| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2024/0074/Э |
| Дугаар | 2024/ ШЦТ/87 |
| Огноо | 2024-01-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Очгэрэл |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2024/ ШЦТ/87
2024 01 29 2024/ШЦТ/87
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Б.Очгэрэл,
шүүгдэгч Н.Д,
нарийн бичгийн даргаар Б.Цэрэнбат нарыг оролцуулан эрүүгийн 2311000001557 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Ц овогт Н.Д
Монгол Улсын иргэн, 2002 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, Халх, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ... ажилтай, ам бүл 4, ээж, дүү нарын хамт, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй.
Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Н.Д нь 2023 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “17” клубт тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Н.Ны биед халдаж, эрүүл мэндэд нь “духны ясны зүүн хөндийн хана, зүүн ухархайн дээд, дотор, доод ханын хугарал, дух, зүүн хөмсөг, дээд доод зовхи, хацрын хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хөмсөг, хацарт шарх гэмтэл" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт
Шүүгдэгч Н.Д нь 2023 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “17” клубт тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Н.Ны биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт нь хавтас хэрэгт бичгээр авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- хохирогч Н.Ны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр найз А бид хоёр орой 23 цагийн үед Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах “17 клуб” нэртэй баар луу орж хүний нэг нэг шил пиво захиалаад ууцгааж бүжиглэцгээсэн юм. Удаагүй манай хоёр найз Ө, С хоёр ирээд цуг ширээн дээр сууцгаасан бөгөөд шөнө яг хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна. А бид хоёр бүжгийн талбай дээр бүжиглэж байхад миний ард бүжиглэж байж байсан 25-30 насны орчим нэг цагаан майктай залуу ардаас түлхээд бид хоёр маргалдсан. Тэгсэн чинь намайг боогоод би зөрүүлж заамдаад бид хоёр зууралдсан юм. Тэгсэн хажуугаас А өмөөрч орж ирээд тухайн залуугийн найзууд бололтой 2-3 залуу мөн адил зууралдсан ба бид нар хоорондоо зодолдсон юм. Тэгсэн надтай анх маргалдсан залуу намайг хойноос боохлоор нь би босож ирээд ширээн дээр байсан пивоны шил аваад цохих гээд далайгаад айлгасан чинь тухайн залуутай хамт явж байсан өөрөөс нь арай дүү сүүлд сонсоход, Д гэдэг залуу пивоны шил аваад над руу шидсэн чинь миний зүүн нүд хэсэгт оноод хагарсан юм..., ...Д гэдэг залуу пивоны шил аваад над руу шидсэн чинь миний зүүн нүд хэсэгт оноод хагарсан, тэрнээс биш өөр хэн нэгэн миний биед цохиж халдсан зүйл байхгүй. Тухайн үед миний зүүн нүд хавдаад юм харахгүй байсан.Тухайн үед миний хажууд Ө, С, найз нар харж байсан энэ хоёр хоёулаа ар*и согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Мөн бааранд үйлчлүүлж байсан , хүмүүс байсан..., Би тухайн хэрэг болсон өдөр Гэмтэл Согог Судлалын Үндэсний: төвд очиж зүүн нүдний хөмсөг хэсэгт 5-6 оёдол, доод зовхины доод талд 2 оёдол тавиулсан. Маргааш нь би Гэмтлийн эсрэг талд тархины зураг өөрийнхөө мөнгөөр авхуулсан, мөн 4-5 хоногийн дараа Болор мэлмий эмнэлэгт үзүүлэхэд эмч нь чиний зүүн нүдний хараа өөрчлөгдсөн байна, цус хуралт нь буухаар 14 хоногийн дараа дахиж ирж үзүүлээрэй гэж хэлсэн..., ...би зодуулсандаа гомдолтой байна, өөрөөсөө нийт 245,000 төгрөг гаргасан, уг мөнгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10, 12-13 дахь тал/,
- гэрч Ц.Хын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ц, Д бид гурав тухайн шөнийн цэнгээний газар луу орж хүний нэг нэг шил “Сэнгүр” нэртэй пиво захиалаад ууцгаагаад бүжиглэж байхад шөнө цагийг нь сайн санахгүй байна, би бүжгийн талбайд бүжиглэж байхад 20-25 насны орчим туранхай үл таних нэг залуу над дээр ирээд надад үг хэлээд байсан. Тухайн үед дуу чимээ ихтэй байсан учир сонсоогүй. Д дүү бид хоёр дээр ирээд тухайн залуутай юм яриад байсан сүүл рүүгээ тэр залуу Д руу давшлаад байхаар нь би дундуур нь ороод тухайн залуугийн хоолойноос боосон чинь намайг бас заамдаад авсан. Тэгсэн хажуугаас Ц, бүжгийн талбайд бүжиглэж байсан 2-3 залуучууд салгах гээд зууралдсанаа санаж байна, тэгээд юу болсон талаар санахгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/
