Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2020/02392

 

2020 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2020/02398

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэгийг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: У ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөрийн урьдчилгаанд төлсөн 1,540,000 /нэг сая таван зуун дөчин мянган/ төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А, хариуцагч байгууллагын төлөөлөгч Л.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч У ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр нэг талаас У ХХК, нөгөө талаас С ХХК нар вэбсайт шинэчлэх ажил гүйцэтгэх 02/274 тоот гэрээг байгуулсан. Энэ гэрээгээр ажил гүйцэтгэгч С ХХК нь манай компанийн USCC.mn вэбсайтыг хэлэлцэн тохиролцсоны дагуу шинэчлэн засварлах ажлыг 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүртэл нийт 31 хоногт хийж гүйцэтгэх байсан. Гэрээгээр тохирсон ажлын нийт төлбөр нь 2,000,000 төгрөг бөгөөд, манай компани гэрээ байгуулагдсанаас хойш 7 хоногийн дотор буюу 4 дүгээр сарын 05-ны өдөр урьдчилгаа 70 хувь болох 1,540,000 төгрөгийг С ХХК-ийн Голомт банк дахь харилцах дансанд шилжүүлсэн. Үүнээс хойш гэрээгээр хүлээсэн ажлаа хийж байгаа эсэхийг асуухаар удаа дараа залгахад Л.А нь утсаа авахаа больсон, компанийнх нь 77119171 дугаарын утасны орох ярианы эрх нь хаагдсан байсан. Ингээд бид гэрээнд бичигдсэн байсан тус компанийн ажлын хаягаар хайсан боловч олдоогүй ба, манай компанийн хариуцагчтай гэрээ байгуулсан ажилтан Л.Аийг тань мэдэх хүнээс нь лавлаж асуухад үйл ажиллагаа явуулахаа больсон, улмаар компани нь хоёр хуваагдсан гэсэн мэдээллийг өгсөн. Бид хариуцагчийг манай компанитай хамтран ажиллаж байсан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, гэрээ байгуулах замаар манай компанийг залилан мэхэлж 1,540,000 төгрөгийг авсан байна гэж үзэн цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, улмаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэн бүтэн жилийн хугацаанд Л.Аийг хайж шалгасан. Үүний дүнд С ХХК-ийн захирал Л.А нь манай компанид 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр гэрээний дагуу ажлаа хийж гүйцэтгэж өгье гэсэн хүсэлт гаргаснаар бид уулзалт хийж, түүний хүсэлтийг хүлээн авч, гэрээний дагуу ажил гүйцэтгэхэд шаардлагатай холбогдох материалыг хүлээлгэн өгч, улмаар 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр шинэчлэн засварласан вебсайтаа хүлээн авахаар тохиролцсон. Гэвч С ХХК тохиролцсон хугацаанд ажлаа хийж гүйцэтгээгүй. Бид хангалттай нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч дахин үүргээ зөрчсөн тул гэрээнээс татгалзаж, урьдчилж төлсөн 1,540,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж байна.

Манай компани одоо ашиглаж байгаа веб сайтаа хариуцагч байгууллагаар хийлгэсэн. 2015 оноос хойш засвар үйлчилгээгээ хийлгэж байсан. Бүтэн 4 жил хамтарч ажиллаж байсан. 3 дугаар сард сайтаа шинэчлүүлэхээр манай ажилтан Б.М нь хариуцагч байгууллагын захирал Л.Атай уулзаад албан ёсоор 4 хуудас баримтаа өгсөн байсан. Энэ нь үзлэгийн тэмдэглэлээр нотлогдоно. Л.А Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж байхдаа 70 хувь нь хийгдсэн. 30 хувь нь үлдсэн. Тэр нь зөвхөн сайт дотор орох мэдээлэл байгаа гэдэг тайлбар өгсөн байдаг. Ажлаа хийсэн бол манайд хүлээлгэж өгөх хэрэгтэй. Сүүлд Л.Атай уулзахад Б.Маас өгсөн загварын дагуу ажлаа хийсэн. Дотор нь орох мэдээллээ өгчихвөл ажлын 5 хоногийн дотор хийгээд өгье гэсэн учраас 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн дотор ажлаа дуусгаад өг гээд нэмэлт хугацаа өгсөн. 2020 оны 5 дугаар сарын 20-нд 27 хуудас шаардлагатай мэдээллүүдээ өгсөн. 2020 оны 5 дугаар сарын 20-нд мэдэгдэл хүргүүлж, 29-нд хугацаа дууссан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. гэв.

