Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2020/02424

 

2020 оны 9 сарын 01 өдөр                   Дугаар 102/ШШ2020/02421                   Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзулыг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Ж.Б нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Х холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Б, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Ж.Б миний бие Х-той 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн Хөдөлмөрийн гэрээ байгуулан үйлчлэгчийн ажилд сарын 420,000 төгрөгөөр тохиролцон ажилласан. Тус газар ажиллах хугацаанд ажлын зөрчил дутагдал гаргаагүй, гэрээгээр хүлээсэн ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэж ирсэн билээ. Миний бие тус СӨХ-ны хоёр ажилтан гараж дотор тамхи татаад зогсож байхаар тамхи татахаа болиоч гэдэг шаардлага тавьсан. Гэтэл СӨХ-ны дарга н.О болон 2 ажилтан нар дайрч, хаана тамхи татах нь чамд ямар хамаатай юм бэ гэж уурласан. Түүнээс хойш О дарга надтай таагүй харьцдаг болсон. Ингээд 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр ажлаас халах тушаал гаргасан байсан. Намайг ажлаас халсан тушаалд ажлын байрыг дур мэдэн удаан хугацаагаар орхиж явах, хариуцсан орцны гадна дотор цэвэрлэгээг тогтмол хийдэггүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хүлээж авдаггүй, тайлбар тавьдаг, зан харьцааны доголдолтой гэх зэргээр бичсэн нь бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй болсон байна. Намайг үндэслэлгүй ажлаас халсанд гомдолтой байна. Түүнчлэн хөдөлмөрийн гэрээ болон ажлаас чөлөөлөх тухай тушаалын эх хувийг надад өгөөгүй. Иймд намайг үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж өгнө үү. Би хийх ёстой ажлаа хийчхээд орж гарах ажлаа СӨХ-ны даргад хэлээд явдаг байсан. СӨХ-ны дарга О болон бусад ажилчид нь зохисгүй үйлдэл их гаргадаг байсан. Архи ууж, тамхи татдаг бөгөөд, орон сууцны орчин нь бохир заваан байдаг байсан. Миний хувьд энэ СӨХ-ны үйлчлэгчээс өөр газар давхар ажил хийж байгаагүй. Хариуцагч тал худал хэлж, худал баримт өгч байна. Намайг Төв шууданд ажиллаж байсан гэх баримт байхгүй. Одоо харин би Төв шууданд туршилтын хугацаагаар ажиллаж байгаа...гэв.

            Хариуцагч Х-ны гүйцэтгэх захирал Т.О шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарт болон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Ж.Б нь 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан билээ. Ж.Б нь туршилтын хугацаанд ажиллаж байхдаа өөрийн хариуцсан орцны гадна, дотор цэвэрлэгээг дутуу хийх, олон нийтийн ажилд оролцдоггүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хүлээж авдаггүй, тайлбар тавих, хамт олонтой маргаан үүсгэж, шаардлага тавьсан удирдлагын өөдөөс хэл амаар доромжилдог, захирлын тушаалаар сануулах арга хэмжээтэй, ажлын байрыг 4 өдөр цоожилж үйл ажиллагааг явуулах боломжгүй болгож, байрыг чөлөөлж өгөхгүй зэрэг зөрчил гаргасан. Ажилласан хугацааны цалинг нь олгосон. Цаашид Б-г ажиллуулах боломжгүй. 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр сануулах арга хэмжээ авагдсан байсан. Алдаагаа засахгүй, харилцааны хувьд засрахгүй байсан учир 7 дугаар сарын 30-ны өдөр түүнийг ажлаас нь чөлөөлсөн. Төв шууданд ажиллаж байсан нь үнэн. Одоо ч тэр газартаа ажиллаж байгаа талаар өөрөө хүлээн зөвшөөрч байна...гэв.

Шүүх хуралдаанд зохигчдын тайлбар болон гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Х-нд холбогдуулан, тус СӨХ-ны үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай гомдлын шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Х-ны зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, Ж.Бг туршилтын 3 сарын хугацаанд ажиллахдаа сахилгын зөрчил гаргасны улмаас сануулах арга хэмжээ авагдсан байхдаа дахин сахилгын зөрчил гаргасан учраас ажлаас халах шийдвэр гаргасан гэх агуулга бүхий тайлбар гаргаж маргасан.

