| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2024/0007/Э |
| Дугаар | 2024/ ШЦТ/64 |
| Огноо | 2024-01-18 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Батзаяа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 2024/ ШЦТ/64
2024 01 18 2024/ШЦТ/64
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Ц.Батзаяа,
хохирогч Б.М /цахимаар/,
шүүгдэгч Б.О,
нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат нарыг оролцуулан нарыг оролцуулан эрүүгийн 2311000001532 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Б ургийн овогт Б.О
Монгол Улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, Хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, аав, ээж, 2 ах, эгчийн хамт, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.О нь 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 17 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо РС mall төвийн ар хэсэгт байрлах 13 дугаар байрны хажуу талд байран дундуур тээврийн хэрэгсэл зорчих хэсэгт машинтай явж байхдаа Б.Мтэй зам хаалаа гэх шалтгаанаар хоорондоо маргалдаж улмаар Б.Мийг жирэмсэн гэдгийг мэдсээр байж түүний зүүн хацар луу нэг удаа алгадаж, шилэн хүзүү хэсгээс нь гараараа чанга атгаж, түлхэж түүний эрүүл мэндэд нь тархи доргилт, 28 долоо хоногтой жирэмсэн, завдаж буй зулбаа бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт:
Шүүгдэгч Б.О нь 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 17 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “РС mall” үйлчилгээний төвийн ар хэсэгт байрлах 13 дугаар байрны хажуу талд байран дундуур тээврийн хэрэгсэл зорчих хэсэгт машинтай явж байхдаа хохирогч Б.Мтэй зам хаалаа гэх шалтгаанаар хоорондоо маргалдаж улмаар Б.Мийг жирэмсэн гэдгийг мэдсээр байж түүний зүүн хацар луу нэг удаа алгадаж, шилэн хүзүү хэсгээс нь гараараа чанга атгаж, түлхэж түүний эрүүл мэндэд нь тархи доргилт, 28 долоо хоногтой жирэмсэн, завдаж буй зулбаа бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг,
- шүүгдэгч Б.Оын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгж зогсоод 20 секунд болсон байх, би найз охиноо буугаад каргоноос юмаа авчих гээд буулгасан. Харин нөгөө эмэгтэй машин дотроосоо гараараа тэнэг гэж дохиод байсан. Тэгээд тэр эмэгтэй гарч ирээд жолооч талд хүрээд ирэхээр нь би цонхоо буулгасан чинь "Ухрахын хооронд яагаад байгаа пизда вэ" гэхээр нь би “... Яасан гэнэ ээ" гэсэн. Тэгсэн чинь тэр эмэгтэй муу халтар банди минь, хар гичий минь" гэснээ шууд жолоочийн талын цонхыг гараараа хүчтэй цохисон. Би машинаасаа гараад "Яагаад байгаа юм бэ" гэсэн чинь яасан ч яадаг юм гээд шууд намайг алгадсан. Алгадахаар нь би "Хүн цохих хуультай шүү" гэсэн чинь тэр эмэгтэй миний хөл рүү өшиглөх гэж дайраад, дахиж алгадах гэж дайраад байсан. Тэгээд болихгүй болохоор нь би баруун гараараа зүүн хацар руу нь 1 удаа алгадсан. Тэгсэн чинь Ямар овоо юм бэ гээд уйлаад дайраад байсан. Тэгэхээр нь би тэр эмэгтэйг эргүүлж харуулаад, шилэн хүзүүнээс нь бариад, цааш нь харуулаад зогссон. Тэгсэн чинь тэр эмэгтэй чамайг би нөхрөөрөө алуулна гээд нөхөр рүүгээ залгаад, дараа нь цагдаад дуудлага өгсөн...тухайн эмэгтэй жирэмсэн гэдгийг нь үйл явц болох үед мэдсэн...би тухайн эмэгтэйн хохирлыг нь барагдуулж өгмөөр байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дугаар тал/,
