Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2024/ ШЦТ/120

 

 

 

 

 

 

    2024        02          09                                   2024/ШЦТ/120

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч О.Дэлгэрцэцэг,

шүүгдэгч Б.С,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат нарыг оролцуулан тус шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2411000000096 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

М овогт Б.С

Монгол Улсын иргэн, 1982 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, эхнэр, 3 хүүхдийн хамт, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч Б.С нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ :

Гэм буруугийн талаар :

Шүүгдэгч Б.С нь 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бодь даатгал” ХК-ийн андуурч дахин шилжүүлсэн 1.550.000 төгрөгийг өөрийн Хаан банкны ........ дугаартай дансаар хүлээн авч төлбөр тооцооны алдаатай гүйлгээний улмаас өөрийнх нь эзэмшилд орж ирснийг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь  шүүгдэгчийн үйлдсэн хэргээ мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/, хохирогч Б.Аийн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/, гэрч Г.Дийн мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/, гэрч Г.Аын мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/, шүүгдэгч Б.Сийн эзэмшлийн Хаан банкны ......... дугаартай харилцах дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 35 дахь тал/, шүүгдэгч Б.Сийн эзэмшлийн Хаан банкны дугаартай харилцах дансны хуулга /хавтаст хэргийн 45-62 дахь тал/  зэрэг нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

            Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

            Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа  гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах , хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй  болно .

            Энэ хэргийн улмаас хохирогч Б.Ад учирсан хохирлыг шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны үед төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв .

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар :

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Прокурорын санал, шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг тус тус харгалзан түүнд шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шүүх тогтоов.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар :

Шүүгдэгч Б.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй , хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ :

        1. Шүүгдэгч М овогт Б.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

        2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Сийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар Б.Сид шүүхээс оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Сид сануулсугай.

          4. Шүүгдэгч Б.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай .

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан , эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах , улсын яллагч , дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол   гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй .

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    С.БАТГЭРЭЛ