Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 153/ШШ2020/00690

 

 

2020 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 153/ШШ2020/00690

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн ******* сумын Урд гол багт оршин суух, ... овогт Б...н Д //-ийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 153/2020/00677/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.... овогт Б-ийн Д миний бие нь 1963 оны 04 сарын 16-нд Ховд аймгийн ******* суманд Готов овогтой Базаргүрийн 7 дахь хүүхэд болон мэндэлсэн. Одоо миний бие нь 57 настай. Бага насаа аав, ээжийн гар дээр өнгөрөөж Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж 1979 онд 8 дугаар анги төгсч бүрэн бус дунд боловсрол эзэмшээд ******* аймгийн Шаргын Хөдөө аж ахуйн Техник мэргэжлийн сургуульд элсэн орж Тракторчин мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсч ирээд 1981 оны 09 сарын 06-ны өдрөөс Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн даргын тушаалаар тракторчнаар томилогдон ажиллаж байгаад 1982 оны 06 сарын 1'5-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 032 дугаар ангид алба хааж 1985 оны 06 сарын 18-ны өдөр цэргийн албанаас халагдсан. Миний бие нь 1985 онд Бэгз овогтой Баясгалантай гэр бүл болж, 4 хүүхэд төрүүлж өсгөсөн.

Цэргээс халагдаж ирээд мөн нэгдэлдээ тракторчнаар 1989 оныг дуусталх хугацаанд ажиллаж байгаад 1990 оны 01 дүгээр сараас эхлэн нэгдлийн мал авч Баянхайрхан бригадад малчнаар ажилласан. Учир нь 1990-ээд оны эхээр өмч хувьчлал явагдаж эхэлснээр нэгдлийн малыг нэгдлийн гишүүддээ хувьчилж өгч эхэлсэн. Тэр үед нь эхлээд би нэгдлийн мал авч маллаж байгаад тэр малаа хувьчлалаар авсан юм. Нэгдэл тарсны дараа миний хөдөлмөрийн дэвтэр дээр нэгдлийн тракторчны ажлаас чөлөөлөв гэж бичигдсэн байна лээ. Нэгдэл тарсны дараа миний бие нь малчид нийлж 1992 оны 02 сарын 24-ний өдрөөс эхлэн Жаргалант-Оргил ББХК байгуулж хөрөнгө хүчээ нэгтгэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Жаргалант-Оргил ББХК-ны тухайн үеийн бүх тайлан тооцоо болон холбогдох бичиг баримтууд нь эх хувиар ******* гуайд байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан аргаар нотлох баримтаар үнэлүүлнэ. Жаргалант-Оргил ББХК-ны үйл ажиллагаа зогссон үеэс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд миний бие нь Ховд аймгийн ******* сумандаа хувиараа мал маллан амьдарч байна. Б.Д миний бие нь үндэсний бөх барилддаг бөгөөд Аймгийн начин цолтой. Ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуулийн дагуу надад улсаас 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2000 оныг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож өгсөн. Гэвч Нийгмийн даатгалын байгууллагаас Жаргалант-Оргил ББХК-наас 1992, 1993 онд тэтгэврийн даатгалын шимтгэл төлж байсан лавлагаа гарч ирж байна. Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам- ын дагуу улсаас нөхөн тооцож өгсөн жилүүдийг мал маллаж байснаар тооцуулж өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч Ховд аймгийн ******* сумын Тамгын газрын бичиг хэргийн архив шатсаны улмаас малчин байснаа нотлох холбогдох баримтуудыг гаргаж өгөх, сэргээх боломжгүй болсон. 1994 оны сүүлээр үйл ажиллагаа нь зогсож малчид хувиараа мал маллах болсон. Тэр үед Жаргалант-Оргил" ХХК ны захирлаар ******* гэдэг хүн ажиллаж байсан бөгөөд ******* гуай одоо Ховд аймгийн ******* сумандаа амьдарч байна. Иймд Артүмт овогт Базаргүрийн Д /РД: ПН 63041610/ намайг 1990 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдэлд малчнаар, 1992 оны 02 сарын 24-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Жаргалант-Оргил ББКХ-нд малчин, 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Ховд аймгийн ******* суманд хувиараа мал маллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Д нь 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

1.Б.Дийн 1980 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр нээлгэсэн 132284 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

2. Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 152 дугаартай албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт,

3. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1991 оны 12 дугаар сараас 2000 оныг дуустал хугацаанд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1615000081 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

4.Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 211 дугаартай архивын лавлагаа

4.Монгол улс, Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 10704 дугаартай Б.Д нь 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдөр цэргийн албанд татагдаж, 1985 оны 06 дугаар сарын 18-ны өдөр цэргийн албанаас халагдсан тухай архивын лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

5. Б.Дийн 1990 оны хавар мал төллөлтийн үеэр авахуулсан гэх тайлбар бүхий гэрэл зураг

6. Б.Дд 1987 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн зөвлөлөөс олгосон баярын бичгийн эх хувь,

7. Б.Дд 1990 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн зөвлөлөөс олгосон дипломын эх хувь,

