| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 183/2020/01299/И |
| Дугаар | 183/ШШ2020/01936 |
| Огноо | 2020-07-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 183/ШШ2020/01936
| 2020 07 09 | 183/ШШ2020/01936 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар .......... тоотод байрлах А ХХК /РД:......./-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн ............оршин суух Т овогт Г-ын Б /РД:.....т холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 27.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.О, хариуцагчийн өмгөөлөгч Д.Б /ШТЭҮД:0000/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч А ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Хариуцагч Г.Б нь А ХХК-д ажиллаж байх үедээ буюу 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр түрээсийн төлбөрөө төлөх шаардлагатай байгаа тул 27.000.000 төгрөгийн зээлийг 11 сар хүртэл олгож өгөөч гэсэн хүсэлтийг компанийн гүйцэтгэх захирал М хандаж гаргасан. Тус хүсэлтийг компанийн гүйцэтгэх удирдлагын зүгээс зөвшөөрч 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Г.Батбаатарын Худалдаа хөгжлийн банкин дахь дансанд 27.000.000 төгрөгийг компанийн данснаас шилжүүлж, хүүгүй зээл олгосон. Гэвч Г.Б нь өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй бөгөөд төлөхөөс зайлсхийж, энэ талаар холбоо тогтоож чадахгүй байгаа нь компанийн үйл ажиллагаанд хохирол учруулаад байна. Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бөгөөд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасны дагуу зээлдэгч Г.Б-ын гарагсан зээл хүсэх өргөдлийн дагуу дараа өдөр нь компанийн данснаас 27.000.000 төгрөгийг шилжүүлж, зээлийг олгосон болно. Тус зээл хүсэх өргөдлийг Г.Б нь А ХХК-ийн гүйцэтгэх захирал М.....................гэсэн цахим хаягт ирүүлсэн болно. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасныг үндэслэн А ХХК-ийн зүгээс 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр зээлсэн 27.000.000 төгрөгийг хариуцагч Г.Б-аас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Г.Б-ын шүүхэд урьд гаргасан хариу тайлбарыг дэмжиж хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: А ХХК-иас Г.Б-т холбогдуулан 27.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тус компанийн гүйцэтгэх захирлын 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 0000 дүгээр тушаалаар өөрийн хамаарал бүхий этгээдийн хүсэл зоригийг биелүүлэх үүднээс албан тушаалын байдлаа ашиглан тус компанийн зарим ажилтнуудын цалинг хуваарьт хугацаанд олгохоос татгалзсан, компанийн удирдлагуудтай удаа дараа зүй бусаар харьцаж, далайлган сүрдүүлсэн зөрчил гаргасан гэж үзэж хөдөлмөрийн гэрээгээр талууд харилцан тохиролцоогүй, ноцтой зөрчилд ямар зөрчилд хамааруулахыг тодорхойлоогүй, компанийн зүгээс ноцтой зөрчил гэж үзсэн бусад зөрчилд хамааруулан Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээг зөрчиж ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн болно. Ийнхүү уг асуудлаар анхан шатны шүүхэд хандсан бөгөөд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2020/0000 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүрэн хангаж, ажилгүй байсан хугацааны цалин шүүхийн шийдвэр гарах хүртэл 65.815.050 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн тул Г.Б би компаниас авлагатай болно. Мөн компани нь 2 хувьцаа эзэмшигчтэй ба нийт хувь нийлүүлсэн хөрөнгийн 50 хувийн хувьцааг А ХХК эзэмшдэг ба уг компанийн гүйцэтгэх захирал болон хувьцаа эзэмшигчийн албыг Г.Б хашиж байгаа. Үлдсэн 50 хувийн хувьцааг Сингапур улсын хуулийн этгээд болох А компани эзэмшдэг ба уг компанийн 100 хувийн буюу цор ганц хувьцаа эзэмшигч нь М юм. Тиймээс эдгээр хувьцаа эзэмшигчид нь хувьцаа эзэмшигчдийн адил тэнцвэртэй эрхээ хэрэгжүүлэх боломжийг хангахын тулд компанийн удирдлага, санхүүгийн үйл ажиллагааг ил тод, шударга, байнгын тасралтгүй байлгах, хэн хэндээ харилцан хяналт тавьж байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нэг хувьцаа эзэмшигчийг төлөөлж компанийн өдөр тутмын үйл ажиллагаа хариуцуулахаар гүйцэтгэх захирал М-г томилсон бол компанийн санхүү, захиргаа хариуцсан захирлаар хувьцаа эзэмшигч Г.Б намайг томилсон байдаг. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна гэж заасны дагуу компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг санхүүгийн жил дууссанаас хойш буюу компанийн дүрмийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт заасан хугацаа дууссанаас хойш 4 сарын дотор зарлан хуралдуулах хугацаа дуусгавар болсон байна. Тиймээс мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна, 59.5-т энэ хуулийн 59.4-т заасан хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл / байхгүй бол гүйцэтгэх удирдлга/-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болно гэж зааснаар гүйцэтгэх захирлын хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад бүрэн эрх дуусгавар болсон тул гүйцэтгэх захирал М-г компанийг төлөөлөх эрхтэй, компанийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзэх боломжгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах бөгөөд мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б, хариуцагч Г.Б нарт мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч болон хариуцагчийн өмгөөлөгч нараас тэдний эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б, хариуцагч Г.Б нарын эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Г.Б-аас зээлийн гэрээний үүрэгт 27.000.000 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэстэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч А ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай компани байх бөгөөд тус компанийн хувьцааны 50 хувийг Г.Б-ын хувьцааг нь эзэмшиж, гүйцэтгэх захирлаар ажилладаг Монгол Улсын А ХХК, үлдсэн 50 хувийн хувьцааг М хувьцааг нь эзэмшиж, гүйцэтгэх захирлаар ажилладаг Сингапур улсын А компани тус тус эзэмшихээр талууд 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн гэрээ байгуулж, компанийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцаж гүйцэтгэх захирлаар хувьцаа эзэмшигч М, компанийн санхүү, захиргаа хариуцсан захирлаар хувьцаа эзэмшигч Г.Б ажиллахаар харилцан тохиролцжээ.
