн 3-т заасан Төрөлт удирдах үед эх барих үзлэг хийх, төрөлтийн түүхэнд тэмдэглэх, ургийн бичлэгээр ураг, умайн базалтыг хянаж байсан, тусламж үзүүлсэн боловч төрсний дараах шинжилгээ хийгдээгүй, эхийг бодит үзлэгээр үнэлсэн гэх дүгнэлт, мөн 16-д нь бичигдсэн халдварын эх үүсвэр, шалтгааныг тодорхойлоогүй. Мөн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 120 дугаартай дүгнэлтийн 13 дахь хэсэгт заасан байна. Гэдэсний савханцар ба эмнэлгийн дотоод халдвараас голлож үүсэж болдог. 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр шарханд боолт хийгээгүй. Мөн дүгнэлтийн 17-д Г.Бын бөөрний архаг үрэвсэл, үтрээний үрэвсэл өвчтэй байсан нь халдварын шалтгаан болсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн дүгнэлт. Эрүүл мэндийн яамны Эх барих, эмэгтэйчүүдийн салбар зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2022/05-02 дугаартай дүгнэлтээр жирэмсний хяналтын явц болон хүндрэлийн үед хийвэл зохих нян судлалын шинжилгээг умайн хүзүү болон шээсэнд жирэмсний шаардлагатай хугацаанд хийх нөхцөлийг бүрдүүлсэн бол мөн эрт илрүүлэх боломжтой байсан гэх дүгнэлт зэргээр шүүгдэгч О.О нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь тогтоогдож байна. Мөн хийсвэр хагалгаагаар мэс заслаар төрүүлэх тухай 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/518 дугаартай ЭМЯ-ны сайдын тушаалын 12-ын 1.1, 1.2, 1.6-д заасан шээсний ерөнхий шинжилгээ, цусны шинжилгээ, үтрээний наалдацын шинжилгээ хийх шаардлагатай байсан. Үүнийг хийсэн боловч нянг илрүүлэх талаар шинжилгээ огт хийгдээгүй. Эрүүл мэндийн сайдын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/74 дугаартай тушаалын 2.2-р зүйлд мэс заслын үйлчилгээ авсан үйлчлүүлэгчид халдвар илрүүлэх тандалтыг мэс засалд орсноос хойш 24 цагаас эхлэн хийнэ, 2.3.1-д мэс засал хийлгэсэн өвчтөнд 30 хоногийн хугацаанд тандалт хийхээр журамласныг зөрчсөн байна.

Учир нь: Эрүүл мэндийн сайдын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/518 дугаартай тушаалын 19.6 дугаар зүйлд “давсганд тавьсан шээлтүүрийг 12 цагаас хэтрүүлэхгүйгэр авна” гэсэн нь Эрүүл мэндийн сайдын 539 дугаартай тушаалын 15.4 дүгээр зүйлд заасан заавал тандалт хийх шаардлагыг хангаагүй, 12.6 дугаар зүйлд заасан антибиотекийн сэргийлэлтийн сорил тавьсны дараа, мэс засал эхэлснээс 30-60 минутын өмнө судсаар тарьж тандалт хийгдээгүй. Эмнэлгийн нөхцөлд 10 хоног антибиотек эмчилгээ хийсэн боловч үр дүнгийн талаар дахиж нягталж баталгаажуулсан талаар хийсэн зүйлгүй байна.

Тухайлбал 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш эмчийн үзсэнээр хохирогч Г.Бын биед хааяа халуурах байдал илэрсэн талаар эмчилгээний түүхэнд бичигдсэн боловч шалтгаан нөхцөлийг тогтоогоогүй болох нь хэрэгт авагдсан өвчний түүхээс харагдаж байна.

Мөн мэс заслын шарх хүндрэлтэй байна гэсэн нь бодитоор үнэлэлт өгч дүгнэлт хийгээгүй. Төрөлтийн явцад 1 200мл цус алдсан, биеийн байдал суларсан талаар мэдсээр байж хайхрамжгүй хандаж, Ковид 19 цар тахлын өвчний улмаас эмнэлгийн өвчтөний нягтрал их байна гэсэн шалтгаанаар эмнэлгээс гаргасан зэрэг нөхцөл байдлаас болж дээрх гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Иймд шүүгдэгч О.О нь эмч болон эх баригч, сувилагч нарт ажлын байрны шаардлагад тавигдсан хийвэл зохих албаны чиг үүргээ хангалттай биелүүлээгүй. Тухайлбал, эх баригч, сувилагч, эмч, асрагч нарын үйл ажиллагаанд байнгын хяналт тавих, тэдгээрийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, халдвар хамгааллын дэглэмийг нарийн баримтлах чиг үүргээ биелүүлээгүй байна гэж шүүхээс үзэж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ.

Хохирол, хор уршгийн талаар хохирогч Г.Б нь 5 177 927 төгрөгийг нэхэмжилсэн. Үүн дээр эмнэлэгт хэвтсэн болон эм тариа авсан зардлыг оруулж тооцсон байснаас хүнс, хоол авсан гэх 100 800 төгрөгийг хасаад 5 077 127 төгрөгийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэсэн байх тул Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийг төлөөлж иргэний хариуцагчаар оролцсон У.Аэс гаргуулах нь зүйтэй байна гэж шүүх шийдвэрлэлээ.