8. Б.Дд 1990 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн зөвлөлөөс олгосон талархалын эх хувь,

9. Б.Дд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймгийн ******* сумын Ардын хурлын тэргүүлэгчдээс олгосон баярын бичгийн эх хувь,

10. Б.Дд 1991 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймгийн ******* сумын Залуучуудын холбооноос олгосон дипломын эх хувь

11. Б.Дд 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн ******* сумын Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлөөс олгосон баярын бичгийн эх хувь,

12. Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 1046 дугаартай албан бичгээр ирүүлсэн Хаатр-1 маягтын хуулбар,

13. Гэрч Д.Төмөрбаатарын ...Би 1972 оноос 1992 оны өвөл хүртэл хүртэл Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн үйлдвэр бригадад туслах ажилтнаар ажиллаж байгаад нэгдзл тарсны дараа Жаргалант-Оргил компанид малчнаар компани тартал ажилласан.Б.Д Ховд аймгийн 8 жилийн сургуулийг 1979 онд төгсөөд *******н Шаргын тмс-д явсан юм. 2 жил сураад төгсөж ирээд Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдэлд тракторын жолоочоор 1989 оныг дуустал ажиллаж байгаад эхнэр Баясгалантайгаа суугаад малчин болсон юм. 1990 оноос 1992 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байгаад нэгдэл тараад компани болоход Жаргалант-Оргил компанид малчнаар ажиллаж байгаад компани татан буугдахад малаа хувьчилж аваад гарсан одоо хүртэл хувийн малаа маллан амьдарч байна.Малчин байсан. Нэгдэл тараад компани болсон бөгөөд тэнд дандаа малаа нийлүүлсэн хүмүүс л малчид нэгдэж байсан юм. Үнэн хэрэг дэзрээ ардчилал гараад нийгэм төр хэцүүхэн байсан үед малчин болёон хүмүүс нь малаа хувьдаа авч гарах юм гэсэн яриа гараад ихэнх хүмүүс нэгдэлд малчин болж орж байсан тэдний нэг нь энэ Д байхгшй юу би гэсэн нэгдлийн үйлдвэр бригадад ажиллаж байсан мөртлөө малчин болно гээд малаа авсан төд удалгүй нэгдэл ч тарсан юм. Би 1 сар гарантай нэгдэлд ажиллаад нэгдэл тарж байсан юм гэх мэдүүлэг

14. Гэрч Г.*******ийн ...1976 оноос 1992 оны 02 сар хүртэл Ховд аймгийн ******* сумын мал эмнэлэгийн тасагт тасгийн эрхлэгчээр ажиллаж байгаад нэгдэл тарахад Жаргалант-Оргил ББХК-ийн захирлаар 1995 оныгдуустал ажилласан. Б.Д нь Ховд аймгийн ******* сумын Жаргалант-Оргил компанид малчнаар ажиллаж байгаад компани татан буугдахад малаа хувьдаа авч гараад түүнээс хойш тасралтгүй малчин хийж байна.... гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Харин Б.Дийн 1991 оны 11 сарын 15-ны өдрөөс 1992 оны 02 сарын 24-ний өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдэлд малчнаар, 1992 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Жаргалант-Оргил ББХК-д малчнаар, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хувиараа мал маллаж байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн, энэ журмыг хэрэглэх боломжтой байх тул хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна. Тухайлбал нэхэмжлэгч нь 1991 оны 12 сараас 2000 оны 12 сарыг дуустал Нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажилтын хуудасны хуулбарыг хэрэгт ирүүлсэн байх тул энэ хэсгийг хангах боломжгүй байна.

Монгол улсын Засгийн газрын 2018 оны 71 дүгээр тогтоолоор батлагдсан Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журмын 3.1.3-т зааснаар нийгмийн даатгалын дэвтэрт хавсаргасан баталгаажилтын хуудас, тухайн орон нутагт мал маллаж оршин сууж байсан тухай баг, хорооны Засаг даргын тодорхойлолтыг хавсаргахаар заасан байхад энэ баримтыг хэрэгт ирүүлээгүй байна. Мөн нэхэмжлэгч нь 1992 оны 02 сарын 24-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Жаргалант-Оргил ББХК-нд малчин, 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Ховд аймгийн ******* суманд хувиараа мал маллаж байсан болохыг тогтоолгохыг хүссэн ба энэ шаардлагыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалыг тогтоохоор хуульчилсан. Гэтэл Монгол улсын Засгийн газрын 2018 оны 71 дүгээр тогтоолоор батлагдсан Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журмын 3.2-т зааснаар сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөл шийдвэрлэхээр журмалсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар хүлээн авахаас татгалзах нь зүйтэй ба нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар, ........ овогт Б-ийн Д //-ийг 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар 1991 оны 11 сарын 15-наас 1992 оны 02 сарын 24-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдэлд малчнаар, 1992 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Жаргалант-Оргил ББХК-д малчнаар, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хувиараа мал маллаж байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар  нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Х.ОТГОНЖАРГАЛ