- гэрч Э.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...шөнө 01 цагийн үед гэж бодож байна, би суудал дээр сууж байхад Н.Н бүжгийн талбайд 25-30 орчим насны 4-н залуутай муудалцаад нэг залуутай нь зууралдаад зогсож байхаар нь би салгах гээд очтол зууралдаж байсан залуу нь миний нүүрэн тус газарт цохиод авсан, би тэгэхээр нь зөрүүлээд цохилцсон ба тэр дунд өндөр залуу сүүдл сонсоход Д гэдэг залуу миний уруул руу цохиод авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22дахь тал/,
- шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийН шинжилгээний шинжээчийн 12866 дугаартай “1 .Н.Нийн биед духны ясны зүүн хөндийн хана, зүүн ухархайн дээд, дотор, доод ханын хугарал, дух, зүүн хөмсөг, дээд доод зовхи, хацрын хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хөмсөг, хацарт шарх гэмтэл тогтоогдлоо, Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна, З.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дэх тал/ зэргээр хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Н.Дын 2023 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “17” гэх нэршилтэй шөнийн клубт тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Н.Нтай маргалдан өөрийн хийж буй үйлдлээ бүрэн ухамсарлан, эрүүл мэндэд нь халдаж зодсон үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас биед нь баруун нүдний зовхи зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл учрахад зориуд хүргэсэн нийгэмд аюултай гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив, субьектив талын шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг гэмт буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч Н.Дад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл бадал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлийг оногдуулж, уг ялыг найман цагаар хийлгэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар
Энэ хэргийн улмаас хохирогч Н.Н нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол төлбөрт 245.300 төгрөгийг нэхэмжилсэн, хавтас хэрэгт холбогдох баримт нь авагдсан байх тул шүүгдэгч Н.Даас гаргуулж, хохирогч Н.Нд олгуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Уг хохирлыг шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан хохирогчид хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар шүүх тогтоов.
Хохирогч Н.Ны эрүүл мэндэд учирсан хор уршигт цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгааг илэрхийлсэн байх тул холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.
Иргэний нэхэмжлэгч нь хохирогч Н.Ны эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 208.000 төгрөг зарцуулсныг нэхэмжилсэн ба шүүгдэгч Н.Даас гаргуулахаар шийдвэрлэж, өөрийнх нь саналыг харгалзан 5 сарын хугацаанд төлж барагдуулахаар шүүх тогтоов.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт Н.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Дыг 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Дад оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар хийлгэхээр тогтоож, хэрэв биелүүлэхээс зайлсхийвэл хорих ялаар солих болохыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Даас нийт 245.300 /хоёр зуун дөчин таван мянга гурван зуун/ төгрөгийг гаргуулан, хохирогч Н.Н-д олгож, 3 /гурав/ сарын хугацаанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Хохирогч Н.Н нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмт хорын хохирол болох цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Даас 208.000 /хоёр зуун найман мянган/ төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын санд олгож, 5 /тав/ сарын хугацаанд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Дад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