Хариуцагч С ХХК-ийн төлөөлөгч Л.А шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Манай компани 2015 оноос хойш У ХХК-тай хамтран ажиллаж, 4 удаа гэрээт ажил гүйцэтгэн ямар нэгэн алдаа дутагдалгүй ажлаа чанартай хийж гүйцэтгэж байсан. 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан гэрээт ажлыг захиалагч тал шаардлага тодорхойлох баримт бичгийг огт бөглөж өгөхгүй байсаар хийх ажил нь тодорхойгүйн улмаас манай тал хийж гүйцэтгэх боломжгүй болж зогссон. Гэрээт ажлыг тус компанийн менежер ажилтай Б.М хариуцан ажиллаж байсан бөгөөд, веб сайт хийх тухай мэдлэггүй байсан тул манай талаас заавар зөвлөгөө өгч байсан ч шаардлага тодорхойлох баримтаа бөглөж өгөх, контент мэдээллээ өгөх тухай шаардахад өгөхгүй удаа дараа хойшлуулсаар гэрээний хугацааг дуусгасан. Улмаар ажлаас гарч захиалагч тал Б.Мын ажлыг хийх шинэ хүн томилж өгөөгүй учраас бүрэн зогссон. Энэ нь гэрээний 4.4 дэх заалт болох 3 хоногийн дотор эхлэх контентын мэдээллийг өгөх заалтыг зөрчсөн. Мөн гэрээний 9.3-т заасан шаардлагатай мэдээллээ өгөхгүй 3 сар болбол ажлыг дуусгавар болно гэсэн заалтын дагуу дуусгавар болсон гэж манай тал үзсэн. Тус хугацаанд захиалагч талаас гэрээний 10.5 дахь заалтын дагуу бичгээр болон и-мэйл хаягаар ямар ч хүсэлт, санал гомдол, шаардлага ирээгүй. Манай компани үйл ажиллагаа хэвийн явуулж байсан бөгөөд, 2016 оноос хойш хаягаа солиогүйг түрээсийн гэрээ болон сүүлд төлбөр төлсөн баримт, шуудангаар хүлээн авсан захиагаар, 2019 оноос хойш компанийн дүрэмд өөрчлөлт ороогүйг компанийн нотариатаар баталгаажуулсан гэрчилгээнээс харж болно.

Гэтэл тус компани өөрсдийн бурууг үл тоон цагдаагийн байгууллагаар шалгуулсан бөгөөд, мэдээллээ өгсөн гэж илт худал мэдүүлэг өгсөн. Хуулийн байгууллагын шалгах явцад мэдээллээ өгөөгүй нь тогтоогдоход Б.М худал хэлсэн байх гэж мэдүүлгээс буцсан. Б.Мтай манай талын хүсэлтээр нүүрэлдэн мэдүүлэг өгч, манай хийсэн ажил, огт бөглөөгүй шаардлага тодорхойлох баримтыг үндэслэн энэ хэрэг хэрэгсэхгүй болж хаагдсан. Хэрэгсэхгүй болсны дараа захиалагч тал манайд удаа дараа хүсэлт тавьж ажлаа үргэлжлүүлье ирж уулзаач гэж байнга дуудах болсон. Манай тал олон жилийн хамтын ажиллагаа, хоёр талаа хохиролгүй болгох үүднээс 3 сарын 02-нд албан бичиг өгч ажлаа үргэлжлүүлэхээр тохирон маркетинг, хуулийн хэлтэс, мэдээллийн технологийн хэлтсийн ажлын хэсэгтэй уулзан, нүүр хуудас, үзэх 6 хуудас хийсэн ажлаа танилцуулж веб сайтад орох мэдээллээ өгвөл ажил дуусахад бэлэн болсон тухай хэлж 7 хоногийн дотор мэдээлэл авахаар тохирсон. Мэдээлэл оруулахаас бусад ажлаа хийж гүйцэтгэсэн веб сайтыг www.greatempire.mn/new гэсэн хаягт онлайн байршуулж мэдэгдсэн. Гэтэл захиалагч тал 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл огт мэдээллээ өгөхгүй ажил ихтэй байна, манай компанийн ой болж байгаа... гэх мэт шалтгаан хэлсээр, хариуцан ажиллаж байсан Ш.А нь амралтаа авч, энэ ажил мөн хариуцах хүнгүй болсон. Энэ хугацаанд манай тал мэдээллээ яаралтай явуулахыг захиалагч талд удаа дараа мессеж бичиж, утсаар ярьж нэхэж шаардаж байсан. Улмаар 5 дугаар сарын 20-ны албан бичгийг 22-нд гэрээний үнийн дүнг өөрчлөх санал тавьсан нь гэрээний 10.5 дахь 5 хоногоос доошгүй хоногийн өмнө мэдэгдэнэ гэсэн заалтыг зөрчсөн ба, эхлэх контентоо өгөхгүй байгаа нь гэрээний 4.4 дэх заалт, мэдээлэл өгөхгүйгээр ажил явцыг алгассан нь гэрээний 3 дугаар хэсгийн ажил гүйцэтгэх дарааллын бүхий л заалтыг зөрчсөн үйлдэл болсон. Манай тал захиалагч талаас шаардлага тодорхойлох баримтаа бүрэн бөглүүлж аваагүй, эхлэх контентоо аваагүй, мөн албан бичгийн хариуг 5 хоног дотроо авч чадаагүй учраас ажлыг үргэлжлүүлэх боломжгүй болсон. Одоо албан бичиг өгснөөс хойш 3 сар нэгэнт өнгөрсөн учраас гэрээний 9.3 дахь заалтын дагуу гэрээт ажил дуусгавар болсон.

