Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2024/ШЦТ/123

 

 

 

 

 

 

    2024        1          31                                 123     

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,

              шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,

              улсын яллагч Б.Саруул-Ирээдүй,

              шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

              Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Э-т холбогдох эрүүгийн 2306 00057 3863 дугаар хэргийг 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

              Шүүгдэгчийн биеийн байцаалт:

              Монгол улсын иргэн, Ц.Э,  

 урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 89 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгэж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

 мөн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 603 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 221-р тогтоолоор дээрх ялыг өршөөн хэлтрүүлсэн,

 

              Холбогдсон хэргийн талаар:

             Шүүгдэгч Ц.Э нь 2022 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.С-тай тухайн үед үүссэн үл ялих зүйлээс болж маргалдан, улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

              Шүүгдэгч Ц.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Б.С над руу залгаад “хүрээд ирээч” гэсэн бөгөөд “яасан юм бэ? хүрээд ир” гээд байхаар нь “таксины мөнгө байхгүй байна” гэхэд “би өгье, хүрээд ир” гэж согтуу ярьсан. Би зүгээр түлхсэн бөгөөд тийм зүйл болсонд харамсаж байгаа. Биеэсээ холдуулаад түлхсэн бөгөөд арагшаагаа унасан.” гэв.

              Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

              Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

              /хх-ийн 14 дэх тал/

              Хохирогч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гэртээ байж байтал манай эмэгтэй найз Ц.Э найз залуу Т-гийн хамт 13 цагийн орчимд орж ирээд 1 шил архи хувааж уусан. Архи уучихаад байж байтал манай найз гаднаас танихгүй хүмүүс дагуулаад ороод ирсэн. Би найздаа хандаж “наад хүмүүсээ аваад гар” гээд хэлтэл найз Ц.Э “чи битгий давар” гээд миний нуруу руу 1 удаа өшиглөхөд толгойгоороо паар цохиж хойшоогоо унасан. Би босох гэтэл нуруугаар өвдөөд босч чадахгүй байсан. ...Миний нуруу хугаралтай, миний биед найз Ц.Э гэмтэл учруулсан. ...Би тэр өдөр гэртээ байж байхад 13 цагийн үед Түмээ, Ц.Э нар манай гэрт 2 шил архитай ирээд бид нар архиа хувааж ууцгаасан. ...Ц.Э надаас “чи манай хүүхдийг хаяган дээрээ шилжүүлээд бүртгүүлээд өгөөч” гээд асуухаар нь “чадахгүй юм шиг байна” гэсэн чинь Ц.Э намайг том өрөөнд гацуур модны хажууд зогсож байхад миний нуруу руу нэг удаа өшиглөсөн чинь би унахдаа толгойгоороо паар мөргөөд унасан. Унаад босож чадахгүй байж байхад манай 11 настай охин 108, 103 руу залгаад дуудлага өгсөн. Би намхан биетэй, туранхай болохоор нуруу руу өшиглөхөд нь унасан. Би 1 м 45 см өндөртэй, Ц.Э тэр үед урдаа төмөртэй гутал 380.000 төгрөгөөр авсан гээд онгироод яриад байсан. Тэр гутал нь арзгар зузаан ултай гутал байсан. Намайг нэг удаа нуруу руу өшиглөсөн. ...Манай хоёр хүүхэд уйлаад “та манай ээжийг өшиглөж унагаасан” гэсэн чинь Ц.Э “ээж чинь халтираад уначихлаа” гэж хэлээд гараад явсан.” гэх мэдүүлэг,

              /хх-ийн 17-18, 20-21 дэх тал/

              Шүүгдэгч Ц.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Яллагдагчаар татсан тогтоолыг би хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

              /хх-ийн 93 дахь тал/

             

              Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 16597 дугаар:

              “1. Б.С-ын биед зүүн 7-р хавирга, бүсэлхийн L1-р нугалмын их шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих, дарах, шахах механизмаар үүснэ. 3. Дээр гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна.” гэх дүгнэлт,

              /хх-ийн 33-34 дэх тал/

 

              Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

              /хх-ийн 66 дахь тал/

              Шийтгэх тогтоолын хуулбар,

              /хх-ийн 47-50, 53-58 дахь тал/

 

              Иргэний үнэмлэхийн лавлагаа,

              /хх-ийн 62 дахь тал/

 

              Хохирогчийн шүүхэд гарган өгсөн компьютер томографи, эм тариа авсан, мэс заслын зардлын баримт зэрэг болно.