Хариуцагч Г.Б нь А ХХК-ийн компанийн санхүү, захиргаа хариуцсан захирлаар ажиллаж байх явцдаа 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр түрээсийн төлбөрөө төлөх шаардлагатай байгаа тул 27.000.000 төгрөгийг зээлийн 2019 оны 11 дүгээр сар хүртэл олгож өгөөч гэсэн хүсэлтийг гүйцэтгэх захирал М гаргасныг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр зохигчдын хооронд 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ аман хэлбэрээр байгуулагдаж, нэхэмжлэгч А ХХК-иас 27.000.000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сар хүртэл хугацаатай, хүүгүйгүйгээр хариуцагч Г.Б-т зээлдсэн болох нь зохигчдын тайлбар, мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр нотлогдож байгаа, талууд энэ талаар маргахгүй байна.
Дээрх зээлийн гэрээ талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд зээлдүүлэгч нь мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлийн гэрээ байгуулсанд тооцох үндэслэлтэй.
Хариуцагч Г.Б нь дээрх зээлсэн 27.000.000 төгрөгийг төлж барагдуулаагүй байх ба гэрээний хугацаа 2019 оны 11 дүгээр сард дууссан тул нэхэмжлэгч А ХХК-иас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.
Хариуцагч Г.Б нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2020/0000 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч А ХХК-иас ажилгүй байсан хугацааны олговорт 65.815.050 төгрөг гаргуулж Г.Б-т олгохоор шийдвэрлэсэн тул тус компаниас авлагатай, Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-т энэ хуулийн 59.4-т заасан хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл/ байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуудахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болно гэж заасан тул А ХХК-ийн гүйцэтгэх захирал М нь компанийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхгүй, компанийг төлөөлөх эрхгүй этгээд байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.
Хариуцагчийн татгалзал үндэсгүй гэж шүүх дүгнэв.
Учир нь А ХХК-ийн санхүү, захиргаа хариуцсан захирлаар ажиллаж байсан Г.Б-ыг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлснийг эс зөвшөөрч ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж, зөрчигдсөн эрхийг сэргээлгэхийг хүссэн нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2020/0000 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1330 дугаар магадлалаар хянан шийдвэрлэжээ.
Энэхүү маргаан бүхий иргэний хэрэг нь А ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.Б-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 27.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт хамааралгүй, тухайн шүүхийн шийдвэрээр Г.Б нь нэхэмжлэгч А ХХК-иас авлагатай байгаа нь зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхээс татгалзах үндэслэл болохгүй юм.
Мөн нэхэмжлэгч А ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөө цагт 4 гишүүнээс бүрдсэн Төлөөлөн Удирдах зөвлөл ажилладаг болох нь компанийн дүрмийн 11.2.1, 11.2.2-т тусгагджээ.
Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-т зааснаар энэ хуулийн 59.4-т заасан хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдаагүй тохиолдолд тухайн компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болохоор байна.
Нэгэнт нэхэмжлэгч А ХХК нь Төлөөлөн удирдах зөвлөлтэй, Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт заасан заалт нь компанийн төлөөлөх удирдах зөвлөлд хамаарч байх тул уг заалтын дагуу гүйцэтгэх захирал М компанийг төлөөлөх бүрэн эрх дуусгавар болсон гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх боломжгүй юм.
Шүүхээс нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу хариуцагч Г.Б нэхэмжлэгч А ХХК-ийн захирал М .............. хаягтай цахим шууданд үзлэг хийхэд нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн хавтаст хэргийн 20 дугаар хуудсанд буй и мэйл буюу цахим шуудантай таарч байгаа боловч тухайн англи хэл дээр бичигдсэн баримтыг орчуулсан орчуулгыг нотариатаар батлуулаагүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй боловч хариуцагч талаас 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр түрээсийн төлбөрөө төлөх шаардлагатай байгаа тул 27.000.000 төгрөгийг зээлийн 2019 оны 11 дүгээр сар хүртэл олгож өгөөч гэсэн хүсэлтийг цахим шуудангаар илгээсэн талаар маргаагүй, үзлэг хийх явцад уг цахим шуудангийн хавсралтад хариуцагч Г.Б-ын М ХХК-тай байгуулсан орон сууц түрээсийн гурвалсан гэрээ хавсаргагдсан зэргээс үзэхэд Г. Б нь орон сууцны түрээсийн төлбөрөө төлөх шаардлагаар нэхэмжлэгч А ХХК-иас 27.000.000 төгрөгийг зээлсэн гэх зохигчийн тайлбарыг үнэн зөвд тооцох үндэстэй.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 292.950 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Б-с 27.000.000 /хорин долоон сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 292.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 292.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгосугай
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР