| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 114/2026/0008/З |
| Дугаар | 221/МА2026/0663 |
| Огноо | 2026-09-17 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2026/0663
Б.А-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Э.Зоригтбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Ц.Одмаа
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагч Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын дарга Л.Б
Нэхэмжлэгч: Б.А
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газар
Гуравдагч этгээд: “Ш а с” НҮТББ
Нэхэмжлэлийн шаардлага: “Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын дахин шинэ акт гаргуулах тухай өргөдлийг шийдвэрлэхээс татгалзсан татгалзал хууль бус болохыг тогтоож, дахин шинэ акт гаргахыг Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах” тухай,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 0022 дугаар шийдвэртэй,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, гуравдагч этгээдийн төлөөлөгч Ч.К нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Хатантуул
Хэргийн индекс: 114/2026/0008/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Б.А-ээс Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын дахин шинэ акт гаргуулах тухай өргөдлийг шийдвэрлэхээс татгалзсан татгалзал хууль бус болохыг тогтоож, дахин шинэ акт гаргахыг Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 0022 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт 3 дахь заалт болон 6 дахь заалт, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын дахин шинэ акт гаргуулах тухай өргөдлийг шийдвэрлэхээс татгалзсан татгалзал хууль бус болохыг тогтоож, дахин шинэ акт гаргахыг Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газарт даалган” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн төлөөлөгч дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:
3.1. “... "Ш а" сургуулийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд хяналт шалгалт хийх ажлын хэсгийн гишүүд буюу хяналт шалгалтын улсын байцаагч Л.Н, Г.Б, Х.Д нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагын тухайд өмнө нь Энэ асуудлаар иргэн Б.А нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2025/0198 дугаар магадлал нь албан ёсоор хүчин төгөлдөр болсон болно.
Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын улсын байцаагч Х.Д-ийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлтийг хариуцагчаас дахин шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн. Уг магадлалын агуулгаас үзэхэд шүүх нэхэмжлэгчийн шаардлагыг шууд хангаж, тодорхой агуулгатай захиргааны акт заавал гаргахыг хариуцагчид үүрэг болгоогүй. Харин маргааны нөхцөл байдлыг дахин шалгаж, холбогдох нотлох баримтыг цуглуулж, бодит нөхцөл байдлыг бүрэн тодруулсны үндсэн дээр хуульд нийцсэн шийдвэр гаргах боломжийг захиргааны байгууллагад олгосон. Өөрөөр хэлбэл, өмнөх магадлалын зорилго нь нэхэмжлэгчийн хүссэн үр дүн бүхий "шинэ акт"-ыг заавал гаргуулах бус, өмнөх шалгалтын дутуу тогтоогдсон нөхцөл байдлыг дахин шалгаж, захиргааны байгууллага бүрэн эрхийнхээ хүрээнд бие даан хуульд нийцсэн шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлэхэд оршиж байсан.
Гэтэл анхан шатны шүүх өмнөх магадлалыг нэхэмжлэгчид ашигтай тодорхой агуулгатай шинэ захиргааны акт заавал гаргах ёстой байсан мэтээр тайлбарлаж, хариуцагчийн татгалзлыг хууль бус гэж дүгнэсэн нь өмнөх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн агуулга, зорилго, эрх зүйн үр дагаврыг хэт өргөжүүлэн тайлбарласан гэж үзэж байна. Өмнөх магадлалын дагуу дахин шалгалт хийх нь нэхэмжлэлийн шаардлагыг заавал хангах үр дүнд хүрэх ёстой гэсэн үг биш бөгөөд шалгалтын үр дүнд өмнөх дүгнэлтийг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй бол захиргааны байгууллага энэ талаар үндэслэл бүхий шийдвэр гаргах эрхтэй.
Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газар өмнөх магадлалын дараа маргааны нөхцөл байдлыг дахин нягталж, өмнөх шалгалтын материал, нийгмийн даатгалын шимтгэлийн ногдуулалт, төлөлтийн мэдээлэл, дэвтэрт хийсэн бичилт, цахим системийн бүртгэл, холбогдох тайлбар болон бусад баримтуудыг үндэслэн дахин дүгнэлт хийсэн. Тухайн асуудлаар өмнө нь хэд хэдэн удаагийн хяналт шалгалт хийгдсэн, холбогдох баримт, тайлбаруудыг авч, нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, төлөлт болон дэвтэрт хийсэн бичилттэй холбоотой асуудлыг шалгасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоно.
Гэтэл анхан шатны шүүх "шинэ акт гаргаагүй" гэх хэлбэрийн асуудлыг гол болгон авч үзэж, дахин шалгалтын бодит агуулга, өмнөх шалгалтын материал, нягтлан бодох бүртгэл, шимтгэлийн мэдээлэл, ажил олгогчийн баримт, цахим системийн бүртгэлийг цогцоор нь үнэлсэн эсэх нь шийдвэрээс хангалттай харагдахгүй байна.
Захиргааны байгууллагын дахин шалгалтын үр дүнд өмнөх дүгнэлтийг өөрчлөх, нэхэмжлэгчийн хүссэн агуулгаар шинэ акт гаргах бодит болон хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй тохиолдолд заавал шинэ акт гаргах үүрэг захиргааны байгууллагад үүсэхгүй. Иймд өмнөх магадлалыг биелүүлээгүй гэх дүгнэлтийг зөвхөн нэхэмжлэгчийн хүссэн үр дүн бүхий шинэ акт гараагүй гэх үндэслэлээр хийх боломжгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1-д “шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг өөрийн санаачилгаар цуглуулах үүрэгтэй байхаар”, 34.1-д “нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэхээр, 34.2-т нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх шаардлагыг тус тус зохицуулсан.
Мөн хуулийн 106.3.1-д шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт шүүхээс тогтоосон үйл баримт, түүнд өгсөн хууль зүйн дүгнэлтийг тусгах, 106.3.4-т тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага бүрийг хэрхэн шийдвэрлэснийг тодорхой тусгахаар зохицуулсан. Гэтэл анхан шатны шүүх дараах нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан, нотлох чадвар, эх сурвалж, цаг хугацаа, маргааны үйл баримтад хамаарах байдлыг бүрэн дүгнээгүй гэж үзэж байна. Үүнд: 2020 оны 08 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийн бичилт, бүртгэл, Нийгмийн даатгалын цахим системийн мэдээлэл, Холбогдох дэвтэр, бүртгэлийн материал, Өмнөх хяналт шалгалтын материал, Улсын байцаагчийн тайлбар, Нэхэмжлэгчийн тайлбар, Ажил олгогч "Ш а" сургуулийн тайлбар, холбогдох баримт, Цалин, түүнтэй адилтгах орлого, шимтгэл ногдуулалт, төлөлтийн тооцоо, Өмнөх шүүхийн магадлалын агуулга, Хариуцагч байгууллагын дахин шалгалтын материал, шийдвэрүүд.
Ялангуяа улсын байцаагч Х.Д-ийн гаргасан дүгнэлттэй 2020 оны 08 дугаар сарын бичилтийг засварласан гэх үйл баримт нь ямар нотлох баримтаар тогтоогдсон, уг засвар цахим системд хэзээ, ямар хэрэглэгчийн эрхээр хийгдсэн, өөрчлөлтийн түүх буюу лог мэдээлэл байгаа эсэх, засвар хийх болсон үндэслэл, эх баримт байгаа эсэхийг шүүх бүрэн тогтоогоогүй.