Улсын яллагчаас шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал, дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй, гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч О.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч О.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй болно.

 2. Хохирол, хор уршгийн талаар:

Хохирол, хор уршгийн талаар хохирогч Г.Б нь 5 177 927 төгрөгийг нэхэмжилсэн. Үүн дээр эмнэлэгт хэвтсэн болон эм тариа авсан зардлыг оруулж тооцсон байснаас хүнс, хоол авсан гэх 100 800 төгрөгийг хасаад 5 077 127 төгрөгийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэсэн байх тул Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийг төлөөлж иргэний хариуцагчаар оролцсон У.Аэс гаргуулах нь зүйтэй байна гэж шүүх шийдвэрлэлээ.

Хохирогч Г.Бын зүгээс сэтгэл санааны хохирол, эмчилгээний зардал, 3 хүүхэдтэй болох байсан гэдэг утгаараа нийт 460 000 000 төгрөгийг цаашид нэхэмжилнэ гэсэн боловч хэрэгт авагдсан материалын хүрээнд  шийдэх боломжгүй, холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад сэтгэл санааны хохирлыг нэхэмжилж гаргуулах талаар хүсэлтийг ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаа дахин бүрдүүлж, жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар иргэний хариуцагч Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэг өөрт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

3. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүгдэгч О.Оы үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, эмнэлгийн ажилтанд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргийг зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд шүүгдэгч О.О гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөөгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг арилгах арга хэмжээ аваагүй зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл анги бол ялын хувьд сонгох санкцтай. Энэ зүйл анги нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах гэсэн ялын төрөлтэй байгаа. Улсын яллагчийн зүгээс О.Оы үйлдсэн гэмт хэрэг, нөхцөл байдлыг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эмчлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 4 200 нэгжтэй тэнцэх тэнцэх хэмжээний буюу 4 200 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх саналыг Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхэд гаргаж байна. Гэм буруугийн хуралдаанаас 5 077 127 төгрөгийг Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгээс иргэний хариуцагчаар оролцсон этгээдээр төлүүлэхээр гаргасныг зүйтэй байна гэж үзэж байна. Мөн хохирогч сэтгэл санааны хохирол болон цаашид үр тээх, үр хүүхэдтэй болох эмчилгээний зардалд нийт 460 000 000 төгрөгийг нэхэмжилсэн боловч  иргэний журмаар гаргуулах нь зүйтэй гэсэн дүгнэлттэй байна. О.О нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримт дээр хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүгдэгч О.Од 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хураан авсан, битүүмжилсэн эд хөрөнгө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрхийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсан тохиолдол гараагүй болно гэсэн дүгнэлтийг шүүхэд гаргаж байна” гэх дүгнэлтийг,

Хохирогч Г.Бын өмгөөлөгч Б.Энхтүвшин “Шүүгдэгч О.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Эрүүгийн хариуцлагатай холбоотой асуудал дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хохирогчийн өмгөөлөгчийн хувьд эрүүгийн хариуцлагын хэд хэдэн төрлийн хэмжээний асуудал дээр санал хэлэх нь зохимжгүй байх. Тийм учраас хуульд заасан төрөл, хэмжээний дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх байх гэж бодож байна. Хохирлын хувьд 5 077 527 төгрөгийг иргэний хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн байгаа. Эрүүгийн хариуцлагын тухайд яг тодорхой санал хэлэх боломжгүй байгаа учраас хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэх дүгнэлтийг,

Хохирогч Г.Бын өмгөөлөгч Л.Батаа “санал нэг байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч О.Оы өмгөөлөгч Г.Энхжаргал нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Миний хувьд гэм буруугийн талаар эсрэг байр суурьтай байгаа. Тийм учраас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргана” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжэээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэж заасан.

Шүүгдэгч О.Од холбогдох гэмт хэрэг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр үйлдэгдсэн ба энэ нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад заасан хугацаанд хамаарч байх бөгөөд тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан үндэслэл тус хэрэгт тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрт холбогдох гэмт хэргийн гэм буруу дээр маргаж байх тул шүүх 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийг шийдвэрлэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Од холбогдох эрүүгийн 2117000220104 дугаартай хэрэгт оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч А овогт О Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Агаа овогт О Оы эмчлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 4200 /дөрвөн мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4 200 000 /дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Од оногдуулсан 4200 /дөрвөн мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4 200 000 /дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Од оногдуулсан 2 жилийн хугацаагаар эмчлэх эрхийг хасч 4200 /дөрвөн мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4 200 000 /дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн нэхэмжлэлээс 5 077 127 /таван сая далан долоон мянга есөн зуун хорин долоо/ төгрөгийг хангаж, иргэний хариуцагч Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн төвөөс гаргуулж хохирогч Г.Бт олгохоор тогтоосугай

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Бын эрүүл мэндтэй холбоотой цаашид гарах зардлыг хохирогч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.Оы иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол О.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                    Н.АРИУНЖАРГАЛ