УХХК-иас н.Ш, Б гэдэг хүмүүс ирж байсан. Энэ гэрээг харин байгуулахад н.Мөнхбат гэж хүн ирээд, надар нүүр хуудасны загвар, үзэх хуудасны загвар гэсэн 2 материал өгсөн. Англи монгол 2 хэл дээр хийхээр тохирсон боловч нэг ч ширхэг контент өгөөгүй. Манайх нэг ч удаа шүүхээр орж байгаагүй. Улсад 3-т орох 10 жилийн туршлагатай компани. 2019 оны 5 дугаар сарын 01-ээс 05-ны хооронд УХХК-ийн нягтлангаас хүссэний дагуу 154,000 төгрөгийн НӨАТ-ын баримтыг илгээсэн. Захиалагч талаас манай талыг гэрээний 10 дугаар зүйл заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа. Гэтэл өөрсдөө 3.1-т заасан шаардлага тодорхойлох баримтуудаа өгөөгүй, 3.2, 4.4 дэх заалтыг зөрчсөн. Манай компаниас Б.Мыг томилж өгөөч гэсэн хүсэлт гаргаж байгаагүй. Б.М нь ямар ч шийдвэр гаргах эрх мэдэлгүй хүн байсан. Бид захиалагч талд удаа дараа шаардлага тавьж байгаад гэнэт 2020 оны 5 дугаар сарын 11-нд З.Энхтулга над руу залгаад манай захирал уурлаад байна. Энэ ажил 3 сар боллоо. 5 сардаа дуусгах хэрэгтэй байна гэж хэлсэн. Ш.А, З.Э  нарт шаардлага хүргүүлж байсан боловч биелүүлдэггүй байсан. Гэрээний 9.3-т гэрээг цуцлах талаар хэлсэн. Би 3 сард уулзахдаа танайх материалаа өгөөгүй. Энэ гэрээ дуусгавар болсон гэж хэлж байсан. Албан бичиг нь шууд тулгасан шинжтэй байсан. 10.3-д гэрээнд нэмэлт оруулах талаар заасан боловч манайх нэмэлт гэрээ байгуулсан гэж тохироогүй байхад Ш.А нэмэлт гэрээ байгуулсан гэж ярьж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч УХХК нь хариуцагч С ХХК-д холбогдуулан, тус компанийг гэрээгээр тохирсон ажлыг заасан хугацаанд хийж гүйцэтгээгүйн улмаас гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт төлсөн 1,540,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, гүйцэтгэх ажлын талаар бүрэн мэдээлэл өгөх үүргээ биелүүлээгүй захиалагч талаас шалтгаалан гэрээ дуусгавар болсон гэж тайлбарлан маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Талуудын хооронд 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 02/274 тоот Ажил гүйцэтгэх гэрээ бичгээр байгуулагдаж, С ХХК нь УХХК-д веб сайт шинэчлэн засварлах ажлыг 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл нийт 31 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэн хүлээлгэж өгөхөөр тохирч, захиалагч нь Дизайн батлах хуудас-нд гарын үсэг зурснаас хойш ажлын 14 хоногт гүйцэтгэгч веб сайтыг бэлэн болгон ажиллуулж турших, мөн гүйцэтгэгч талын гаргаж өгсөн Шаардлага тодорхойлох баримт-ыг захиалагч тал үнэн зөв бөглөж өгснөөр захиалагчийн хүссэн веб-ийн төсөөллийг бий болгох, улмаар ажлыг хийж гүйцэтгэх шат дарааллыг тодорхойлон, гэрээт ажлын төлбөр 2,000,000 төгрөг ба, захиалагч тал ажлын урьдчилгаанд төлбөрийн 70%-ийг гэрээ байгуулагдсанаас хойш 7 хоногийн дотор гүйцэтгэгч талд шилжүүлж, ажлыг хүлээн авсны дараа үлдэгдэл 30%-ийн төлбөрийг төлөх зэргээр харилцан тохиролцсон, тэдний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна. /ХХ 7-12/

Зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдал, ерөнхий нөхцөл болон үнийн талаар маргахгүй боловч, гэрээт ажлыг гүйцэтгэх хугацаа, ажлын гүйцэтгэл болон, талуудын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэх талаар харилцан өөр тайлбар гаргаж маргасан.

Тодруулбал: Нэхэмжлэгч УХХК-ийн хувьд ...ажил гүйцэтгэх хугацааг гэрээнд тодорхой заасан ба, шинэчлэн засварлуулах веб сайтыг хариуцагч тал хийж гүйцэтгэсэн, гэрээг бичгээр байгуулахын өмнө ярилцаж тохирсны дагуу жишээ 4 хуудас загвар явуулснаар гэрээний 3.2-т заагдсан шаардлага тодорхойлох баримтыг бөглөхөөр тусгасан нөхцөл биелэгдсэн гэж үзсэн, мөн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гэрээт ажлыг хийж дуусгахаар нэмэлт хугацаа тогтоосон боловч энэ хугацаанд үүргээ биелүүлээгүй учир гэрээнээс татгалзсан... гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бол,

Хариуцагч С ХХК-ийн зүгээс ...захиалагч тал шаардлага тодорхойлох баримтыг гүйцэтгэгчид бүрэн бөглөж өгөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хариуцсан ажилтан нь веб сайтын талаар мэдлэггүй, хариуцсан ажилтан солигдсон талаар гүйцэтгэгч талд мэдэгдээгүй зэргээр гэрээний 4.4, 9.3 дахь хэсэг зөрчигдөж, гэрээ дуусгавар болсон..., 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр гэрээг биелүүлэхээр нэмэлт мэдээллийг захиалагчаас шаардсан ч хэрэгтэй мэдээллүүдийг ирүүлээгүй, веб сайтын контентыг гүйцэтгэгчид хүлээлгэж өгөөгүй, гэрээгээр тохирсноос өөр ажил хийж гүйцэтгэхийг тулган шаардсан учир биелүүлэх боломжгүй болсон... хэмээн тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Талууд гэрээ байгуулахаас өмнө 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр болон, гэрээ байгуулснаас хойш 2019 оны 4 дүгээр сарын 01, 29-ний өдрүүдэд хоорондоо цахим шуудангаар харилцаж, захиалагч талыг төлөөлөн гэрээ байгуулсан ажилтнаас гэрээний дагуу гүйцэтгэх ажилтай холбоотой 4 хуудас бүхий мэдээлэл, загварыг хүргүүлсэн байх бөгөөд, үүнийг гүйцэтгэгч талын захирал хүлээн авч, тэдгээр баримтуудын дагуу дизайн гарган, код бичсэн болохоо шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарласан.

Гэрээний дагуу гүйцэтгэх ажлыг тодорхойлох Шаардлага тодорхойлох баримт үйлдээгүйгээс талууд хэн аль нь уг баримтыг баталгаажуулахаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас ажил гүйцэтгэх дараалал /Гэрээний 3 дугаар зүйл/ алдагдаж, маргаан бүхий гэрээний 2.3, 2.4 дэх хэсэгт заасан шаардлага тодорхойлох баримт бичгүүд хүчин төгөлдөр болоогүй байна.