Нэхэмжлэгчийн тайлбар дангаараа тухайн үйл баримтыг эргэлзээгүйгээр нотлох хангалттай үндэслэл болохгүй бөгөөд бусад нотлох баримтаар баталгаажсан эсэхийг шалгах шаардлагатай. Иймд "улсын байцаагч бичилтийг засварласан" гэх дүгнэлт нь хэрэгт авагдсан нотлох баримтын бодит агуулгатай нийцэж байгаа эсэхийг бүрэн тогтоогоогүй, нотлох баримтыг үнэлэх хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 38.1-д нийгмийн даатгалын хяналт шалгалтыг нийгмийн даатгалын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч хэрэгжүүлэхээр, 38.2-т нийгмийн даатгалын шимтгэлийн ногдуулалт, төлөлтөд хийх хяналт шалгалтыг нийгмийн даатгалын байгууллага хэрэгжүүлэхээр тус тус зохицуулсан. Мөн тус хуулийн 38.10.1-д нийгмийн даатгалын улсын байцаагч нь хөдөлмөрийн харилцаа, цалин хөлсний сан, нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах, төлөхтэй холбоотой тайлан, бүртгэл, баримт бичигт хяналт шалгалт хийх, шаардлагатай тайлбар, лавлагаа, баримт гаргуулан авах эрхтэй байхаар зохицуулсан.
Эдгээр зохицуулалт нь улсын байцаагчид хяналт шалгалт хийх эрх олгож байгаа болохоос аливаа бичилтийг үндэслэлгүйгээр өөрчлөх, нотлох баримтгүйгээр үйл баримт тогтоох эрх олгож байгаа гэсэн үг биш. Иймээс тухайн маргаанд улсын байцаагч хуульд заасан эрхээ хэрэгжүүлсэн эсэх, эсхүл эрх хэмжээгээ хэтрүүлсэн эсэхийг зөвхөн нэхэмжлэгчийн тайлбар, таамаглалд бус, бодит нотлох баримтад тулгуурлан тогтоох шаардлагатай.
Гэтэл 2020 оны 08 дугаар сарын бичилтийг нийгмийн даатгалын улсын байцаагч өөрчилсөн гэх үйл баримт хангалттай нотлогдоогүй байхад түүнийг эрх хэмжээгээ хэтрүүлсэн мэтээр дүгнэсэн нь дээрх хуулийн зохицуулалтын агуулгатай нийцэхгүй.
Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-д “захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх”, 4.2.5-д “захиргааны шийдвэр нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх” зарчмыг тогтоосон. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 40.2.3-т захиргааны актад тухайн актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг тусгах шаардлагатай. Хариуцагч байгууллага шийдвэр гаргахдаа зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарт бус, тухайн асуудалтай холбоотой өмнөх болон дахин хийсэн хяналт шалгалтын материал, нийгмийн даатгалын шимтгэлийн мэдээлэл, цахим системийн бүртгэл, холбогдох баримт, тайлбаруудад үндэслэсэн. Бодит нөхцөл байдал тогтоогдоогүй, нотлох баримт хангалтгүй тохиолдолд захиргааны байгууллага нотлогдоогүй үйл баримтыг үнэн гэж үзэж, түүнд үндэслэн нэхэмжлэгчийн хүссэн үр дүн бүхий захиргааны акт гаргах боломжгүй.
Иймд хариуцагчийн шийдвэрийг бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Захиргааны ерөнхий хуулийн дээрх зарчимтай нийцэхгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1, 106.3.2, 106.3.3 болон холбогдох зохицуулалтын дагуу шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангахын өмнө маргаан бүхий захиргааны акт, үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэх, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх, уг зөрчил маргаан бүхий акт, үйл ажиллагаатай шалтгаант холбоотой эсэхийг тогтоох шаардлагатай.
Энэ хэрэгт нэхэмжлэгчийн шаардлагыг хангахын тулд дор хаяж: 2020 оны 08 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийн бичилтийг улсын байцаагч өөрчилсөн эсэх, хэрэв өөрчилсөн бол ямар эх баримт, ямар эрх зүйн үндэслэлээр, хэзээ, ямар хэрэглэгчийн эрхээр өөрчилсөн эсэх, уг үйлдэл хуульд нийцсэн эсэх, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бодитоор зөрчсөн эсэх, хариуцагч байгууллагын дахин шалгалт, шийдвэр уг зөрчилтэй шалтгаант холбоотой эсэх зэрэг нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох шаардлагатай.