 

              Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

               Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

             Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

              Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар улсын яллагч “Шүүгдэгч Ц.Э 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.С-тай тухайн үед үүссэн үл ялих зүйлээр маргалдан, улмаар зодож биед зүүн 7 дугаар хавирга, бүсэлхийн Л1 дүгээр нугалмын их шахагдсан хугарал гэмтэл учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч хохирогчийг хамтран амьдрагчдаа зодуулсан гэж мэдүүлж байгаа ч нотлох баримт байхгүй, энэ талаар тогтоогдохгүй байна. Хохирогчийн зүгээс гаргасан баримтаар тогтоогдсон 1.240.650 төгрөгийг гэм буруутай этгээд болох шүүгдэгчээс гаргуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан болно.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

           Шүүгдэгч Ц.Э нь 2022 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.С-тай тухайн үед үүссэн үл ялих зүйлээс шалтгаалан маргалдан, улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Э нь Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох болох нь хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх14/,      хохирогч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...миний нуруу руу нэг удаа өшиглөсөн чинь би унахдаа толгойгоороо паар мөргөөд унасан. Унаад босож чадахгүй байж байхад манай 11 настай охин 108, 103 руу залгаад дуудлага өгсөн. Би намхан биетэй, туранхай болохоор нуруу руу өшиглөхөд нь унасан. Би 1 м 45 см өндөртэй, Ц.Э тэр үед урдаа төмөртэй гутал 380.000 төгрөгөөр авсан гээд онгироод яриад байсан. Тэр гутал нь арзгар зузаан ултай гутал байсан. Намайг нэг удаа нуруу руу өшиглөсөн. Манай хоёр хүүхэд уйлаад “та манай ээжийг өшиглөж унагаасан” гэсэн чинь Ц.Э “ээж чинь халтираад уначихлаа” гэж хэлээд гараад явсан.” гэх мэдүүлэг /хх17-18, 20-21/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 16597 дугаар дүгнэлт /хх33-34/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан.

              Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан байхыг шаарддаг.

              Ц.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

              Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.

              Иймд шүүгдэгч Ц.Э-ийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж, 505.2 дахь хэсэгт “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Ц.Э нь хохирогчид учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

              Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.С нь эмчилгээний зардалтай холбоотой баримтыг гаргаж өгөөгүй бөгөөд түүнд шүүх хуралдааны товыг удаа дараа мэдэгдэхэд эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаараа илэрхийлж, эмчилгээний зардалтай холбоотой баримтыг шүүх хуралдаанд ирүүлсэн бөгөөд уг бичмэл баримтаар 1.258.820 төгрөгийн зардал гарсан нь тогтоогдож байх тул гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ц.Э-ээс гаргуулан хохирогчид олгох үндэслэлтэй байна.

Мөн хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, түүний эрүүл мэнд бүрэн сайжраагүй байх тул хохирогч нь цаашид гарах гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд Ц.Э-ээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй. 

              Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

              Улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “Шүүгдэгч Ц.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Энэ хэрэгт холбогдуулан Ц.Э нь хоёр хоног цагдан хоригдсон бөгөөд цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй. Шүүгдэгч Ц.Э-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй.” гэх дүгнэлтийг гаргасан болно.

             Шүүгдэгч Ц.Э-т эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэх эрүүгийн хариуцлагын зорилгыг ханган, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Ц.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр шийдвэрлэв.

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-т Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, шүүгдэгчид хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Ц.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

              Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдав.

              Шүүгдэгч Ц.Э-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч Ц.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-т 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-ийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, шүүгдэгчид хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Ц.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-ийн цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

              5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Э-ээс 1.258.820 төгрөгийг гаргуулан хохирогч Б.С-т олгосугай. 

  6. Хохирогч Б.С нь цаашид гарах гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд Ц.Э-ээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

              7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.  

              8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

              9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ц.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.             

 

 

                                       ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Н.ОДОНТУУЛ