            Ж.Б нь 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Х-той Хөдөлмөрийн гэрээ байгуулан, тус СӨХ-ны орцны үйлчлэгчээр томилогдон, 3 сарын туршилтын хугацаанд зөрчил гаргаагүй тохиолдолд хөдөлмөрийн гэрээ 1 жилийн хугацаатай байх нөхцөл заан, нэг сарын 420,000 төгрөгийн цалинтайгаар ажиллаж байгаад, тус СӨХ-ны гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 20/24 дүгээр Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон цуцалсан болох нь зохигчдын тайлбар, ажил олгогчийн шийдвэр зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх 17-18, 24/

Ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажилтан Ж.Бг ...ажлын байрыг дур мэдэн удаан хугацаагаар орхиж явах, хариуцсан орцны гадна дотор цэвэрлэгээг тогтмол хийдэггүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хүлээж авдаггүй тайлбар тавьдаг, зан харьцааны доголдолтой, нийтийн зориулалтын газарт ёс зүйгүй маргаан үүсгэж оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулж орой үдшийн цагаар оршин суугчидтай хэрүүл маргаан үүсгэдэг, олон нийтийн ажил, нийтийн цэвэрлэгээнд оролцдоггүй, СӨХ-ны ажлыг хийж байх хугацаандаа сануулах арга хэмжээний тушаалтай... зэрэг сахилгын зөрчлийг үндэслэл болгожээ.

Нэхэмжлэгч Ж.Б ажил олгогчийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд гомдлын шаардлага гаргахдаа: ...тус СӨХ-нд ажиллах хугацаандаа ажлын зөрчил дутагдал гаргаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж ирсэн бөгөөд, СӨХ-ны гүйцэтгэх захирал болон бусад ажилтнуудад гараж дотор тамхи татахаа болих шаардлага тавьснаас шалтгаалж таагүй харьцаж, үндэслэлгүйгээр ажлаас халсан... хэмээн тайлбарлаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар ажилтан ажлаас буруу халагдсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах эрхтэй байдаг бөгөөд, нэхэмжлэгч Ж.Б нь ажлаас чөлөөлөгдсөн тухай ажил олгогчийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн шийдвэрийг хүлээн авч, уг шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлоо 8 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

Нэхэмжлэгч Ж.Бг ажиллах хугацаандаа СӨХ-ны дотоод дэг журмыг зөрчиж, ажлын цагаар ажлын байр орхин явах, өөрийн хариуцсан орцны болон гадна талын талбайн цэвэрлэгээг муу хийсэн, ...орчин тойрон ариутгал халдваргүйжүүлэлтийн дэг журам зөрчигдсөн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй тайлбар тавьдаг гэх зэрэг үндэслэлээр, ажилчдын хурлаар хэлэлцэн, ажил олгогчоос түүнд 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 20/23 дугаар тушаалаар сануулах арга хэмжээ авчээ. /хх-20, 21/

Улмаар 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Х-ны ажилтнуудаас тус СӨХ-ны захиргаанд хандан Ж.Бгийн ажил байдлын болон зан харилцааны тухай хамтарсан хүсэлт гаргаж, ажилчдын хуралдаанаар хэлэлцсэнээр мөн өдрөө Ж.Бг үйлчлэгчийн ажлаас чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж зохицуулдаг бөгөөд, хариуцагч байгууллага хуулийн дээрх зохицуулалтын сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байх бөгөөд, Ж.Б өмнө сахилгын зөрчил гаргаж, уг зөрчилдөө сануулах арга хэмжээ авагдсанаас хойш дахин зөрчил гаргасан болох нь ажилчдын хурлын протокол, арга хэмжээ авах тухай захирлын тушаал, шүүх хуралдаанд гэрч Ч.Гэрэлтуяагийн өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт нийцсэн гэж дүгнэн, Ж.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х-ны үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн Ж.Бгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Б тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.САРАНТУЯА