Гэтэл эдгээрийн суурь үйл баримт болох "улсын байцаагч бичилтийг засварласан" гэх нөхцөл байдал өөрөө эргэлзээгүй тогтоогдоогүй байхад уг үйлдлийг хууль бус гэж дүгнэж, улмаар нэхэмжлэлийн шаардлагыг хангах эрх зүйн үндэслэл бүрдсэн мэтээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Нэхэмжлэгчийн маргаж буй асуудлын гол агуулга нь "Ш а" сургуулийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу тайлагнасан эсэх, тодорхой мөнгөн дүнг шимтгэл ногдох орлогод тооцох эсэхтэй холбоотой.
Тухайлбал, Б.А-т олгохоор тохиролцсон хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын бодит хэмжээ, хамтран ажиллах зөвшилцлийн гэрээний дагуу олгосон гэх 18,000,000 төгрөгийн эрх зүйн шинж, уг мөнгөн дүнгээс нийгмийн даатгалын шимтгэл ногдох эсэх, 2019 оны 08 дугаар сарын болон холбогдох бусад хугацааны нийгмийн даатгалын дэвтэр, цахим мэдээллийн сангийн бичилт хоорондын зөрүү, тэдгээрийн эх баримтыг бүрэн тогтоох нь маргааныг зөв шийдвэрлэхэд зайлшгүй ач холбогдолтой.
Гэтэл анхан шатны шүүх эдгээр гол үйл баримтыг бүрэн тогтоож, ямар баримтаар нотлогдож байгааг дүгнэхийн оронд шалгалтын үр дүн гараагүй байхад хариуцагчийн үйлдлийг хууль бус гэж урьдчилан дүгнэсэн шинжтэй байна. Хэрэв дээрх нөхцөл байдлыг бүрэн тодруулах шаардлагатай гэж шүүх үзсэн бол захиргааны байгууллагын хийж гүйцэтгэх шалгалтын үр дүнг урьдчилан тогтоохгүйгээр асуудлыг шийдвэрлэх учиртай.
Өмнөх хүчин төгөлдөр давж заалдах шатны магадлалаар дээрх нөхцөл байдлыг нотлох баримтуудад үндэслэн тогтоож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч Б.А 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр болон 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хариуцагч байгууллагад холбогдох хүсэлт, өргөдөл гаргасан. Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газраас 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 362 тоот албан бичгээр нэхэмжлэгчийн өргөдөлд хариу өгсөн.
Түүнчлэн тухайн асуудлаар өмнө нь хэд хэдэн удаагийн шалгалт хийгдэж, холбогдох баримт, тайлбарыг авч, нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, төлөлт болон дэвтэрт хийсэн бичилттэй холбоотой асуудлыг шалгаж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоно. Ийм нөхцөлд "өргөдлийг шийдвэрлээгүй", "хууль бус эс үйлдэхүй гаргасан" гэх ойлголтыг шууд адилтган хэрэглэх боломжгүй.
Төрийн байгууллага өргөдөл гаргагчийн хүсэлтийг заавал түүний хүссэн агуулгаар хангах үүрэгтэй бус, харин хуульд заасан журмын дагуу хянан үзэж, үндэслэл бүхий шийдвэр, хариу өгөх үүрэгтэй. Иймээс 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 362 тоот албан бичгийн эрх зүйн шинж, агуулга, түүнээс өмнө болон дараа хийгдсэн шалгалтын ажиллагаа, нэхэмжлэгчийн өргөдлийн бодит агуулгыг тус тусад нь үнэлэх шаардлагатай байсан.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2025/0198 дугаар магадлал нь Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 001/ШХТ2025/0234 дугаар тогтоолоор хяналтын журмаар хэлэлцүүлэхээс татгалзсанаар хүчин төгөлдөр болсон. Ингэснээр магадлалд заасан 3 сарын хугацааны эрх зүйн үр дагаврыг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс тооцох нөхцөл бүрдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгч Б.А уг 3 сарын хугацаа бүрэн дуусаагүй байхад буюу 2025 оны 08 дугаар сарын 06 болон 18-ны өдрүүдэд хариуцагч байгууллагад хүсэлт, өргөдөл гаргасан.
