| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00705/и |
| Дугаар | 153/ШШ2020/00691 |
| Огноо | 2020-09-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 153/ШШ2020/00691
| 2020 оны 09 сарын 25 өдөр | Дугаар 153/ШШ2020/00691 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ....... Ц//-ын нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 153/2020/00705/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч Т.Цогт-Очир, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Цнь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Таргад овогт Төвийн Цминий бие нь 1965 оны 05 сарын 23-ны өдөр Ховд аймгийн Дөргөн суманд төрсөн, одоо 55 настай, Ховд аймгийн ******* суманд мал маллан амьдарч байна. Миний ээж Тост овогтой Төв нь ганц бие байсан учир намайг Төв гэж өөрөөрөө овоглосон. Миний бие нь 1973 онд Ховд аймгийн Дөргөн сумын дунд сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж суралцаж байгаад 3 дугаар ангиасаа сургуулиас гарсан, бичиг үсэг бараг мэдэхгүй.
Сургуулиас гараад ээжийн хамт Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам" нэгдлийн Аргалант бригадад цэрэгт явах хүртлээ мал малласан. Миний бие нь 1983 оны 06 15-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх цэргийн алба хаасан. Цэргийн албанаас халагдаж ирээд Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд малчин аав Бямба гэх хүнийг бараадаж амьдарч мал малласан. Өөрийнхөө төрсөн эцгийг мэддэгүй байсан бөгөөд цэргээс ирсний дараа төрсөн эцгээ мэдсэн.
Миний бие нь 1988 онд Нямжав овогтой Оюунчимэгтэй гэр бүл болж, 6 хүүхэд төрүүлж өсгөсөн. Ажилласан жил нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуулийн дагуу надад улсаас 1990 оноос 2000 оныг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож өгсөн. Миний бие нь 55 нас хүрч Малчнаар тооцуулан өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч Нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгож ир гэсэн. Иймд Таргад овогт Төвийн Ц/РД: ПЗ 65052317/ намайг 1980 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 1983 оны 06 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар, 1986 оны 06 сарын 10-ны өдрөөс эхлэн 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Цогт-Очирыг 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар, 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:
1.Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2020 оны 06 дугаар 15-ны өдрийн 1418 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дөргөн сумын Аргалант бригадын 1980 оноос 1983 оны 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс
2. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1990 оноос 2000 оны ажилласан жилийг нөхөн тооцуулсан талаархи 1611000923 дугаартай баталгаажилтийн хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 10 дугаар хуудас/
3. Хүсэлт гаргагчийн 2013 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 00715 дугаартай малчин мэргэжлийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 25 дугаар хуудас/
4. Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1013 дугаартай албан бичгээр ирүүлсэн Т.Цогт-Очирын Хаатр-1 маягтын хуулбар
5. Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдлийн зөвлөлөөс 1989 оны 02 дугаар сарын 07-ны өдөр олгосон дипломын эх хувь
6. Т.Цнь Батлан хамгаалах яамны сайдын тушаалаар 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдөр цэргийн албанд татагдаж, 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдөр цэргийн албанаас халагдсан тухай Монгол улс, Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 8269 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архив-ын лавлагааны эх хувь,
Харин нэхэмжлэгч нь 1980 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар, 1989 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн боловч энэ хэсэг нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байх тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Таргад овогт Төвийн Ц//-ыг 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар, 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1980 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар, 1989 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Ц-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