- хохирогч Б.Мийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 17 цагийн үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Пийс Молл төвийн хойгуур, байран дундуур машинтай явж байгаад төв зам руу орох гэж байсан. Тэгсэн чинь өөдөөс .... УНИ улсын дугаартай Приус 30 загварын машин өөдөөс тулж ирээд зогсоод байсан. Намайг ухраах гээд байсан. Уг нь тэр зам нь миний явах ёстой урсгал байсан. Би буугаад цонхон дээр нь очоод "Яаж гэж байгаа юм" гэсэн чинь өөдөөс орилоод "Чи ухраач" гээд байсан. Арай ч хараал хэлээгүй. Тэгэхээр нь би "Яасан муухай ааштай юм" гээд жолоочийн хаалганы цонхыг нь цохисон. Тэр залуу бууж ирэх гээд байхаар нь би хаалгыг нь саваад хаачихсан. Тэгээд тэр залуу бууж ирээд пээдэлзээд байхаар нь хөл рүү нь өшиглөх оролдлого хийсэн. Би бас тэр залууг хэл амаар доромжилчихсон юм. Тэгсэн чинь тэр залуу миний нүүр рүү, зүүн хацар руу цохисон. Тэгээд би шоконд орсон. Тэгсэн чинь миний хүзүүнээс хойноос бариад, шилдээд түлхээд байсан. Бас миний хүзүүний ар руу бас цохисон. Би цагдаа дуудсан чинь тэр залуу яваад өгсөн... Миний нүүр хавдсан байсан, толгой өвдөж байсан. Би 6 сартай жирэмсэн. Энэ асуудлаас болоод Хүрээ амаржихад 6 хоног хэвтсэн. Хүүхдийн амин насны үзүүлэлт зүгээр боловч гэхдээ дутуу төрнө гэж хэлсэн. Би тухайн хэрэг болохоос яг өмнөх өдөр нь жирэмсний хяналтад орчхоод явж байсан. Тэгэхэд хүүхэд зүгээр, савын амсар зүгээр байна гэж хэлж байсан юм. Би тэр үед ганцаараа явж байсан. Тэр залуу уг нь найз охинтойгоо явж байсан... би өөрийн нөхөртэйгөө маргалдсан асуудал байгаагүй. Би дэлгүүрээс юм аваад, нөхөртэйгөө дөнгөж яриад "Хайр аа, одоо очлоо" гэж яриад л 2-3 минутын дараа энэ үйл явдал болсон. Би жирэмсэн болохоор нөхөртэйгөө бараг 5 минут тутамд ярьдаг...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6 дугаар тал/,
- гэрч Б.Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Мийн биеийн байдал уг нь хэвийн байсан юм. Хэрэг учрал болохоос 2 сарын өмнө хяналтын эмч нь "2 ихэр юм чинь нэг эмнэлэгт хэвтээд тэнхэрчихгүй юу" гэж зөвлөөд эмнэлэгт хэвтээд гарч ирсэн байсан. Эмнэлэгт хэвтээд ямар нэгэн асуудлаар хэвтээгүй, эмч нь зөвлөөд л хэвтсэн. Гэтэл гудамжинд хүнд зодуулаад, эмнэлэгт үзүүлсэн чинь 1 хуруу нээгдсэн байна, яаралтай хэвт гээд 6 хоног хэвтэж эмчлүүлсэн. Цочирдсоноос л болсон байх. Эмнэлгээс гарч ирснээс хойш бие нь жоохон чилээрхүү л байгаа. Толгой нь үе үе өвдөөд байгаа...М нөхөр Этай хэвийн сайхан харьцаатай байдаг. Хоорондоо муудалцдаггүй. Ер нь муудалцаж байхыг нь би мэдэхгүй юм байна... Тэр зодсон залуугаар уучлалт гуйлгамаар байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар тал/,
