Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/22

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн П.Энхбат,

улсын яллагч Т.Түмэнжаргал,

шүүгдэгч Н.Б түүний өмгөөлөгч Ч.Атарболд /онлайн/,

хохирогч О.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт Нгийн Бд холбогдох эрүүгийн 2417000000005 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймагт төрсөн, яс үндэс халх, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, .......... дүгээр хороо, Хайлаастын ........... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Нгийн Б, регистрийн дугаар (.................).

                                                                       Холбогдсон хэргийн талаар:

     /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 14-ний шөнө 01 цагийн үед О.Гтай үл ялих зүйлээр шалтаглан хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар түүний толгой нүүр хэсэгт нь гараараа цохих, нуруу хэсгээс нь татаж газар унагах, нуруу хөл рүү нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, биед нь баруун хөлийн шаант, тахилзуур ясны доод 1/3 хэсгийн далд сэлтэрхийт зөрүүтэй хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зүүн хацарт зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

 ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Н.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Удаан хугацааны гэрээний бүтэлгүй ажлаас болж маргалдаж муудсан. Хохирогч О.Гын биед хүндэвтэр хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Одоогийн байдлаар хохирол төлбөрт 9 350 000 төгрөг төлсөн байгаа гэв.

2. Хохирогч О.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би Солонгос улс руу эмчилгээнд яваад ирсэн. Явж ирсэн зардал 4 380 000 төгрөг болсон. 1.5-2 жилийн дараа дахин хагалгаанд орно. Өвдөгөнд төмөр хадсан, баруун хөлний шилбэнд бас төмөр хадсан. Энэ төмрийг 2 жилийн дараа авна гэсэн. 2 жилийн дараа гарах зардлыг нэхэмжлэх учраас нээлттэйгээр үлдээж өгнө үү гэж хүсэж байна. Хохирол гэж ярихаасаа илүү эрүүл мэндийнхээ эмчилгээний зардлыг гаргуулах хүсэлтэй байна гэв.

3. Хохирогч О.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ. “...2023 оны 12 дугаар сарын 14-ний шөнө Б.Н, Н.Б нартай ажил хэргийн шугамаар уулзахаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Dream” гэх нэртэй ресторанд уулзаж ажил ярилцаж байгаад 01 цагийн үед тухайн газраас гарсан. ...хонхор луу явах замд Н.Б чамайг ална пизда гэж хэлээд миний ар талаас толгой хэсэг рүү хэд хэдэн удаа цохиод байхаар нь Сүмбэр сум 3 дугаар баг, 3 дугаар байрны хойд талд машинаа зогсоож бай гээд машин барьж явсан дүүдээ хэлээд машиныг зогсоогоод Б.Н, Н.Б хоёрыг буу гэж хэлтэл тэр хоёр машинаас ерөөсөө буухгүй байсан. Машин зогссон үед мөн адил Н.Б ална гэж хэлээд миний араас мөн адил цохиод байсан. Би тэр хоёрыг машинаас буулгах гээд өөрөө машинаас буутал Н.Б, Б.Н хоёр буугаад ирсэн. Тэгээд үгийн зөрүү байхгүй Н.Б намайг заамдаад миний нүүр хэсэг рүү цохиод байсан. Б.Н миний хойд талаас нуруу хэсгээс татах үед нь Н.Б бид хоёр давхралдаад унасан. Намайг ойчсон үед Н.Б миний нүүр бүх бие рүү өшиглөөд байсан. ...Намайг зодоод байхаар нь миний хөл хугалчихлаа гэж хэлэхэд миний дээрээс зодоод байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 15-19 дүгээр тал),

4. Иргэний нэхэмжлэгч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...О овогтой Г нь уг гэмт хэргийн улмаас эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авч үүнд эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1,306,000 төгрөгийг зарцуулсан байна” гэх мэдүүлэг (хх-ийн 25 дугаар тал),