Харин захиалагч талаас 4 хуудас бүхий мэдээллийг гүйцэтгэгчид хүргүүлсэн талаар зохигчид маргаагүй, уг мэдээллийн дагуу дизайн гаргасан тухай хариуцагчийн төлөөлөгч тайлбарлаж байх тул Гэрээний 3.2 дахь хэсэгт заасан ...Захиалагчийн хүссэн вебийн төсөөлөл бий болсон гэж үзэх үндэслэлтэй ба, хийсэн гэх ажлын гүйцэтгэлийг гүйцэтгэгч тал захиалагчид хүлээлгэж өгөөгүй байна.

Иргэний хуулийн 350.1.3 дахь хэсэгт зааснаар ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөхөөр ажил гүйцэтгэгчээс үл хамаарах ямар нэг нөхцөл байдал бий болсон тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэг хүлээх бол, мөн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.4 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгчийн тавьсан шаардлагын дагуу чанар муутай буюу шаардлага хангахгүй материалыг сольж өгөх, ...ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөх бусад нөхцөл байдлыг арилгах талаар өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ авах үүргийг захиалагч хүлээнэ.

Талууд аль аль нь хариуцлагагүй хандсаны улмаас Шаардлага тодорхойлох баримт баталгаажаагүй байх боловч, захиалагчийн зүгээс хүргүүлсэн мэдээлэл загварын дагуу гүйцэтгэгч тал тодорхой дизайн гаргаж, код бичсэн ч түүнийгээ захиалагч талд хүргүүлээгүй, гэрээт ажлын гүйцэтгэлтэй холбоотой буюу, хариуцсан ажилтантай холбоотой үүссэн асуудлын талаар захиалагч байгууллагад мэдэгдээгүй нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3 дахь хэсэгт заасны дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

Маргаан бүхий гэрээний хугацаа 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр дуусаж, талууд ажлын гүйцэтгэл хүлээлцээгүй, ажил гүйцэтгэх гэрээ биелэгдээгүй, улмаар УХХК нь С ХХК-ийн захирал Л.Ат холбогдуулан 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргаж, гомдлын дагуу шалгаснаар 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 294 тоот Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай Чингэлтэй дүүргийн прокурорын газрын прокурорын тогтоолоор Л.Ат холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн, хаажээ. /хх-119-121/

Улмаар талууд 2020 онд маргаан бүхий гэрээт ажлыг гүйцэтгэх талаар дахин харилцан тохиролцож нэмэлт хугацаа тогтоосон талаар зохигчид тайлбарлах бөгөөд, нэмэлт хугацаанд ажил гүйцэтгэгчийн зүгээс захиалагчид хугацаа зааж, гэрээний дагуу Шаардлага тодорхойлох баримт, веб сайтад орох контент бүхий мэдээлэл ирүүлэхийг мэдэгдсэн боловч, захиалагч уг хугацааг хэтрүүлэн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр бүгд 27 хуудас бүхий мэдээллийг цахим шуудангаар хүргүүлсэн болох нь талуудын харилцан цахим шууданд шүүхийн журмаар хийсэн үзлэг болон, гэрч З.Энхтулгын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна.

Хариуцагч С ХХК-ийн төлөөлөгчөөс УХХК-ийн нэмж хүргүүлсэн дээрх 27 хуудас бүхий материалууд нь ...анхны өгсөн 4 хуудас бүхий загвараас өөр, мөн контент ирүүлээгүй, захиалагчаас гэрээнд өөрчлөлт оруулахаар тулгасан учраас гэрээг биелүүлэх боломжгүй болсон... гэж тайлбарласан.

Нэгэнт гэрээний хугацаа дууссанаас хойш С ХХК нь ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээгүй биелүүлээгүй бөгөөд, УХХК-ийн зүгээс нэмэлт хугацаа олгосон ч ажлын гүйцэтгэлийг захиалагч талд хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол 225, 226 заасан үндэслэл журмын дагуу гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасны дагуу хариуцагчаас 1,540,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримтлан С ХХК-иас 1,540,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч УХХК-д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39,590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 39,590 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.САРАНТУЯА