- гэрч Б.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Карго руу ороод юмаа авчхаад гараад ирсэн чинь тэр эмэгтэй уйлчихсан утсаа чихэн дээрээ барьчихсан зогсож байсан. О замынх нь эсрэг талд нөгөө эмэгтэй нөгөө талд нь зогсож байсан. Тэгэхэд тэр эмэгтэйн ард машинтайгаа зогсож байсан ах араас нь ирээд тэр эмэгтэйд Чиний буруу ш дээ. Чи машинаа ухраагаач" гэж хэлж байсан. Тэгээд тэр эмэгтэй тэр ахаар машинаа ухраалгасан байх аа. Би машиндаа орж суугаад Оаас юу болсон талаар асуусан чинь "Намайг шууд алгадаад авсан. Янз бүрээр доромжлоод өшиглөөд байсан болохоор би үнэхээр тэвчсэнгүй алгадчихлаа" гэж хэлсэн Би "Яагаад жирэмсэн хүн алгадаж байгаа юм" гэсэн чинь "Би юу гэж жирэмсэн хүн хүчтэй цохих вэ дээ. Намайг цохиод болихгүй байсан болохоор нь болиулах гээд зөөлхөн алгадчихлаа" гэж хэлсэн. Би өөр яасан талаар нь асуусан чинь шилэн хүзүүнээс нь бариад байранд нь эргүүлзад цааш нь харуулсан гэж хэлсэн.Тэгээд тэндээсээ хөдлөөд явсан. Тэр эмэгтэй уйлаад, утсаар яриад байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дүгээр тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.Долгормаагийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гаргасан 13146 дугаартай “...Б.Мийн биед тархи доргилт, 28 долоо хоногтой жирэмсэн, завдаж буй зулбаа гэмтэл тогтоогдлоо. дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 17-19 дүгээр тал/,
- Шинжээч эмч Б.Долгормаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...дээрх гэмтэл нь тухайн жирэмсэн эхийн хэвлий тус газар хүч үйлчлэх буюу цохих, цохигдох, хүчтэй түлхэх, доргиох, цочроох зэргийн үед жирэмсэн эх хэвлийн булчинг огцом чангалах ачаалал өгснөөс болж үүснэ. Нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар тал/,
- Мөрдөгчийн эд зүйл, баримт бичиг хүлээн авсан талаарх тэмдэглэл /хавтаст хэргийн 52 дугаар тал/ зэргээр хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Иймд шүүгдэгч Б.О нь 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 17 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “РС mall” төвийн ар хэсэгт байрлах 13 дугаар байрны хажуу талд байран дундуур тээврийн хэрэгсэл зорчих хэсэгт машинтай явж байхдаа хохирогч Б.Мийн биед халдаж, жирэмсэн гэдгийг мэдсээр байж зодсон буюу шууд санаатайгаар хохирогчийн эрүүл мэндийн аюулгүй байдалд нь халдаж бие махбодид нь хөнгөн хохирол санаатай учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Шүүгдэгч Б.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл бадал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдал, урьд ял шийтгэлгүй, хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 900 нэгжээр торгох ялаар шийтгэв.
Шүүгдэгч Б.Оын өөрийнх нь санал, орлого олох боломж зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт Б.М нь 5.000.000-10.000.000 төгрөг нэхэмжилж байна гэх боловч холбогдох баримт хавтас хэрэгт авагдаагүй, шүүхэд ирүүлээгүй байна.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчид учирсан бодит хохирлыг холбогдох баримтад тулгуурлан гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчид олгуулах учиртай.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Мт хор уршиг учирсан нь илэрхий байна. Тиймээс түүний нэхэмжилсэн 5.000.000-10.000.000 сая төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б.Оыг “жирэмсэн гэдгийг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол” санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оыг 900 /есөн зуун/ нэгж буюу 900.000 /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Б.Оыг торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Б.М нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