5. Гэрч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Оргил зочид буудал руу хүргэж өгөх гээд явтал тэр хоёр үл таних эрэгтэй хүн О.Г ахыг ална шүү гэж хэлээд агсраад байсан. Хуруутайгаа бүтэн үлдмээр байна уу гэх мэтээр сүрдүүлээд байсан. ...Машинд явж байх үед О.Г ахын араас нь толгой хэсэг рүү нь 1 удаа жижиг биетэй ах алгадсан. ...Тэгтэл хажууд нь явж байсан залуу нь хэл амаар доромжлоод байсан. ...жижиг биетэй үл таних эрэгтэй хүн толгой нүүр хэсэг рүү нь цохисон. Жижиг биетэй үл таних залуу дээр нь гарсан өшиглөөд нүүр хэсэг рүү нь цохиж байсан” гэх мэдүүлэг (хх-ийн 37-38 дугааар тал),

6. Шинжээчийн 2024 оны 01 дугаар сарын 02-ны өдрийн 25 дугаар дүгнэлтэнд:

О.Гын биед баруун хөлийн шаант, тахилзуур ясны доод 1/3 хэсгийн далд сэлтэрхийт зөрүүтэй хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Баруун хөлийн шаант, тахилзуур ясны доод 1/3 хэсгийн далд сэлтэрхийт зөрүүтэй хугарал гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 52-53 дугаар тал),

7. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 89 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд

НЭГ. Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Н.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 14-ний шөнө 01 цагийн үед О.Гтай үл ялих зүйлээр шалтаглан хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар түүний толгой нүүр хэсэгт нь гараараа цохих, нуруу хэсгээс нь татаж газар унагах, нуруу хөл рүү нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, биед нь баруун хөлийн шаант, тахилзуур ясны доод 1/3 хэсгийн далд сэлтэрхийт зөрүүтэй хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зүүн хацарт зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.

Иймд шүүгдэгч Н.Б үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүхээс гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б өгсөн мэдүүлэг, хохирогч О.Г, гэрч Г.Г нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, хохирогчид хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 25 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурдлаа.

Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч нь ахуйн хүрээнд архидан согтуурч хэрүүл маргаан үүсгэснээс үүдэлтэй байна.

Шүүгдэгч Н.Б нь гэм буруугийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн ба энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Хохирол, хор уршгийн талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан. Хохирогч О.Г нь эмчилгээний зардалд 9.236.950 төгрөг нэхэмжилсэнийг шүүгдэгч Н.Б бүрэн барагдуулсан байна.

Харин хохирогч О.Гын эмчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1 306 000 /нэг сая гурван зуун зургаан мянга/ төгрөг гарсан байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад;” нөхөн төлүүлэхээр заасан байх тул шүүгдэгч Н.Бэс 1 306 000 /нэг сая гурван зуун зургаан мянга/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Говьсүмбэр аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн төрийн сангийн 100900020080 тоот дансанд олгох нь зүйтэй байна

ХОЁР. Шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Прокуророос шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч Н.Б нь хүлээн зөвшөөрсөн байх тул торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Н.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдлаа.

Шүүхээс шүүгдэгч Н.Б хувийн байдлыг харгалзаж улсын яллагчаас гаргасан 1500 /нэг мянга таван зуу/  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 500 000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах саналыг хүлээн авч 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй нэхэмжлэх зүйлгүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Нгийн Б-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б 500 /нэг мянга таван зуу/  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 500 000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд оногдуулсан 1500 /нэг мянга таван зуу/  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 500 000 /нэг сая таван зуун мянга/   төгрөгөөр торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч О.Гын нэхэмжилсэн 9 236 950 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан ба цаашид гарах эмчилгээний зардалд гарсан гэх 4 380 000 төгрөгийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй  болохыг тус тус дурдсугай.

  6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бэс 1.306 000 /нэг сая гурван зуун зургаа мянга/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Говьсүмбэр аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн төрийн сангийн 100900020080 тоот дансанд олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД  1  ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 Н.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

                    

 

                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.АРИУНЖАРГАЛ