Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 119/ШШ2022/0022

 

                                                                    Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг                                                                     баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ууганцэцэг би нэхэмжлэгч “Х” ХХК-ийн “Э” ТӨҮГазарт холбогдуулан гаргасан ““Э” ТӨҮГазрын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Д4-112-12/1... тоот “Гэрээ байгуулах эрх олгох тухай” шийдвэрийн дагуу нэхэмжлэгч “Х” ХХК-тай гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, “Өрмийн хошуу нийлүүлэх” гэрээ байгуулахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан “Нэхэмжлэлээсээ татгалзах тухай” хүсэлтийг 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад

 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “.... Манай компанийн зүгээс 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 22/269 тоот албан бичгээр “Э” ТӨҮГ-ын 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Д4-112-12/1.... тоот “Гэрээ байгуулах эрх олгох шийдвэр”-ийн дагуу гэрээ байгуулах тухай хүсэлтийг гаргасан боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй. Захиалагчаас манай компанид гэрээ байгуулах тухай мэдэгдлийг өгсөн учир “Х” ХХК-ийн зүгээс бараа нийлүүлэх ажиллагааг урьдчилсан байдлаар эхлүүлсэн боловч өнөөдрийг хүртэл гэрээг байгуулахгүй эс үйлдэхүй гаргаж байгаа нь манай компанийн эрх ашиг, сонирхлыг зөрчиж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд захиргааны үйл ажиллагаандаа баримтлах тусгай зарчмыг заасан бөгөөд 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.1.4-т “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэж тусгайлан зааж өгсөн.

Гэтэл захиалагч “Э” ТӨҮГ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар гэрээ байгуулах мэдэгдлийг “Х” ХХК-д өгсөн атлаа гэрээ байгуулах үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа нь дээрх хуульд заасан захиргааны байгууллагын “хууль ёсны итгэлийг хамгаалах” тусгай зарчимд нийцэхгүй байна.

Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Гомдлыг энэ хуулийн 55.2-т заасан хугацаанд шийдвэрлээгүй, эсхүл гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл тендерт оролцогч нь шүүхэд гомдол гаргаж болно.” гэж заасны дагуу шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т зааснаар “Э” ТӨҮГазрын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Д4-112-12/1... тоот “Гэрээ байгуулах эрх олгох тухай” шийдвэрийн дагуу нэхэмжлэгч “Х” ХХК-тай гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, “Өрмийн хошуу нийлүүлэх” гэрээ байгуулахыг даалгаж” өгнө үү.

“Х” ХХК нь “Э” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/2022..... дугаартай “Өрмийн хошуу нийлүүлэх” тендер сонгон шалгаруулалтад оролцож үнэлгээний хорооны шийдвэрээр шалгарч “Э” ТӨҮГ-тай 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 2022/125-10-2... дугаартай “Өрмийн хошуу нийлүүлэх гэрээ”-г байгуулснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага биелэгдээд байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.                                        

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “ХХХК нь “Э” ТӨҮГазарт холбогдуулан ““Э” ТӨҮГазрын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Д4-112-12/14.... тоот “Гэрээ байгуулах эрх олгох тухай” шийдвэрийн дагуу нэхэмжлэгч “Х” ХХК-тай гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, “Өрмийн хошуу нийлүүлэх” гэрээ байгуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчтай 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 2022/125-10-2.. дугаартай “Өрмийн хошуу нийлүүлэх гэрээ”-г байгуулсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлж, шүүхэд хүсэлтээ ирүүлжээ.  

Нэхэмжлэгч нь сайн дурын үндсэн дээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, энэ тухайгаа бичгээр илэрхийлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон

  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2, 66.3 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-ийн “Э” ТӨҮГазарт холбогдуулан гаргасан ““Э” ТӨҮГазрын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Д4-112-12/1..... тоот “Гэрээ байгуулах эрх олгох тухай” шийдвэрийн дагуу нэхэмжлэгч “Х” ХХК-тай гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, “Өрмийн хошуу нийлүүлэх” гэрээ байгуулахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

            5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч хариуцагч болон түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх бөгөөд захирамжид гомдол гаргах эрхгүй болно.

 

 

ШҮҮГЧ                  П.УУГАНЦЭЦЭГ