Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 78

 


                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2017/0100/Э/ 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр, 
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай, 
Хохирогч ***, 
Шүүгдэгч ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт *** овогт *** ***д холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн 201709000099 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** овогт *** ***, /РД:***/, *** өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, эрэгтэй, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “***” ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын *** тоотод оршин суух бүртгэлтэй,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. 

Шүүгдэгч ***нь 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 19 цагийн орчим эхнэр ***тэй хувийн таарамгүй харьцааны улмаас маргалдаж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

-Шүүхийн хэлэлцүүлэгт: 

-Шүүгдэгч В.***ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би 2017 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн орой гэртээ байхдаа эхнэр намайг хардсанаас болж эхнэртэйгээ маргалдсан. Тэр орой намайг гэрт орж ирэхэд манай хүүхэд “бал дууссан, аваад өгөөч” гэж надад хэлэхээр нь хичээлийн хэрэглэл авч өгөхөөр гарах гэхэд манай эхнэр дургүйцээд байсан. Тэгээд намайг дэлгүүр ороод ирэх замд манай эхнэр явж байсан. Би хүнтэй уулзаагүй замаар алхаж байтал манай эхнэр намайг хажуу айлын хүүхэнтэй хардсаны улмаас бид хоёрын хооронд маргаан болсон. Би уурандаа гар утсаар толгой руу нь нэг удаа цохисон. 

…намайг өөр бусадтай хардсанаас болоод би түүнийг зодсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, нилээн удаан бодлоо.” гэх мэдүүлэг,  

-Хохирогч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би 2017 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн орой манай нөхөр ажлаасаа иртэл манай хүүхэд бал дууссан гэж хэлсэн. Би маргааш бал аваад өгье гэж хэлэхэд манай нөхөр би бал аваад ирье гээд гарсан. Би өглөө аваад өгье гэхэд манай нөхөр би авч өгнө гээд утасны цагаа хараад гарсан. Урьд нь ингэж хүүхдийн хичээлийн хэрэгсэлд санаа тавьж, гэрээс ердөө гардаггүй, чи дэлгүүр яваад ирээч гэхэд явдаггүй байсан болохоор тэр орой яагаад гарах гээд байгаа юм бол гэж би бодоод араас нь гарсан чинь манай хөрш авгай хойшоо гүйж байсан. Манай нөхрийг гэрээс гарахад дагаад гарсан юм байх гэж би бодсон. Би уг нь дагаж гараагүй юм, бие засахаар гарчихаад эргээд орохоор явж байхдаа хөрш авгайг хаашаа явахыг харсан чинь урд айл уу орсон. Тэр даруй гэртээ орж ирэхэд манай нөхөр надтай зэрэгцээд гэрт орж ирээд “чи миний мөрийг мөшгөөд байгаа юм уу?” гэж уурласан. Маргааш өдөр нь би эмнэлэгт хэвтэж байгаа ээждээ хоол аваачиж өгөхөөр явсан. Тэр өдөр би ээж дээрээ очиж хоноод маргааш нь иртэл манай нөхөр ажилдаа явсан байсан. Манай нөхөр цайны цагаараа ирээд намайг “хаагуур яваад ирсэн юм бэ?” гэж асуухаар нь  “ээж дээр очоод ирлээ” гэхэд худлаа хэлээд байгаарай гээд зандраад, уурандаа гар утсаараа миний толгой руу цохисон. 
…***д гомдол санал байхгүй, бид хоёр эв зүйгээ олсон, манай нөхөр надаас уучлал гуйсан. Ахиж тэр хүүхэнтэй уулзахгүй, уулзаж байгаагүй талаараа ч хэлж байсан. Одоо би нөхөртөө итгэж байна.” гэх мэдүүлэг,  

-“…***ийн биед тархи доргилт, хуйхны хаван, зулгаралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. ***т учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 183 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 11/, 

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 22/,
-Гэрлэлтийн баталгааны хуулбар /хэргийн 24/ 
-“Дархангеомаш” ХХК-ны тодорхойлолт /хэргийн 31/ 

-Хохирогч ***ийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүссэн хүсэлт /хэргийн 42/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч  ***нь 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 19 цагийн орчим эхнэр ***тэй хувийн таарамгүй харьцааны улмаас маргалдаж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч В.***ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…намайг өөр бусадтай хардсанаас болоод би түүнийг зодсон.” гэх мэдүүлэг,  хохирогч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…манай нөхөр цайны цагаараа ирээд намайг хаагуур яваад ирсэн юм бэ? гэж асуусан ээж дээр очоод ирлээ гэхэд худлаа хэлээд байгаарай гээд зандраад, уурандаа гар утсаараа миний толгой руу цохисон.” гэх мэдүүлэг, “…***ийн биед тархи доргилт, хуйхны хаван, зулгаралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. ***т учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрийни 183 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 11/ болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Иймд шүүгдэгч В.***ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч ***нь урьд 2002 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 25000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т зааснаар ялтай байдал нь дууссан байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч ***нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, хохирогч *** нь “…нөхөр бид 2 учир зүгээ олж эвлэрсэн тул надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэх хүсэлт ирүүлсэн /хэргийн 42/ байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т заасан үндэслэлээр В.***д холбогдох 201709000099 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, В.***ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.
    
Шүүгдэгч ***нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаад

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *** овогт *** ***ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар *** овогт *** ***д холбогдох 201709000099 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар шүүгдэгч В.***ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
 3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч ***нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай       
4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.***д батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл В.***д батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                 Я.ТУУЛ