Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 668

 

 

 

 

 

 

    2020           5             26                                         2020/ДШМ/668

 

 

                              Н.Бд холбогдох эрүүгийн

                                             хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Анармөнх,

яллагдагч Н.Б, түүний өмгөөлөгч А.Дулмаа,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 2020/ШЗ/660 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Анармөнхийн бичсэн эсэргүүцлээр Н.Бд холбогдох эрүүгийн 1809011830833 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр

Н.Б,

Н.Б нь Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооы нутаг дэвсгэрт байрлах Мэдээлэл шуурхай, удирдлагын төвийн шуурхай удирдлагын хэлтсийн ахлах зохицуулагчаар ажиллаж байхдаа 2018 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 99988027 дугаарын утаснаас иргэн Т.Амарсанаагийн тусламж хүссэн дуудлагыг хүлээн авсан боловч уг дуудлагыг холбогдох газарт шилжүүлээгүй буюу Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн даргаас 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр батлагдсан ажлын байрны тодорхойлолтын ажлын байрны 1 дүгээр зорилтод заасан “Нийслэлийн нутаг дэвсгэрт гарсан гамшиг, осол, гал түймэртэй тэмцэх үйл ажиллагааг шуурхай удирдлага зохицуулалтаар хангах” гэх албан үүргээ биелүүлээгүйн улмаас иргэн Т.Амарсанаагийн амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Н.Баттулгын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ...иргэний хариуцагчаар тогтоогдвол зохих этгээдийг олж тогтоох, холбогдох мөрдөн шалгах ажиллагаа явуулах, хохирогч Т.Амарсанаагийн үхлийн шалтгааныг тогтоох шаардлагатай гэж үзэж эдгээр байдлыг тогтоолгохоор хэргийг буцаах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Дээрх ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул дээрх ажиллагааг хийлгэхээр хэргийг Чингэлтэй дүүргийн прокурорын газар буцаах нь зүйтэй байна гэж дүгнээд хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Чингэлтэй дүүргийн прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Анармөнх бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх          яллагдагч Н.Бд холбогдох хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд иргэний хариуцагч татах шаардлагатай гэж үзсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно”, мөн хуулийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт иргэний хариуцагчаар татахдаа “...шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэснээс үзвэл шүүх эрх хэмжээний хүрээндээ иргэний хариуцагч татах асуудлыг шүүхийн шатанд шийдвэрлэх боломжтой юм.

Хохирогч Т.Амарсанаагийн үхлийн шалтгааныг тогтоох шаардлагатай гэж захирамжинд дурьдсан боловч яагаад үхлийн шалтгааныг тодорхойгүй гэж үзсэн, энэ нь ямар эргэлзээтэй нөхцөл байдал бий болгосон, үүнтэй холбоотой ямар мөрдөн шалгах ажиллагаа явуулах талаар шүүх шийдвэртээ тодорхой тусгаагүй, мөн өмгөөлөгч А.Дулмаагаас гаргасан хүсэлтийг хүлээн авсан эсэх талаар дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр эргэлзээтэй, ойлгомжгүй гэж үзэхээр байна.

Иймд Н.Бд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой тул Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 660 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэжээ.

Яллагдагчийн өмгөөлөгч А.Дулмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийн зүгээс хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч талаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлах хүсэлт гаргаад үхлийн шалтгаан, нийгэмд аюултай үйлдэл, түүнээс үүдэн гарсан хор уршигийн хооронд бодит шалтгаант холбоог тогтоолгох асуудлыг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцсэн. Мөн шүүгчийн захирамжид заасан Онцгой байдлыг ерөнхий газрыг иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

Яллагдагч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийх шаардлагатай гэж үзэж байна. Учир нь, хохирогч Амарсанаа Цэцэ гүний оргил дээр байна. Манзуширын хийд харагдаад байна гэж байсан. Цэцэ гүний оргил дээрээ хашаа ч харсан Манзуширын хийд харагддаггүй юм. Тэгээд би хаяг байршлыг тогтоох гэж эргэж холбогдсон боловч утас нь тасарсан” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос Н.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Бд холбогдох хэргийг хянаад шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай хэмээн дүгнэж хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн хувьд үндэслэл муутай болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн хуульчилан зааж, тэдгээрийг зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотлохгүй бөгөөд шүүх хуралдааны явцад нотолдог болохыг зохицуулан хуульчилсан болно.

Шүүх аливаа эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, харилцан зөрүүтэй нотлох баримтуудын аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг зааж, хэргийн үйл баримтад тулгуурлан шүүгдэгчийг гэм буруутэй эсэх, ямар гэмт хэргийн шинжид тохирч байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийдэг учиртай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, Шүүхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “Шүүх шүүн таслах ажиллагааны мэтгэлцэх зарчмыг хангахдаа шүүх хуралдаанд талууд, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч болон улсын яллагчид асуулт асуух, хариулах, нотлох баримтыг танилцуулах, өөрсдийн тайлбар өгөх, үндэслэлээ хамгаалах, үгүйсгэх боломжийг тэгш олгоно” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасан бөгөөд прокурор энэ үүргээ хэрэгжүүлэхдээ, шаардлагатай оролцогч нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргаж, хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргээ хэрэгжүүлэх боломжтойг дурдаж байна.

Шүүхээс хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдийг гэрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгчийн мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийх бүрэн боломжтой.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэнтэй нийцэх юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь анхан шатны шүүхэд хянагдаж буй хэргийн тухайд шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлж болзошгүй шинж чанартай бол ноцтой зөрчилд тооцогдох ёстой.

 

Шүүгдэгч Н.Бд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан гэмт хэргийг сэргээн дүрслэх замаар хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн, бодиттой тогтоож, шүүгдэгчийн албан үүргээ биелүүлээгүйн улмаас иргэн Т.Амарсанаагийн амь нас хохирсон хоёрын хооронд шууд шалтгаант холбоотой эсэхэд хууль зүйн дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Мөрдөн шалгах ажиллаагааны явцад иргэний хариуцагчаар зохих этгээдийг олж тогтоогоогүй зөрчлийг прокуророос гаргасан хэдий ч энэхүү зөрчил нь шүүхээс гарах шийдвэрт хэрхэн сөргөөр нөлөөлөх, эсхүл нөлөөлж болзошгүй талаар анхан шатны шүүх огт дүгнээгүй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “иргэний хариуцагчаар татахдаа мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж хуульчилсан байх тул шүүх шаардлагатай тохиолдолд иргэний хариуцагчийг татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах боломжтой тул хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэхгүй.  

 

Иймд яллагдагч Н.Бд холбогдох эрүүгийн хэргийг цугларсан нотлох баримтад үнэлэлт, дүгнэлт өгч хянан шийдвэрлэх боломжтой байх тул прокурор Г.Анармөнхийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Үүнээс гадна хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ганчимэгийн өмгөөлөгчийг шүүх хуралдааны тэмдэглэлд “Т.Баярцэцэг”, шүүгчийн захирамжид “Н.Бадамцэцэг” гэж зөрүүтэй бичсэн нь ноцтой алдаа биш боловч анхан шатны шүүх цаашид анхаарвал зохино.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 660 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Н.Бд холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл яллагдагч Н.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН

 

 

                        ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