| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2024/0051/Э |
| Дугаар | 2024/ ШЦТ/63 |
| Огноо | 2024-01-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Нандинцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 2024/ ШЦТ/63
2024 01 18 2024/ШЦТ/63
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч: О.Нандинцэцэг,
хохирогч Д.Э,
шүүгдэгч Б.Б,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар,
нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат нарыг оролцуулан нарыг оролцуулан эрүүгийн 2311009451588 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Б овгийн Б.Б
Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, урьд 1998 оны 07 сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 337 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2-д зааснаар 1 жил хорих, 2018 оны 11 сарын 05-ны өдөр 779 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжээр торгох ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 04 дугаар сарын сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Этой такси үйлчилгээний төлбөрөөс болж маргалдан зодож улмаар түүний биед баруун хөлийн шаантын доод хэсгийн далд хугарал гэмтэл буюу эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 04 дугаар сарын сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт такси үйлчилгээнд явж байхдаа, үйлчлүүлж байсан хохирогч Д.Этой төлөх төлбөрийн хэмжээнээс болж хоорондоо маргалдан улмаар хөл рүү нь цохисны улмаас түүний биед баруун хөлийн шаантын доод хэсгийн далд хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:
- шүүгдэгч Б.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэмт буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,
- шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би прокурорын тогтоолтой танилцлаа. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Гэм буруугийн тал дээр маргалдах зүйл байхгүй” /хавтаст хэргийн 79 дүгээр тал/,
- хохирогч Д. Эын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр гэртээ байж байхад манай ээж Даваасүрэн Хайлаастайд байдаг гэрээс ирээд хөдөөгөөс ирсэн мах ав гэсний дагуу би ганцаараа гарсан юм. Тэгээд би гэрийнхээ ойролцоох автобусны буудлаас тоёота приүс 30 загварын тээврийн хэрэгсэлд таксинд суусан. Тэгээд би 17 дугаар сургуулийн буудал болон дарь эхийг холбосон шинэ засмал замаар хайлааст руу явж байгаад би найзтайгаа утсаар яриад явж байсан юм. Тэгээд 17 дугаар сургуулийн 4 замын уулзвар дээр ирэхэд тухайн залуу намайг жоохон зөөлөн яриач гэж хэлэхээр нь би өөрийгөө чих хатуу муу сонсголтой гэж хэлээд би таксины км нь хэдээр явж байна, мөнгө тааруухан байна шүү гэж асуусан. Тухайн үед тэр залуу надад хариулахдаа 2500 төгрөгөөр явж байна гэж хэлэхээр нь би уурлаж уурлаж юу гэж 2500 төгрөгөөр явдаг юм бэ гэхэд тухайн залуу нь шөнө 2500 төгрөгөөр явдаг юм пизда минь гэж хэлээд бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгээд явж байгаад Хайлааст руу өгсөх замд хийдийн ертөнцийн зүгээр баруун талд зогсоод тэр залуу бууж ирээд машины хойд талд сууж байхад цамцнаас боож татаж буулгаад, боогоод тавихгүй байхад намайг муу пизда минь гэж хэлээд баруун тийшээ хавсарч унагаагаад баруун талын хөлийн шилбэ хэсэг рүү өшиглөчихсөн. Тэгээд миний хөл өвдөөд газарт суугаад, ээж Даваасүрэнг дуудахад манай эхнэр Намжилмаа, дүү Оюуны хамт ирээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн үед түргэн ирж үзээд миний хөлийг хугарсан байна гээд Гэмтлийн эмнэлэг рүү авч явж үзүүлсэн. Тухайн хэрэг болохын маргааш нь буюу 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр чөмгөний хагалгаанд орсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дугаар тал/,
- гэрч О.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 04 дүгээр сарын 17-18-ны өдөр миний бие Согоот 116 дугаар чиглэл буюу Чингэлтэй дүүргийн 15, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр эргүүлийн цагдаа жолоочийн үүрэг гүйцэтгэсэн. Тухайн үед 2023 оны 04 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Хайлааст руу өгсөөд зам дагуу таксины жолоочид зодуулчихлаа гэх дуудлага мэдээлэлд очиж ажилласан. Тухайн үед очиход 0000 УЕМ улсын дугаартай тоёота приус 30 загварын тээврийн хэрэгсэл замынхаа хажуу талд зогсож байсан ба иргэн Д.Э нь тухайн тээврийн хэрэгслийн жолоочид зодуулж хөл хугарчихлаа гээд машиных 'нь хойд талд сууж байсан. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч нь Б.Б гэж иргэн байсан ба Д.Эыг нийслэлийн түргэн тусламжид дуудлага өгч үзүүлэхэд, хөл нь хугарчихсан байна гээд гэмтэл согог судлалын үндэсний төв рүү аваад явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр тал/,
- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.Ариунзулын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн №6087 дугаартай “...Д.Эын баруун хөлийн шаантын доод хэсгийн далд хугарал тогтоогдов. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 27-28 дугаар тал/ зэргээр хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Иймд шүүгдэгч Б.Бын 2023 оны 04 дугаар сарын сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт такси үйлчилгээнд явж байхдаа үйлчлүүлж байсан хохирогч Д.Этой төлөх төлбөрийн хэмжээнээс маргалдан, улмаар шууд санаатайгаар хөл рүү нь цохиж хохирогчийн эрүүл мэндийн аюулгүй байдалд нь халдаж бие махбодид нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан тул гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Шүүгдэгч Б.Бад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл бадал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо бүрэн барагдуулсан хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын 1000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр ял шийтгэлийг оногдуулах нь тохирно гэж үзэн өөрийнх нь санал орлого олох боломжийг нь харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож шүүх шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Б.Б нь хохирогч Д.Эт хохирол төлбөрт 600.000 төгрөг төлж барагдуулсан ба хохирогч Д.Э нь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай буйгаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх тул түүнийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Баас 1.311.100 төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын санд олгож, 3 сарын хугацаанд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Быг 1000 /мянган/ нэгж буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Б.Быг торгуулийн ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баас 1.311.100 /нэг сая гурван зуун арван нэгэн мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын санд олгож, 3 /гурав/ сарын хугацаанд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Хохирогч Д.Э нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Бад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