Ялангуяа 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 362 тоот албан бичгийг гаргах үед шүүхээс тогтоосон 3 сарын хугацаа бүрэн дуусаагүй байсан нөхцөл байдлыг анхан шатны шүүх шийдвэртээ зохих ёсоор харгалзан үзээгүй.
Шүүхээс захиргааны байгууллагад тодорхой хугацаа олгосны зорилго нь нөхцөл байдлыг дахин шинжлэн судалж, шаардлагатай хяналт шалгалтыг хийж, үндэслэл бүхий шийдвэр гаргах боломж олгоход оршино. Иймээс тухайн хугацаа дуусаагүй байхад гаргасан өргөдлийг нэхэмжлэгчийн хүссэн агуулгаар шууд шийдвэрлээгүй явдлыг "хууль бус эс үйлдэхүй" гэж үзэх нь тухайн 3 сарын хугацааны эрх зүйн зорилго, үр дагаварт нийцэхгүй.
Нэхэмжлэгчийн шаардлагын гол агуулга нь хариуцагчийн татгалзал хууль бус болохыг тогтоолгох, дахин шинэ захиргааны акт гаргуулахтай холбоотой. Гэтэл анхан шатны шүүх өмнөх магадлалд дурдсан ажиллагааг дахин хийж, заавал шинэ захиргааны акт гаргах үүргийг хариуцагчид ногдуулсан агуулгатай шийдвэр гаргасан нь нэхэмжлэлийн шаардлагын агуулга болон захиргааны байгууллагын хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээг хэт өргөжүүлсэн үр дагавартай.
Захиргааны байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ шүүхээс тодорхойлсон нөхцөл байдлыг шалгаж, нотлох баримтыг үнэлж, мэргэжлийн дүгнэлтэд үндэслэн өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргана. Шалгалтын үр дүнд өмнөх дүгнэлтийг өөрчлөх шинэ нөхцөл, нотлох баримт тогтоогдоогүй бол зөвхөн нэхэмжлэгчид ашигтай шинэ агуулгатай акт гаргах үүрэг захиргааны байгууллагад үүсэхгүй.
Шүүх захиргааны байгууллагын хуульд олгогдсон бүрэн эрхийг орлон хэрэгжүүлж, шалгалтын үр дүнг урьдчилан тодорхойлсон агуулгатай акт гаргахыг даалгах нь захиргааны байгууллагын бие даан шийдвэр гаргах бүрэн эрхийн хүрээнд хэт оролцох эрсдэлтэй.
Маргаан бүхий 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлтийг гаргасан улсын байцаагч Х.Д нь 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс өндөр насны тэтгэвэрт гарсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Улмаар анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 114/Ш32026/0053 дугаар захирамжаар эрх залгамжлагчаар Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрыг сольсон.
Гэтэл шинэ акт гаргах үүргийг байгууллагад шилжүүлэн ногдуулахдаа өмнөх улсын байцаагчийн гаргасан акт, түүний чиг үүрэг, байгууллагын эрх залгамжлалын хүрээ, шинэ эрх залгамжлагч байгууллагын ямар бүрэн эрх бүхий албан тушаалтан ямар ажиллагааны үндсэн дээр тухайн актыг гаргах боломжтой эсэхийг хангалттай нарийвчлан дүгнээгүй. Энэ нь шүүхийн шийдвэрийг бодитоор хэрэгжүүлэхэд тодорхойгүй байдал үүсгэхээс гадна хариуцагчийн эрх, үүргийн хүрээг тодорхойгүй болгосон.
Хэрэгт нэхэмжлэгчийн тайлбараас гадна ажил олгогч "Ш а" сургуулийн тайлбар, өмнөх хяналт шалгалтын материал, цалин болон бусад орлогын тооцоо, нийгмийн даатгалын тайлан, дэвтэрт хийсэн бичилт, цахим мэдээллийн сангийн мэдээлэл болон бусад олон төрлийн нотлох баримт авагдсан.
Мөн гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэгчийн хүсэлтээр тухайн асуудлаар мэргэжлийн хяналт болон нийгмийн даатгалын байгууллагаас удаа дараа шалгалт хийж байсан талаар тайлбарласан. Гэтэл анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудын аль нь ямар үндэслэлээр үнэн зөв, ач холбогдолтой, эсхүл ач холбогдолгүй гэж үзсэн, өмнөх шалгалтын үр дүн яагаад хангалтгүй гэж дүгнэсэн талаараа тодорхой, харилцан уялдаатай дүгнэлт хийгээгүй атлаа хариуцагчид дахин шинэ акт гаргах үүрэг ногдуулсан.
Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, харилцан уялдаатай үнэлсний үндсэн дээр гарах ёстой бөгөөд энэ шаардлага бүрэн хангагдаагүй гэж үзэж байна.
Өмнөх хүчин төгөлдөр 221/MA2025/0198 дугаар магадлалын агуулга, зорилго, эрх зүйн үр дагаврыг нэхэмжлэгчид тодорхой агуулгатай шинэ акт гаргуулах эрх шууд үүссэн мэтээр хэт өргөжүүлэн тайлбарласан.Хариуцагч байгууллага өмнөх магадлалын дагуу нөхцөл байдлыг дахин шалгасан эсэх, ямар баримтад үндэслэн дүгнэлт хийснийг бүрэн үнэлээгүй. 2020 оны 08 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийн бичилтийг улсын байцаагч өөрчилсөн гэх гол үйл баримтыг эргэлзээгүй нотлох баримтаар тогтоогоогүй. Цахим системийн өөрчлөлтийн түүх, хэрэглэгчийн бүртгэл, эх баримт болон холбогдох тайлан, бүртгэлийг бүрэн харьцуулан үнэлээгүй. Нийгмийн даатгалын улсын байцаагчийн хуулиар олгогдсон бүрэн эрх болон түүний хязгаарыг бодит үйл баримттай уялдуулан зөв дүгнээгүй. Б.А-т олгосон хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, 18,000,000 төгрөгийн эрх зүйн шинж болон түүнд нийгмийн даатгалын шимтгэл ногдох эсэх зэрэг маргааны гол үйл баримтыг бүрэн тодруулаагүй.
2025 оны 08 дугаар сарын 06, 18-ны өдрийн өргөдөл болон 362 тоот албан бичгийн эрх зүйн шинж, тэдгээрийн хоорондын уялдааг бүрэн тогтоогоогүй. Өмнөх магадлалд заасан 3 сарын хугацаа бүрэн дуусаагүй байсан нөхцөл байдлын эрх зүйн үр дагаврыг зохих ёсоор үнэлээгүй. Нэхэмжлэгчийн хүссэн агуулгаар шийдвэр гараагүйг "өргөдлийг шийдвэрлээгүй", "хууль бус эс үйлдэхүй" гаргасан гэх ойлголттой адилтгасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангахын өмнө нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол бодитоор зөрчигдсөн эсэх, уг зөрчил хариуцагчийн үйл ажиллагаатай шалтгаант холбоотой эсэхийг бүрэн тогтоогоогүй. Нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг байгууллагын бие даан шийдвэр гаргах бүрэн эрхэд хэт оролцсон үр дагавар бүхий хэт өргөжүүлж, захиргааны шийдвэр гаргасан. Х.Д улсын байцаагчийн тэтгэвэрт гарсан нөхцөл болон Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын эрх залгамжлалын эрх зүйн үр дагаврыг хангалттай тодорхойлоогүй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь, бодитой, харилцан уялдаатай үнэлж, шийдвэрийн үндэслэлдээ тодорхой тусгаагүй байна. Эдгээр зөрчил нь хэргийн бодит нөхцөл байдлыг зөв тогтоох, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэх, улмаар хэргийг үндэслэл бүхий шийдвэрлэхэд шууд нөлөөлсөн гэж үзэж байна.
Иймд дээр дурдсан үндэслэл, хэрэгт авагдсан нотлох баримт, Захиргааны ерөнхий хууль, Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг үндэслэн, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 114/ШШ2026/0022 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгч Б.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хэрэв давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзвэл анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дээр дурдсан маргааны гол үйл баримт болон нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн шалгуулан хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.
Мөн хэргийг шийдвэрлэхдээ Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 221/MA2025/0198 дугаар магадлалын тогтоох болон үндэслэх хэсгийн агуулга, эрх зүйн үр дагаврыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан бүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, харилцан уялдаатай үнэлж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг хянаад, дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох хуулийн зүйл заалтыг нэмсэн өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2. Өмнө нь нэхэмжлэгч Б.А-ээс Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагч Х.Д-д холбогдуулан гаргасан “Нийгмийн даатгалын бичилт зөрүүтэй, засварласан байдалд хяналт шалгалт хийсэн улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох, 2019 оны 08 дугаар сараас 2021 оны 01 дүгээр сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлбөл зохих хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтган орлогыг нуусан, дутуу тайлагнасан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, зөвтгөж захиргааны акт гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 0033 дугаар шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
уг шийдвэрийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 0198 дугаар магадлалаар “... маргааны энэ тохиолдолд хариуцагч нь зөвхөн ажил олгогч болон холбогдох нийгмийн даатгалын улсын байцаагчаас л тайлбар, баримт гаргуулах замаар дүгнэлт хийсэн учраас маргааны үйл баримтад голлох ач холбогдолтой 2019 оны 8 дугаар сараас 2021 оны 2 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу тайлагнасан, хамтын ажиллагааны зөвшилцлийн гэрээний дагуу олгосон 18 сая төгрөг болон 2019 оны 8 дугаар сард дутуу олгосон гэх 3.5 сая төгрөгөөс тус тус нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд голлох ач холбогдолтой нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай, энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж маргаан бүхий дүгнэлтийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй” гэж,
Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 0234 дүгээр тогтоолоор хяналтын журмаар гаргасан гомдлыг “... шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж” шийдвэрлэжээ.
3. Үүний дараа, нэхэмжлэгчээс 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гаргасан “... магадлал хүчин төгөлдөр болсноос хойш 2 сар 15 хоногийн хугацаа өнгөрсөн байх тул хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргаж өгнө үү” гэх гомдолд 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын 362 дугаар албан бичгээр “... Уг өргөдөлд тусгагдсан асуудлаар удаа дараа манайд хандсан ба ирүүлсэн өргөдлийг тухай бүрд нь хуулийн хүрээнд асуудлыг хянан шийдвэрлэж, хариуг хүргүүлж байсан болно. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2025/0198 дугаар магадлал нь албан ёсоор хүчин төгөлдөр болсон” гэж,
Мөн 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гаргасан Б.А-ийн гомдлыг Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газраас 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр буцаан хүргүүлсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгчээс “Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын дахин шинэ акт гаргуулах тухай өргөдлийг шийдвэрлэхээс татгалзсан татгалзал хууль бус болохыг тогтоож, дахин шинэ акт гаргахыг Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгуулах”-аар маргах бөгөөд хариуцагчаас “... дахин шалгалтын үр дүнд өмнөх дүгнэлтийг өөрчлөх, нэхэмжлэгчийн хүссэн агуулгаар шинэ акт гаргах бодит болон хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй” гэж, гуравдагч этгээдээс “... олон шатны шалгалт манай байгууллагад орсон, төрийн байгууллага хууль эрх зүйн хүрээнд тухай бүр шийдвэрээ гаргасан” гэх хариу тайлбарыг хийсэн.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ”, Нийгмийн даатгалын тухай хууль /1994 он/-ийн 26 дугаар зүйлийн 2-т “Нийгмийн даатгалын байцаагч дараахь эрх эдэлнэ”, 1/-д “шимтгэл оногдуулах, төлөхтэй холбогдсон данс бүртгэл, тайлан тэнцэл болон санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулж авах”, 32 дугаар зүйлийн 1-д “Дараахь хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод нийгмийн даатгалын шимтгэл ногдуулна”, 1/-д “Хөдөлмөрийн тухай хуулийн 83.5 дахь хэсэг, 101 дүгээр зүйлд заасан цалин хөлс, 113, 114, 115, 116, 117 дугаар зүйлд заасан олговор” гэж тус тус заажээ.
6. Хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараар хариуцагч нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацаанд дурдсан ажиллагааг хийгээгүй, хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлж холбогдох хариуг нэхэмжлэгчид хүргүүлээгүй нь хууль бус бөгөөд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-т заасныг баримтлан гомдолд хариу өгсөн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
7. Энэ талаар “... Нэхэмжлэгчээс дахин шинэ акт гаргах шүүхээс тогтоосон хугацааны дотор буюу 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан шаардагдах захиргааны акт гаргуулахаар хариуцагчид хандаж өргөдөл гаргасан боловч дахин хянан шийдвэрлэх үндэслэлгүй гэж татгалзсан хариу өгсөн нь хууль зөрчсөн... 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгчээс гаргасан өргөдлийг огт хүлээн авалгүй буцаасан хариуцагчийн үйлдэл нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, зөв байна.
8. Хариуцагчаас “... Хэрэгт нэхэмжлэгчийн тайлбараас гадна ажил олгогч "Ш а" сургуулийн тайлбар, өмнөх хяналт шалгалтын материал, цалин болон бусад орлогын тооцоо, нийгмийн даатгалын тайлан, дэвтэрт хийсэн бичилт, цахим мэдээллийн сангийн мэдээлэл болон бусад олон төрлийн нотлох баримт авагдсан” гэж маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй.
9. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Энэ хуулийн 41 дүгээр зүйлд зааснаас бусад тохиолдолд захиргааны актыг бичгээр гаргана” гэж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 0198 дугаар магадлалаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар улсын байцаагчийн үйлдсэн дүгнэлтийг дахин шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн энэ тохиолдолд хариуцагч нь шүүхийн шийдвэрт заасан ажиллагааг хийж, өмнөх маргаан бүхий акт үндэслэлтэй эсэхийг хянаж, дахин шинэ акт гаргасны дараа уг актын хууль зүйн үндэслэл, хариуцагчийн тайлбарлаж буй нийгмийн даатгалын шимтгэл, ногдуулалтын тооцоотой холбоотой баримтад шүүх дүгнэлт өгч, маргааныг нэг мөр шийдвэрлэх боломжтой.
10. Нийгмийн даатгалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Нийгмийн даатгалын шимтгэлийн ногдуулалт, төлөлтөд хийх хяналт шалгалтыг нийгмийн даатгалын байгууллага хэрэгжүүлнэ” гэж заасан.
11. Хэрэгт авагдсан баримтаар улсын байцаагч Х.Д нь Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын даргын 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б28 дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарах болзол хангасан шалтгаанаар төрийн албанаас чөлөөлөгдсөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрыг эрх залгамжлагчаар тогтоолгох хүсэлт гаргасан байх тул анхан шатны шүүхээс хариуцагчийн эрх залгамжлагчаар Дархан-Уул аймгийн нийгмийн даатгалын газрыг татсан нь хуульд нийцсэн байх тул энэ талаар гаргасан “Х.Д улсын байцаагчийн тэтгэвэрт гарсан нөхцөл болон Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын эрх залгамжлалын эрх зүйн үр дагаврыг хангалттай тодорхойлоогүй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
12. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, харин шийдвэрийн Тогтоох нь хэсэгт холбогдох хуулийн зохих зүйл заалтыг нэмсэн өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 0022 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтын “... 106 дугаар зүйлийн 106.3.11” гэсний дараа “Нийгмийн даатгалын тухай хууль /1994 он/-ийн 26 дугаар зүйлийн 26.2.1, 32 дугаар зүйлийн 32.1.1 Нийгмийн даатгалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2” гэж нэмсэн өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Ц.ОДМАА
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН